| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/00180/И |
| Дугаар | 133 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 133
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ”Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ч.Гантулгад холбогдох “16.897.200 төгрөг гаруулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ”Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Говь-Алтай аймагт 1979 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД-53 дугаар байр, 23 тоотод оршин суух, ”Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний хуулийн зөвлөх, өр барагдуулах ажилтан
Урайхан овгийн Түдэвдагвын Анхбал
регистрийн дугаар: ЧП- 79031917
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: ”Сүлд шонхор Инвестмент” ХХК-наас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн зүйл: Үндсэн төлбөр болох 12.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 720.000 төгрөг болон алданги 4.177.200 төгрөг, нийт 16.897.200 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга:
2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ”Сүлд шонхор Инвестмент” ХХК нь иргэн Чинзориг овогтой Гантулгатай харилцан тохиролцсны дагуу СШИ-02/0036 дугаартай Автомашины зээлийн гэрээ байгуулж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.
Зээлдэгч Ч.Гантулга нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/0036 дугаартай Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 21-69 УБЦ улсын дугаартай, JTJHTOOW374021682 арлын дугаартай, 2007 оны хар өнгийн “Лэксус, Элэкс 470” маркийн автомашиныг барьцаалуулсан.
Гэтэл зээлдэгч Ч.Гантулга нь өнөөдрийн байдлаар ердөө зээлийн хүүгийн төлбөр болох 720.000 төгрөг, алдангаас 720.000 төгрөг л төлсөн.
Зээлдэгч Ч.Гантулгатай ”Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн үлдэгдэлд 12.000.000 төгрөгийн өр төлбөртэй байна.
Зээлийн төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш зээлдэгч Ч.Гантулга нь манай байгууллагатай ерөөсөө холбогдоогүй байж өөр ажлын бус утсаар залгахад аваад худлаа ярьж, сүүлдээ бүүр холбогдох боломжгүй удаж байгаа тул мөн Авто машины гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрч байгаад бид харамсалтай байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “ ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд ззсан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “... зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй “,СШИ/0036 тоот Автомашины зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “Зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн дараах нөхцөлөөр олгоно. Үүнд: 2.1.1. Үндсэн зээлийн мөнгөн дүн 12.000.000 төгрөг
2.1.2. Зээлийн хүү /төлбөр/ сарын 6.0 хувь
2.1.3 Зээлийн гэрээний хугацаа 30 хоног
2.1.5 Алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувь
гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 12.000.000 төгрөг, хүү 720.000 төгрөг болон алданги 4177.200 төгрөг нийт 16.897.200 төгрөг нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Иймд 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Автомашины зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, 12.000.000 төгрөг, зээлийн хүү 720.000 төгрөг, алданги 4177.1200 төгрөг, нийт 16.897.200 төгрөгийг хариуцагч Чинзориг овогтой Гантулгаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү!
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү!. гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан Харваачдын гудамж, 2-59 тоотод оршин суух хаягтай
Ноёныхон овгийн Чинзоригийн Гантулга /регистрийн дугаар МД-88010379/ 2016 оны 11 дүгээр сарын 16-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...“Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний гаргасан 16.897.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд 720.000 төгрөгийн хүү шаардсан байгаа нь хууль бус, учир нь “Сүлд шонхор Инвестмент” ХХК-д миний бие 720.000 төгрөг, үндсэн зээлд 720.000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл зээлийн төлбөр 12.000.000 төгрөг, алданги 4177.200 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд нэхэмжлэийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Анхбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... “Сүлд шонхор Инвестмент” ХХК нь иргэн Ч.Гантулгатай 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Автомашин худалдан авсан зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатайгаар байгуулсан. Гэрээний хугацааг анх нэг сараар байгуулсан. Эхний хүүгээ төлөөд, дараа нь 720.000 төгрөг төлснийг авто машины зогсоолын төлбөр, алданги гээд суутгасан байгаа. Одоо үндсэн зээл 12.000.000 төгрөг, зээлийн хүү 720.000 төгрөг, алданги 4.177.240 төгрөг нийт 16.897.200 төгрөгийг хариуцагч Ч.Гантулгаас гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү!
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
“Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний итгэмжлэгдсэн Б.Хандсүрэн Ч.Гантулгад холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 16.897.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
“Сүлд шонхор Инвестмент” ХХК, Ч.Гантулга нар нь харилцан тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0.5 хувийн алданги тооцох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлтэйгээр СШИ-02/0036 дугаартай Зээлийн гэрээ, Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх 02/0036 гэрээг тус тус байгуулан, уг гэрээний дагуу зээлдэгч Ч.Гантулга 12.000.000 төгрөгийг зээлсэн, мөн Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээгээр тээврийн хэрэгсэл авсан гэх талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч Ч.Гантулга нь шүүхэд “...“Сүлд шонхор Инвестмент” ХХК-д миний бие 720.000 төгрөг, үндсэн зээлд 720.000 төгрөг тус тус төлсөн” гэх тайлбар гаргасан ба 2016 оны 02 дугаар сарын 28-нд 720.000 , 2016 оны 04 дүгээр сарын 19-нд 720.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн баримтаар нотлогдсон, дээрх мөнгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... 2016 оны 04 дүгээр сарын 19-нд төлсөн 720.000 төгрөгийг зээл төлсөн гэж үзэхгүй, энэ нь авто машины зогсоолын төлбөр, эрэн сурвалжлуулах, ирж очсон зардалд орсон...” гэж байгаа хэдий боловч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “...зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээл, зээлийн хүү...” гэж зааснаар 4 дүгээр сарын 19-нд төлсөн 720.000 төгрөгийг зээлийн хүүд тооцох боломжгүй байна.
Учир нь: Дээрх зээлийн гэрээ нь “1 сарын хугацаатай” байгуулсан бөгөөд уг гэрээг талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацаа сунгасан баримт хэрэгт авагдаагүй, зээлийн гэрээнд сунгалт гэсэн хүснэгтэнд “хэвийн зээл” гээд зээлдүүлэгч өөрийн гарын үсгийг зурсан нь уг зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “...зээлийн гэрээг сунгаж болно. Энэ тохиолдолд зээлдэгч нь өөрийн биеээр ирж, хугацаа сунгасан зээлийн гэрээг бичгээр байгуулна” гэж зааснаар гэрээнд зээлдэгч гарын үсэг зураагүй, хугацаа сунгасан гэрээг бичгээр байгуулаагүй нь зээлийн нэг сарын хугацаатай байгуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд 2016 оны 4 дүгээр сарын 19-нд төлөгдсөн 720.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үндсэн зээл 11.280.000 төгрөг, гэрээний дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээний хугацаа дуусгавар болсон 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2016 оны 06 дугаар сарын 13-ныг хүртэл хоногийг 0,5 хувийн алданги 4177.200 төгрөгөөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн хүрээнд тооцон бүгд 16.177.200 төгрөгийг хариуцагч Ч.Гантулгаас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч талаас “хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлд дурьсан ба хариуцагч Ч.Гантулга нь үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан СШИ-02/0036 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “...зээлдэгч нь зээл, зээлийн хүүгээ төлөөгүй ... тохиолдолд зээл, зээлийн хүү, алдангийг ... гэрээнд заасан хөрөнгө эх үүсвэрээр үл маргах журмаар төлнө” гэсэн байх тул барьцааны зүйл болох LEXUS маркийн, LX 470 моделийн, JTJHTOOW 374021682 арлын дугаартай, 21-69 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Ч.Гантулга нь 2016 оны 11 дүгээр сарын 16-нд шүүхэд “...“Сүлд шонхор Инвестмент” ХХК-д миний бие 720.000 төгрөг, үндсэн зээлд 720.000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл зээлийн төлбөр 12.000.000 төгрөг, алданги 4177.200 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус байна.
Иймд нэхэмжлэийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!” гэсэн тайлбар гаргасан боловч ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, өөрийн татгалзлалаа нотлоогүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “харин ч манайх хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардлаа нэхэмжилэхээс татгалзаж байна” гэж байгаа боловч дээрх нэхэмжлэлийг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаагүй, харин шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэл гаргаж байснаа татгалзсан гэдгийг нотлох баримт болгон “Нэхэмжлэл” гэсэн 1 хуудас баримт гаргаж ирүүлснийг хэлэлцэж байгаа хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно.
“Сүлд шонхор Инвестмент” ХХК-наас олгосон итгэмжлэлийн дагуу тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандсүрэн нь 2016 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд, 2016-ны 09 дүгээр сарын 21-нд компаний зохион байгуулалтанд өөрчлөлт орсноор Б.Хандсүрэнг захирлаар томилж, Б.Хандсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уг хэрэгт Т.Анхбалыг компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Хариуцагч Ч.Гантулгад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг эрэн сурвалжилж, хариуцагчийг албадан ирүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 02-нд нэхэмжлэлийн хувийг гардуулан, 2016 оны 11 дүгээр арын 16-нд хариу тайлбар ирүүлснээр мөн өдрөө шүүх хуралдаан явуулж, хариуцагчийн оршин суугаа хаягийн дагуу хэргийг шилжүүлсэн байна.
Дээрх хэрэг 2016 оны 12 дугаар сарын 26-нд тус шүүхэд шилжин ирж, уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар удаа дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд “...нотлох баримт зайлшгүй гаргаж өгөх шаардлагатай... 14-21 хоногийг хугацаа өгнө үү” гэсэн тайлбар гаргаж байсан боловч 2017 оны 1 дүгээр сарын 27-нд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх захирамж гаргаж товыг мэдэгдэх, мөн шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд ямарч нотлох бартимт гаргаж ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсээр байхад хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхбалын гаргасан “Сүлд шонхор Инвестмент” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй, хариуцагч Ч.Гантулга, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж бидний ажилд саад учруулж байгаа тул шүүх хуралдааныг тэднийг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ч.Гантулга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 16.177.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 238.836 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д зааснаар Ч.Гантулгаас 16.177.200 төгрөгийг гаргуулан ”Сүлд шонхор Инвестмент” ХХК-д олгож, үлдэх 720.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар Ч.Гантулга үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ч.Гантулгын LEXUS маркийн, LX 470 моделийн, JTJHTOOW 374021682 арлын дугаартай, 21-69 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжинд 238.836 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ