| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0173/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/219 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/219
2021 02 10 2021/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 2006 04511 2950 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 18а байрны 11-104 тоот гэртээ эхнэрийн дүү болох З.Сарантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, үсдэн эрүүл мэндэд нь зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 04511 2950 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Э нь хохирогч З.Сарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч З.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө ээлжээсээ буугаад эгчийн гэрт очсон бөгөөд хоол болохыг хүлээгээд орон дээр нь хэвтэж байгаад унтсан байсан. Э намайг орноос үсдэж буулгаад шалан дээгүүр чирээд “чи миний орон дээр унтлаа” гэж хэлсэн. Тэр үед ээж, эгч чинь ирээд салгах гээд дийлээгүй. Э эгчийн аваад ариун цэврийн өрөө рүү ороод хаалгыг нь түгжээд түжигнээд байхаар нь би эгчийн зодож байна гэж ээжид хэлээд хаалгыг онгойлгуулсан. Э гарч ирээд хоол хийж байсан хутгыг бариад над руу дайраад байхаар нь би гарахаар гутлаа өмсөөд сууж байх үед намайг газарт унагаагаад гараараа цохиж, шанаа руу өшиглөсөн. Би гарч яваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч З.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Э хоол хийгээд дүү бид хоёр унтлагын өрөөнд юм яриад бууж байх үед Э гал тогооны өрөөнөөс орж ирэхэд Сарантуяа доошоо хараад хэвтэж байхад Э “унтсан юм уу” гэж асуугаад гараад явахдаа хаалгыг онгорхой үлдээхээр нь би хаалгыг хаасан чинь буцаж ирээд хаалгыг онгойлгохоор нь би түүн рүү дунд хуруу гаргаад хаалгыг хаасан. Удалгүй өрөөнд ууртай орж ирээд бос гэж хэлээд дүү Сарантуяагийн нөмөрч байсан хөгжлийг татсан. Ингээд өрөөнөөс гарч яваад удалгүй буцаж орж ирээд дүүгийн үснээс зулгааж орноос чирч буулгасан. Би хадам ээжийг гал тогооны өрөөнөөс дуудаж авч ирж Эг болиулсан.
...Э Сарантуяаг “чи одоо болтол яваагүй юм уу, зайл” гэж хэлээд түүний нүүрэн тус газар нэг удаа цохиход хадам ээж дундуур нь орж болиулсан. Нэг харахад дүү Сарантуяа хаалгаар гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Д.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө манай гэр Үүрийнтуяа, дүү Сарантуяа ирээд тэр хоёр унтлагын өрөөнд орсон. Тэр үед Э гал тогооны өрөөнд хоол хийж байснаа ирсэн ба Э, Сарантуяа нар хөл хорионы үед ирлээ гэх шалтгаанаар хоорондоо зодолдохоор нь би дундуур нь орж салгахад Сарантуяа “танай хүүхэд чинь миний нүүрэн тус газарт цохисон” гэж хэлсэн. Э, Сарантуяа нар хоорондоо маргалдаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Намайг гарч ирснээс хойш бие биеэ цохиогүй, намайг гарч ирэхээс өмнө юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13146 дугаартай:
“З.Сарантуяагийн биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,
Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Тухайн үед би хоол хийж байсан ба унтлагын өрөөнд эхнэр, эхнэрийн дүү хоёр дээр очиход дүү орон дээр доошоо хараад хэвтсэн, эхнэр хажууд нь сууж байхаар нь “хоол болохоор дүүгээ босгож хоол идүүлээд эмээгийн эмийг хүргүүлэхээр явуулаарай” гэж хэлээд хаалга онгорхой орхиод гал тогооны өрөө рүү орсон. Манай эхнэр гарч ирээд дунд хуруугаа гаргаад хаалга хаасан. Тэгэхээр нь би явж очоод “чи одоо яагаад байгаа юм бэ, ээж бид хоёрыг доромжлоод, дүүтэйгээ хамт байх гэж ингэж байгаа юм уу” гэж хэлсэн ба Сарантуяад хандаж “одоо босоо хоолоо ид” гэж хэлэхэд тоохгүй хэвтээд байхаар нь нөмөрч байсан хөгжлийг татаж аваад “босоод манайхаас яв” гэж хэлэхэд мөн л тоохгүй хэвтээд байхаар нь би түүний үснээс татаж орноос буулгаад “одоо зайл” гэж хэлээд эхнэрийн хамт ариун цэврийн өрөөнд орж ярилцаад дүү Сарантуяаг гэр рүү нь явуулахаар тохиролцоод өрөөнөөс гарахад дүү Сарантуяа нь “манай эгчийг зодлоо” гэж хэлээд над руу дайраад байхаар нь би “одоо манайхаас хувцсаа өмсөөд зайл” гэж хэлээд түлхэхэд Сарантуяа “манай хүүхдийн төрсний гэрчилгээг аваад эгч, дүү хоёроо аваад явна, чамтай хамт амьдруулахгүй” гэхээр нь би түүнээс хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гэхэд өгөхгүй байхаар нь түүний нүүр рүү цохиход ээж голоор орж ирээд “одоо боль, наад хоёрыгоо явуул“ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлэ /хх-ийн 04/,
- БЗДЦГ ЦХ-1 дүгээр хэлтсийн шуурхай удирлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогч З.Сарантуяагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 05-06/,
- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 07-08/,
- “Сорт чоно” ХХК-ийн “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 29/,
- Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 60/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Эгийн цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 52-54/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Эгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Эгийн хохирогч З.Сарантуяагийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан гэж үзэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Э.Эгийн хохирогч З.Сарантуяагийн бие махбодод зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч З.Сарантуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Эийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ