| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/1182/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1207 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1207
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х Б овогт А-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008027811467 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х Б овогт Алтанхуягийн Бямбасүрэн /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотын орчим коридорт иргэн А.Жтай “чи хэн бэ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Жы мэдүүлэг /хх-ийн 24-26х/, гэрч Ч.Мийн мэдүүлэг /хх-ийн 41-42х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10683 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30х/, шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61х/, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгөтэй эсэх албан тоот /хх-ийн 49х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 66х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72х/, шүүгдэгч А.Бгийн мэдүүлэг /хх-ийн 80-81х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотын орчим, коридорт иргэн А.Жы нүүрэн тус газар шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч А.Жы: “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг өнгөрч байх үед би гэртээ хэвтэж байтал манай байрны коридорт хүмүүс маргалдаад шуугиад байхаар нь юу болов гэж бодоод гартал манай хажуу айлын дүү Мийг үл таних А.Б гэх залуу цохих гээд далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би “юун хүн бэ, хөөе хэн бэ” гэж хэлээд араас нь таттал А.Б гэх залуу эргэж хараад баруун гараараа миний хамар луу нэг удаа цохичхоод гараад зугтаачихсан. Тэгээд би тэр залууг араас нь хөөж барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би А.Б гэх хүнээс эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг авсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х/,
Гэрч Ч.Мийн: “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цаг 30 минутын үед байрны урд талын зогсоолд машинаа байрлуулаад орц руу ороод гэрийн хаалга дээр ирж байтал араас нэг танихгүй эрэгтэй хүн дагаж орж ирээд “та нар юу хийгээд байгаа юм, юун хүмүүс бэ, наад хаалгаа онгойлго, оръё” гэхээр нь “та юун хүн бэ, манай гэрт орж яах гээд байгаа юм бэ” гэтэл намайг цохино гээд далайгаад зогсож байхад нь хажуу хаалганы Ж гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гэтэл эргэж хараад Ж ахын хамар луу цохичхоод зугтаачихсан. Тэгээд Ж ах бид хоёр араас нь хөөж байгаад барьж аваад цагдаад мэдэгдсэн. ...Тухайн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10683 дугаартай: “...А.Жы биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30х/,
Шүүгдэгч А.Бгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би гэрээсээ 12 цагийн үед гараад найз Агийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... хороолол ... тоотод очоод бид хоёр 0.5 литрийн Соёрхол нэртэй архи хувааж ууж дуусчхаад Агийн гэрээс харих гээд явж байснаа санаж байна, яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны гадаа миний араас 2 үл таних хүн хөөгөөд би гүйж байснаа санаж байна. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Би тэр өдрөө Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд орсон. Тухайн өдөр би хүн зодож цохисноо санахгүй байна. ...Би эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч А.Жы эрүүл мэндэд халдсан санаатай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Иймд шүүгдэгч А.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Жд шүүгдэгч нь эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн, хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.Бг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал гэр бүлийн хүний хамтаар хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, орлоготой, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х Б овогт А-ын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ