Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ын Бт холбогдох эрүүгийн 2008014851172 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б-ын Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод хамтран амьдрагч Д.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шилээр зүүн гуя руу нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1хх-ийн 5х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 63-64х/, гэрч Д.Э-ы мэдүүлэг /1хх-ийн 66х/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 68х/, гэрч Б.У-ийн мэдүүлэг /1хх-ийн 69-71х/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /1хх-ийн 74-75х/, гэрч Т.Ц-ын мэдүүлэг /1хх-ийн 77х/, гэрч Б.О-гийн мэдүүлэг /1хх-ийн 91х/, гэрч Б.М-гийн мэдүүлэг /1хх-ийн 93х/, гэрч С.П-ын мэдүүлэг /1хх-ийн 97х/, гэрч Э.С-ын мэдүүлэг /2хх-ийн 58х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 857 дугаартай дүгнэлт /1хх-ийн 182х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 895 дугаартай дүгнэлт /1хх-ийн 188-189х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 43317 дугаартай дүгнэлт /1хх-ийн 193х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1834 дугаартай дүгнэлт /1хх-ийн 216х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 9-13х/, шүүгдэгч Б.Бийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 117х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 118х/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-ийн 143х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 148х/, шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 68-69х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод хамтран амьдрагч Д.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шилээр зүүн гуя руу нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-11х, 12-13х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоот гэртээ байж байсан чинь манай төрсөн эгч Б-ийн охин У над руу өдөр 15 цагийн орчимд залгаж “ахаа та хаана байгаа юм бэ, Д.Э ахын бие муудаад байна гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм юу болсон юм гэж асуухад баруун хөлдөө гэмтэл аваад ирсэн байна. Хагалгаанд орох гэж байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад шууд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасаг дээр ирэхэд талийгаач төрсөн дүү болох Д.Э нь хүнтэй ярьж чадахгүй, хагалгаанд орох гэж байсан. Тэгээд би У-тэй уулзахад Д.Э-ыг “ах хэд хоногийн өмнө хөлдөө гэмтэл авч эмнэлэг дээр ирж оёдол тавиулчхаад явсан юм байна. Тэгтэл гэртээ гэнэт бие нь муудахаар нь хөрш айлынх нь хүн над руу ярихаар нь очиж аваад эмнэлэг дээр авч ирлээ” гэж хэлэхээр нь чамд Д.Э юу гэж хэлсэн юм, хэн хөлийг нь ийм болгосон гэж байна” гэхэд тухайн үед У надад би сандраад юу ч асууж чадаагүй гэж хэлсэн. Харин дараа нь цагдаагийн газар ирээд хамт амьдарч байсан эмэгтэй нь юмаар хатгасан гэж мэдсэн яг юугаар хатгасан талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач Д.Э тэр өдрөө судас чөлөөлөх хагалгаанд орж гарч ирсэн. Биеийн байдал нь дээрдэхгүй байхаар нь эмчтэй нь уулзахад маргааш дахин хагалгаанд орж хөлийг нь тайрахгүй бол болохгүй гэж хэлээд зөвшөөрлийн бичиг дээр нь гарын үсэг зурж хөлийг нь тайрах хагалгаанд оруулсан. Биеийн байдал нь хэсэг гайгүй байж байгаад гэнэт буцаж тэр шөнөдөө муудаж маргааш өдөр нь 15 цагийн үед амьсгал хураасан. ...Одоо нас барсан хүний ясыг өндөлзүүлээд яахав ээ, энэ хүнд гомдол санал гээд гаргах зүйлгүй. Харин эмчилгээний зардал болон оршуулгын зардал нэхэмжилж авна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-64х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Амь хохирогч Д.Эы гэрчээр өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод манай нагац дүү М, хүргэн ах П, Б бид дөрөв 2 шил 0.75 гр архи хувааж уусан. Манай хүргэн ах П, М хоёр хөдөө айлын тог янзалж өгөхөөр явсан ба би Б бид хоёр унтаад хамт үлдсэн. Байж байтал Б гэнэт явлаа гэхээр нь явуулахгүй гэсэн чинь Б явна гээд хаалга саваад гарсан ба би араас нь гүйж очоод барьж аваад гэрийн хажууд байсан байшингийн үүдэн дээр ноцолдож байсан чинь гэнэт 1 шилээр миний зүүн хөлийн гадна дунд хэсэгт шилээр зүсчихсэн. Би гэр лүү ороод орны даавуу аваад урж байгаад хөлөө боосон. Байж байтал М, П ах хоёр ирээд та яагаад хөл гараа цус болгочихдог юм гэхээр нь би Б ийм болгочхоод гараад яваад өгсөн гэж хэлсэн. М утсаар түргэн дуудаад түргэний эмч ирж үзээд эмнэлэг аваад явсан. Миний зүүн гуяны гадна хэсэгт зүсэгдсэн шарх байгаа. Өөр ямар нэг шарх байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 857 дугаартай: “...Талийгаачид зүүн гуяны зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Энэ гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гуяны шарх нь ердийн явцаараа бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тухайн тохиолдолд халдварлагдан зүүн гуяны удаан дарагдал хам шинжээр хүндэрч үхэлд хүргэсэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Талийгаач нь зүүн гуяны зүсэгдсэн шарх нь халдварлагдан булчингийн удаан дарагдлаар хүндэрч бөөрний дутагдлаар нас баржээ. Зүүн гуяны шарх нь 2020.03.22-нд үүссэн байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 182х/,

Гэрч Б.Б-ийн: “...Д.Э нь манай аавын төрсөн дүү байгаа юм. Б гэх эмэгтэйг манай ах Д.Э 2 сарын өмнө манай гэрт намайг байхгүй байхад авч ирээд манай дүү Э-т “ахынх нь суух гэж байгаа эмэгтэй байгаа юм” гэж хэлээд танилцуулаад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 68х/,

Гэрч Б.У-ийн: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өглөө найз Ц над руу залгаад М /Э/-ны бие нь тааруу байгаа ш дээ, хутгалуулсан гэнэ үү гэж надад утсаар хэлэхээр нь би гэрээсээ Э үеэл дүүгийн хамт шууд яваад М /Э/ ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэрийнх нь гадаа очиход М /Э/ нь хөрш айл болох Б-хээс доголчихсон байдалтай гарч ирсэн. ...би машиндаа суулгаад Э-, М /Э/-ны хамт эхлээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот Э-ийн гэрт очиж гэрт нь ороод ах Э-ы хувцсыг сольсон чинь Э ахын зүүн талын хөлийн гуяны гадна хэсэг том том оёо тавьчихсан зүүн талын хөл нь хөхрөөд хавдчихсан том том цэврүү үсрээд тэр цэврүү нь хагараад шүүс нь урссан байдалтай байсан. Би хажуу айлын залуу болох Б-ээс Д.Э-ыг хэнд хутгалуулсан  талаар асуухад Б гэх хүнд хутгалуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-71х/,

Гэрч Б.Э-ийн: “...Д.Э манай аав Д.Б-ы төрсөн дүү нь байгаа юм. ...Э ах хажуу айлаасаа доголчихсон зүүн талын гуяны гадна хэсгийнх нь ноосон бор өмд нэвт норчихсон гарч ирсэн. ...Тухайн үедээ нуугаад хэлэхгүй болохоор нь У эгч зүүн талын хөрш айлын хүнээс орж асуутал М, Б нартай архи ууж байгаад Б гэдэг эмэгтэйтэй муудалцаад хутгалуулсан гэж байна гэж ярьж байсан. Би Б гэх хүнийг нэг удаа манай гэрт ирэхэд нь харж байсан. Манай эхнэр болох гэж байгаа гэж Э ах өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-75х/,

Гэрч Т.Ц-ын: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөөний 08 цагаас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 08 цаг хүртэл Ачит-... эргүүлийн чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Л.Ч-ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2020 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 03 цагийн үед Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод гуяндаа хутгалуулсан хүн байна гэсний дагуу би жолооч, ахлах ахлагч Л.Ч-ын хамт очиж тус хаягт шалгахад 103-ын эмч байж байсан ба тухайн үед үзэж байсан эмч гуяндаа хутгалуулсан гэх залууг авч явах шаардлагатай байна гээд тухайн үед хажууд нь байсан дүү гэх залуугийн хамт эмнэлгийн машинтай явуулсан. Харин би тэнд хэргийн газрыг хамгаалалтад аваад байж байтал үүрийн 05 цагийн үед таксигаар оёдол тавиулчихлаа гэсэн байдалтай ирсэн ба би Э гэх залуугаас юу болсон талаар асуусан чинь Э гэх залуу танилцаад сар гаран болж байгаа манайд өөрөө ирдэг Б гэх эмэгтэй зүсчихсэн гэж хэлсэн ба тухайн үед юугаар зүссэн талаар мэдэхгүй байна гэнэт л халуу дүүгээд явчихсан гэж хэлсэн. тэгээд би жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж хүлээлгэн өгч дараагийн дуудлагад явсан. Би анх дуудлагаар очоод харахад Э өөрөө орны даавуугаар зүүн гуя хэсгээ ороочихсон уг даавуу нь цус нэвтэрсэн байдалтай байсан. тэр даавууг нь аваад үзтэл зүүн гуяны гадна хэсэгт 10 орчим см урттай 5 см орчим өргөнтэй зүсэгдчихсэн шархтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77х/,

Гэрч Б.О-гийн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд талийгаач Д.Э-ы гэрт явж орсон чинь гэртээ орон дээр хэвтэж байсан. Харин М, П хоёр гэрт нь хамт байсан. П, М хоёр надад Д.Э-ыг түүний хамтран амьдрагч Б гэх эмэгтэй хөлд нь шилээр хатгачихсан гэж хэлэхээр нь би талийгаач Д.Э-аас юу болсон талаар асуухад Б урд шөнө миний хөл рүү шилээр хатгачихсан гэж хэлэхээр нь юунаас болж маргалдсан юм гэж асуусан чинь Б гэрч явах гээд тэрнээс болж маргалдсан гэж хэлээд хөнжлөө сөхөөд шархаа харуулсан чинь гадна талаас нь боолт хийчихсэн шарх харуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91х/,

Гэрч Б.М-гийн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гэх газар талийгаач Д.Э-ы /гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна/ гэрт талийгаач Д.Э түүний хамаатны П, талийгаачийн хамтран амьдрагч Б гэх эмэгтэй бид дөрөв байж байгаад 0.75 литрийн нэрийн нь мэдэхгүй архи хувааж уусан. П ах бид хоёр О гэх эмэгтэйн гэрт очиж тог залгаж өгөхөөр явсан. Талийгаач Д.Э хамтран амьдрагч Б гэх эмэгтэйтэй гэртээ хоёулаа үлдсэн. П ах бид хоёр О-гийн гэрт очиж тог залгаж өгчхөөд 1 цаг гарангын дараа талийгаачийн гэрт ирсэн чинь монгол гэрийнх нь хаалганы самбар салаад уначихсан байхаар нь гайхаад гэрт нь яваад ортол, тог байхгүй, харанхуй байхаар нь асаагуурын гэрэл асааж байгаад талийгаачийг нэрээр нь дуудсан чинь дуугарахгүй байхаар нь гэрлээ тусгаад харсан чинь гэрийнхээ баруун талын орон дээр дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн гэртээ ганцаараа унтаж байхаар нь хөнжлийг нь татаад дуудсан чинь аль хөлийг нь санахгүй байна, цустайгаа хутгалдчихсан хэвтэж байхаар нь яасан юм бэ гэж асуухад Б миний хөлийг шилээр зүсчихсэн гэж хэлэхээр нь яагаад зүсчихсэн юм бэ гэж асуусан чинь тэр талаар хэлэхгүй байхаар нь гэрээс нь гараад П ах бид хоёр Д гэх айлд орж түүний эхнэрийн гар утсаар 103 дугаар луу залгаж эмч дуудсан чинь удалгүй гаднаас эргүүлийн цагдаа орж ирээд юу болсон талаар асуухад би болсон зүйлийнх нь талаар хэлээд байж байтал, араас нь удалгүй 103-ийн эмч орж ирж талийгаач Д.Э-ыг үзээд авч явна машинд суулгаад өгчих гэж хэлэхээр нь би талийгаач Д.Э-ыг үүрээд гэрээс нь гарч 103-ийн машинд суулгаж хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93х/,

Гэрч С.П-ын: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Э, М, Б бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...а тоотод хашаанд Э-ы гэрт 0.75-ийн Хараа нэртэй архи 1 шилийг хувааж уугаад М бид хоёр шөнө 00 цагийн үед айлын тог залгах гээд гараад явсан. Гэрт Э, Б хоёр үлдсэн. Тэгээд М бид хоёр 02 цагийн үед буцаад Э-ы гэрт ирсэн чинь гэрийнх нь хаалга нь онгорхой хаалга нь авагдсан байсан. Бид хоёр гэрт дотор орсон чинь Э-ы зүүн талын гуянаас цус гараад орон дээр хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад Б миний гуя руу дүрчхээд явчихлаа гэж хэлж байсан. Би Д гэдэг хүнийг утсаар түргэн дуудаж өгсөн, түргэн ирээд эмнэлэг авч явсан. Б миний гуя руу шилээр дүрчихсэн гэж яриад байсан. Э, Б хоёр 2019 оны хавраас хойш хамт байдаг болсон юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 97х/,

Гэрч Э.С-ын: “...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамж ... тоотод гуядаа хутгалуулсан шархтай хүн цус алдаад байна гэсэн дуудлага мэдээлэл өгөхөөр нь яаралтай тухайн хаяг дээр явж очиход хашаан дотроо монгол гэртээ айл байхаар нь уг айлд явж ороход тоггүй айл байхаар нь гар утасны гэрэл асааж ортол ертөнцийн зүгээр гэрийн баруун талын орон дээр Э гэх 40 гаран насны бага зэрэг махлаг эрэгтэй хүн халамцуу архи уучихсан зүүн талын гуяа хэсгээ даавуугаар боочихсон, дотор талаас нь цус шүүрсэн байдалтай байхаар нь юу болсон талаар нь асуухад 00 цагийн орчимд хамтран амьдрагч эмэгтэйтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсан тэгтэл хурц үзүүртэй зүйлээр миний хөл рүү нэг удаа хатгачхаад гараад зугтаачихсан гэж хэлж байсан. Боочихсон байсан бохир даавууг нь тайлж авч шархыг нь хартал нэг удаа хатгагдсан 3-4 см орчим гүн шарх байхаар нь цэвэрлэж, ариутгаж цэвэр боолт хийчхээд машиндаа суулгаад хөрш айлынхаа хүн гэх нэг залуутай хамт хоёуланг нь аваад Гэмтэл согог судлалын төвийн хүлээн авахад хүлээлгэж өгчхөөд дараагийн дуудлагадаа явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 58х/

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.  

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Э-ы зүүн гуяыг түүнтэй хамтран амьдарч байсан Б.Б нь зүсэж гэмтэл учруулсныг хохирогчийн өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон, эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, бие биеийнхээ мэдүүлгийг давхар нотолсон шинжтэй байх тул шүүгдэгчийн энэхүү шууд санаатай үйлдэл, хохирогчид учирсан зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Харин амь хохирогчийн үхлийн шалтгаан нь өөрийнх нь хайнга болгоомжгүй үйлдлээс буюу харьяа эмнэлгийн байгууллагадаа хандан боолтоо зохих ёсоор солиулаагүй, эсрэгээрээ өөрөө бохир орчинд, бохир зүйлээр шархаа арчих, орж ирсэн хүн болгонд өөрийн шархаа бохир гараар оролдон боолтоо нээж харуулах зэрэг үйлдлээс улбаатайгаар шарханд нь бохир орж, шархны хүндрэл өгч бөөрний дутагдлаар нас барсан байх тул шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбон үзэх боломжгүйг тэмдэглэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Д.Э нар нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан болох нь шүүгдэгчийн болон гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Б, амь хохирогч Д.Э нар нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, энэ үедээ хоорондоо маргалддаг байдал нь сүүлдээ хэн нэгэндээ хүч хэрэглэхэд хүргэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийг нь явуулсангүй гэх шалтгаанаар хамтран амьдрагч Д.Э-ы зүүн гуяыг нь шилээр зүссэн байх тул энэхүү үйлдлийг хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

Хохирлын тухайд: Хохирогчийн эмчилгээний зардалд 2.647.223 төгрөг зарцуулсан нь өвчний түүхэд тусгагдсан, /1хх-ийн 159х/, уг зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүл мэндийн даатгалаас төлөгдөөгүй, биднээс гарсан зардал тул нэхэмжилнэ гэж, мөн оршуулгын зардлыг нэхэмжилнэ гэж холбогдох баримтуудыг гаргаж өгч, нийт 6.294.890 төгрөгийг нэхэмжилсэн байна. /2хх-ийн 75-93х/

Шүүгдэгч Б.Б-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан уг гэмтлийг эмчлэхтэй холбогдуулан 2.647.223 төгрөг зарцуулагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ээс гаргуулж, хохирогчийн хуль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин амь хохирогчийн үхлийн шалтгаан нь өөрийнх нь хайнга болгоомжгүй үйлдлээс улбаатайгаар хүндэрч бөөрний дутагдлаар нас барсан байх тул шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбон үзэх боломжгүй, иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардлын дүн болох 3.647.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “...гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, хохирогчид эмчилгээний зардал төлж барагдуулаагүй, мөн шүүгдэгч Б.Б-ийн дээрх хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь сэжигтнээр 2 хоног баривчлагдсан /1хх-ийн 105х, 110х/ байх тул түүний баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүнд оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас /2х8=/16 цагийн ялыг хасаж тооцон түүний эдлэх ялыг 334 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов..

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр эрээн даавуу 1 ширхэг, цагаан даавуу 1 ширхэг, 3 ширхэг шилний хэлтэрхий, цэнхэр өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон иштэй хутга 1 ширхэг, хуванцар хар иштэй заазуур 1 ширхэг, монгол стандарт нэртэй 0,75 архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0,75 л архины шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, түүнд оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг 334 (гурван зуун гучин дөрөв) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс хохирогчийн эмчилгээний зардал болох 2.647.223 (хоёр сая, зургаан зуун дөчин долоон мянга, хоёр зуун хорин гурав) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-өд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.647.667 (гурван сая, зургаан зуун дөчин долоо мянга, зургаан зуун жаран долоо) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр эрээн даавуу 1 ширхэг, цагаан даавуу 1 ширхэг, 3 ширхэг шилний хэлтэрхий, цэнхэр өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон иштэй хутга 1 ширхэг, хуванцар хар иштэй заазуур 1 ширхэг, монгол стандарт нэртэй 0,75 архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0,75 л архины шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ