Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1097

 

Б.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 181/ШШ2016/01374 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Скайтел” ХХК

Хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК нарт холбогдох

 

            Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                    Б.Мэндбаяр      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Ц.Эрдэнэбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Ө.Жамбалсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Ч.Нямцоож  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2008 онд “Скайтел” ХХК-ийн охин компани болох “Скай Си Энд Си” ХХК-д теллерээр ажилд орсон бөгөөд үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй нягтлан бодогч болтлоо дэвшин ажилласан. Би хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад эргээд ажилдаа орох хүсэлтээ гаргахад өмнө эрхэлж байсан албан тушаал дээр бус төлбөр тооцооны нягтлан бодогчоор ажиллуулахааар тушаал гарсан.

Энэхүү ажил нь банкаар орж ирсэн мөнгийг Skehome, Billing гэсэн програмд шивдэг ажил ба хэрэглэгчдийн банкаар оруулсан мөнгө уг нь цаг тухайдаа орохоор банкуудтай гэрээтэй боловч 60-80 хувь нь 2 цагийн дотор ордоггүйгээс хэрэглэгчдээс гомдол ирдэг. Үүнээс сэргийлээд би шивэлт хийдэг боловч зарим тохиолдолд банк давхар шивэгдэж явснаас дутах, илүүдэх зүйл байдаг. Ингэж гарсан алдааг техникийн албаар засч янзлуулдаг. Намайг ажилд авснаас хойш энэхүү ажилд дадах хугацаа өгөлгүйгээр 2015 оны 9 дүгээр сард ажилд орсон байхад шивэлтийн алдаа гаргасан гээд 2015 оны 9 дүгээр сард сануулга, 10 дугаар сард цалингийн 20 хасуулахаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэр гаргасан гэлээ. Ингээд дээрх зөрчлийг дахин гаргалаа гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх алдаа дан ганц надаас шалтгаалахгүйгээр давхар бичилт хийгддэг. Байгууллагад учруулсан хохирол байхгүй байхад ажлаас халж байгаад гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Номинцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Тэгшжаргал нь тус компанид ажилладаггүй бөгөөд эрх зүйн харилцаа үүсээгүй этгээдэд холбогдуулан гаргасан тушаалаа 2016 оны 2 дугаар сарын  23-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б-159 дүгээр тушаалаар хүчингүй болгосон. Нэгэнт Б.Тэгшжаргал нь тус компанитай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй тул түүнийг ажилд эгүүлэн авах тухай ойлголт байхгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Иймд хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Скаймедиа корпораци” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар ирүүлсэн мэдэгдэх хуудсыг хүлээн аваад манай байгууллага нь хариуцагч гэж ойлгон итгэмжлэл хийж нэхэмжлэл гардан авсан. Нэхэмжлэгч нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан тул бид ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Тэгшжаргалыг “Скаймедиа корпораци” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Төлбөр тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-д даалгаж, хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 554 216 төгрөгийг хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Тэгшжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тэгшжаргалын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д
зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын
тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-аас 135 817 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч "Скайтел" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: ..."Скаймедиа корпораци" ХХК нь нэхэмжлэгч Б.Тэгшжаргалтай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 15-Г-Х-108 тоот Хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан. Гэвч нэхэмжлэгч Б.Тэгшжаргал нь ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан, ажлын хариуцлага алдсан, удирдлагаас өгсөн үүргийг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан тул түүнд "Скаймедиа корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15-Б/132 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Гэвч тэрээр мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай "Скайтел" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын      20-ны өдрийн Б-52 тоот тушаал гарсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Скайтел" ХХК болон Б.Тэгшжаргалын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй буюу хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад "Скайтел" ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Б.Тэгшжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б-52 тоот алдаатай тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрч, улмаар 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б-159 тоот тушаалаар уг тушаалаа хүчинүй болгосон байдаг.

Ингэснээр "Скайтел" ХХК, болон "Скаймедиа" ХХК-уудын аль аль нь Б.Тэгшжаргалтай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан 15-Г-Х-108 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй буюу түүнийг ажлаас халаагүй үйл баримт бий болсон.

"Скаймедиа корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь 2016 оны 1 дүгээр сарын    12-ны өдрийн Б-02 тоот тушаалаар Б.Тэгшаргалыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Тус тушаалыг Б.Тэгшжаргал нь албан ёсоор гардан авч, түүнийг эс зөвшөөрвөл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор "Скаймедиа корпораци" ХХК-ийн эсрэг тусдаа нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл шүүхийн дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйл ажиллагааны улмаас Б.Тэгшжаргал нь "Скаймедиа корпораци" ХХК-ийн эсрэг нэхэмжлэл гаргах эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй байна.

 

Харин шүүх хариуцагч "Скайтел" ХХК-д холбогдох иргэний хэрэгт "Скаймедиа корпораци" ХХК-ийг хариуцагчаар оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэн хэрэгт хамааралгүй этгээдийг хариуцагчаар татан оролцуулсан нь дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнтэй холбоотой байна. Тус хэрэгт "Скайтел" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр томилогдон мөн сарын 11-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан. Гэтэл шүүхээс шүүхийн шийдвэрийг надад гардуулан өгсөн атлаа "хэргийн материалтай" танилцуулаагүй, миний компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласанд гомдолтой байна. Иймд өөрт байгаа баримтын хүрээнд энэхүү гомдлыг гаргасан болно. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал нь хариуцагч “Скайтел” ХХК болон “Скаймедиа корпораци” ХХК-уудад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

           Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “нэхэмжлэгч Б.Тэгшжаргал удаа дараа сахилгын зөрчил гаргасан” гэсэн тайлбарыг гаргасан байна.  

 

             Ажил олгогч “Скаймедиа корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б-02 тоот тушаалаар санхүү бүртгэлийн албаны нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн төлбөр тооцооны нягтлан бодогч Б.Тэгшжаргалыг Хөдөлмөрийн хуулийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 11.4.5 дахь заалтыг баримтлан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.  /хх 128/

 

           Талууд Хөдөлмөрийн гэрээний 11.4.5, 11.4.7 дахь заалтад ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцаа зогсоохоор ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлөхөөр тусгасан байна.

 /хх 28/

 

            Ажил олгогчийн зүгээс ажилтанг “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас нь халж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч ажилтан ямар зөрчил гаргасан давтан зөрчил болсныг, болон түүнд сахилгын шийтгэл ногдуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

  Ажил олгогч байгууллага нь ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрх нь нээлттэй боловч ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийг хуульд заасан хугацааны дотор илрүүлж, уг зөрчил нь тогтоогдсон байх ёстой.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагч байгууллага шүүхэд гаргасан тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн ажил олгогч нь ажилтанг ажлаас нь халах тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлах үүргээ хүлээдэг. Гэтэл “Скаймедиа корпораци” ХХК нь ажилтан Б.Тэгшжаргалыг ажлаас чөлөөлөхдөө ажилтан сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан, тухайн гаргасан зөрчил нь давтан гэж үзэх хууль зүйн ямар үндэслэл тогтоогдсон талаар тушаалдаа заагаагүй байгаа нь тухайн тушаалыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй болгожээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Тэгшжаргалыг “Скаймедиа корпораци” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Төлбөр тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалттай нийцжээ.

 

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг бодож нийт 7 554 216 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.  

     

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн           128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Тэгшжаргалыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогоогүй, ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн нь, нэхэмжлэгч Б.Тэгшжаргал хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлээгүй орхигдуусан зөрчилтэй тус тус болсон байна.

 

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 181/ШШ2016/01374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Тэгшжаргалыг “Скаймедиа корпораци” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Төлбөр тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тэгшжаргал нь хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Скайтел” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                            

                          ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ                        

                                                                                Ц.ИЧИНХОРЛОО