Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л г овогт О-ы А-д холбогдох эрүүгийн 2008026401515 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ний өдөр ... төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ... гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 328 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийг хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 697 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, уг ял биелэгдээгүй, Л г овогт О-ы А- /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо О гэх дэлгүүрийн хажууд хамт архи ууж байсан А.С-аас 2000 төгрөг авах гэж толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Хохирогч А.С-ын мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч Д.А-гийн мэдүүлэг /хх-ийн 24х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9549 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28х/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-68х/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн албан тоот /хх-ийн 70х/, шүүгдэгч О.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 60х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо О гэх дэлгүүрийн хажууд хамт архи ууж байсан А.С-ын толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.С-ын: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо О нэртэй дэлгүүрийн хажууд архи уудаг хүмүүс цуглардаг Тэхийн зогсоол гэж нэрлэдэг гудамжинд хоёр нэрийг нь мэдэхгүй залуу таараад С ахаа шараа тайлах уу гээд 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад буд гурав хуваагаад ууж байхад О-ы А гэх нэртэй залуу хүрч ирсэн. Нөгөө хоёр залуу тал шил архиа надад үлдээгээд 2000 төгрөг өгөөд явсан. Би Аг наашаа суу, миний дүү үхэх гээд байгаа бол үүнээс уугаад шараа тайл гэж хэлсэн чинь хажууд суугаад архинаас уугаад байж байснаа хажууд байсан хоосон архины шилээр толгой руу цохиод 2000 төгрөг аваад явчихсан. Надаас мөнгө авах гэж л ийм зүйл хийсэн гэж бодож байна. ...Миний биед учирсан баруун зулайд учирсан гэмтлийг А архины шилээр нэг удаа цохиж учруулсан гэмтэл байна. Хүзүүнд шарх гэсэн гэмтлийг 2020 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би Андууд баарны үүдэн дээр зогсож байсан чинь огт танихгүй залуу миний хүзүү хэсэгт зүссэн. Эмчилгээний баримт байгаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х, 18х/,

Гэрч Д.А-гийн: “...Манай нөхөр А.С-ыг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотоос ганцаараа гарч явсан. Тэр өдөр 11 цагийн үед манай нөхөр А.С нь толгойгоо хагалуулсан байдалтай гэртээ орж ирсэн. Би өөрийн нөхөр А.С-аас юу болсон талаар асуухад О.А гэх залууг шараа тайл гэж хэлсэн чинь архинаас нь уугаад байж байснаа О.А нь хажууд нь байсан хоосон архины шилээр толгой руу нь цохиод 2000 төгрөгийг аваад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9549 дугаартай шинжээчийн: “...А.С-ын биед зулай, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс баруун зулайн шарх нь мохоо зүйлийн, хүзүүний шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шархны гүнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэдийгээр хохирогч А.С- нь мөрдөн байцаалтад “Тэхийн зогсоол гэж нэрлэдэг гудамжинд, нэрийг нь мэдэхгүй 2 залуу таараад С ахаа шараа тайлах уу гээд 0.75 литрийн Хараа нэртэй тал шил архиа надад үлдээгээд 2000 төгрөг өгөөд явсан. Надаас уг 2000 төгрөг авахын тулд О.А нь архины шилээр толгойн тус газар цохисон гэж бодож байна хэмээн мэдүүлсэн боловч түүний энэхүү мөнгө авахын тулд цохисон гэх мэдүүлэг нь бусад баримтуудаар тогтоогдоогүй байна. Тодруулбал, хохирогч өөрт нь мөнгө өгсөн гэх 2 залуугийнхаа төрх байдал, нэр усыг нь хэлж мэдэхгүй, улмаар тэдгээр хүмүүс нь түүнд мөнгө өгсөн гэдгийг нотолж мэдүүлж чадаагүй буюу хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, энэ нь хөндлөнгийн өөр баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Аг хохирогчийн мөнгийг авахын тулд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогчид гэмтэл учруулсан гэж шууд буруутгах нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.А нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Иймд шүүгдэгч О.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.С-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх бөгөөд тэрбээр эмчилгээ, оношилгоо хийлгэсэн тухай баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх-ийн 109-119х/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Агийн өмгөөлөгчөөс: “...хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй, гэмт хэрэг гарсан хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 15-16-ны өдөрт шилжих шөнө үйлдэгдсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн гэмтэл гэж үзсэн, Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар 28 хоног хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөнгөн гэмтэл, түүнээс дээш хугацаагаар бол гэмтлийн зэрэг өөрчлөгдөөд явахаар байгаа. Гэтэл энэ хохирогчийн гаргаж өгч байгаа баримтуудын зарим нь гаргацгүй бүдэг, хэзээ юу авсан нь тодорхойгүй,  мөн цаг хугацааны хувьд зарим нь гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацааны баримтууд болон гэмт хэрэг гарснаас хойш 9, 10 дугаар сарын баримтууд авагдсан, түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь толгойн тус газар үүссэн байхад хохирогчоос зүрхний эм, кальц, тосон клизм, мэсийн наалт гэх мэт энэ хэрэгт хамааралгүй хохирлыг нэхэмжилсэн дүн харагдаж байгаа тул бүхэлд нь гаргах боломжгүй байна. Иймээс яг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөх тохиолдолд төлөх боломжтой тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эмчлэхтэй холбогдон гарсан зардлаа л нэхэмжлэх эрхийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн санал гаргасныг улсын яллагчаас хүлээн зөвшөөрч дэмжсэн болно.

Хэрэгт авагдсан хохирогчийн эхнэр Алтантуяагаас гаргаж өгсөн баримтуудыг судалж үзвэл, шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн санал дүгнэлтэд тусгагдсан нөхцөл байдал тогтоогдсон тул энэхүү баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан гэж шууд дүгнэх боломжгүй тул энэ талаар нотолсон холбогдох баримтууд, эмчийн бичиг, магадалгаа гэх мэтчилэн шаардлага хангасан баримтуудаар баталгаажуулан нэхэмжлэх нь зүйтэй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Агаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч О.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аг 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоож эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгч О.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахдаа бага хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.Агийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж,  гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байдал, мөн шүүгдэгч О.А нь өмнө 3 удаа ял шийтгэгдэж байсан ч засарч хүмүүжээгүй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 697 дугаар шийтгэх тогтоолоор О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, тус шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1013 дугаартай албан бичгийн хамт гүйцэтгэх хуудсыг зурагт анкет, шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлгүүлсэн байх боловч ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэдээллийн санд О.Ад холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй талаарх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5б/819 албан бичиг хэрэгт хавсаргагдсан буюу О.А нь тус ялыг биелүүлээгүй байна. /хх-ийн 70х/

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ад энэ тогтоолоор оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, өмнөх 697 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Агийн биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л г овогт О-ы А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 420 (дөрвөн зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ад энэ тогтоолоор оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Агийн биечлэн эдлэх ялыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5.  Шүүгдэгч О.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.С- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Агаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ