| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 02536 1446 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 2 найз охины хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Чулуутын ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М овогт Д-ийн Э, регистрийн дугаар ******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Э нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41Б байрны гадна 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй иргэн У.Т-ий нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Э нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41Б байрны гадна 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй иргэн У.Т-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- насанд хүрээгүй хохирогч У.Т-гийн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 14-ний оройн 23 цагийн үед найзтайгаа уулзаад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 41Б байрны хажууд явж байтал ** дүгээр байранд байдаг зүс таних Ц, Э хоёртой таарсан. Тэгтэл намайг Э дуудахад би яваад очиход чи Ц-тай яагаад маргалдаад байгаа юм бэ гээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Ц салгасан. ...Зүүн талын чих хавдсан, баруун талын эрүү амаа ангайлгахад хөндүүр мөн толгой дүнгэнэж өвдөж байна. ...” гэх мэдүүлэг /хх-10-14/,
- шинжээчийн дүгнэлт: “...У.Т-гийн биед зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,
- шүүгдэгч Д.Э-ын: “...2020.08.14-ний өдөр СХД-н 16-р хороо 41б байрны урд найз Ц-ны хамт явж байхад өмнө Ц-тай маргалдсан Т явж байхаар нь бид 2 дуудаад би Т-гийн хацар луу нь гараараа 2-3 удаа алгадаж цохисон. Тэрнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. Т намайг цохиж зодсон зүйл байхгүй. Т-г надаас өөр хүн цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Э-ыг хохирогч У.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх /хх-14, 42/ тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хархорин захад лангуун дээр ажиллагдаг боловч тус үйл ажиллагаа нь түр зогссон, одоогоор тавилгын үйлдвэрт түр ажиллаж байгаа зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /х-34, 37-39, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба түүний хөрөнгө, орлого, ажлын байрны талаарх мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР