Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,    

улсын яллагч Б.Батсайхан,    

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :     

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2002005260339 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хамбын *** тоотод оршин хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Х овогт Н-ийн Э, регистрийн дугаар : ******.        

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

шүүгдэгч Н.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах ногооны талбайн орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтайн 2 дугаар гудамжинд *** УНП улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхдаа биедээ 192 грамм жинтэй болон Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хамбын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух гэртээ 206 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь :      

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:       

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах ногооны талбайн орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан болох нь :      

- гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл:...сандал дээр Yoyage гэх 1,5 литрийн өнгөгүй шингэн зүйл, шингэн зүйлийн хажууд цэнхэр эрээн өнгийн давхар уутанд ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг шинжээч 3 дугаарыг хажууд нь байрлуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авав...” /хх-ийн 3-5/,  

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...хувцасны шкаб бүхий өрөөний хэсэг байв, уг өрөөний хэсэгт ороход П.Э нь 3 тасалгаа бүхий бор өнгийн 2 метр өндөртэй шкабны хэсэг рүү заагаад доороосоо 2 дахь хар өнгийн үүргэвчтэй цүнх, үүргэвчийг онгойлгож үзэхэд цэнхэр алаг гялгар уутанд ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авав...” /хх-ийн 12-13/,

-Vоуаgе гэх бичиглэлтэй 1,5 литрын хуванцар сав, дотроо өнгөгүй шингэн зүйлтэй, 220 мл савлагаатай “blue flams gas” гэх бичиглэл бүхий газ 2 ширхэг, Хужирт нэртэй шил мэт зүйл 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, мөнгөлөг тугалган мэт цаас 1 ширхэг, газны улаан өнгийн таг 1 ширхэг, цагаар цэнхэр өнгийн ууттай ургамал мэт эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон талаарх баримтууд /хх-17/,

- Цэнхэр өнгийн ууттай ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон талаарх баримтууд /хх-ийн18/,

- хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 99 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 35-36/,

 - гэрч Л.Д-ийн...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэх гээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин *** тоотод байрлах гэрээсээ гараад 800 метр орчим явж байтал Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжны 167 тоотын орчим саарал өнгийн *** УНП улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 эрэгтэй хүн сууж байхаар нь сэжигтэй харагдаад шалгах гээд бичиг, баримтыг нь шалгаж үзэх гэхэд машин дотроос газ их хэмжээгээр үнэртэж байсан, 2 ширхэг ахуйн хэрэглээний газ, 2 ширхэг ахуйн хэрэглээний гялгар уут, 400 орчим грамм цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл машины хойд сандал дээр байхаар нь 102 дугаарын утас руу холбогдож дуудлага өгсөн...намайг машины хаалга онгойлгоход гялгар уутанд газаа шингэн байдлаар хийчихсэн 2-лаа сорж байгаа харагдсан...өвс хэрэглэж байсныг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-46-47/,   

- гэрч Г.Б-гийн “...тухайн үед Э-тай уулзаад тухайн СХД-н 30-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дунд автомашинтай зогсож юм ярьж сууж байгаад ахуйн газ сорж үзье гэж ярилцаад газыг уутанд шахаж хийж байгаад сороод байж байтал нэг цагдаа хүрч ирээд юу хийж байгаа юм гээд бичиг баримтаа аваад буугаад ир гэхээр нь би автомашиныхаа бичиг баримтаа аваад очих гэтэл миний хажууд сууж байсан Эрхбат нь үнэрлэж байсан газаа арын суудал руу шидэхэд тухайн цагдаа нь цаашаа юу шидээд байгаа юм гээд машинд үзлэг хийгээд дахиад цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 56-58/,   

- Н.Э-ын шээснээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5294 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79/,   

- Н.Э-ын цуснаас сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5292 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5339 дугаартай дүгнэлт : шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 Тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol / илэрсэн, энэ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг /хх-ийн 86-88/,  

- Н.Э нь хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын 1061 дугаартай дүгнэлт /хх-ийн 106-107/,

- Н.Э-ын гэрчээр өгсөн...Би 2020.09.13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум руу ганцаараа төмс хураахаар явсан, тэгээд тариалангийн талбайн хажуу жалганд өмнө нь интернэтээс харж байсан ургамал түүсэн.../хх-49-50/,

- шүүгдэгч Н.Э-ын...Би өөрөө хэрэглэж үзэх гээд сонирхоод түүгээд гэртээ хадгалсан. Өөр ямар нэгэн зорилго байгаагүй гэх мөрдөн байцаалт /хх-115- 118/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд шинжээч нар худал дүгнэлт гаргасан, гэрч худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Н.Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Тус шүүгдэгч нь тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :     

Шүүгдэгч Н.Э нь тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оюутан, хөрөнгө, орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-121-122, 126-128, 130-154/ судлагдсан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Н.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /хх-157-161/, тухайн шийтгэх тогтоолыг 2019.09.20-ны өдөр Н.Э, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсан баримттай (шүүх хуралдааны тэмдэглэл) байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүхийн шийдвэр 2019.10.05-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх учраас шүүгдэгч Н.Эрхбатыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.          

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд болон эрх бүхий ямар байгууллагын хяналтад оршин суух аль газраас ямар маршрутаар хэрхэн зорчин явах, явахыг хориглохтой холбоотой хууль ёсны ба үндэслэл бүхий бөгөөд баримтат маршрут, зураглал тогтоосон нотлох баримтгүй байх тул шүүгдэгчид оршин суух газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн авах боломжгүй, мөн шүүгдэгч нь 19 настай бөгөөд сэтгэц болон бие махбодын хөгжлийн бэрхшээл, хоцрогдолгүй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл, журмыг хэрэглэн улмаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай эсхүл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх тухай түүнчлэн шүүгдэгчийг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй” тухай саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн болно.                   

Шүүгдэгч Н.Э цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй.             

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа /хх-18-19, 178-179/ : “Voyge” гэх бичиглэлтэй 1,5 литрийн хуванцар сав, дотроо өнгөгүй шингэн зүйлтэй, 220 мл савлагаатай, Blue Flams Gas гэх бичиглэл бүхий газ 2 ширхэг, Хужирт нэртэй шил мэт зүйл 1 ширхэг, шөр өнгийн асаагуур 1 ширхэг, мөнгөлөг тугалган мэт цаас 1 ширхэг, газны улаан өнгийн таг 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн ууттай Сэтгэцэд нөлөөт бодис буюу Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг зэргийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан   шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.Э-ын эдлэх 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.        

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.          

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа:      “Voyge” гэх бичиглэлтэй 1,5 литрийн хуванцар сав, дотроо өнгөгүй шингэн зүйлтэй,  220 мл савлагаатай, Blue Flams Gas гэх бичиглэл бүхий газ 2 ширхэг, хужирт нэртэй  шил мэт зүйл 1 ширхэг, шөр өнгийн асаагуур 1 ширхэг, мөнгөлөг тугалган мэт цаас  1 ширхэг, газны улаан өнгийн таг 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн ууттай Сэтгэцэд нөлөөт бодис буюу Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг  Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст  даалгасугай.         

7. Шүүгдэгч Н.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021.01.29-ны өдрөөс эхлэн тооцсугай.       

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР