Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Малчин багт оршин суух, Шаазган овогт Цэндийн Уранчимэгийн нэхэмжлэлтэй  

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ц.Уранчимэг миний бие 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэлд Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн тушаал, шийдвэрүүд олдохгүй байгаа тул намайг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэлд Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдлийн Баянзүрх бригадын 1982-1989 оны цалингийн түүвэр, гэрч Ж.Сүхбаатар, Ц.Соёлмаа нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шаазган овогт Цэндийн Уранчимэг нь Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэлд Баянзүрх бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдлийн Баянзүрх бригадын 1982-1989 оны цалингийн түүвэр, гэрч Ж.Сүхбаатар, Ц.Соёлмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шаазган овогт Цэндийн Уранчимэгийг Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэлд Баянзүрх бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН