| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0029/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Э.П,
шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Т-ад холбогдох эрүүгийн 2008020871461 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын 21-ний өдөр ... төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1,2-т заасныг баримтлан тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 339 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18 жил хорих ял шийтгэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн тооцож, эдлээгүй үлдсэн 04 жил 10 сар 18 хоног хорих ялаас чөлөөлсөн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1057 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 749 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг биелүүлсэн, Х овогт Д-ийн Т /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Г худалдааны төвийн арын хашаанд үл ялих зүйлээр шалтаглан Э.П-ийг түлхэн зуухан дээр унагаж биед нь чамархай ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдрийн үйл явдлыг би сайн санахгүй байгаа юм. Гомдол санал гэх зүйлгүй. Миний эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлөөд ирсэн, цаашид гарах зардлыг төлнө гэж шүүгдэгч, ах, дүү нар нь хэлсэн байгаа. Б гэх залуу манай эхнэр А руу утасдаад танай нөхөр зүгээр үү, өчигдөр Тад зодуулаад ухаангүй байсан гээд хүн хэлсэн гэж хэлсэн байсан. Мэдүүлэгт Б гэж буруу бичсэн байсан. Түүнээс би гарах гээд явснаа санаж байгаа, хүнд зодуулсан уу, эсхүл өөрөө унасан уу гэдгийг санахгүй байгаа. Тэр труба төмрөөр цохисон гэх асуудлыг бас хүнээс сонссон, 12/6-тай төмрөөр цохисон гэж зарим нь хэлээд, нөгөө хэсэг нь түлхсэн, цохисон гэж хэлээд байгаа юм. Аль нь үнэн ярьж аль худал хэлж байгааг мэдэхгүй. Тэр бидний сууж архи уусан гэх асрын хажууд бол пийшин байсныг санаж байгаа. Түүнээс надад өөрөөр санаж байгаа зүйл байхгүй. Надад гаргах гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлээд явна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6х/, хохирогч Э.П-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 882 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34х/, гэрч Э.Агийн мэдүүлэг /хх-ийн 9х, 133-134х/, гэрч Ц.Эын мэдүүлэг /хх-ийн 71-72х/, гэрч О.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 76-77х/, шүүгдэгч Д.Т-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 82х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-96х/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн албан тоот /хх-ийн 118х/, шүүгдэгч Д.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-128х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Г худалдааны төвийн арын хашаанд хамт архи уусан хохирогч Э.П-ийг яв гэж хөөн түлхэж, цохиж унагаасны улмаас хохирогч пийшин буюу зуухан дээр толгой хэсгээрээ мөргөн унаж биед нь чамархай ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6х/,
Хохирогч Э.П-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед багын найзууд болох Ц, Н, Б нартай хамт Болор нэртэй 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уугаад гэртээ харих замдаа 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Г худалдааны төвийн хажууд танил И-ийн авто угаалгын газар барьж байгаа газар очсон чинь И гэртээ байхгүй, 2-3 залуу барилгын ажил хийгээд, И-ээгийн найзууд болох Т, Ш нар уг хашаанд байрлах асарт 0.5 литрийн лаазтай пиво уугаад сууж байсан. Би хамт уг пивоноос уугаад сууж байхад багийн найз болох Т хүрч ирсэн. Бид нар 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй виски уугаад дууссаны дараа би дахин дэлгүүр орж виски худалдан аваад хувааж уусан. ...Тухайн орой намайг гэртээ ирээд унтаж байхад найз Б нь эхнэр Агийн гар утас руу залгаад “П хүнд цохиулаад ухаан алдаж сэрэхгүй байсан гэж хүмүүс яриад байна, түүний найз Т цохисон гэнэ, бие нь яаж байна” гэж асуусан байсан. Маргааш өглөө нь ухаан ороод босох гэхэд толгой өвдөөд явж чадахгүй болохоор нь бариачид үзүүлэх гэхэд тухайн бариач цус хуралттай болохоор барихгүй, эмнэлэгт үзүүл гэхээр нь шууд Т-ын гэрт очоод уулзсан чинь намайг цохисон талаар хэлсэн бөгөөд надаас уучлалт гуйгаад цагдаад мэдэгдэхгүй байх талаар гуйгаад хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн хэвтэн эмчлүүлсэн. ...Би их согтсон байсан болохоор юунаас болсон талаар мэдээгүй. Харин Т надад хэлэхдээ би их согтсон байсан болохоор цохисон гэж хэлсэн. Тэр бидний сууж архи уусан гэх асрын хажууд бол пийшин байсныг санаж байгаа. Түүнээс надад өөрөөр санаж байгаа зүйл байхгүй. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаарх төлбөрийн баримт байгаа бөгөөд Т тухайн үед нь уг зардлуудыг төлж барагдуулаад яваад байсан. Би гомдол санал гэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 882 дугаартай: “...ГССҮТ-ийн өвчний түүхээр гэмтлийн зэрэг тогтоох боломжтой. Э-ын П-н биед чамархай ясны хугарал, дагзны дэлбэнгийн няцрал, баруун, зүүн чамархай, баруун зулайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл шарх нь тус бүрдээ мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн. Учирсан гэмтэл нь унах, ойчих үед үүсэх боломжгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хохирогч нь 2020.06.04-ний өдөр бусдад зодуулсан гэж ГССҮТ-ийн 23415 тоот өвчний түүхэнд тэмдэглэжээ. Э.П-н биед учирсан чамархай ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, дагзны дэлбэнгийн няцрал, баруун, зүүн чамархай, баруун зулайн хуйхны цус хуралт тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-34х/,
Гэрч Э.Агийн: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед гэртээ байж байхад хашааны хаалга дуугарахаар нь гараад харсан чинь манай машиныг танихгүй хүнээр бариулсан нөхөр П маш их согтсон байдалтай жолоочийн урд суудал дээр унтаж байсан бөгөөд найз Т нь хамт хашааны гадаа хүргэж ирсэн. Машиныг хашаанд оруулж өгөөд “П маш их согтсон байгаа болохоор түүнийг аваарай гэж хэлсэн чинь Пийн хувцас болон үс толгой их шороо болсон байхаар нь та нар зодоон хийсэн юм уу гэж Таас асуусан чинь үгүй, тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Т явчихаар нь би Пийг гэртээ оруулаад унтуулах гэхэд өргөж дийлэхгүй байсан болохоор машинд нь унтуулж байхад Б гэх Толгойт орчим байдаг залуу миний гар утас руу залгаад “П Тад зодуулаад ухаан орохгүй байсан гээд над руу хүн хэллээ. Цаадах чинь зүгээр үү гэж хэлэхээр нь би гэрээс гараад Пийг өргөж, хажуугаас нь түшиж явсаар гэрт оруулаад хувцсыг нь тайлж оронд оруулсан. Тухайн үед зүүн талын чихний ар хэсэгт бага зэрэг ягаарч зулгарсан юм шиг харагдаж байснаас өөр ил харагдах гэмтэлгүй байсан. П шөнө сэрээд толгой өвдөөд байна гэхээр нь би толгойны эм өгөөд араас нь ус уулгах үед хамраар нь ус гараад байсан. П юм ярих үед хамраараа гуншиж яриад байсан. Тэгэхээр нь маргааш өглөө нь босоод ... ойролцоох бариач дээр очоод толгойг нь бариулах гэхэд би барихгүй, толгойдоо гэмтэлтэй байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр шууд Тын гэрт очоод Тад болсон зүйлийг хэлээд түүнийг загнасан. Тэгтэл хамт явж эмнэлэгт үзүүлэхээр болоод Тын хамт гэмтлийн эмнэлэг орсон. Эмчид үзүүлэн зураг авхуулахад чамархай ясны хугаралтай, цус хуралттай байна гэж хэлээд шууд хэвтүүлэн эмчлэхээр болсон. Тэгсэн Т би эмчилгээний бүх зардлыг гаргаж өгнө, харин цагдаад битгий хандаарай гээд гуйгаад байсан. Мөн хэнд зодуулсан талаар мэдэхгүй, унасан, ойчсон талаар мэдэхгүй байна гээд хэлчих гээд байхаар нь би түүнийг өрөвдөөд цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х, 133-134х/,
Гэрч Ц.Эын: “...2020 оны 06 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Г худалдааны төвийн ойролцоо байх И-ээгийн хашаанд Т, П, Ш нар 2 шил коньяк уусан. Би архи уудаггүй тул хажууд нь мах идэж байсан. Тэгсэн П гэх эрэгтэй жоохон юм уучхаад хүмүүсийг өдөөд бөх барилддаг гээд онгироод байсан чинь Т Пг “гэртээ харь” гээд хашаанаас гаргаад явуулсан. Тэгсэн чинь П дэлгүүрээс 1 шил виски бариад буцаад И-ээгийн хашаанд ороод ирсэн. Т, П, Ш нар нөгөө вискиг уугаад байж байсан. Намайг буруу хараад сууж байхад Т болон П хоёр барилдана гэх яриа дуулдаад байхаар нь эргээд хартал Пг Т түлхсэн чинь П толгойгоороо зуух руу унасан. Аль талаараа унасныг хараагүй.Тэгээд Т Пг аваад гэрт нь хүргэж өгнө гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72х/,
Гэрч О.Б-ийн: “...2020 оны 06 дугаар сарын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Г худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь байх найз И-ээгийн хашаанд өөрийн найз Э, хуурай ах Т, танил ах П нарын хамтаар 2 шил коньяк уусан. П ах болон Т хоёр хоорондоо маргалдаад байсан. П ахыг Т ах яв гэж хэлээд И-ээгийн хашаанаас гаргаад явуулсан чинь 40 минутын дараа П ах 1 шил виски бариад И-ээгийн хашаанд буцаад ороод ирсэн. Э, Т, П бид дөрөв нөгөө авч ирсэн архийг нь ууж дуусгасан. П “би мянган цэргийн жаа байсан” гэж хэлээд агсам тавих гээд байсан бөгөөд Т “чи түрүүнээс хойш солиороод байх юм” гэж хэлээд нэг гараараа Пг түлхсэн чинь П зуухан дээр толгойгоороо уначихсан. Тэгээд Т “ах нь гэрт нь хүргэж өгнө” гээд Пг аваад явсан. П ах зуухан дээр толгойгоороо унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77х/,
Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш, Э, П бид 4 тухайн вискиг уугаад талдаа орж байхад П их согтсон байсан бөгөөд дахин 1000 цэргийн жагсаалын дарга байсан талаараа ярьж хүн хүнд онгироод хэрүүл өдөөд байсан бөгөөд намайг барилдах уу гээд хувцаснаас зуурч аваад байхаар нь би Пийг асраас аргадаж үүдэнд нь чи одоо гэр лүүгээ яв гээд хэлсэн чинь үгэнд орохгүй байхаар нь “чи одоо яваач гээд биеэс нь хойш түлхэх үед П асрын үүдэнд байсан төмөр зууханд толгойгоо цохиод унасан. Би эмчилгээнд 2 сая 500.000 орчим төгрөг төлсөн, цаашдаа ч эмчилгээний төлбөрийг төлнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128х, шүүх хуралдааны тэмдэглэл/, зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Т, хохирогч Э.П нар нь нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ хугацаанд хохирогчийн биеэ авч явсан байдал, түүний хэлсэн үгийг тухайн хэргийн газар байсан гэрч, шүүгдэгч нар нь “хохирогчийг агсам тавьж агсарлаа, онгирлоо” хэмээн ойлгосон нөхцөл байдал нь тэдгээрийн мэдүүлгээс харагдах бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогчийн энэ үйлдэлд дургүйцэн түүнтэй маргалдаж, улмаар түлхэх, цохих явцад хохирогч нь пийшин дээр толгой хэсгээрээ унасан, толгойдоо хүнд гэмтэл авсан байна гэж дүгнэсэн буюу хохирогчид учирсан хүнд гэмтэл нь ердийн явцаараа өөрөө унах, ойчих үед үүсэх боломжгүй нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх тул хохирогчид учирсан хүнд гэмтлийг гаднын ямар нэгэн хүчний үйлчлэлээс үүссэн гэж үзсэн.
Тодруулбал, хохирогч нь үйл явцыг санахгүй байгаа хэдий ч тухайн газар пийшин байсныг үгүйсгээгүй, мөн гэрч Э.Агийн мэдүүлэгт шүүгдэгч Д.Т нь түүний нөхөр Э.Пийг гэрт нь хүргэж ирэх үед нөхрийнх нь хувцас хунар, үс толгой нь шороо болсон байдалтай ирсэн, улмаар найз Б /Б/ гэх хүн утсаар ярьж нөхөр Э.Пийг нь Д.Т зодсон, тухайн үед ухаан орохгүй байсан талаар хэлснийг нь гэрчилсэн, тухайн үйл явдал болох үед хажууд нь байсан гэрч Ц.Э, О.Б нарын мэдүүлэгт “уг үйл явдал нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд болсон, Д.Т нь хохирогчийг яв хэмээн түлхэх үед хохирогч нь пийшин мөргөж унасан, толгойгоороо мөргөж унасан” гэж тусгагдсан зэрэг нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Д.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Птой маргалдан түлхэх, цохих зэргээр гэм буруугийн шууд санаатай үйлдлийг хийж хохирогч Э.Пид хүнд гэмтэл учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй байна гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Тын хохирогчийг “болгоомжгүйгээр түлхсэн” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.П нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн төлбөрийг тухай бүрд нь төлсөн, ойролцоогоор 2,500,000 төгрөг төлсөн гэснийг хохирогч үгүйсгээгүй, одоогоор хохирогч нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зардалгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Э.П нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Таас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тад 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид гарах зардлыг төлнө” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн”-ыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Тын хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой эсэхийг илэрхийлсэн баримтгүй тул түүнд торгох ялыг оногдуулах боломжгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг тухай бүрд нь санаачилгаараа баримтын хүрээнд төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч Д.Тын ял шийтгэгдэж байсан байдал, хохирогчийн хүсэлт зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Д.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тад 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Э.П нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Таас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ