Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 823

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компанийн хүсэлтийн дагуу “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтуудыг үндэслэн Х******* дүүргийн нутагт орших Б******* уулын Д*******тай газрын аманд 1,0 га талбай бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 1 дүгээр сарын  11-ний өдрийн А- 11 дугаартай тушаалаар манай компанид аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрх олгож, ****/** дугаартай гэрчилгээг 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон. 

Үүний дагуу 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ****/** дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан. Компанийн зүгээс энэхүү газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, газрын кадастрын зураг, 1800 000 000 /Нэг тэрбум найман зуун сая/ төгрөгийн өртөгтэй, 1500 м2 талбайтай, 3 давхар үйлчилгээний барилга, 6 ширхэг зочны байр, ресторан, бассейн саун, хүүхдийн болон спорт тоглоомын талбай, ариун цэврийн байгууламж, автомашины зогсоол бүхий жуулчны баазын төслийн зураг, барилга угсралтын гэрээ зэргийг хийгээд байсан бөгөөд тухайн газарт барилгын цэвэр, бохир ус, дулаан төвийн шугам холбогдоогүй, төсөвт тусгагдаагүй, өөрийн бие даасан эх үүсвэрээр хангах шаардлагатай болсон хөрөнгө, мөнгө түр хүлээгдсэн нь шийдвэрлэгдсэн юм.

Өнгөрсөн хугацаанд манай компани газрын төлбөрөө төлөхөөр удаа дараа хандахад танай нэр байхгүй байна гээд төлбөрийг хүлээж аваагүй болно. Иймд байнга албан тоотоор хандаж тодруулахад хариу өгдөггүй байсан. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар манай компанид олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосоныг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. 

Тушаалын 1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож эдгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсугай гэжээ. Тушаалд зааснаар бол дээрх 2 үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар ашиглах эрх нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр л дуусгавар болгохоор заасан байна. 

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй” гэсэн заалтууд байхгүй болно. “М” ХХК-д Х******* дүүргийн нутагт орших Богдхан уулын Д*******тай газрын хязгаарлалтын бүс аманд аялал жуулчлалын зорилгоор 1,0 га газрыг ашиглах эрхийг 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5 жилийн хугацаатай олгогдсон. Иймээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байгаа болно.

Тушаалын 2-д газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрхийг нь цуцалсан тухай албан ёсоор мэдэгдэл өгч, гэрээ, гэрчилгээг хураан авч, харьяа дүүргийн газрын албанд мэдэгдэх, хуульд заасан хугацаанд газрыг чөлөөлүүлэх ажлыг зохих журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Богдхан уулын д*******ат газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

 Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр /тушаал/ гарсан гэдгийг манай компанид албан ёсоор биечлэн мэдэгдэл өгөөгүй, баталгаат шуудангаар ирүүлээгүй, утас факсаар мэдэгдээгүй болно. Бид 2018 оны 06 дугаар сарын 18-нд төлбөрөө хэрхэн төлөх талаар лавлахаар очоод л ийм тушаал гарсан гэдгийг мэдсэн. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрхийг цуцалж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчиж байна. 

Иймд Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус үндэслэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: 

“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон. 

Иймд БОАЖ-н сайд Богдхан уулын д*******ат газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус компани нь дээрх шалтгааны улмаас 2016 онд авсан 1,2 га газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь Х******* дүүргийн газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Богдхан уулын д*******ат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байсан. 

Богдхан уулын д*******ат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээнийг хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа байгууллага юм.

 Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.****.mn сайдад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан. Гэвч зарим газар ашиглагч нар хуулийн дагуу тавьсан анхааруулгыг үл ойшоож газрын төлбөрөө төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлт зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “М” ХХК-ийг дээрх газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Тухайн газрыг ашиглах гэрээ, гэрчилгээ байгаа боловч гол нь тушаал нь байхгүй учраас үл ойлголцох байдал үүссэн байдаг. Энэ байдлыг тодруулахаар удаа дараа бичгээр хандсан боловч хариу өгөөгүй, сонсох ажиллагаа хийлгүйгээр хүчингүй болгосон. Газар ашиглуулах гурвалсан гэрээгээр газрын төлбөр тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5/39 дугаар тогтоол нь захиргааны хуульд заасан хэм хэмжээний акт буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн байх шаардлагыг хангахгүй байгаа учир бүртгэлгүй актаар газрын төлбөр төлөх нь үндэслэлгүй юм...” гэж шүүхэд хандан маргажээ.

Хариуцагчаас “...яамны цахим сайтад нийтлэгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зарлал болон Богдхан Уулын д*******ат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан...” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэн тайлбарласан болно.  

Нэг: Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тухайд: 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэжээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Д*******ат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” 

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай  гэрээг өөрөө  буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, 2 дахь хэсгийн 2, 3-т  газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулжээ. 

Товчхондоо бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна.

Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл “М” ХХК нь /хуучнаар/ Байгаль орчны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 тоот тушаалыг  үндэслэн Х******* дүүрэгт байрлах Богдхан Уулын Д*******ат газрын ************ нэртэй 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болж, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ****/** дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг  авч, үүнээс хойш 1 жилийн 05 сарын дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий удирдлагуудтай байгуулжээ. 

Тус гэрээний 2.4 дэх заалтаар газрын төлбөрийн хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5/39 дугаар тогтоолын дагуу м.кв тутам 396 төгрөг,1 жилд 4059515/ дөрвөн сая тавин есөн мянга таван зуун арван тав/ төгрөг төлөхөөр тогтоож, төлбөрийн тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээх гэрээний нөхцлийг харилцан тохирсон боловч “М” ХХК нь уг гэрээг байгуулсан цагаас эхлэн газар ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлөөгүй болох нь Х******* дүүргийн газрын албанаас авсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16/1190 тоот лавлагаа болон талуудыг тайлбараар тогтоогдож байна.

Энэ нь нэхэмжлэгчийг  Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх; Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж заасныг зөрчин газрын төлбөрийг төлөх, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3-2/125 дугаар албан бичгээр  ирүүлсэн лавлагаагаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5/39 дугаар тогтоол нь улсын нэгдсэн санд бүртгэлгүй гэсэн байх боловч уг журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хэмжээнд газрын төлбөрийг хүлээн зөвшөөрч байгуулсан 3 талт гэрээ болон хуульд заасан дээрх зохицуулалтуудаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох нэг үндэслэл мөн болно.

Хоёр: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д  “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, ойлгохоор заасан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэжээ. 

Энэхүү хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг ...газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй.../ байхыг ойлгохоор тайлбарлажээ.

Анх нэхэмжлэгч “М” ХХК-д 2013 оны ****/** дугаар гэрчилгээний дагуу газар ашиглах эрх олгож, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсанаас эхлэн “М” ХХК нь уг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “...Х******* дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулан Д*******ат “************” нэртэй газарт “М” ХХК-ийн нэр дээр техникийн нөхцөл гаргуулах талаар хүсэлт ирүүлээгүй...” талаар лавлагаа , Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын “...Х******* дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулан Д*******ат “************” нэртэй газар “М” ХХК нь манай байгууллагаас цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл авах талаар хүсэлт ирүүлээгүй...” гэх лавлагаа , Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын “...архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлуулаагүй, батлуулахаар хүсэлт гаргаж байсан бүртгэл байхгүй...” гэх лавлагаа  болон бодит байдал дээр газраа хашаалаагүй зэргээр тогтоогдлоо.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манайд олгосон 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ****/** дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээ нь Байгаль орчны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 тоот тушаалыг үндэслэн гарсан боловч уг тушаалд “М” ХХК-ийн нэр бичигдээгүй улмаас үл ойлголцох байдал үүсэж бид газар ашиглуулах эрх олгосон тушаал байхгүй...” гэх тайлбараар өөрийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохоо тайлбарлан маргах боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...А/11 дүгээр тушаал дээр нэхэмжлэгч компанийн нэр байдаггүй, дугаарыг алдаж бичсэн. Үүн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам маргадаггүй...” гэх тайлбараар  үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч “М” ХХК-д газар ашиглуулах эрх олгоогүй болон хил хязгаар давхцалтай гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Гурав: Бусад

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”: 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”; 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”-ээр зохицуулжээ.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах гэж буй талаар дээрх хуульд нийцүүлэн хэлбэрийн төдий ажиллагаа  хийгдсэн боловч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдээгүй, харин  цуцалсан тухайгаа Богдхан Уулын Д*******ат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан хүргүүлсэн байна. Гэвч гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй. 

Дээрхийг товчхон дүгнэвэл “М” ХХК-г газар ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нотлогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР