Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.А, Д.О, С.С, Г.Б

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч А.К, нэхэмжлэгч Л.А, Г.Б нарын өмгөөлөгч Л.О,

Нэхэмжлэгч: Л.А, Д.О, С.С, Г.Б

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “...Улсын бүртгэлийн Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10Б байрны 41 тоот, 10А байрны 51 тоотууд бүхий нэхэмжлэгч Л.А, О.О, С.С нарт холбогдох 2 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн Y-2003021861 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691004 дугаартай гэрчилгээний 10А байрны 36 тоотын нэхэмжлэгч Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.А, Г.Б,

Нэхэмжлэгч Д.О, С.С нарын өмгөөлөгч А.К,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,

Гуравдагч этгээд Д.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 114/2022/0004/З         

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.А, Д.О, С.С, Г.Б нараас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын бүртгэлийн Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10Б байрны 41 тоот, 10А байрны 51 тоотууд бүхий нэхэмжлэгч Л.А, О.О, С.С нарт холбогдох 2 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн Y-2003021861 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691004 дугаартай гэрчилгээний 10А байрны 36 тоотын нэхэмжлэгч Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дүгээр сарын 19-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: 

“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.4.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн Y-2003021861, Y-2003021862 дугаарт бүртгэлтэй Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10Б байрны 41 тоот, 10А байрны 51 тоотууд бүхий нэхэмжлэгч Л.А, О.О, С.С нарт холбогдох 2 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, “Улсын бүртгэлийн Y-2003021861 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000691004 дугаартай гэрчилгээний 10А байрны 36 тоотын нэхэмжлэгч Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.А, Г.Б нарын өмгөөлөгч Л.О-д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироож “... Д.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн бүртгэл, гэрчилгээ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд захиргааны байгууллагын хууль бус ажиллагаа тогтоогдохгүй байна... ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зүйд нийцэхгүй байна.

3.2.Маргаж буй орон сууцнуудыг ““Л И ” ХХК-иас Д.Б нэр дээр шилжүүлэх ажиллагаа нь эрх бүхий байгууллагын шийдвэр буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийн дагуу явагдсан, нэхэмжлэгч тухайн орон сууцыг худалдан авсан гэх мэдүүлгийг эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй тул хариуцагчийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.” гэж дурдсан нь хэрэгт авагдсан тодорхой нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн шийдвэр гаргасан байна.

3.3.Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэл хийж, гэрчилгээ олгосон үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, 19.4.5, 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс гадна Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.6.8, 10.10,11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-д заасныг тус тус зөрчсөн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Мөн хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, улсын бүртгэлийн хууль бус ажиллагаатай холбоотой баримтуудыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байх ба энэ талаар шийдвэрт дурдаагүй байна. 

3.4.Анхан шатны шүүх “Л т ”-ы байрнаас орон сууц худалдан авахаар гэрээ байгуулж үнийг нь төлсөн, мөн ажил үйлчилгээ үзүүлсэн олон иргэдийг эдийн засгийн эрсдэлд оруулан хохироосон шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. 

Иймд давж заалдах журмаар гомдлыг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.А, Г.Б нарын өмгөөлөгч Л.Оюунсувд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нар 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр “Л И ” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах /№52 дугаар/ гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Л И ” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Л т ” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны “А” блокийн 2 дугаар орцны 4 давхрын 51 тоотоос 71.46 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан авахаар харилцан тохиролцож, гэрээний төлбөрийг 100 хувь төлж, ашиглалтад орохыг нь хүлээж байсан. Маргаан бүхий орон сууц 2016 оны сүүлээр ашиглалтад орж, нэхэмжлэгч нар тухайн орон сууцыг 2017 оны 1 сард хүлээн авч өнөөдрийг хүртэл маргаан бүхий 10А байрны 2 дугаар орцны 51 тоот орон сууцыг бодитойгоор эзэмшиж, амьдарч байгаа болно.

Гэтэл гүйцэтгэгч “Л И ” ХХК нь 2017 оноос хойш орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй, дарга удирдлагууд нь солигдсон, орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, бүх айлын гэрчилгээг нэг мөр компаниас гаргаж өгнө, санаа зоволтгүй гэж итгүүлсээр өдийг хүрсэн.

Ингээд нэхэмжлэгч нар арга бараад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Л И ” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй маргаанд иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед шүүхээс Доржийн Болормааг тус иргэний хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Д.Б нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дээрх бидний маргаж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Л т ” орон сууцны А блокийн 2 дугаар орцны 4 давхрын 51 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь миний хууль ёсны өмч бөгөөд уг орон сууцны гэрчилгээг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж авсан гэх тайлбарын хамт Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.Цэндсүрэнгийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2003021861 дугаартай гэрчилгээг шүүхэд ирүүлсэн байдаг. Энэхүү Д.Б ирүүлсэн тайлбар болон нотлох баримттай 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр танилцаж, өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж буй орон сууцны гэрчилгээ аль хэдийнээ Д.Б нэр дээр гарсан байсныг мэдсэн.

4.2. Ү-2003021861 дугаар бүртгэлийн 51 тоот орон сууцны хэсэгт холбогдох бүртгэл хууль зөрчиж хийгдсэн талаарх гомдлын үндэслэл:

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.Цэндсүрэн нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2003021861 бүртгэлийн дугаараар иргэн Д.Б 000691004 дугаартай гэрчилгээ олгож, уг гэрчилгээгээр Д.Б 1432.42 м.кв талбайтай 24 орон сууцны хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Улсын бүртгэгч Ш.Цэндсүрэнгийн дээрх орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж гэрчилгээ олгохдоо “Л И ” ХХК болон хөрөнгө оруулагч, иргэн Д.Б нарын төлбөрт өгөх байрны жагсаалт гэх баримтыг үндэслэсэн байдаг. Уг баримтыг “Л И ” ХХК болон хөрөнгө оруулагч, иргэн Д.Б нар нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн бөгөөд “Л И ” ХХК нь хөрөнгө оруулагч, иргэн Д.Б 10А байрнаас нийт 24 байр /орон сууц/-ыг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэтэл дээрх “Л И ” ХХК болон иргэн Д.Б нарын хооронд үйлдсэн төлбөрт өгөх байрны жагсаалтад одоогийн нэхэмжлэгч нарын эзэмшиж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Л т ” орон сууцны А блокны 2 дугаар орцны 4 давхрын 51 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц ороогүй байсан.

Ингээд дээрх “Л И ” ХХК болон иргэн Д.Б нарын хооронд үйлдсэн төлбөрт өгөх байрны жагсаалтын дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-2003021861 дугаартай бүртгэл үйлдэж, гэрчилгээ олгох үед дээрх мэдүүлгийн дагуу 10А байрны 51 тоот орон сууц ороогүй гэрчилгээ гарсан байдаг.

Гэтэл Д.Б нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ гарсны дараа Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дахин хүсэлт гаргаж “... Д.Б миний бие 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг гаргахдаа өргөдөл дээрээ А блокийн 51 тоот 71.46 м.кв байрыг бичээгүй тул залруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, нэхэмжлэгч нарын эзэмшлийн 10А байрны 51 тоот орон сууцыг гэрчилгээндээ нэмж гаргуулаад авсан байдаг.

Улсын бүртгэгч Ш.Ц нь зөвхөн Д.Б гэх хүний хүсэлтийг үндэслэн бусдын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөд улсын бүртгэл хийхдээ дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн.

4.2.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:

11.1.1.мэдүүлэг гаргасан он, сар, өдөр;

11.1.2.эрх шилжүүлэн авч байгаа этгээд нь иргэн бол иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар;

11.1.3.гэрээ, хэлцлийн нэр, төрөл;

11.1.4.эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар;

11.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасныг тус тус зөрчиж хийгдсэн.

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан “Л И ” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн иргэн Д.Б төлбөрт өгөх байрны жагсаалт гэх албан бичиг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичгүүдэд маргаан бүхий 51 тоот орон сууцыг Д.Б шилжүүлэх талаар тусгаагүй. Гэтэл улсын бүртгэгч Ш.Цэндсүрэн нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-2003021861 дугаартай бүртгэл хийхдээ ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий 51 тоот орон сууцыг “Л И ” ХХК-иас Д.Б шилжиж байгаа талаарх баримт байхгүй байхад шилжүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.

Мөн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.1-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж маргаан бүхий 51 тоот 10А байрны 51 тоотын өмчлөгч нь Д.Б мөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байхад зөвхөн түүний гаргасан хүсэлтэд үндэслэн бүртгэл хийсэн нь дээрх улсын бүртгэлийн холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн бөгөөд анхан шатны шүүх энэ талаар нэг ч дүгнэлт хийгээгүй болно.

4.2.2.Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.2.мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 2.1.8.эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах, 5 дугаар зүйлийн 5.6.2-т “хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”, 5.6.3-т “барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн болон өмчлөгчийн тодорхойлсон баримт”, 5.7-д “захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална”, 20 дугаар зүйлийн 20.1.Улсын бүртгэгч дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, 20.1.2-т “эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй бол” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж иргэн Д.Б гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаагүй, Д.Б 24 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэг дор гаргаж өгөхдөө өөр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж болох талаарх хийж хэрэгжүүлэх ёстой бүртгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, орон сууц захиалагч нараас зөвшөөрөл аваагүй, орон сууц захиалагч нарын нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтлаагүй бүртгэл хийсэн нь дээрх хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.

4.3.Шүүх маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэгч Д.Оюун, С.Соёлмаа нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш тул эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргаж буй өргөдлийг гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх иргэний зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаас гадна зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргийг мөн шүүх хүлээсэн байдаг.

Нэхэмжлэгч нар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхээр хамгаалуулах гэж буй эрх ашгаа тодорхойлохдоо нэхэмжлэгч нар бол маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох эрхээ захиргааны байгууллага буюу Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.Ц хууль бус шийдвэрийн улмаас алдсан, нэхэмжлэгч нарын маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байх эрх захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 91 дүгээр зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн /Д.Б/ хувьд эд хөрөнгө эзэмшигч /нэхэмжлэгч нар/ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, 92 дугаар зүйлийн 92.-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж хуульчилсны хувьд нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны хэргийн хувьд 51 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхээр байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч Д.О, С.С нар нь маргаан бүхий 51 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж байгаа ба харин өмчлөх эрхээ олж авахад саад учруулж буй захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн хүрээнд хянах боломжтой ба маргаан бүхий акт нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-т зааснаар шийдвэрлэдэг.

 

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тэдгээрийн бүрэн гүйцэд тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.А, Г.Б нараас “... Д.Б нь “Л И ” ХХК-ийн хөрөнгө оруулагч байсан гэх бөгөөд хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хийж “Л И ” ХХК-аас Д.Б 2 500 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулахдаа барьцааны гэрээний хавсралтад заагдсан 44 байрыг Д.Б өгөлгүй “Л И ” ХХК-тай гэрээ байгуулж орон сууц авсан иргэдэд мэдэгдэлгүйгээр орон сууцыг сольж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Б нэр дээр 44 айлын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Энэ үйлдэл нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 19.4.2, 19.4.3, 19.4.5, 20.1.3, 20.1.9 дэх заалтуудыг зөрчиж бүртгэл хийгдсэн ...” гэсэн  үндэслэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Д.Б олгосон Ү-2003021862 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс Дархан сум 11-р баг 13 хороолол 10б байрны 41 тоот 62.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцтай холбогдох бүртгэлийн хэсгийг, Ү-2003021861 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000691004 дугаартай гэрчилгээний 10а байрны 36 тоотод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

2.1. Харин нэхэмжлэгч О.О, С.С нараас “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.6.8, 13 дугаар зүйлийн  13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.2.4, 13.2.5 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж Улсын бүртгэгч Ш.Ц нь маргаан бүхий 10а байрны 51 тоотын өмчлөгч нь Д.Б мөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байхад зөвхөн түүний гаргасан хүсэлтэд үндэслэн бүртгэл хийсэн нь хууль бус ... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 397 тоот тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын ... 2.1.2, 2.1.8, 5.6.2, 5.6.3, 5.7, 20.1, 20.1.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/8445 тоот, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот “Эрх шилжүүлэх тухай” албан бичигт дурдсан жагсаалтад 10А байрны 51 тоот байхгүй байхад Д.Б нэр дээр бүртгэсэн нь үндэслэлгүй ...” гэх үндэслэлээр “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2003021861 дугаартай бүртгэлийн Дархан сумын 11-р баг 13-р хороолол, 10а байрны 51 тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.2. Анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар” гэж заасныг хэрэглэн “... Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 лгы 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот .... албан бичиг, Д.Б өргөдөл мэдүүлэг, “Ласти инернэйшнл” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “иргэн Д.Б төлбөрт өгөх байрны жагсаалт”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 оны 05 дугаар сарын 1/8445 тоот албан бичгүүдийг үндэслэн эрхийн улсын Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй “Ласти интенэйшнл” ХХК-ийн өмчлөлийн орон сууцнаас Д.Б өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт 10 А байрны 36, 51 тоот орон сууцыг ... бүртгэж, 000691004 дугаартай гэрчилгээ, Ү-2003021862 дугаарт 10 Б байрны ... 41 ... тоот орон сууцыг ... бүртгэж, ...000691004 дугаартай гэрчилгээ олгосон нь эрх бүхий байгууллагын буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийн дагуу явагдсан байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа ...” гэж заасныг зөрчөөгүй, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж гарсан шийдвэрүүд гэж үзэх үндэслэлтэй ...” гэсэн гол үндэслэл дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэжээ.  

2.3. Шүүх дээр дурдсанчлан “... эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжсэн тул хууль зөрчөөгүй ...” гэсэн дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан “... 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Барьцааны гэрээ, “Л И ” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн иргэн Д.Б төлбөрт өгөх байрны жагсаалт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/8445, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичиг, Д.Б Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, өргөдөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2003018160 дугаартай улсын бүртгэл, ... гэрчилгээнүүд” зэрэг нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, эдгээрт тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан, шүүхийн үнэлж дүгнэсэн дор дурдах нотлох баримтууд зөрүүтэй, эдгээр зөрүүтэй хэргийн үйл баримтыг давж заалдах шатны шүүх залруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх, улмаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

2.4. Тухайлбал, хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 183/ШЗ2017/08942 тоот захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19495 дугаартай албан тоотоор иргэн Д.Б өмчлөлд 10 А  блок байрны ... 47, 49, 54 ... тоот орон сууцуудыг шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021862 дугаарт иргэн Д.Б өмчлөлд бүртгэн 000691004 дугаартай гэрчилгээ олгосон...” гэсэн 115 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/8445,  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 тоот захирамжаар “Л И ” ХХК-аас 2.500.000.000 төгрөгийг гаргуулж Д.Б олгохоор захирамжилжээ ...  Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 144 айлын 8470,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс жагсаалтад заагдсан орон сууцуудыг захиран зарцуулах эрхийг сэргээж, тоот тус бүрээр өмчлөх эрхийг төлбөр авагч Доржийн Болормаа /ЧЛ67122002/-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг ирүүлж, бусад орон сууцнуудын хоригийг хэвээр үлдээхийг мэдэгдье. Үүнд: Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 А байрны /А блок/17. 49 тоот 62.7 м.кв талбай бүхий орон сууц, 18. 54 тоот 59.84 м.кв ...” гэх 1/19496 дугаар албан бичгүүдээс үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 10 А байрны 51 тоот орон сууцыг Д.Б нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ ирүүлэх талаар мэдэгдээгүй байхад шүүх эдгээр баримтуудыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа ...” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн нэр дээр нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэгч Д.О, С.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

2.5. Түүнчлэн хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн “Эрхийг түдгэлзүүлэх тухай” 4/10681 дугаар албан бичигт “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2018/02671 дүгээр захирамжаар хариуцагч “Л И ” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг 119.914.667 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан” талаар дурдаж “тус компанийн эзэмшилд байгаа Дархан сум, 13-р хороолол 10А байрны /А блок/, 51 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц ...” гэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2018/02671 дүгээр захирамжаар “... “А ф ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Л, “Л И ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 199.914.667 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ... “Л И ” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг 119.914 667 төгрөгийн  хэмжээгээр битүүмжилж” гэж шийдвэрлэсэн, мөн гуравдагч этгээд Д.Б 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөлд “2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001 тоот Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, бүртгүүлсэн” талаар дурдсан байх бөгөөд уг гэрээний “Хоёр. Барьцаалж буй орон сууцууд” гэх хавсралт[1], 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хавсралт “Барьцаалж буй орон сууцуудын жагсаалт”[2] гэх хэсгүүдэд тус тус “А блокийн 51 тоот орон сууц барьцаалагдсан” талаар тусгагдаагүй зэрэг зөрүүтэй нотлох баримтууд авагдсан байхад шүүх эдгээрийг нэг мөр эргэлзээгүйгээр тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

2.6. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 дугаар албан бичигт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 08942 дугаар захирамжийн дагуу Д.Б 10 А блокийн 51 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх талаар тусгагдаагүй байхад “Л И ” ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан хүсэлтэд “... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 08942 дугаар захирамжийн дагуу ...” гэсэн үндэслэлээр “... төлбөр төлөгч “Л И ” ХХК-ийн төлөх төлбөр авагч Д.Б 10 А байрнаас ... 51 ... орон сууцыг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр болсон” гэж хүсэлт гаргасан нь ойлгомжгүй, уг хүсэлтийг үндэслэн хариуцагчаас тус орон сууцыг гуравдагч этгээдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 183/ШЗ2017/08942 тоот хүчин төгөлдөр захирамжаар баталсан “Эвлэрлийн гэрээ”-ний үнийн дүнтэй дүйцэхүйц орон сууцны нийт талбайн хэмжээнд багтаж байгаа эсэх нь тодорхой бус, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/17627 дугаар албан бичигт “... төлбөр авагч Д.Б 3 тоот орон сууцыг 51 тоотоор өөрчлөх хүсэлт гаргаж танай хэлтэст холбогдох материалын хамт хүргүүлсэн ...” гэх албан бичиг авагдсан байх боловч энэхүү мэдэгдэлд дурдагдаж буй холбогдох баримтууд нь ямар баримтууд болох нь тодорхой бус, шүүх хэрэгт авагдсан эдгээр зөрүүтэй баримтуудыг нэг мөр эргэлзээгүйгээр тодруулж, нягтлан шалгасны үндсэн дээр хэргийн оролцогчид тэр дундаа нэхэмжлэгч О.Оюун, С.Соёлмаа нарын нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.   

2.7. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

2.8. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актын огноог бичээгүй алдаа гаргасан байхаас гадна “ ... нэхэмжлэгч ... нарт холбогдох ...” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь ойлгомжгүй, мөн шүүхийн шийдвэр хэлбэр болон бичиглэлийн хувьд Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралт “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ын 2.2, 2.3, 2.4, 3.4-т нийцээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Б.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                        Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] 1-р хавтас 172 дугаар хуудас

[2] 1-р хавтас 278 дугаар хуудас