Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Д-ын Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б овогт Э-ы Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001382 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух хаягтай боловч ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Д-ын Х /РД:.../;

2. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сүү сүүн бүтээгдэхүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ы Д /РД:.../

Холбогдсон гэмт хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.Х нь Э.Дтэй бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... урд талд байрлах автобусны буудал дээр иргэн Б.Цгийн эзэмшлийн Айфон 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Ганцаараа:

-2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “...” баарны зүүн талд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машины урд талд иргэн Г.Эын эзэмшлийн “Айфоны Икс Ар” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “...” хоолны газрын орчимд иргэн Г.Оийн эзэмшлийн “Самсунг А-30” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орчимд иргэн Х.Тын Эл Жи 6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ны орчимд иргэн Ч.Сийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 183.600 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” үсчний газрын баруун талд иргэн Д.Эгийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны гадна байрлах сагсны талбай дээр насанд хүрээгүй Э.Уын эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2. Шүүгдэгч Э.Д нь Д.Хтай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... урд талд байрлах автобусны буудал дээр иргэн Б.Цгийн эзэмшлийн Айфон 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлсэн, нэмж өгөх мэдүүлэг байхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: “яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг судална, шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын тооцоо хийсэн 2 хуудас баримтыг гаргаж өгнө” гэж,

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгчөөс: “...хавтаст хэргээс шинжлэн судлах баримтгүй” гэж,

Шүүгдэгч Э.Дий өмгөөлөгчөөс: “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 33х/, шүүгдэгч Э.Дий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 66х/, хүүхдийн төрсний гэрчилгээнүүд /2хх-ийн 79х, 81х/ иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 82х/ оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-ийн 83х/ болон хохирол төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч байна” гэцгээв.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Д.Х, Э.Д нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... урд талд байрлах автобусны буудал дээр иргэн Б.Цгийн эзэмшлийн Айфон 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-4х/,

Хохирогч Б.Цгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ ажиллаж байгаад 21 цаг 30 минут гэж ажлаасаа гараад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... автобусны буудал дээр 21 цаг 40 минутын орчим очиж, автобусны буудлын хүлээлгийн сандал дээр ганцаараа гар утсаараа юм үзээд доошоо хараад сууж байтал нэг хүн цаг асуухаар нь би цаг хэд болж байгаа талаар хэлэх гэтэл хажууд нь явж байсан эрэгтэй миний гарт байсан гар утсыг шүүрч аваад зугтаасан,  тэгтэл эхэлж цаг асуусан залуу утсыг нь өгөөч ээ гээд нөгөө залуугийн араас гүйж байснаа хоёулаа зэрэгцээд хамт зам дагуу гүйгээд явж байгаа харагдсан . Би тухайн үед араас нь хөөх гэж байгаад больсон. ...Би уг утсыг 2017 онд шинээр нь 700.000 төгрөгөөр Теди төвөөс худалдан авч байсан бөгөөд Айпоне 6 алтлаг өнгийн гар утас байсан. Тухайн утасны дэлгэц нь кодгүй нээгддэг байсан бөгөөд 99594224 гэсэн утасны дугаартай хар өнгийн ямар нэгэн бичиггүй шигтгээтэй гэртэй, ажиллагаатай хэвийн утас байсан. Би хохирлоо барагдуулж авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй, миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй тухайн хоёр залуу миний гар утсыг гараас шүүрээд авч зугтаачихсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...I phone 6 гар утас-250.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 33-34х/,

Шүүгдэгч Э.Дий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах найз Аын Монгол гэрт 15 цагийн орчим Х бид хоёр архи уусан. Тэндээ байж байгаад орой 21 цагийн орчим байх Х бид хоёр Нисэхийн автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр буугаад замын хойд талаар 1 дүгээр хороолол тал руу бид хоёр алхаад 1 дүгээр хороолол орж таньдаг хүмүүс байвал архи авч уух санаатай явж байсан. Тэгтэл ... автобусны буудал дээр нэг эмэгтэй утсаараа оролдоод доошоо хараад сууж байхаар нь бид хоёр хажуугаар нь өнгөрөх гэж байхад Х тухайн эмэгтэйгээс цаг хэд болж байгаа талаар асуусан бөгөөд би тухайн эмэгтэйн гэр утсыг нь шүүрээд шууд чигээрээ гүйсэн. Харин Х миний хажууд утсыг нь өгөөч ээ гэж хэлээд миний араас зэрэгцээд гүйсэн. Би гар утсыг нь авч гүйж байхдаа Хт өгсөн бөгөөд Х тухайн гар утсыг аваад надаас салаад ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41х, 59-60х/,

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... автобусны буудал дээр 20 гаруй насны эмэгтэй ганцаараа сууж байхаар нь би дөхөж очоод цаг асуусан чинь тухайн эмэгтэй гар утсаа гаргаж ирээд надад цаг хэлэх хооронд хажууд зогсож байсан Д уг эмэгтэйн гар утсыг гараас нь булааж аваад 21 дүгээр хорооллын зүг буюу ертөнцийн зүгээр хойд зүг рүү замаа дагаад гүйхээр нь би араас нь гүйж гүйцэж очиход Д нөгөө утсаа май гээд надад өгөхөөр нь би аваад Дөөс салаад байран дундуур ороод ганцаараа гүйсэн ба уг газраасаа их холдож чадалгүй газар халтирч унаад гартаа барьсан нөгөө утасны дэлгэцийг хагалсан. Тэгээд би утсыг асаах гээд үзэхэд ажиллахгүй дэлгэц нь мэдрэхгүй байсан учир уг утсыг тухайн газраа шидэж хаяад би доошоо алхаад 5 шарын автобусны буудлаас таксинд суугаад нисэх явж ганцаараа гэртээ хариад унтсан баг шөнө унтаж байхад А гэдэг миний таньдаг хүн цагдаатай хамт манай гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-52х/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “...” баарны зүүн талд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машины урд талд иргэн Г.Эын эзэмшлийн “Айфоны Икс Ар” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Эын: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-н автобусны буудлаас ертөнцийн зүгээр зүүн тийш хүнсний дэлгүүр орохоор явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ... байрны зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ын яг урд нь алхаад явж байтал хойноос гэнэт үл таних эрэгтэй миний гартаа барьсан байсан гар утсыг минь булаагаад хойшоо явсан голын замын баруун талаар ертөнцийн зүгээр хойшоогоо гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би ардаас нь гүйж байтал Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны баруун талд байрлах ... хоолны газрын харалдаа явган хүний зам дээр хэсэг хүмүүс зогсож байхаар нь яваад очтол миний гар утсыг булаагаад зугтаасан үл таних эрэгтэйг харуулын хоёр ажилтан барьчихсан, хажууд нь бас нэг эмэгтэй “Миний гар утсыг бас булаачихлаа” гэж хэлээд зогсоцгоож байсан. Нөгөө харуулын хоёр ажилтан миний болон нөгөө эгчийн гар утсыг тэр үл таних залуугийн аль нэг халааснаас нь гар утсыг минь гаргаж өгч надад өгөөд явцгаасан. Би тэр харуулын хүмүүсийн гэр, утас, хаана ажилладаг зэргийг нь мэдэж чадаагүй. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө гар утсыг минь булаасан эрэгтэйг “эрүүлжүүлэх байранд саатуулна” гээд аваад явсан... Миний гар утсанд ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 114х/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “хохирогч Г.Э нь надаас гар утас авсан хүнийг танина, тэр хар өнгийн кеттэй, хар өнгийн жинсэн өмдтэй,  дотуураа саарал өнгийн даавуун малгайтай цамцтай, гадуураа хар өнгийн  жинсэн яктай, дэлдэн чихтэй, жижир уруултай 170 орчим см өндөртэй эрэгтэй хүн байсан гэсний дагуу зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад 2 гэж дугаарласан Д.Хыг заасан” /1хх-ийн 106-107х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...iphone XR маркийн гар утас 1.250.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 128-129х/,

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед нэлээн архи уучихсан согтуу явж байсан. Тэгээд 1 дүгээр хороолол орчмоор хамгийн сүүлд явж байснаа санаж байгаа бөгөөд нэг мэдсэн нэг эгч болон хамгаалалтын албаныхан намайг барьж авч байх шиг байсан. ...би бусдын гар утсыг булааж зугтаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 151-512х/ зэрэг нотлох баримтуудаар

3. Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “...” хоолны газрын орчимд иргэн Г.Оийн эзэмшлийн “Самсунг А-30” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: хохирогч Г.О нь   надаас гар утас авсан хүнийг танина гэсний дагуу зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад 2 гэж дугаарласан Д.Хыг заасан” /1хх-ийн 108-109х/,

Хохирогч Г.Оийн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хоолны газрын харалдаа явган хүний зам дээр хойноосоо урагшаа гар утсаараа яриад алхаад явж байтал гэнэт ардаас үл таних 20 гаран насны эрэгтэй хажуугаар гүйж гарч ирэхдээ миний гарт байсан Самсунг А30 маркийн гар утсыг маань булаагаад гүйхээр нь би тэрүүхэн хооронд самбаачлаад малгайтай цамцных нь малгайнаас нь таттал газар уначихсан. Яг тэр үеэр хажуугаар явж байсан хоёр харуулын газрын ажилтан ах нар тэр залууг барьж аваад нэг гараас нь миний Самсунг А30 маркийн гар утсыг авч надад өгөөд аль нэг халааснаас нь бас нэг I Phone XR маркийн гар утас гаргаж ирэхэд урдаас 1 охин гүйж ирээд “Наад залуу чинь дөнгөж сая миний I Phone XR маркийн гар утсыг булаагаад зугтаачихлаа” гэж хэлсэн тул түүнд өгөөд явцгаасан. Удалгүй цагдаа нар ирээд уг залууг барьж аваад эрүүлжүүлэх байранд саатуулна гэж хэлээд аваад явсан. ...Би өөрийн гар утсаа буцааж бүрэн бүтэн олж авсан учир надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Самсунг А30 маркийн гар утас-380.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 133-134х/,

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би бусдын гар утсыг булааж зугтаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 151-152х/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орчимд иргэн Х.Тын Эл Жи 6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.Тын: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 23 цагийн орчимд би гэрээсээ гараад 5-н шарын автобусны буудал дээр байдаг түцнээс хоёр ширхэг түргэн хоол буюу пицца аваад пиццагаа баруун гартаа бариад зүүн гартаа бор шаргал өнгийн LG-G6 маркийн 2019 оны 09 дүгээр сард хорооллын өргөөгийн хажуугийн гар утасны лангуун дээрээс 160.000 төгрөгөөр авч байсан /одоо уг үнээр нь үнэлнэ/ ямар нэг эвдрэл гэмтэлгүй шинээрээ шахуу дотор нь ... гэсэн дугаартай гар утсаа бариад гэр лүүгээ орох гээд Well mart-тай байрны зүүн урд талын үзүүрт буюу автомашины зогсоолын тэнд явж байтал араас гэнэт нэг эрэгтэй хүн намайг дуудаад энд байр байдаг юм уу гэснээ аан энэ байр юм байна гэж хэлснээ гэнэт миний зүүн талын гартаа барьж байсан гар утсыг булааж аваад ертөнцийн зүгээр хойд зүгт ...-тай 66 дугаар байрны зүүн талаар гүйгээд явчихсан.Тэр хүн  хар хөх өнгийн саравчтай  малгайтай, дээгүүрээ хар өнгийн  богино савхин  куртиктэй, 175-180 см орчим өндөр туранхай, 25-30 орчим насны болов уу гэмээр эрэгтэй  хүн байсан. ..” гэх мэдүүлэг /1хх-ийн 162х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...LG G6 маркийн гар утас-160.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 165-166х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... хохирогчийн дүрсэлж хэлсэн хүн нь хохирогчийг ТҮЦ-нээс юм авсан цагаас дагаж яван хөл хөдөлгөөн багатай газар ирж хохирогч рүү ирэн ямар нэгэн зүйл аваад зугтааж байгаа бичлэг бичигдсэн” /1хх-ийн 176-180х, 183-186х/,

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...автобусны буудлаас баруун хойшоо алхаад явж байсан чинь нэг эмэгтэй ганцаараа утсаа оролдоод алхаж байхаар нь би гараас нь утсыг нь булааж аваад ертөнцийн зүгээр чанх хойшоо гүйгээд тойроод эргээд автобусны буудал дээрээ ирэхэд нөгөө эмэгтэй байхгүй байсан. …LG маркийн гар утас байсан өнгө болон содон шинж тэмдгийг санахгүй байна. Би хэрэг болсны маргааш нь хаана явж байснаа санахгүй байна ганцаараа гадуур явж байхад танихгүй нэг настай хөгшин эмэгтэй хүн алхаж явахаар нь үзүүлээд та утас авах уу гэж асуухад тэр эгч үзэж байгаад авахаар болоод би 50.000 төгрөгөөр зараад мөнгийг нь ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 217-220х/ зэрэг нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ны орчимд иргэн Ч.Сийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 183.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-227х/,

Хохирогч Ч.Сийн: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-д байр гэрлийн мөнгөө төлчхөөд гарч ирээд урд талын автомашины зогсоолын арын цементэн тавцан дээр суугаад утсаар ярьж байгаад цүнхнээсээ мөнгө авах гээд хажуудаа утсаа түр тавьтал үл таних нэг залуу миний гар утсыг аваад зугтаагаад явчихсан. Би тухайн үед тэр залуугийн араас нь гүйгээд 27 дугаар байрны баруун өнцөг хүртэл хөөгөөд гүйцэж чадаагүй алдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 223-224х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Самсунг S-7 маркийн гар утас-180.000 төгрөг, хөнгөлттэй зорчих карт-3600, нийт 183.600 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 242-243х/,

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ...ны үүдэнд машин зогсоолын арын цементэн тавцан сандал дээр нэг үл таних эрэгтэй Самсунг Эс 7 маркийн гар утсаараа ярьж байгаад хажуу талдаа гар утсаа тавьчихсан. Тэгэхээр нь тэр гар утсыг нь авч зугтаагаад урагшаагаа зам гарж гүйгээд танихгүй явуулын хүнд 70.000 төгрөгөөр худалдаад буцаж хойшоо зам гараад ... баарны урд явж байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5-8х/ зэрэг нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” үсчний газрын баруун талд явж байсан иргэн Д.Эгийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19:54:56 цаг болж байхад хар өнгийн пүүз, цэнхэр жинсэн яакны дотор саарал өнгийн цамцтай, хар өнгийн өмд, улаан хүрэн өнгийн малгай өмссөн 1 эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урд талаас хойш чиглэн гүйж явах үед 19:58:00 цагт цэнхэр өнгийн хүрэм, хар өнгийн өмд, цагаан өнгийн маск зүүсэн, хар өнгийн гуталтай, зүүн гартаа бор цагаан ягаан өнгийн эд зүйл барьсан 1 эмэгтэй уг этгээдийг хөөж байгаа бичлэг авагдсан” /2хх-ийн 16х/,

Хохирогч Д.Эгийн: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 19:55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний дэлгүүрээс гараад явж байгаад ... гэх газрын ойролцоо өөрийн гар утсаараа ярьж байхад миний гар утсыг нэг залуу шүүрээд зугтаагаад явсан. Самсунг Эс 7 маркийн гар утас 2018 онд худалдаж авсан 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан... ...алдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 26-27х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung s7 гар утас-180.000 төгрөг” гэх тайлан /2хх-ийн 33-34х/,

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны орой 19 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх газрын ойролцоо 30 орчим насны эмэгтэйн барьж явсан Самсунг Галакси Эс 7 маркийн гар утсыг булааж зугтаагаад 19-н автобусны буудал дээр нэг хүнд миний гар утас гэж хэлж 70.000 төгрөгөөр зараад архи ууж дуусгасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 41-44х/ зэрэг нотлох баримтуудаар,

7. Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны гадна байрлах сагсны талбай дээр насанд хүрээгүй Э.Уын эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Э.Уын: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны урд талын сагсны талбай дээр сагс тоглох гээд цамцаа тайлж сандал дээр тавихдаа  гар утсаа халаасанд хийчихсэн байсан юм.   Тэгээд сагс тоглож дуусаад цамцаа өмссөн чинь I Phone-7 плас маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78х/,

Эвийн хүч СӨХ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...I phone 7 plus гар утас-570.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 85-86х/,

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны сагсны талбай дээр хүүхдүүд сагс тоглож байхаар нь явж очоод ногоон өнгийн сандал дээр суухад сандал тавьчихсан хар өнгийн биеийн тамирын цамцны халааснаас нь I Phone-7 плас загварын хар өнгийн гэртээ гар утас цухуйчихсан байхаар нь халааснаас нь аваад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны чиглэлд алхаж явж байхдаа замаар өнгөрч байсан 40-45 орчим настай 170-175 см орчим өндөр биетэй, тарган бор өнгийн цамцтай бор дуу царайтай эрэгтэй хүнд зарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-98х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч нар нь ганцаараа болон бүлэглэж гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба тэдгээр нь тодорхой, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, сурдаггүй, цалин хөлс орлогогүй гэх шалтгаанаар, амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, тэдгээрийн гар утсыг хууль бусаар авч зугтаан, өөрсдөдөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн, шүүгдэгч Д.Х нь насанд хүрээгүй хохирогчийн сандал дээр тавьсан цамцнаас гар утсыг нь нууцаар, хохирогчид мэдэгдэлгүй сэм авч, өөртөө захиран зарцуулсан үйлдлийг тус тус гүйцэтгэжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Хыг дээрэмдэх гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд, мөн хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э.Дийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч М.Х Э.Д нар нь бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Б.Цд 250.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цд 125.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн /Хаан банкны орлогын мэдүүлэг/ тул бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч М.Х нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад 2.403.600 төгрөгийн, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 570.000 төгрөгийн, нийт 2.973600 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчээс хохирогч Г.Э, Г.О нарын гар утсыг биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн байх тул хохирогч Г.Э, Г.О нарт төлөх төлбөргүй болно.

Иймээс шүүгдэгч М.Хаас нийт 1.218.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд 160.000 төгрөг, Ч.Ст 183.600 төгрөг, Д.Эд 180.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сд 570.000 төгрөг, хохирогч Б.Цд 125.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоох, шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан дээрх 2 зүйл анги тус бүрд нь зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж хооронд нь нэмж нэгтгэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Э.Дий өмгөөлөгч “Шүүдэгч Э.Д нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч М.Хын хувьд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг, мөн ганцаараа хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймээс шүүгдэгч Д.Х нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн, хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл болон 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх боломжгүйгээс гадна түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй гэж үзсэн тул шүүхээс дээрх ялыг оногдуулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Э.Дий хувьд бусадтай бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг 1 удаагийн үйлдлээр үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирогчид хохирлыг өөрт оногдох хувийг төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Э.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 хоног баривчлагдсан болохыг дурдаж,

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 хоног баривчлагдсан, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 120 хоног, нийт 122 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Хыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд,

Хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд,

-Шүүгдэгч Э.Дийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 122 (нэг зуун хорин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Э.Д нь 2 (хоёр) хоног сэжигтнээр баривчлагдсан болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас 1.218.600 /нэг сая, хоёр зуун арван найман мянга зургаан зуун төгрөг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд 160.000 (нэг зуун жаран мянга) төгрөг, хохирогч Ч.Ст 183.600 (нэг зуун наян гурван мянга зургаан зуу) төгрөг, хохирогч Д.Эд 180.000 (нэг зуун наян мянга) төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сд 570.000 (таван зуун далан мянга) төгрөг, хохирогч Б.Цд 125.000 (нэг зуун хорин таван мянга) төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Д.Х нь хохирогч Г.Э, Г.О нарт, шүүгдэгч Э.Д хохирогч Б.Цд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ