Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Н.Уранбайгаль /томилолт/,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2003005220454 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн ... төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны хойд замд “Хьюндай портер-2” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт, 4 дүгээр хавсралтын 3.7 дахь заалт, мөн дүрмийн 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Б.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...тэр өдөр ажлаа хийж байтал гэнэт машин ирээд мөргөөд би хавчуулагдаад унасан. Миний хавирганууд хугарч нуруу гэмтсэн. Би шүүгдэгчээс 1.500.000, 420.000-иар нийт 1.920.000 төгрөг авч, эмчилгээнд зарцуулсан. Одоо миний нуруугаар жаахан өвдөж байгаа. Цаашдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж авна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хавтаст хэргээс:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7х, 8х, 9-11х, 12-17х/, хохирогч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 29х/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 33х/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 32х/, иргэний нэхэмжлэгч С.Г-ын мэдүүлэг /хх-ийн 35-36х/, гэрч Ц.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 44х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12611 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-53х/, хохирогч Б.Гийн өвчний түүх /хх-ийн 56-64х/, Мастер Үнэлгээ ХХК-ийн ... авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 79х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн ... авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 97х/, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 217 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 101-102х/, шүүгдэгч Б.Б-гийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 117х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 118х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 119х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 120х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128х/, шүүгдэгч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 111-112х/ зэрэг болно

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны хойд замд “Хьюндай портер-2” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүрэг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 4 дүгээр хавсралтын 3.7 дахь заалт “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан.”, мөн дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Б.Г-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7х, 8х, 9-11х, 12-17х/,

Хохирогч Б.Гийн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны хойд талын автобусны буудлын зогсоол дээр тамхины ишийг шүүрдээд ертөнцийн зүгээр зүүн тийш хараад зогсож байтал ард талд тас түс хийх чимээ гарахаар нь эргээд харах гэж байхад араас Хьюндэй портер 2 маркийн автомашин гулгаж ирээд намайг мөргөөд, миний урд байсан цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашины дунд би хавчуулагдаад унасан. Би ажлынхаа ХАБ-ыг хариуцсан инженер болон төрсөн эгч Жаргалсайханд  осолд орсон талаараа утсаар хэлсэн. Хэсэг хугацаанд би шоконд орсон байсан. Тэгээд 103-ын автомашинтай эрэгтэй эмч ирж үзээд нүүрэн хэсгийн цусыг цэвэрлээд автомашиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт толгой, цээж, хэвлийн томографын шинжилгээ хийлгэхэд зүүн талын 4 хавирга хугарсан, ар нурууны 3 сэртэн яс хугарсан, хэвлийд шингэнтэй гэсэн онош гаргаад ГССҮТ-ийн цээж, хэвлийн тасагт 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байна. Миний эмчилгээний зардал мөнгийг жолооч талаас бүгдийг гаргасан. Жолооч надад 420.000 төгрөгийн эмчилгээний зардал мөнгийг өгсөн. Би сард гар дээрээ 700.000 төгрөгийн цалин авдаг. Жолоочоос би 6 сарын ажилгүй байсны зардал болох 4.200.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. Өөр мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч А.Б-ийн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өглөө 09 цаг 12 минутын орчим 95719980 дугаарын утсаар эрэгтэй хүн ярихдаа сая осол болоод машины чинь хойд талын гуперыг машин ирээд мөргөчихлөө гэхээр нь гэрээсээ гараад очтол Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай манай эхнэр Бийн эзэмшлийн машины хойд гупер хэсгийг ачааны цагаан өнгийн портер автомашин мөргөчихсөн байсан. Уг тээврийн хэрэгсэл нь эхнэр Бийн нэр дээр байдаг тул Б хохирлоо нэхэмжилж оролцоно..” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,

Иргэний нэхэмжлэгч С.Г-ын: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ард талын автобусны буудал дээр компанийн нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ зогсоочхоод өөрөө автомашинаас гараад хойд дэлгүүрийн ойролцоо гар утсаар яриад зогсож байтал цагаан өнгийн Хьюндэй портер маркийн ... улсын дугаартай ачааны бүхээгтэй автомашин нь зам халтиргаатай байх үед 2 дугаар эгнээнд явж байгаад уг эгнээд явж байсан автобусыг мөргөх шахаад автобусыг мөргөхгүй гээд тоормослосон чинь гулгаад 1 дүгээр эгнээ рүү орж ирээд автобусны зогсоол дээр байсан миний автомашиныг зүүн урд гупер, карлан гэрэл хэсгийг мөргөөд автобусны урд талын буудал дээр ажлаа хийгээд зогсож байсан тохижилт үйлчилгээний газрын ажилтан болох зүс таних эрэгтэй хүнийг цагаан өнгийн Хьюндэй портер маркийн ... улсын дугаартай автомашинаараа мөргөөд халтирсан чигээрээ замын урд талын шороон дээр байрлуулж тавьсан байсан сувдан цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай автомашины зүүн хойд карлан хэсгийг мөргөөд зогссон. Хоёр машины дунд хэсэгт ТҮК-ын ажилтан залуу хавчуулагдаад унасан. Тэгсэн замын хойд талд явж байсан хүмүүс ирээд мөргөсөн автомашиныг хойш нь түлхээд мөргүүлсэн хүнд зай гаргаж өгсөн... ...Портер маркийн автомашинд жолооч нь эрэгтэй, бас нэг эмэгтэй хамт явж байсан. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

Гэрч Ц.Ч-ын: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө манай ажлын жолооч Б Хьюндэй портер 2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад ажлаасаа гараад Улсын их дэлгүүрт бараагаа түгээх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны хойд талын асфалтан зам дээр 2 дугаар эгнээгээр явж байтал замынхаа ертөнцийн зүгээр урд талын автобусны буудлын зогсоолд жижиг суудлын автомашинууд зогссон байсан тул ногоон өнгийн автобус 1 дүгээр эгнээнээс зорчигч нараа авч хөдлөхдөө 2 дугаар эгнээ рүү дарсан, манай жолооч Б автобусыг хараад машины хурдаа хасаж тоормослосон чинь манай автомашин ертөнцийн зүгээр урд тал руугаа зам дээр гулгаж явж байгаад автобусны зогсоол дээр зогсож байсан мөнгөлөг цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины зүүн урд гупер хэсгийг мөргөөд, эрчдээ мөнгөлөг цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины урд зогсож байсан тохижилт үйлчилгээний ажилтан эрэгтэйг араас очиж мөргөөд замын урд талын шороон дээр зогсож байсан мөнгөлөг цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг мөргөөд, хоёр машины дунд тохижилт үйлчилгээний ажилтан эрэгтэй хавчуулагдаад замынхаа урд талын шороон дээр унасан. ...Авто ослоос болж надад болон жолооч Бд гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12611 дугаартай: “...Б.Гийн цээжний хэнхэрцэгийн зүүн талд 3-8-р хавиргануудын цөмөрсөн, зөрөөтэй, зөрөөгүй хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, сээр нурууны 4, 5, 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхины гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-53х/,

Хохирогч Б.Гийн өвчний түүх /хх-ийн 56-64х/,

Мастер Үнэлгээ ХХК-ийн ... авто машины техникийн үнэлгээний: “...шууд зардал-82350 төгрөг, шууд бус зардал-73200 төгрөг, нийт-155550 төгрөг” гэх тайлан /хх-ийн 79х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн ... авто машины техникийн үнэлгээний: “...шууд зардал-715000 төгрөг, шууд бус зардал-268000 төгрөг, нийт-983000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 97х/,

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 217 дугаартай мөрдөгчийн: “...Хьюндэй портер 2 маркийн ... улсын дугаартай тээврийн автомашины жолооч Б овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 3.7 дахь заалт “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан”, мөн дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /хх-ийн 101-102х/,

Шүүгдэгч Б.Б-гийн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажлынхаа Энхсайхан гэдэг хүний нэр дээр байдаг Хьюндэй портер 2 маркийн цагаан өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, жолоочийн хажуу талд борлуулагч Ч-ы хамт ажлаасаа гараад Улсын ир дэлгүүрийн Номин супермаркет худалдааны төв орох гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах ... дугаар байрны хойд талын асфалтан зам ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээнд явж байхад зам их халтиргаа гулгаа ихтэй байсан. Ногоон өнгийн автобус зогсоол дээр зогсож байснаа хүнээ аваад 2 дугаар эгнээ рүү гэнэт ороод ирэхээр нь миний автомашин зуны дугуйтай байсан болохоор гулсаад замынхаа урд талд автобусны буудлын зүүн үзүүрт зогсож байсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины зүүн урд гупер хэсгийг мөргөөд, гулгаж яваад цаашаа хараад замыг цэвэрлэж байсан тохижилт үйлчилгээний ажилтан ах машинд мөргөгдөөд нуруу хэсгээрээ асфалтан зам дээр унахдаа хөл нь миний автомашины доогуур ороод унасан. Би автомашинаас буугаад очтол замынхаа урд талд шороон дээр байрлуулж тавьсан улсын дугаарыг нь санахгүй байна, сувдан цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн машин, миний унаж явсан автомашин хоёрын дунд тохижилт үйлчилгээний ажилтан ах хавчуулагдсан байсан. Тэгэхээр нь борлуулагч бид хоёр буугаад харчхаад би буцаад автомашиндаа суугаад машины арааг ухрах араандаа хийгээд нэг удаа хаазалсан боловч автомашин гулгаад хий эргээд байхаар нь би машинаас буугаад хүмүүсийг туслаарай гээд орилоход 3-4 залуу гүйж ирээд миний автомашиныг хойш нь түлхэх үед тохижилт үйлчилгээний ажилтан ах бүтэн биеэрээ гарч ирсэн. ...Миний автомашин зуны дугуйтай явснаас болж зам халтиргаатай байхад гулгаснаас болж осол болсон. Хохирогч Г-т эмчилгээний зардалд 420.000 төгрөг өгсөн. Ажилгүй байсны цалингийн мөнгө болох 1.500.000 төгрөгийг одоогоор өгч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар тогтоогдсон буюу шүүгдэгч Б.Бгийн гэм буруутайг нотолжээ.

Тухайн осол гарсан зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, хөлдөж халтиргаа гулгаа үүссэн байхад шүүгдэгч Б.Б нь бүрэн бус тээврийн хэрэгслээр, улирлын нөхцөлд байдалд тохирсон тэмдэглэгээтэй дугуйг машиндаа тавилгүй, зуны дугуйтай оролцсон төдийгүй замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулж яваагүйгээс шарван гулсаж ойрд хавьд ажиллаж байсан хохирогчийг болон зогсож байсан бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулсан  байна.

Шүүгдэгч Б.Б-гийн энэхүү хайнга болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус зам тээврийн ослын улмаас иргэн Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Б.Э нар нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.920.000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэлд 155.550 төгрөгийн хохирол учруулснаас 174.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Г-ын тээврийн хэрэгсэлд 983.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.023.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Б.Эы тээврийн хэрэгсэлд 470.000 төгрөгийн хохирол учруулсан ч нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгч нь Б.Э-д төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 23х, 24х, 46х/,

Харин хохирогч Б.Г нь нэхэмжилж буй бусад зардал болох дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Б.Э нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгч нь “...анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тул харгалзаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо баримтын хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Б-гийн ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Б.Э нар нь хохирогч Б.Г-т эмчилгээний зардалд нийт 1.920.000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөг, шүүгдэгч Б.Б-гаас иргэний нэхэмжлэгч Б.Б-т 174.500 (нэг зуун далан дөрвөн мянга таван зуу) төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Г-т 1.023.000 (нэг сая хорин гурав мянга) төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Г нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Б.Э нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Б.Эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г. АЛТАНЦЭЦЭГ