Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0753/З |
Дугаар | 221/МА2022/0640 |
Огноо | 2022-10-05 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2022/0640
Д.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Ч.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоот орон сууцыг Д.Б-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч С.Ү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2019/0753/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоот орон сууцыг Д.Б-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018/ 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасныг баримтлан Д.Б-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоот орон сууцыг Д.Б-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Д.Б-ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг шийдсэн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүхээс хэргийн оролцогч болох С.Ү-д хэргийн материалтай танилцах боломж олголгүй хэргийг шийдсэн нь талуудад мэтгэлцэх боломж олгоогүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Д.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоот орон сууцыг Д.Б-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах”-аар маргасанд анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.2. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.” гэж зааснаар мэтгэлцэх эрхээр хангаагүй буюу хэрэгтэй танилцсан баримтад гарын үсэг зураагүй, хэрэгтэй танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н өмгөөлөгч С.Ү нар 78 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, Г.Н-аас тус захиргааны хэрэгт өмгөөлөгч С.Үлэмжийг оролцуулах хүсэлт гаргаснаар С.Ү нь уг хэргийн оролцогч болжээ.
2.4. Ийнхүү нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү-ээс хэргийн материалтай танилцах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасанд шүүх 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5375 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан ба шүүгчийн туслахаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-т шүүх хурлаас өмнө хэргийн материалтай танилцах шаардлагатай болохыг мэдэгдэхэд “ойлголоо, хурлаас өмнө танилцуулна” гэж утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
2.5. Мөн үүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг ханган шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд мөн оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцохдоо хэргийн материалтай танилцах боломжийг олгох талаар санал, хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, анхан шатны шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.
2.6. Дээрх баримтуудаас нэгтгэн дүгнэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэж заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс удаа дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчид олгосон боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг эрхээ өөрөө эдлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
2.7. Нөгөөтэйгүүр, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ч.Т, “Б” ХХК нарын нэхэмжлэлтэй, “Бж” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2740 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаар магадлал зэрэгт хариуцагчийн өмгөөлөгч С.Ү оролцсон тул маргаан бүхий үйл баримтын талаар мэдэж байсан гэж үзэхээр ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.” гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү нь хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэгчийн байр сууринаас тайлбар мэдүүлсэн байгаагаас үзвэл мэтгэлцэх зарчмыг анхан шатны шүүх хөндсөн гэж үзэхгүй.
2.8. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийгээгүй хэмээн тайлбарлаж байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрт “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоот орон сууцыг Д.Б-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэлд хамаарахгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 583 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА