Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Л.О,

шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Л-ний Г-ид холбогдох эрүүгийн 2008015771529 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Л-ний Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтод байрлах ... урд талын дэнж дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.О-гийн хоолойг боож хавирч унаган, нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн цохиж зодон эрүүл мэндэд “тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, цохны зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн холбоосны суналт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.О-гийн мэдүүлэг /хх-ийн 18-19х, 22х, 61х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Н.А-ын мэдүүлэг /хх-ийн 45х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар 24-ний өдрийн 3898 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26х/, шүүгдэгч Л.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 51х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 52х/, эд хөрөнгөгүй тухай лавлагаа /хх-ийн 53х/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 54х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 55х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 56х/, шүүгдэгч Л.Г-ийг мэдүүлэг /хх-ийн 68х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтод байрлах ... төвийн урд талын дэнж дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.О-тай маргалдан түүний хоолойг боож, хавирч унаган, нүүр лүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Л.О-гийн: “...Г бид хоёр танилууд. Манай найз Ө нь надад “Г чи бид хоёрыг муулаад гадуур яваад байна” гэж хэлээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гийг ажилладаг газарт нь бид хоёр очоод Г, Ө нар нь хоорондоо маргалдаад салсан, би тэр үед хэрүүл маргаанд нь оролцоогүй. Тэгтэл тэр орой нь 20 цагийн үед намайг гэртээ байж байхад Г над руу залгаад “Чи гэртээ байж бай босгоо өндөрлө, хүмүүсээ дуудаарай чамайг очиж зодно” гэж хэлээд байна байна залгаад байсан. Би хоёр найзтайгаа Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нэг гудамжинд сууж байхад ирчихлээ гэж залгасан. Тэгээд очиж уулзахад Г нь 2 машинтай 10 гаруй хүнтэй ирсэн байсан. Г нь тэд нарыгаа харчхаад томроод намайг боогоод хавирч унагаасан. Дараа нь нүүр лүү нэг удаа цохиод хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалаад гараараа Гийн нүүр лүү нь 2 удаа цохисон. Бид хоёр хоорондоо барьцалдаж газарт унаж ноцолдсон. Ах нар нь салгаад Гийг аваад явсан. Би гэртээ ортол миний халаасанд байсан гар утас алга болчихсон буцаж очоод харанхуйд хайгаад олоогүй. Тухайн үед миний гар утас унтарчихсан байсан, хүн авсныг нь би хараагүй. Гтой маргалдах үед харанхуй болчихсон байсан ба халааснаас уначихсан гэж бодож байна. ...Г согтуу байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Тухайн гэмтлүүд нь бүгд Гтой зодолдох явцад үүссэн гэмтэл байна. Миний гар утсыг хулгайлаад ч юм уу эсвэл унасан байсныг авч байсан хүнийг би хараагүй. Г надад учирсан хохирол 300.000 төгрөгийг бэлнээр барагдуулсан. Уг мөнгөнөөс 120.000 төгрөгөөр томографын зураг авхуулсан, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь гар утас авсан. Сүүлд гар тусаа хувь хүнээс 200,000 төгрөгөөр авсан. Иймээс зөрүү мөнгө болох 70.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х, 22х, 61х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Н.А-ын: “...2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуурай дүү Гийн машин угаалгын газарт найз М-ийн хамт машинаа угаалгах гээд очиход Г нэг залуутай утсаар хэрэлдээд байсан. Тухайн угаалгын газарт А, Г, түүний найзууд болох 4 банди нар байсан. Бид бүгдээрээ 1 шил архи хувааж уугаад байж байтал Г “ахаа нөгөө надтай хэрэлдээд байгаа хүүхэд дээр очоод ирье” гэж хэлэхээр нь 2 машинтай явж очсон. Г-той маргалдсан гэх О-гийн гэрийн ойролцоо гудамжинд очоод Г, О- хоёр “хоёулаа зодолдъё” гэж хэлээд зодолдсон. Тэнд бид нар хажуу талаас нь хараад зогсож байсан. Манай найз М-э бид хоёр, тэр хоёрыг сүүлдээ салгаад явуулсан. ...Тухайн зодоон харанхуй гудамжинд болсон. О-гийн халааснаас утас унасан эсэхийг би мэдэхгүй. Хүн авсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар 24-ний өдрийн 3898 дугаартай: “...Л.О-гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цохны зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн холбоосны суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26х/,

Шүүгдэгч Л.Гийн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтод гудамжинд очоод О-тай харилцан зодолдсон. Манай найзууд болон ах нар хол байсан. О-гийн биед ах болон манай найзууд биед нь хүрч зодоогүй. Бид хоорондоо харилцан зодолдож байгаад салсан. О тухайн үедээ гар утастай байсныг мэдэхгүй, тухайн үед байсан хүмүүсийн хэнийг нь авсныг мэдэхгүй байна. Шороон дээр унаад зодолдож байхад утас нь унасан байж болзошгүй. О-г гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиж хөл рүү нь өшиглөсөн. Уг гэмтлийг учруулсан үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна. Би намар ажил хийгээд хөдөө байхдаа ээж рүү 300.000 төгрөг шилжүүлээд ээж О-тай холбогдож данс руу нь мобайлдсан. О надад 300.000 төгрөг авсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Г, хохирогч Л.О нар нь бие биеэ мэддэг, таньдаг ч хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай хүмүүс гэж хэн аль нь мэдүүлсэн бөгөөд тухайн үйл явдал болох цаг хугацаанд уг харилцааны асуудлаас улбаатайгаар хоорондоо маргалдаж, харилцан зодолдсон, тэднийг зодолдоход хөндлөнгөөс өөр бусад хүмүүс оролцоогүй нь тэдгээрийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг, гэрч Н.А-ын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Энэ байдлаас үзвэл, шүүгдэгч нь өөрийнхөө бусдын эсрэг хийж буй хүч хэрэглэсэн үйлдэл нь хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа хүсэж үйлдсэн шинжтэй, энэхүү үйлдлийн улмаас Л.Од гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч Л.Гийг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Г нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Иймд шүүгдэгч Л.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь оношилгоо, эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан 128,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ ч шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлж барагдуулсан нь тэдгээрийн харилцан зөрүүгүй мэдүүлгээр тогтоогдсон.

Улмаар хохирогч Л.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Л.Гтой ноцолдож байх үед миний iphone-6 маркийн гар утас алга болсон, шүүгдэгч болон өөр хүн авсан эсэхийг бол хараагүй, тухайн үед алга болгосон байсан тул шүүгдэгчээс нэхэмжилнэ. Би саяхан 200,000 төгрөгөөр гар утас худалдаж авсан, хохирогчийн өгсөн мөнгөнөөс 172,000 төгрөгийг гар утас авахдаа хэрэглэсэн, одоо зөрүү мөнгө 70,000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна” гэж мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хохирогч Л.О нь өөрийн гар утсыг шүүгдэгч, эсхүл түүнтэй хамт явсан хүмүүсээс аль нэг нь авсан гэж нэр зааж мэдүүлдэггүй, өөрийн гар утсаа ноцолдож байх явцад унасан байх гэх байдлаар мэдүүлсэн тул таамаглалд үндэслэн шүүгдэгч Л.Гоос алга болсон гэх гар утасны хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн хохирогч нь шүүгдэгчээс авсан 300,000 төгрөгөөс эмчилгээ, оношилгоонд 128,000 төгрөг зарцуулсан, үлдэгдэл 172,000 төгрөгийг гар утас авахдаа хэрэглэсэн гэх бөгөөд түүний алга болсон iphone-6 маркийн гар утсыг 173,993 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь /хх-ийн 33-35х/ тус хэрэгт авагдсан /улсын яллагч, хохирогчийн хэн аль нь үнэлгээ байхгүй гэх боловч/ байх тул шүүгдэгч Л.Г нь хохирогчид гар утасны үнийг ч мөн адил төлсөн байна гэж үзэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Л.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.Гийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Л.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал, хувиараа засварын газарт ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлогын байдал зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Л-ний Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гид 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ