| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/100 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/100
2021 02 05 2021/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0081/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч У.Б, Г.Н, Э.Д, П.Л, Л.Б, Б.Г нар, тэдгээрийн өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б, Г.Н, Э.Д, П.Л, Л.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн “2009000001172” дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол улсын иргэн, 1972 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж байсан, У.Б /РД: /
2. Монгол улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Л.Б /РД: /
3. Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Д /РД: /
4. Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6-р багт оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Н /РД:/
5. Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Түнэл сум, ...... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Г /РД: /
6. Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн сум 9 дүгээр баг, ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, П.Л /РД: /
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч У.Б, Л.Б, Э.Д, Г.Н, Б.Г, П.Л нар нь бүлэглэж, 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 39 дүгээр байрны 85 тоотод /999poker.site/ 999 покер.сайтыг буюу мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Б-н өгсөн: “Надад хуулийн мэдлэг байхгүй. Өөрөө тоглож байгаад ажиллуулж болох юм байна гэж бодоод тоглосон. Би бодит байдал дээр ашиг олоогүй. Алдагдалтай ажиллаж байсан бөгөөд анх оруулсан мөнгөө л гаргаж авъя гэсэн бодолтой байсан. Цаашид би мөрийтэй тоглоом тоглохгүй. Нийгэмд ямар хор уршигтай вэ гэдгийг маш сайн ойлгосон. Би цаашид мал маллаж амьдарна. Би энэ хүмүүс дотроос Э.Д-г л танина, бусдыг нь танихгүй. Мөрийтэй тоглоомыг цахим хэлбэрээр ажиллуулдаг байсан.” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Л.Б-н өгсөн: “Эхлээд би тоглож байгаа хүнийг харсан. Сайтад хаяг нь байсан. Тэр хаяг руу нь ороод и-мэйл бичихэд хариу ирсэн. Одоо Монголоос орохгүй байгаа. У.Б бид хоёр ярилцаад би сайт руу нь и-мэйл бичсэн. Удалгүй болно гэх хариу ирээд эхлүүлсэн. Би Орос улсаас түрээслэгч сайт хийж өгсөн. Тэгээд англи хэл дээр заавар нь ирсэн. Мөн сайтаас ширээ үүсгэх заавар ирсэн.Тэр ширээнүүдийг үүсгэсэн. Бусад зүйлийг цаанаасаа засдаг. Тоглогч тоглох үед заримдаа бүртгэлийн алдаа гарч байсан. Янзлуулах хүсэлтээ и-мэйл бичиж янзлуулдаг байсан. Цалин хөлсний хувьд ашигтай бол 10 хувийг авахаар ярьж байсан. Мөнгийг У.Б гаргаж бусад ажлыг компьютерын мэдлэгтэй болохоор би хийсэн. Бид нар хэрэглэгчийн талаас харсан бол энэ тоглоом хүмүүст хортой гэдгийг мэдэх байсан. Харин одоо сайн ойлгосон. Цаашдаа ийм гэмт хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Э.Д-н өгсөн: “Г.Н, Б.Г, бид 3 багын найзууд. Харин У.Б ах намайг жоохон байхаас мэднэ. Би энэ тоглоомыг хориотой тоглоом гэж сайн мэдэхгүй байсан, У.Б ахыг санал тавихад болдог байх гэж бодоод тоглосон. Би тухайн үед ажилгүй байсан болохоор У.Б ах санал тавихаар нь ажилласан. Г.Н, П.Л хоёр манайд байх үед ярьж таараад энэ тоглоомыг тоглох уу гэж би санал тавьсан. Би дахин ийм зүйл хийхгүй.” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Г.Н-н өгсөн: “Над руу анх Э.Д утсаар яриад ажлын санал байна гэхээр нь ажилласан. Би цаашид зөв ажиллана гэж бодож байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-н өгсөн: “Надад анх Э.Д ажлын санал тавьсан. Бид нар ээлжээр бүгдээрээ адилхан ажил хийдэг байсан. 2020 оны 4 дүгээр сараас 8 сар хүртэл ажилласан. Хожсон хүмүүс хүсэлт явуулаад тэр мөнгийг нь хийдэг байсан. Тэр тоглодог хүмүүсийг бид нар танихгүй. Уг нь өдрийн 50.000 төгрөгөөр цалинжина гэж тохирсон боловч заримдаа цалин авдаггүй байсан. Мөн тоглосон хүмүүсийнхээ тооноос хамаарч цалин авдаг байсан. Би гэм буруугаа бие сэтгэлээрээ ойлгосон, цаашид мал дээр гарч амьдарна.” гэх мэдүүлэг,
шүүгдэгч П.Л-н өгсөн: “Би Өмнөговийн Таван толгой руу явж ажиллах гэж байгаад хотод байж таараад 2020 оны 5 дугаар сарын эхээс мөнгө олох гэж ажилласан. Би цалин гэж 150.000 төгрөг авсан. Би Э.Д-д дансны дугаараа өгсөн. Гэхдээ ямар үйл ажиллагаанд ашиглах гэж байгааг мэдэж байсан. Хуулийн мэдлэггүйгээс болж хүнд дансаа өгсөн нь миний буруу, цаашдаа буруу зүйл хийж болохгүйг ойлгосон.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн "Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Номун 39-85 тоот байв" тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 09-12 тал/
2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн "веб" хуудсанд үзлэг хийсэн "...Үндсэн нүүр хуудас байх бөгөөд үүнд сайтад байгаа тоглогчдын тоо, тоглолттой байгаа ширээний тоо, тоглож байгаа тоглогчдын тоо, нийт бүртгэлтэй тоглогчид гэх зэрэг мэдээлэл болон бүртгэлтэй тоглогчдын график, мөнгө орсон гарсан график, тэдгээрээс олсон ашгийн график, тэдгээрээс олсон ашгийн графикийг харах боломжтой үзүүлэлтүүд байна. ...2020 оны 3 сард бүртгэгдсэн хэрэглэгчдийн тоо 1056, 2020 оны 4 сард бүртгэгдсэн хэрэглэгчдийн тоо 551, 2020 оны 05 дугаар сард бүртгэгдсэн хэрэглэгчдийн тоо 240, 2020 оны 06 дугаар сард бүртгэгдсэн хэрэглэгчдийн 76, 2020 оны 07 дугаар сард бүртгэгдсэн хэрэглэгчдийн тоо 791, 2020 оны 08 дугаар сард бүртгэгдсэн хэрэглэгчдийн тоо 1997 байна, ...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22:38 цагаас 23:40 цаг хүртэлх 58 минутын хугацаанд нийтдээ 523.700 төгрөгийн цэнэглэлт хийгдэж байна, ...орлого 842.543.058.00 төгрөг, зарлага 680.981.776.41төгрөг, үнэгүй тэмцээний шагнал 12.656.386.00 төгрөг, тэмцээний ноогдох шагнал 201.000.00 төгрөг. Нийт 184.518.667.59 төгрөг байна" гэх мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 50-58 тал/
2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэгээс түр хураан авсан "Mogul" /Могул/ брэндийн компьютерт үзлэг хийсэн "тус компьютерын дэлгэцэнд байрлах "Google Chrome" /Гүүгле чром/ интернэтийн хетчийг нээж өмнө хайгдаж байсан түүхийг шалгаж үзэхэд бичмэл /999poker.net/ харагдаж байна" гэх тэмдэглэл /1 хх-ийн 59-64 тал/
Иргэн У.Б-н Хаан банкны 5003463073 тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.20-ны өдрийг хүртэл нийт орлого 364.360.001 төгрөг /1хх-ийн 74-105 тал/,
Иргэн Э.Д-н Хаан банкны 5035236917 тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.20-ны өдрийг хүртэл нийт орлого 398.702.000 төгрөг /1хх-
ийн 106-129 тал/,
Иргэн Э.Д-н Хаан банкны 507126**** тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.20-ны өдрийг хүртэл нийт орлого 237.955.621,01 төгрөг /1хх-
ийн 130-158 тал/,
Иргэн Г.Н-н Хаан банкны 590308**** тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.20-ны өдрийг хүртэл нийт орлого 111.873.342,23 төгрөг /1хх-ийн 159-250, 2хх-ийн 01-23 тал/,
Иргэн Б.Г-н Хаан банкны 503717**** тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.20-ны өдрийг хүртэл нийт орлого 166.887.216,64 төгрөг /2 хх-ийн 24-250, 3хх-ийн 01-42 тал/,
Иргэн Л.Б-н Хаан банкны 501132**** тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.25-ны өдрийг хүртэл нийт орлого 25.932.611 төгрөг /3хх-ийн 43-49 тал/,
Иргэн Л.Б-н Хаан банкны 500670**** тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.25-ны өдрийг хүртэл нийт орлого 1.450.000 төгрөг /3хх-ийн 50 тал/,
Иргэн П.Л-н Хаан банкны 589057**** тоот дансны хуулга: 2020.02.01-нээс 2020.08.20-ны өдрийг хүртэл нийт орлого 589.273.121,3 төгрөг /3хх-ийн 52-250, 4хх-ийн 01-250, 5хх-ийн 01-250, 6хх-ийн 27 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч У.Б, Л.Б, Э.Д, Г.Н, Б.Г, П.Л нар нь бүлэглэж 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 39 дүгээр байрны 85 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог /999poker.site/ 999 покер.сайт буюу онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд амар хялбар аргаар богино хугацаанд их хэмжээний ашиг хонжоо олж, амьдрах гэсэн шууд санаатай шунахай зан байдал нь нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч У.Б нарын бүлэглэж, ажил үүргээ хуваарилан интернэт компьютер болон мөрийтэй тоглоомын сүлжээний технологи ашиглан АНУ, ОХУ зэргээс мөрийтэй тоглоомын веб сайт, пейж апликейшнийг түрээслэн нээж ажиллуулах, мөрийтэй тоглоомын үйлчилгээ үзүүлэх эрхийг гадаад улсын валютаар төлбөр тооцоо хийн худалдан авч улмаар 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 4711 хэрэглэгч үйлчлүүлэгчээс хураамж төлбөр авч мөрийтэй тоглуулан энэ хугацаанд өөрсдийн эзэмшлийн ХААН банкны 8 дансаар нийтдээ 1.896.433.913 /нэг тэрбум найман зуун ерэн зургаан сая дөрвөн зуун гучин гурван мянга есөн зуун арван гурав/ төгрөгийн орлого зарлагын шилжүүлэг хийн 184.518.668 /нэг зуун наян дөрвөн сая таван зуун арван найман мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийн ашиг орлогыг олж өөрсдөдөө хуваарилсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул эдгээр шүүгдэгч нарт энэ хуулийн зүйл хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулан их хэмжээний ашиг олсон шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хүмүүсийн амьдрах ухамсарт сөрөг нөлөө үзүүлж хууль бусаар олсон хөрөнгө мөнгийг угаах, далд эдийн засгийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байдаг нийгмийн аюулын хор уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагч, хамжигч, хатгагч, гүйцэтгэгчээр хамтран оролцож гүйцэтгэсэн тэдний үүрэг, оролцоог харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Б, Л.Б нарт 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Э.Д, Г.Н, Б.Г, П.Л нарт тус бүрд нь 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нь шүүгдэгч нарт бага хэмжээгээр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын сонгох санкцуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нарт сонгон оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Б, Л.Б, Э.Д, Г.Н, Б.Г, П.Л нарыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч:
У.Б-д 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар
Л.Б-д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар
Э.Д-д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар
Г.Н-д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар
Б.Г-д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар
П.Л-д 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар
нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Л.Б, Э.Д, Г.Н, Б.Г, П.Л нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Л.Б, Э.Д, Г.Н, Б.Г, П.Л нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч У.Б, Л.Б, Э.Д, Г.Н, Б.Г, П.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР