Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 659

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ө

Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга  

Гуравдагч этгээд: Б.Б, /РД:*********/

Нэхэмжлэлийн шаардлага: “Б******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Ө миний бие ******ад төрж өссөн уугуул иргэн билээ. 2007 онд Б******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа, байшин бариад, газар эзэмших гэрчилгээ гардаж авч чадахгүй маш их хохирч өнөөдрийг хүрч байна. Хуулийн дагуу шударгаар шалгаж, шийдвэрлэж өгнө үү. Б******* дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг мэддэг байсан бол миний бие 12 жил зовж зүдрэхгүй байх байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т хэргийн оролцогчид хэрэгт авагдсан үндэслэлтэй нотлох баримтаар хариу тайлбар гаргах үүрэгтэй гэж заасан. 420 дугаар захирамжаар Б******* дүүргийн 20 дугаар хорооны ******ын **********ын 01 дүгээр хэсгийн 01 дүгээр гудамжны 04 тоот хаалга буюу 700 метр квадрат газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Гэтэл та бүхэн үүнийгээ нотолж чадахгүй байна. 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/258 дугаар тушаалаар газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин 5 жилээр сунгасан гэдэг. Энэ гэрчилгээг сунгахын тулд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийг заавал баримтлах ёстой. Газар эзэмших гэрчилгээг сунгуулахын тулд шаардагдсан баримтуудыг бүрдүүлж ир гэж хэлдэг. Тэгвэл Л.Б шаардагдах баримтуудаа бүгдийг нь бүрдүүлсэн юм уу? Нотлох баримтаар нотлох шаардлагатай...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын алба болон Засаг дарга нар тухайн хүний газар эзэмших хүсэлт өргөдлийг хүлээж аваад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ёстой байгууллага юм. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд тухайн иргэний өргөдөл гомдол оршин суугаа хаяг мөн хаана газар хүсэж буй газрын кадастрын зураг, тухайн газрыг ямар зориулалтаар хэдэн жилийн хугацаанд ашиглаж, эзэмшхийг тодорхой бичиж өргөдөлдөө тусгах ёстой боловч энэ үйлдэл хийгдээгүй байгаа учраас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл зөрчигдсөн байна. Мөн Газрын тухай хуульд нийцүүлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албаны 2008 оны 83 дугаар тушаал байдаг. Энэ тушаалд тухайн газрын албаны явуулах ёстой үйл ажиллагааг заасан. Өргөдөл гомдлыг хүлээж аваад эхний ээлжид суурин судалгаа хийх ёстой. Суурин судалгаандаа өргөдөл гомдол хуульд нийцэж байгаа эсэх хавсаргасан материалууд нь шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах ёстой. Хэрэв тухайн материал өргөдөл гомдол хуульд нийцэж байвал хээрийн судалгааг хийх ёстой. Хээрийн судалгаа хийхдээ тухайн газраа очиж энэ газар кадастрын зураг, тойм зурагтай нийцэж байгаа эсэх, өөр хүний эзэмшлийн газартай давхцаж байгаа эсэхийг судалж үзэх шаардлагатай. Гэтэл өнөөдөр хэрэгт авагдсан баримтыг харахаар Л.Б гэдэг хүн Б******* дүүргийн 11 дүгээр хороонд газар хүссэн өргөдлөө гаргасан боловч Засаг даргаас 20 дугаар хороонд газар эзэмшүүлсэн байдаг. Гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаас харахад 11 дүгээр хороо барилгажих талбайд орсон учраас өргөдлөө соль гэсэн асуудал ярьсан гэдэг. Өргөдлөө солих асуудал нь Өргөдөл гомдол хүлээж авах журмын дагуу явах ёстой. Энэ материал хавтас хэрэгт авагдаагүй. Газар эзэмших хүсэлтээ сольсон зүйл байхгүй мөн кадастрын зураг байхгүй ийм ажиллагаа хийгдээгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Хээрийн судалгаа хийсний дараа Газрын алба нь Засаг даргын захирамжийн төслийг боловсруулах үүрэгтэй. Засаг дарга тухайн төслийг хүлээж аваад холбогдох материалыг судлах ёстой. Бид нэхэмжлэлийн шаардлага дээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэсэн зүйл оруулаагүй. Засаг даргын захирамжийг үндэслэн дараа газар ашиглах гэрээ байгуулах ёстой. Гэтэл гуравдагч этгээд гэрээ байгуулаагүй. Гэрээгээ хүлээн зөвшөөрсний дараа гэрчилгээ гаргах ёстой. Гэвч энэ дүрэм журмаа зөрчин эхлээд гэрчилгээгээ олгосны дараа гэрээ байгуулсан байдаг. Хүний газар эзэмших эрх төрсөн цагаас эхлэн үүсдэг иймд Н.Ө гэдэг хүний эзэмших эрх нээлттэй байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримт гэрчийн мэдүүлгээр Н.Ө 2007 оноос хойш маргаан бүхий газарт амьдарсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшүүлж ашиглаж байгаа нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа болохоос биш газар эзэмших эрх нь гэрчилгээ олгосноор үүснэ гэсэн үг биш юм. Иймд газар эзэмших эрх нь зөрчигдөж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Б нь газар эзэмшүүлэх хүсэлт гаргасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, ******ын **********ын 1-р хэсэг, 1 гудамж, 4 тоот хаалга 700 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Түүнчлэн 2012 оны газар эзэмших эрхийн хугацаа дуусч 2012, 2014 онуудад Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаар удаа дараа хүсэлт гаргасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/258 дугаартай дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана”, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” хамаарна гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэлд уг захирамжаас болоод нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийн үндэслэл байхгүй байна.

Иргэн хүсэлтээ гаргасныг үндэслэн дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д тус тус заасны дагуу газар эзэмших эрх олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэ захирамж гарснаар нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн юм бэ гэдэг асуулт үүсэж байна. Үүнд үндэслэл бүхий тайлбар гаргах хэрэгтэй. Анхны олголт болох 420 тоот захирамжаар олгосон хувийн хэрэг, баримтууд нь бүгд хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Олгосон үндэслэлээ хариу тайлбартаа дурдсан. Н.Ө иргэний үнэмлэхээр 2007 оноос өмнө Газрын албаны өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэгдсэн газар эзэмших хүсэлт байхгүй байсан. Гуравдагч этгээд энэ газар дээр амьдарч байгаагүй би бодит байдал дээр энэ газарт хашаа барин амьдарч байсан гэсэн тайлбар хэлдэг. Хавтас хэрэгт Газрын албанаас ирсэн баримтууд, маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийсэн баримтууд байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан....” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: “Миний бие Б овогтой Б Б******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 тоот захирамжийг үндэслэн Б******* дүүргийн 20 дугаар хороо, ******, **********ын (**************) 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж, * тоотод хуулийн дагуу газар эзэмших эрх олгогдож, эргэлтийн цэг тавиулж газраа хүлээж авсан. Захирамж нь 12 дугаар сард өвлийн хүйтнээр гарсан, хавар хашаа барихаар очсон боловч 2008 оны сонгуулийн жил иргэний хөдөлгөөнийхөн тэр орчмын газар дээр цуглаан, жагсаал, тэмцэл хийж хашаа бариулаагүй болно.

Энэ талаар газрын албан дээр очиж уулзахад “та түр хүлээж бай, иргэдийн оролцоотойгоор ажлын хэсэг байгуулж, асуудлыг шийднэ” гэсэн хариу өгч 2 жил шахам болсон. 

2010 онд ажлын хэсэг байгуулагдаж, шалгалт хийж, 2007 оны 420 тоот захирамжтай иргэдэд газрыг олгох шийдвэр гарсан. Тухайн үеийн ажлын хэсгээр газраа хянуулж дахин (кадастрт оруулж) газрын санд оруулж кадастрын зураг хийлгэж авсан.

Газрын эрхийг сунгахад тэр үед ажиллаж байсан газар зохион байгуулагч н.Батзориг нь шалгаж үзээд “таны газар хууль ёсны дагуу олгогдсон бөгөөд газрын санд бүртгэлтэй байна” гэж эзэмшлийн эрхийн 15 жилээр сунгаж олгосон. 

Мөн 2013 онд Геодези зураг зүйн газарт очиж газраа шалгуулахад сансрын зураг авалтанд миний нэрээр орсон байна. Энэ нь кадастрын зураг газрын санд миний нэрээр бүртгэлтэй байгаа нь батлагдаж байгаа болно. 

Миний газар дээр үл таних хүн хашаа барьсан, ямар хүн болох нь тодорхойгүй, олдохгүй байсан. 1 жилийн өмнө нэг эмэгтэй утсаар гэнэт ярьж чамайг газрын асуудлаар шүүхэд өгнө гэж дарамтлаад байсан. Би тэгэхээр нь “юун шүүх, өөртэй чинь уулзаж ярилцая” гэж хэлэхэд “харин тиймээ Монгол хүн байна маргааш уулзая” гэж хэлээд таг чиг сураггүй алга болсон. Одоо харин эдгээр хүмүүс гарч ирж байна. Би эдгээр хүмүүсийг огт танихгүй болно. Би 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл газар дээрээ хашаа байшин барьж амьдарч чадахгүй 10 гаруй жил хохирч яваа иргэн байна. 

Иймд хуулийн дагуу газрыг чөлөөлүүлж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж иргэн хүний хувьд хууль шүүхийн байгууллагад найдаж, найдвар тавьж байна...” гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Н.Ө-с “Б******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар иргэн Б.Бд  тус дүүргийн 20 дугаар хороо, ******ын **********ын 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж, 0* тоотод Амины орон сууцны зориулалтаар 700 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна . 

Харин нэхэмжлэгч Н.Ө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ээс “...Б******* дүүргийн 20 дугаар хороо, ******ын **********ын 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж, 04 тоот  хашааны газар өөрийн эзэмшлийнх, 2007 оноос газар эзэмших гэрчилгээ гардаж авч чадаагүй маш их хохирогч байна...”, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...гуравдагч этгээд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлийг өргөлдөө тусгах ёстой. Газар эзэмших эрх төрсөн цагаас үүсдэг, тиймээс маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь нээлттэй...” гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар дээрх маргаан бүхий газар нэхэмжлэгчийн эзэмшилд байсан эсэх нь тогтоогдохгүй байна. 

Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах” талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Н.Ө дээрх Газрын тухай хуульд заасны дагуу газрын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд маргаан бүхий газрыг эзэмших талаар ямар нэг өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Эгийн “...2007 оноос өмнө Газрын албанд албан ёсоор холбогдох хүсэлтээ өгөөгүй...”, Б******* дүүргийн Газрын албаны өргөдөл гомдлын дэвтэр болон бусад бичиг баримтад шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл  зэргээр тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Ө нь өөрөө дээрх хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын дагуу хүсэлтээ холбогдох бүрдүүлбэрийн хамт эрх бүхий байгуулагад нь хандаж өгөөгүй, маргаан бүхий газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгаагүй атлаа бусдыг хууль бусаар газар эзэмшсэн гэж маргаж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй байна. 

Түүнчлэн шүүхээс цуглуулсан баримтаар иргэн Н.Ө нь маргаан бүхий газрын хаяг дээр оршин суудаггүй , харин гуравдагч этгээд Б.Б нь маргаан бүхий газарт нэхэмжлэгч Н.Өын эзэмшил, өмчлөл үүсээгүй байхад дээр дурьдсаны дагуу холбогдох газарт хандаж эрх бүхий албан тушаалтны олгосон хаягжилт бүхий газрыг эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийг баталгаажуулах хуудас , кадастрын зургаа аваад газраа заалгасан талаарх баримт , Б******* дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт  зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга дээрх шийдвэрийг гаргахдаа иргэн Б.Бийн газар эзэмшихийг хүссэн өргөдөл , иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар  зэргийг үндэслэн өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд маргаж буй газрыг эзэмшүүлэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, Б******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар иргэн Б.Бд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн газрыг эзэмшиж байгаагүй, нэхэмжлэгч Н.Ө-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол уг актын улмаас зөрчигдөөгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Өын “Б******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТБААТАР