Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 304

 

Б.Мандуулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Мандуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлчулуун, А.Золзаяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 291 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0481 дүгээр магадлалтай, Б.Мандуулын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Мандуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 291 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мандуулын “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0481 дугаар магадалалаар: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Б.Мандуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Мандуулыг урьд эрхэлж байсан Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын (түр орлон гүйцэтгэгч) албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мандуулд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх ажилгүй байсан 5 сар, 9 хоногийн цалинтай тэнцэх олговор 5,871,043 (таван сая найман зуун далан нэгэн мянга дөчин гурав) төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэнхэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлчулуун, А.Золзаяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлт гаргасны дагуу хяналт шалгалтын газарт 6 сарын хугацаагаар түр шилжүүлэн давхар ажиллуулахыг хүссэн албан тоотын хариуд Хорооноос хууль тогтоомж зөрчихгүйгээр, ажилтны өөрийн үндсэн ажлыг цалгардуулахгүй тохиолдолд татгалзах зүйлгүй талаар мэдэгдсэн байдаг. Дээрх 6 сарын хугацаа нь албан бичиг илгээсэн өдрөөс буюу 12 сарын 12-ноос 6 сар хүртэл үргэлжилсэн бөгөөд хугацааны дундуур 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол банкнаас Хорооны ажлын албаны дарга солигдсон нь олгогдсон зөвшөөрөлд ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг лавласан албан бичгийн хариуд ямар нэг өөрчлөлтгүй хэвийн үргэлжилж байгааг мэдэгдсэн хариу хүргүүлсэн. Хорооноос нотлох баримтаар хүргүүлсэн Б.Мандуулын ажлын цагийн мэдээг гаргахдаа давхар ажиллаж байсан хугацаа буюу 2015 оны 06 сар хүртлэхийг оруулан тооцоогүй бөгөөд зөвхөн 6 сараас ажлаас халагдах хүртэлх хугацааны  хугацааны ажилласан цагийн мэдээг гаргахад хоцорсон цаг нь 40 цаг 42 мин, тасалсан цаг нь 337 цаг 51 мин, нийт 378 цаг 33 минут байдаг.

Гэтэл дээрх ажил тасалсан цагуудыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Монгол банкинд давхар ажиллаж байх хугацаандаа ийн тасалж хоцорсон гэж үзэн мөн ажлаас хоцорч, тасалж байгааг мэдсээр байж эрх бүхий этгээдээс сануулж байгаагүй зэргээр хэт нэг талыг барин шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 26.2-т сахилгын шийтгэлийг ногдуулахдаа заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан. Иймд эрх бүхий албан тушаалтан ямар нэг арга хэмжээ өмнө нь авч байгаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “... албан үүргээ биелүүлээгүй “ гэдэгт хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ гэж тайлбарласан.

Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн сар улиралын тайланг “Фина” системээр нэгтгэн хүлээн авдаг ба энэ системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах нь мэдээллийн технилогийн хэлтсийн жилийн ажлын төлөвлөгөөнд, Б.Мандуул даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байдаг. Гэтэл тус системд 2014 оны 3 дугаар улирлаас FR62 алдаа гарч эхэлсэн ба 2015 онд алдаа улам идэвхжин ба алдаа гарснаас шалтгаалж улирлын нэгтгэсэн тайланг тухай бүр хугацаанд нь гаргаж чадаагүй, мөн тухайн программын ашиглалт үйлчилгээ үзүүлсний төлөө манайхаас төлбөр авдаг Гүрж улсын холбогдох этгээдэд энэ талаар тухай бүр яаралтай мэдэгдэж алдааг засах болон сайжруулалтыг хийлгээгүй, гарсан алдааг олж илрүүлж засахад 1 жил гаруй хугацаа алдсан зэргээр тус хэлтсийн дарга Б.Мандуул нь ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил үүргээ цалгардуулсан, Мэдээлэл технологийн хэлтсийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллаагүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх алдаа гарч байгааг засахгүй цаг алдсан зэрэг нь зөвхөн Б.Мандуулын албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоогүй ямар албан үүргийг биелүүлээгүйг тогтоосон баримтгүй гэж үзсэн нь хуульд нийцсэн шийдвэр биш юм. Дээрх асуудалтай холбоотой нотлох баримтуудыг Хорооноос хэрэгт хавсаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн,  магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

Б.Мандуулыг  Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь халсан Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 217 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцээгүй байна.

Маргаан бүхий тушаалд заагдсан “Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар биш харин 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ажилтныг ажлаас халах үндэслэл болох бөгөөд тухайн зөрчлийг Б.Мандуул гаргасан болох нь тогтоогдоогүйг магадлалд зөв дүгнэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “...ажил тасалсан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон ...” хэмээн маргасан бөгөөд энэ нь маргаан бүхий тушаалын үндэслэлд заагдаагүйгээс гадна нэхэмжлэгч нь  Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын зөвшөөрлөөр Монгол банкны хяналт шалгалтын газарт гэрээгээр ажиллаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөн Б.Мандуулын ажлыг шалгасан ажлын хэсгийн тайлангаас үзвэл түүнийг ажил тасалсан гэж буруутгаж байгаа асуудлаар биш  зөвхөн өөрийнх нь хариуцан ажилладаг Фина системд гарсан алдааг засаж сайжруулах асуудлыг хэлэлцэж байжээ.

Иймээс маргаан бүхий тушаалын үндэслэл болгоогүй, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох журмын дагуу шалгаж, тогтоон, хэлэлцэгдээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй  юм.

Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн үндэслэлээр Б.Мандуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  анхан шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т  заасантай нийцжээ.

Иймээс давж заалдах шатны шүүх “... нотлох баримтыг буруу үнэлсэн ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг  дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ