Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,  

Хохирогч: Н.Э,  

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :   

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2003 00533 0001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4 эцэг, эх дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум ** дугаар баг *** тоотод оршин суудаг, Төв аймаг Зуун мод сум ** дугаар баг Баянхошуу ** дугаар гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Б, регистрийн дугаар *****. 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо *** их сургуулийн урд замд Тоёота Приус-20 маркийн *** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь :    

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Их Засаг их сургуулийн урд замд Тоёота Приус-20 маркийн *** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Их Засаг их сургуулийн урд замд Тоёота приус-20 маркийн *** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т-ын Б нь Ч-ын Э жолоочтой Тоёота Приус-20 маркийн УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ явган зорчигч Н-н Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан /хх-ийн 05/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-06-13/,

- хохирогч Н.Э-ы...2020 оны 11-р сарын 06-ны өдрийн 13 цаг 05 минутын үед би 21 дүгээр хороолол дахь Их Засаг их сургуулийн урд талын явган хүний замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чигтэй алхаж явж байгаад Их Засаг их сургуулийн хашаа руу ордог туслах зам руу ороод дөнгөж нэг хоёр алхаж явж байтал гэнэт миний зүүн хөл рүү таг гээд нэг юм хүчтэй мөргөх шиг болонгуут би газар шидэгдэж унасан. Тэгээд хэсэг хугацаанд манарч байгаад босох гэтэл миний зүүн хөл гишгэж чадахгүй өвдөөд байсан. Тэгээд хартал намайг нэг саарал өнгийн Тоёота Приус маркийн машин төв замын 2-р эгнээнээс сургуулийн хашаа руу орох гэж шууд баруун гар тийш эргэж байхдаа намайг мөргөсөн байсан, би гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн.../хх-19-20/...Ослоос хойш хувиасаа 1.830.000 орчим төгрөг гаргасан, үүнээс гадна баримтгүй зардлууд байгаа...2021 оны 10, 11 дүгээр сарын орчим дахин хагалгаанд орж зүүн шилбийг хадсан хадаасаа авхуулах зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлэхэд манай бага хүү Э.У намайг асарч байсан...Дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн. Өөр төлбөр мөнгө өгөөгүй. Ослоос хойш өөрөөсөө 6.5 сая орчим төгрөг зарцуулсан байна. Үүнээс баримттай 4 сая орчим төгрөг, баримтгүй 2.5 сая төгрөг орчим байна. Тиймээс би осол гаргасан жолоочоос 6.5 сая төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-22, 23/,

- гэрч Ч.Э-ын...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 20 минутын орчим би өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн *** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Их Засаг их сургуулийн урд замаар зүүнээсээ баруун чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр явж байтал надтай зэрэгцээд явж байсан Тоёота Приус 20 маркийн машин гэнэт баруун гар тийшээгээ дарж орж ирээд миний машинтай мөргөлдөөд урагшаагаа явахдаа нэг явган зорчигчийг мөргөж унагаагаад зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- иргэний нэхэмжлэгч Ч.Э-ын...авто машинд учирсан эвдрэл гэмтлийг үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Уг төлбөрийг яаралтай гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- шинжээчийн дүгнэлт :...Н.Э-ы биед зүүн шаант, тахилзуур ясны дээд булуу хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.../хх-ийн 38-39/,

- түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 64/, өвчний түүх /хх-ийн 66-71/, гэмтэл согог үндэсний төв, лазер Мед эмнэлэгийн шинжилгээний баримт /хх-ийн 72, 73-75/,  

- “Хас Үнэлгээ” компанийн гаргасан автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: эзэмшигч Ч.Э, “Тоёота Приус-20 " маркийн *** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нийт 445,000 төгрөг /хх-42-43/, 

- мөрдөгчийн магадлагаа...жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 : Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Ч.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 151/,  

- шүүгдэгч Т.Б-ийн...Би хохирогчид эм тарианы зардалд дансаар 500,000 төгрөг өгсөн. Хохирогчийн эмчилгээнд зарцуулсан баримттай мөнгийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, техникийн шинжээч үзлэгийн тэмдэглэл худал үйлдсэн, бэхжүүлсэн, мөрдөгчийн магадлагаа хууль бус гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.          

Иймд шүүгдэгч Т.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилсан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Н.Э гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн болон хамаарах бусад хохиролд нийт 6.500.000 төгрөг нэхэмжилсэн /хх-23/, үүнээс шүүгдэгч 500.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 6.000.000 төгрөгийн хохирлын хувьд хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээтэй холбоотой 2.933.512 төгрөгийн баримт /хх-97-110/, 112-114/, мөн мэс засалд орсон тул хадаас авах, эмчилгээний өртөг 860.000 төгрөг /хх-111/, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8000 төгрөг /хх-37-38/, бусад эм, эмчилгээний зардалд 198.488 төгрөг нийт 4.000.000 төгрөг төлөхөөр шүүгдэгч, хохирогч нар  харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч тус хохирогчид 4.000.000 төгрөгийг, мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ч.Э-т тээврийн хэрэгсэлд хохирол учруулсны 445,000 төгрөг /хх-42-43/-ийг тус тус төлөх үүрэгтэй байна.    

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон эмнэлэгт хэвтэж байхад нь сахиж байсан хүү Э.У-ын цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :        

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-96/, тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хх-59-60/, оюутан /хх-79/, приус-20 маркийн 67-83 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлээр авсан /хх-78, 31-32, 34-35/ болон түүний хөрөнгө, орлого, ар гэр, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд /31-32, 34-35, 80, 136-142-143, 145, 147, 148/  хэрэгт  цугларсан, шүүгдэгч оюутны амралт болон хичээлийн бус цагаар авто угаалгын газарт цагаар ажилладаг тухай шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.         

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг Т.Б-д мэдэгдсүгэй.           

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Б-ээс 4.445.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Э-д 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Э-т 445.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР