| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0078/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Д.Пүрэвсүрэн,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн О-т холбогдох 2008 03018 1525 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, аав, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Уулын ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д овогтой О /РД:******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Боса худалдааны төвийн Голомт банкны АТМ-д иргэн Э.Б-ын Хаан банкны виза картыг түүний зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, нууцаар уншуулан 500,000 /Таван зуун мянган/ төгрөгийг авч, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Боса худалдааны төвийн Голомт банкны АТМ-д иргэн Э.Б-ын Хаан банкны виза картыг түүний зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, нууцаар уншуулан 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Э.Б-ын: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ захад ажлын газраа байж байгаад найз О- 88**** дугаарын утсаар залгаад цуг уулзъя гэхээр нь О-тэй болон түүний найз гэх үл таних эмэгтэй бид гурав Мона ресторанд уулзаж Экс нэртэй 0.75 литрийн архи хувааж ууж суусан. Тэгээд би нилээн согтчихсон, 53.000 төгрөгийн тооцоог төлсөн. Тэгээд Мона гэх ресторанаас бид гурав такси бариад Сансарын Венус гэх шөнийн цэнгээний газар ороод бид гурав хэсэг бүжиглээд нилээн согтчихсон байсан болохоор найз О болон түүний найз эмэгтэй намайг таксинд суулгаж явуулж би гэртээ харьсан. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн үед би орноосоо босоод өөрийн гар утсаа хартал миний гар утсанд миний ХААН банкны 5018***** дугаартай данснаас төгрөгийн гүйлгээ хийж миний мөнгийг хэн нэгэн авсан байсан. Би ХААН банкны картаа хайтал миний ХААН банкны карт алга болсон байсан. Би алдагдсан ХААН банкны виза карт үнэлэхгүй. Би Д.О-оос 500.000 төгрөгөө авчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-7-13/,
- гэрч Б.О-ийн: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би найз Б-ын 99***** дугаарын утас руу залгаад цуг уулзъя гэж хэлсэн. Тэгээд би найз О-ын хамт найз Б-ын ажлын газар очоод Б, О нарын хамт Мона ресторанд уулзаж Экс нэртэй 0.75 литрийн архи хувааж ууж суусан. Тэгээд Мона гэх ресторанаас бид гурав такси бариад Сансарын Венус гэх шөнийн цэнгээний газар ороод бид гурав хэсэг бүжиглээд найз Б нилээн согтчихсон болохоор нь найз О найз Б-ыг Венус гэх шөнийн цэнгээний газраас гараад таксинд суулгаж өгөөд явуулсан. Тэгээд О гаднаас орж ирээд бид 2 уг газраас цуг гараад О намайг гэрт хүргэж өгөөд яваад өгсөн. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед босоход Б-оос 99**** дугаараас дуудлага ирсэн байхаар нь гар утсаа аваад ярьтал миний ХААН банкны картыг харсан уу, миний данснаас миний мөнгийг авчихсан байна гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-15/,
-шүүгдэгч Д.О-ын: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчим манай найз О яриад, хоёулаа хүнтэй уулзий, Да Хүрээ орчихоод ирье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд О-ийн хамт Да Хүрээ зах дээр очсон. Би тэр үед Б гэх залуутай танилцсан ба 1 найзтайгаа байсан. Бид нар Б-ын найзынх нь машинд суугаад Да хүрээ зах дотор машин дотор нь 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй байна, Б-ын авсан архийг хувааж ууцгаасан. Тэгээд өөр газар очьё гээд Моно гэх нэртэй газар ороод О, Б, бид гурав дотроос 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж ууцгаасан. Харин Б-ын найз нь бид нарыг буулгаж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд О болон бид хоёрын танил У гэх охиныг дуудсан ба удалгүй хүрч ирээд бааранд орж бүжиглэе гээд хоорондоо ярилцаад бид дөрөв Сансарын ойролцоо 1 бааранд ороод бид нар пиво ууцгаасан. Баарны нойлд У бид хоёр орчихоод гартал үүдэн дээр нь Б байсан ба үүдэнд тааралдаад надад хандаж хоёулаа цуг явъя, хоноё би чамд мөнгө өгье ухааны юм надад хэлээд виза картаа өгөөд пин кодоо хэлж өгсөн. Тэгэхээр нь би картыг нь аваад түүнд хандаж үгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар салцгаагаад би 2020 оны 10 дугаар сарын 05-ны шилжих шөнө Баянхошууны эцэс дээр таксидаж хүрч ирээд БОСА худалдааны төвийн гадна талд байрлах Голомт банкны АТМ-с Б-ын картнаас нь 500.000 төгрөгийг уншуулж бэлнээр нь аваад буцсан...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх- 26-27/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн, хохирогч нь хохирлоо барагдуулж авсан, шүүх хуралд оролцохгүй тухайгаа илэрхийлжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй зэрэг түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /хх-29, 33, 34, 35/ байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР