Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт З-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001535 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймгийн ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурын токарьчин мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, Б овогт З-ын З /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.З нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоотод Г.Д-гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  би гэртээ халамцуу амраад байж байхад хадам ах бас халамцуу тал шил архи барьсан орж ирснийг хувааж уусан. Тэгээд ахиад архинд явж ирээд авчирсан архиа хувааж ууж дуусах үед хадам ах танайх яасан үнэтэй хаалга авдаг юм гээд хаалга өшиглөөд хонхойлгоод байхаар нь болиулах гээд нэг удаа нүүр лүү нь цохисон, тэгээд болихгүй миний хоолойг боогоод амьсгалах боломжгүй болгосон байх үед нь би хавсраад унагаасан чинь унахдаа толгойгоороо пийшин мөргөөд унасан. Би санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж хохирогчид гэмтэл учруулсан. Хохиролд 1 сая гаран төгрөг төлсөн, баримт нь манай эхнэрт байгаа байх.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-4х, 5-6х/, хохирогч Г.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 11-14х/, гэрч Г.С-гийн мэдүүлэг /хх-ийн 20-21х/, гэрч З.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 23х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12077 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26х/, шүүгдэгч З.З-ын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 29х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67х/, шүүгдэгч З.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Шүүгдэгч З.З хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг нь “....Шүүгдэгч З.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх тул зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэх” тухай саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч З.З нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоотод хохирогч Г.Д-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдаж, улмаар хохирогчийг  “хаалга өшиглөлөө” гэх шалтгаанаар түүний нүүр лүү цохих, хөлөөрөө хавсарч унагаах зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Г.Д-гийн : “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гадуур архи ууж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоот гэртээ 14 цагийн орчимд ирэхэд манай хүргэн дүү З- халамцуу архи уусан байдалтай сууж байхаар нь бид хоёр хоорондоо ярилцаж байгаад нэг шил архи хувааж уухаар болж 0.75 литрийн Хараа нэртэй архи дэлгүүрээс авч хоёулаа хувааж уусан. Тэгээд би тухайн үед нэлээн согтсон. Нэг мэдэхэд З-тай хэрүүл маргаан хийж барилцаад авчихсан, миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж байсан, яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгтэл миний толгойн зүүн талд тас хийгээд явчихсан. Тэгээд би ухаан алдсан. Унасан юм уу, юмаар цохисон уу сайн мэдэхгүй байна. Нэг сэртэл байшингийн үүд хэсэгт хэвтчихсэн толгойноос цус гарсан байдалтай байснаа хараад дахин ухаан алдаад сэртэл гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

Гэрч Г.С-гийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гадуур явж байгаад 16 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоот гэртээ иртэл манай төрсөн ах Г.Д манай нөхөр З.З хоёр зодолдсон байдалтай, манай ах Г.Д том өрөөний хаалганы хажууд зуухны ойролцоо толгойн зүүн хэсгээс нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байхаар нь нөхөр З.З руу уурлаж “чи хүн аллаа, миний ахыг яасан юм бэ” гэхэд гэрийн хаалга өшиглөөд байхаар нь боль гэж хэлтэл болихгүй байхаар нь хавсарч унагаасан чинь газар унахдаа толгойгоороо зуух мөргөөд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би ах Г.Д сэрээтэл сэрэхгүй байхаар нь эмч, цагдаа дуудсан. Удалгүй эмч цагдаа ирсэн. Эмч нар манай ахыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Харин цагдаа нар манай нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12077 дугаартай: “Хэсэг газрын үзлэг хэсэгт “...духны гол хэсэгт босоо хагас ташуу байрлалтай 3 см 2 ш оёдол бүхий шархтай, зүүн хөмсөгний  гадна хэсэгт 2 см урт 2 ш оёдол бүхий шархтай,  эргэн тойрон 2х1см зулгаралттай. Духны зүүн хэсэгт 3.5х2х1.3см хүрэн удаан өнгийн зулгаралттай. Зулайн зүүн ар хэсэгт 2х0.3см шархтай цус гарч хатсан байдалтай. Дух, зүүн хөмсөг, зулайн шарх зулгаралтуудын эргэн тойрон болон баруун зовхины эргэн тойрон хаван хавдартай, эмзэглэлтэй. Баруун сарвууны ар хэсэг хаван хавдартай, 4х3.5см талбайд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, 0.3х0.2см, 0.2х.0.2см 2 ширхэг, 0.1х0.1см 5 ширхэг тав тогтсон зулгаралттай.

Дүгнэлт хэсэгт: “...Г.Д-гийн биед духны зүүн хажуу хэсэгт титэм заадас дайрсан цөмөрсөн, суурь ясны зүүн талын бага далавч руу үргэлжилсэн, зүүн зулай яс руу үргэлжилсэн хугарал, зүүн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцралт, аалзан хальс доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26х/,

Шүүгдэгч З.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоотод байрлах гэртээ байж байтал манай хадам ах Д гаднаас бага зэрэг халамцуу орж ирсэн. Тухайн үед би бас бага зэрэг уучихсан халамцуу байж байсан. Тэгтэл Д ах хармаанаасаа 0.33 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд тэрийг нь бид хоёр хувааж ууж дуусгаад дахин архи уухаар болж би дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирж хуваагаад ууж байтал хадам ах Д согтчихоод надаас хэрүүл гуйгаад манай гэрийн шинээр авсан хаалгыг өшиглөөд байхаар нь болиоч гэж хэлтэл ийм хаалгыг үнэтэй аваад байхдаа яадаг юм гэж хэлэхээр нь “танд ямар хамаатай юм бэ хаалга хонхойлголоо” гэж хэлээд куртикнээс нь татаад холд гэж хэлэхэд миний өөдөөс барилцаад авахаар нь уур хүрээд зөрүүлж барилцаж аваад баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь хавсартал Д ах толгойныхоо зүүн талаар газар унахдаа төмөр зуух мөргөж унатал толгой нь хагарч цус гарсан. Тэгтэл над руу босож ирээд дайраад нүүр лүү нэг удаа цохихоор нь зөрүүлээд нүүр лүү нь цохичхоод байж байтал эхнэр  гаднаас орж ирээд чи миний ахыг зодлоо гэж хэлээд орилж чарлаад цагдаа дуудаж намайг бариулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61х/, зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.З, хохирогч Г.Д нарын хэн аль нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхдаа хоорондоо маргалдаж, улмаар хохирогч нь шүүгдэгч З.З-ын гэрийн хаалгыг өшиглөсөн уг үйлдэлд дургүйцсэн З.З нь хохирогчтой барьцалдаж, харилцан цохилцох, хохирогчийн нүүр лүү цохих, мөн хавсарч унагаах зэрэг хүч хэрэглэсэн үйлдлийг хийснээс хохирогчид амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлсэн “хохирогчийн нүүр лүү цохисон, ахиад дайраад байхаар нь хавсарч унагаасан, хохирогч унах явцдаа пийшин мөргөж толгой нь хагарсан байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Хэдийгээр гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн мэдүүлсэнчлэн хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй боловч шүүгдэгчийн дээрх шалтгаанаар бусдыг цохиж, зодож буй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, мөн шүүгдэгч нь хохирогчийг нэг л цохиж, нэг удаа хавсарч санамсаргүй унагаасан гэх боловч шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт болон дүгнэлт хэсэгт тусгагдсанаар хохирогчид учирсан шарх, хөхрөлт, зулгаралт зэрэг нь олон тооны бөгөөд өөр өөр газар үүссэн, энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой талаар тэмдэглэгдсэн байх тул шүүгдэгчийн санамсаргүй ганц удаагийн үйлдлээс бус харин санаатай хэд хэдэн удаагийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчид учирсан дээрх гэмтлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй төдийгүй шүүгдэгч З.З нь бусад руу чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийж буйгаа мэдсэн, өөрийн уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул З.З-ыг тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч З.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д-д амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байх бөгөөд тэрбээр мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч З.З-аас энэ тогтоолоор гаргах төлбөргүй гэж үзэхээр байна.

Хэдийгээр хохирогч нь шүүгдэгч З.З-ыг өөрийнх нь төрсөн дүүгийн нөхөр тул эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэж буй боловч түүний эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүнд, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх тул хохирогч Г.Д нь эмчилгээ хийлгэсэн тухай баримтыг, мөн цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудыг нэхэмжлэх тохиолдолд холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.З-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-ад 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгч З.З нь ажил хөдөлмөр эрхэлдэг, сард 800.000-1.000.000 төгрөг авдаг орлоготой байх тул 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 3 жил хүртэлх хугацаагаар тогтоох” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч З.З-ын хувийн байдлын хувьд засварын газар ажиллуулдаг, сарын орлого 800.000-1.000.000 төгрөгийн хооронд байдаг гэх боловч түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой эсэхийг илэрхийлсэн баримтгүй тул түүнд торгох ялыг оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч З.З-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт З-ын З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-ад 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

4. Шүүгдэгч З.З нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Г.Д нь эмчилгээ хийлгэсэн, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.-Заас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч З.Зад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.З-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ