Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Д.Агар /томилолтоор/, иргэний хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч М.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00526 0461 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Ш, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ /Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар/-т ачигч ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаан чулуут”-ын хог хаягдал төвлөрүүлэх цэгийн хашаанд “***” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “DAEWOO” маркийн тусгай зориулалтын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчин ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс явган зорчигч 57 настай Д.О-ийн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б.Ш нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “DAEWOO” маркийн тусгай зориулалтын *** улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг ажил үүргийн дагуу жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд тэрээр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Улаан чулуутын хог хаягдал төвлөрүүлэх цэг”-ийн хашаан дотор ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламж-тайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж заасныг зөрчин аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас 57 настай Д.О-ийн хөлийг дайрч, түүний бие махбодод “...баруун дунд чөмөгт ясны ил хугарал, баруун шилбэ ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, шарх, хэвлийн хөндийд бага хэмжээний шингэн хуралдалт, бүсэлхий, зүүн гуя, өвдөг, шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан бөгөөд хохирогч уг гэмтлийн улмаас баруун хөлөө тайруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ш-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед би ухарч байхдаа баруун талын толинд харахад хүмүүс зайтай зогсож байсан. Зүүн талын толинд харахад автомашин байсан. Түүнийг хараад ухарч байхад арын автомашин дуут дохио өгсөн. Тухайн үедээ цагдаа, эмнэлэг дуудаж хохирогчийг хүргэж өгсөн. Санамсаргүй осол болсон. Хол зайнаас ухарч байсан тул хоёр ачигчийг буулгаагүй миний буруу. 2 ачигч ядраад зүүрмэглээд байсан тул би сэрээгээгүй юм. “***” ОНӨААТҮГ-т ажилд ороод 4 жил болж байна. Сард 1,000,000 төгрөгийн цалин авдгаас цалингийн зээлд сар бүр 593,000 төгрөг төлдөг. Хохирогч талаас гаргаж байгаа 9,518,051 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гарах үеийг би хараагүй. Эхнэр бид хоёр гэрийнхээ хогийг ачиж явсан. Манай эхнэр бие засаад ирнэ гэж хэлсэн. 5 орчим минутын дараа нэг залуу гүйж ирээд танай эхнэр автомашинд дайруулсан гэж хэлсэн. Би сандраад гүйгээд очиход автомашины хажууд цус болсон сууж байсан. Тэгэхэд нь би жолоочид нь яаж байгаа юм бэ, толиндоо хардаггүй юм уу гэхэд зүүн талд автомашин байсан, би баруун талаа харж амжаагүй гэж хэлсэн. Чи жолооч мөн үү, биш үү гэж би уурласан. Миний эхнэр эмнэлэгт очсон даруйдаа хагалгаанд орж хөлөө тайруулсан. Одоо гэрт асаргаанд байдаг. Шөнө унтахгүй, үүрээр 5 цагт унтаад 6 цагт сэрдэг. 2021 оны 02 дугаар сарын 15-нд дахин хагалгаад орно. Хохирогчийн нэхэмжилж буй 9,818,051 төгрөгөөс шүүгдэгч талаас гаргасан 300,000 төгрөг хасагдана...” гэсэн мэдүүлэг;

3. Иргэний хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч М.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай байгууллагад нийт 15 жолооч ажилладаг. Ажилд гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны талаар зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг. Механикч автомашинуудыг өглөө болгон шалгадаг. Манай байгууллагын зүгээс хохирогчид хэдийгээр санхүүгийн тусламж үзүүлээгүй ч шүүгдэгчийг ажлаас халахгүйгээр ачигч болгож ажлын байраар хангасан. Хохирогчийн нэхэмжилж буй 9,518,051 төгрөгийн хувьд тус байгууллага нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар тул бүрэн төлөх боломжгүй, хувааж төлөх байх. Би удирдлагадаа танилцуулна. Манайх жолоочийн хариуцлагын даатгалтай. Гэрээний дагуу хүсэлт гаргаж мөнгө гаргуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг;

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх-3-8 дугаар хуудас), жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11 дүгээр хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12952 дугаартай: “...Д.О-ийн биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, баруун шилбэ ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, шарх, хэвлийн хөндийд бага хэмжээний шингэн хуралдалт, бүсэлхий, зүүн гуя, өвдөг, шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 88-89 дүгээр хуудас);

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед өөрийн эзэмшлийн “Nissan X-Trail” маркийн автомашиндаа хашаанд байсан хогоо ачаад эхнэр О-ийн хамт Улаан чулуутын хогийн цэг дээр хогоо хаяхаар очсон. Хогийн цэгийн хашаа руу ороод баруун зах руу нь очиж зогсоод хогоо хаясан. Тэгээд манай эхнэр “бие засчхаад ирье, машиндаа байж байгаарай” гэж хэлээд явсан. Намайг машиндаа суугаад удаагүй байж байтал нэг залуу гүйж ирээд “танай эхнэр машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь манай эхнэр хогийн машины баруун хойд дугуйны хажууд, хоёр хөлийн доогуур нь нил цус болчихсон ёолоод, орилоод хэвтэж байсан. Хогны машины жолооч “ухарч байгаад дайрчихлаа, зүүн талд машин зогсож байхаар нь зүүн талын толиндоо хараад ухарч байгаад мөргөчихлөө, баруун талын толиндоо анхаарч хараагүй” гэж хэлж байсан. Манай эхнэр осолд орсноос хойш өвдөлтийн шокийн улмаас ослын талаар юу ч ярьж чадахгүй байгаа. Ослоос хойш 4 удаа хагалгаанд ороод баруун хөл нь сайжрахгүй болохоор 5 дахь удаагийн хагалгаагаар баруун хөлийг нь дунд чөмөг хэсгээр нь тайрсан. Одоо биеийн байдал муу, юм ярьж чадахгүй, турж эцээд гуурсаар шингэн зүйл ууж байгаа. Ирэх 7 хоногт арьс нөхөн хагалгаанд орно, гомдолтой байна, манай эхнэр 42 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-14- 15 дугаар хуудас);

7. Иргэний хариуцагч Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолооч Ш нь 2016 оны 6 дугаар сард манай байгууллагад жолоочоор ажилд орсон. Манай жолооч нар жолоочийн хариуцлагын даатгалтай учраас даатгалын нөхөн олговроор хохирлыг барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хх-64 дүгээр хуудас);

8. Гэрч Г.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2006 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 182-р тогтоолын дагуу хувиараа хог хаягдал тээвэрлэж ирсэн иргэдийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж хог хаягдлыг буулгуулдаг. Тиймээс манай төвлөрсөн хог хаягдлын хашаа руу хогны автомашинаас гадна иргэдийн тээврийн хэрэгсэл төлбөр төлж нэвтэрдэг...’’ гэсэн мэдүүлэг (хх-67дугаар хуудас);

9. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ачигч Ш, жолооч Ш нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутгаар хогоо ачиж явж байгаад ойролцоогоор 11 цагийн үед хогоо буулгах гээд Улаан чулуутын хогийн цэг рүү ороод явж байгаад хог буулгах талбай орох гээд ухарч байтал ард нэг машин сигналдахаар нь жолооч зогсоод бид гурав юу болов гээд буугаад хартал баруун хойд талын хормойн доогуур буюу баруун дугуйны ард нэг хүн орчихсон байсан. Би тэвдээд дөхөж очоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-84 дүгээр хуудас);

10. Гэрч С.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хогоо буулгах талбай руу орох гээд ухарч байтал ард нэг машин сигналдсан. Манай машин зогсоход “хүн дайрчихлаа” гээд хогийн цэг дээр байсан хүмүүс орилсон. Жолооч бид гурав буугаад хартал манай машины баруун дугуйн ард нэг настай эмэгтэй хүн дээшээ хараад ёолоод хэвтэж байсан ба хөл хэсэг нь дугуйны ар талд хөндлөн хэвтэж байсан. Тэр хүний баруун хөл нэлээн эвгүй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-85 дугаар хуудас);

11. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн: “...*** улсын дугаартай автомашин нь хийн дамжуулгат тоормосны системтэй бөгөөд хойд тоормос бага зэрэг сул барьж байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 92-95 дугаар хуудас);

12. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...DAEWOO маркийн *** улсын дугаартай автомашины жолооч Б.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа (хх-97 дугаар хуудас);

13. Шүүгдэгч Б.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 113 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 96 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт (хх-ийн 109 дүгээр хуудас), Б.Ш-ыг ажилд томилох тухай захирлын тушаалын хуулбар (хх-ийн 111 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 112 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 115 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 117 дугаар хуудас) болон хохирогчоос гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Ш нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирлын хэр хэмжээний талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ш нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж заасныг зөрчсөн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.Б, С.Ш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нарын мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.О-ийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ш-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаншинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ш-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Ш нийт 5,352,720.0 төгрөгийг урьдчилан төлсөн байх бөгөөд хэрэг авагдсан баримтаар тооцвол 9,518,051.0 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Шүүгдэгч Б.Ш нь Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-т албан ёсоор хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг жолооч бөгөөд тэрээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг иргэний хариуцагч няцаан үгүйсгээгүй болно.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-аас 9,518,051.0 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д олгох нь зүйтэй.

Иргэний хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон гэм хорыг арилгасны улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутайд тооцогдсон этгээд болох шүүгдэгч Б.Ш-оос шаардах эрхтэйг дурдах нь зүйн хэрэг.

Хохирогчийн эмчилгээ дуусаагүй, эмнэлгийн тусламж авсан хэвээр байх тул хууль ёсны төлөөлөгч Х.Б нь цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүхээс тогтоосон төлбөрөөс төлөгдөөгүй байсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс даатгалын байгууллагын “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүйгээр даатгалын нөхөн олговор олгох боломжгүй” гэсэн хариуг хэрэгт хавсаргууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 02 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагаас үргэлжлүүлсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01  жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, үлдэгдэл хохирол төлбөр болох 9,518,051 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгуулах, 483307 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тусгуулах саналтай...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч бидэнтэй утсаар ч яриагүй, яаж байна гэж санаа ч тавиагүй, маш их гомдолтой байна. Түүнд хуульд заасан дээд хэмжээгээр нь хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүл байсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгосонд маш их гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нэг ч удаа утсаар холбогдож, уулзаагүй. Хохирогчийг эмнэлэгт хагалгаанд орох гэж байхад ямар ч идэвх, санаачилга гаргахгүй байгаа. Шүүгдэгч эдийн засгийн боломжгүй ч гэлээ ядаж автомашинаар үйлчлэх хүн чанар байх ёстой. Иймд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмшихгүй байна хэмээн үзэж байна. Хохирогчийн хувьд маш их гомдолтой байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид боломжийн хэмжээгээр эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, мөн хүнд гэмтлийн улмаас хохирогч эрхтнээсээ хагацаж хөгжлийн бэрхшээлтэй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх өмгөөлөгчөөс гаргасан “тэнсэж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан хорих ялын дээд хэмжээгээр буюу гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасантай холбогдуулан шүүх тусгай ангид заасан тодорхой төрлийн ялын доод, дээд хязгаарын хооронд тохирох хэмжээг сонгон хэрэглэхэд харгалзан үзэх хүчин зүйлийн нэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болохыг тайлбарлах нь зүйтэй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан хорих ялын доод, дээд хэмжээний дундаж нь 1 жил 9 сар болж байна. Шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол дээр дурдсан дундаж хэмжээнээс доош, харин хүндрүүлэх нөхцөл байдалтай бол дээш ял оногдуулбал шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Иймд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан хорих ялын дундаж хэмжээг гурван сараар багасган нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэх нь хэргийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн болгоомжгүй гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэв.

Шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний *** дугаартай B, C, Е ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн учир түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эл таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдоогүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох Сонгинохайрхан дүүргийн “***” ОНӨААТҮГ-аас 9,518,051.0 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч хуулийн этгээд гэм хор арилгасны улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдоогүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний *** дугаартай B, C, Е ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ш-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ш-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

           

 

ДАРГАЛАГЧ                                      Б.БАТАА