Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1203

 

 

 

 

 

 

 

     2020          12            07                                         2020/ШЦТ/1203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч М.А, түүний өмгөөлөгч Б.Банзрагч (үнэмлэхний дугаар 0278),

шүүгдэгч Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий (үнэмлэхний дугаар 0294) нарыг оролцуулан хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001329 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Д-ын Г (РД:), Монгол улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар баг Улаан шивээт гэх газарт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэрэгт гүн хайрхан” ХХКомпанийн хашаанд түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал

- Өвөрхангай аймгийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Шин Холдинг” ХХКомпанийн чулуун үйлдвэрийн хашааны гадаа иргэн М.Атай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт гэмтэл“ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

 

Шүүгдэгч Д.Г “...Тухайн өдөр нэг найзын хамт 1 шил архи хувааж уугаад, тал нь үлдсэн байсан. Тэгээд Алтанхуягийн гэрт очиход намайг хэл амаар доромжилж, түлхсэн. Тэгэхээр нь би цохисон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч М.А: “...Д.Г тухайн үед нэг хүнтэй ирж намайг зодсон. Манай гэрт 3-4 удаа согтуу ирж айлгадаг байсан. Шөнийн 02 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст очиж бүртгүүлсэн. Тэр хооронд манай хүүхэд Ганбаатарыг авч ирсэн. Ганбаатар намайг их зодсон, манай хүүхэд баримтжуулаад миний гэрэл зургийг авсан байсан. Тухайн үед би 4 дүгээр ангийн охины хамт гэртээ байсан. Намайг Ганбаатар Увсын дөрвөд гэж хэлсэн. Би Ганбаатарт ямар ч гэм хор хийгээгүй. Эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээ өгч, хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Адилхан манаач хийдэг хүмүүс, намайг гараараа зодсон бол хамаа алга, архины шилний хүзүү хэсэг нь тасарсан. Миний нүд тэр дороо харанхуйлаад ирсэн. Надад хагалгаа хийлгэх мөнгө байхгүй, тээвэр хийдэг байсан нүд бүрэлзээд автомашин жолоодож чадахгүй, ажилгүй болсон. Би гомдолтой байна. Нүдээ хэвийн ажиллагаатай болгох хүсэлтэй байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

    

            - Гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

- Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед би хашаандаа байсан чинь манаач хийдэг Ганбаатар гэдэг залуу нэг залуутай хамт архи ууж явснаа ирээд хашааны хаалга нүдээд байхаар нь би онгойлгосон чинь “...чи муу Увсын дөрвөд..." гэхээр нь “чи одоо харьж амар” гэж хэлсэн чинь намайг татаад зулгаагаад чирээд байхаар нь би түлхчихсэн чинь Ганбаатар энгэрээсээ шилтэй архи гаргаж ирээд миний зүүн нүд хэсэгт цохисон. Миний нүд юм харахаа болиод цус гараад тонгойгоод байж байсан чинь Ганбаатар яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10049 дугаар: “...хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний гадна хэсэгт 4 см шарханд 5ш мэс заслын оёдолтой, зүүн зовхи хавдаж таглагдсан тойроод хөх ягаан өнгийн цус хуралттай, алимны салстанд нэлэнхүйдээ улаан өнгийн цус хурсан.

            1. М.Аийн биед зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар тал)

 

  • Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тэр хавьд манаач хийдэг Ганбаатар гэдэг залуутай тааралдаад далангийн хажууд тал шил архи уучхаад үлдсэн тал шил архиа тэнд манаач хийдэг зүс таних залуутай ууя гэж бодоод очиж хашааны хаалгыг нүдсэн чинь гарч ирсэн. Би “тал шил архиа хувааж уух” юм ярьсан чинь дургүйцээд байхаар нь “яасан их зантай Увсын дөрвөд вэ” гэж хэлээд гартаа барьсан шилтэй архиараа нэг удаа цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас),

 

- Хохирол төлбөртэй холбоотой баримт (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

 

- Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр тал), урьд ял шийтгүүлсэн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 41-43 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ганбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Шин Холдинг” ХХКомпанийн чулуун үйлдвэрийн хашааны гадаа иргэн М.Атай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч М.Аийн мэдүүлэг (хх-22), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10049 дугаартай дүгнэлт (хх12-13) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.Г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн М.Аийн эрүүл мэндэд халдаж, биед зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Д.Ганбаатарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба түүний өмгөөлөгч зүйлчлэл болоод гэм буруу дээр мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон, хохирол, хор уршгийн талаар маргасан болно.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт (хх59)-аар нийт 65.500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эмчийн үзлэг хийсэн 35.000 төгрөгийг баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлж, уг төлбөрийг шүүгдэгч Д.Г-аас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин үзлэгээр эмчийн бичиж өгсөн эмийн жор /2 ширхэг/-ын дагуу 30.500 төгрөгөөр эм, дусаалга авсан эсэх нь тогтоогдохгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй, нотолгооны эх сурвалжаар нотлогдохгүй буюу эмийн жор дээр бичсэн үнийн дүн, мэдүүлгээр тухайн хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 30.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г, түүний өмгөөлөгчийн зүгээс “цаашид хийлгэх эмчилгээ, хагалгааны төлбөр 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа бүрдүүлж өгч амжаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.    

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч: ”шүүгдэгч Д.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт”-ийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “....Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар тогтоогдсон төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх зарчмыг мөрдлөг болгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч Д.Г-ын өмчлөлд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй (хх-51,57), халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй (хх-55), нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо задгай гудамж “Шинэ Их Холдинг” ХХКомпанийн үйлдвэрийн хашаанд амьдарч, манаач хийдэг (хх58), тодорхой орлоготой эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч, шүүгдэгч Д.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.

 Шүүхээс оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000001329 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Д-н Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Г-аас 35.000 (гучин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.Ат олгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч М.Аийн нэхэмжлэлээс 30.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гаргах эмчилгээ, хагалгааны төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч М.Ат мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн 2008000001329 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР