Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1201

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У х овогт Д-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001451 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ... төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У х овогт Д-ийн Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны урд талд тодорхой шалтгаангүйгээр иргэн О.Мын нүүр хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Хохирогч О.Мын цагдаагийн хэлтэст хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 1х/, хохирогч О.Мын мэдүүлэг /хх-ийн 9-10х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11706 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23х/, гэрч Б.Хын мэдүүлэг /хх-ийн 12-13х/, шүүгдэгч Д.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 41х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 42х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 44х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45х/, шүүгдэгч Д.Гын мэдүүлэг /хх-ийн 54-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт  шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .. дугаар байрны урд талд тодорхой шалтгаангүйгээр иргэн О.Мын нүүр хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч О.Мын цагдаагийн хэлтэст хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 1х/,

Хохирогч О.Мын: “...Би ... засварчнаар ажилладаг ба 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг Х, Г хоёртой 11 цагийн орчим 0.5 литрийн цагаан архи, мөн 2.5 литрийн Сэнгүүр нэртэй пиво хувааж уугаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны урд талд гэр гэр лүүгээ явах гээд зогсож байтал манай найз Г ямар нэгэн шалтгаангүйгээр намайг гэнэт заамдаж аваад миний хамар хэсэгт нэг удаа мөргөсөн. Тухайн үед Х нь Гыг надаас салгаад цаашаа аваад явсан. Тухайн үед миний хамарнаас цус гараад байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн байгууллага дээр өөрийн биеэр ирж өргөдөл гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

Гэрч Б.Хын: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхлээд М бид хоёр 2.5 литрийн Сэнгүүр нэртэй пиво авч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ийн засварын өрөөнд хувааж уусан. Тэр үед Г ажилтай гээд архи уугаагүй. Тэгээд М бид хоёр гараад ... бөөний төвийн хажууд байх ... төв ороод Г дулааны мэдээ аваад буцсан, тэр үед миний машиныг Г барьж явсан. Тэгээд буцаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны хойд талд байрлах автомашины гараашууд дунд зогсоод миний машин дотор 0.75, литрийн Соёрхол архи худалдан авч Г, М бид гурав хувааж уусан. Тэр үед Г, М бид гурав гадаа гараад тамхи татаж байтал Г, М хоёр хоорондоо муудалцаад Г эхлээд Мыг цохиод авсан. Гэтэл М, Г луу дайраад хоорондоо барьцалдаад авахаар нь би Г, М хоёрын голоор ороод салгаад Гыг түлхээд цааш хэд алхаад “та нар яагаад хоорондоо зодолдоод байгаа юм бэ, найз нөхөд байж” гэж хэлэхэд Г за ойлголоо, одоо зодолдохгүй гэсэн. Тэгээд Г бид хоёр зогсож байтал М нь бид хоёр дээр ирээд Г луу дайраад очтол Г Мын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөх шиг болсон. Тэгээд салаад гэр гэр лүүгээ явцгаасан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор тэр хоёрыг юунаас болж хэрэлдэж зодолдсоныг мэдэхгүй. Ямар ч байсан Г, М хоёр хэрэлдэж зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11706 дугаартай: “...О.Мын биед хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23х/,

Шүүгдэгч Д.Гын: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0.75 литрийн Соёрхол архийг Х, М бид гурав хувааж уусан. Тэгээд тамхи татахаар машинаас буусны дараа М бид хоёр муудалцаад, М над руу дайраад цамцнаас заамдаад авахаар нь би зөрүүлээд түлхээд толгойгоороо мөргөхөд Мын хамар дээр нь таараад хамарнаас нь цус гарсан, тухайн үед бид хоёрыг Х салгасан. Тэгээд М бид гурав салаад явсан. ...Тухайн үед М намайг “чи муу ажил дээр ирэхээрээ битгий томроод байгаарай” гээд надаас хэрүүл өдсөнөөс болоод би Мын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Г нь хохирогч О.Мыг хэрүүл өдлөө гэх шалтгаанаар хамар хэсэг рүү нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн 2008000001451 дугаартай хэрэг үүсгэж, Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг үйлдэж, улмаар мөрдөгч нь уг тогтоолыг яллагдагч Д.Гт танилцуулж, мэдүүлэг авсан байна. /хх-ийн 51-52х, 53-57х/

Гэтэл тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн 1052 дугаартай яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт “Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичиж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг засах” тухай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг гаргаж өгсөн тул шүүхээс уг тогтоолыг хүлээн авч шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл,

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан, уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байхад прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй бичиглэлийн алдаа хийсэн, уг алдааг зөвтгөсөн прокурорын тогтоолыг үйлдэж ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Гт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэмээн дүгнэж, Д.Гыг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...прокурорын дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлтгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Гыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс, орлоготой, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У х овогт Д-ийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ