Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0552/З |
Дугаар | 660 |
Огноо | 2018-10-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 660
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Д” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.2 га газар ашиглах эрхтэй болж улмаар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагаас ****/*** тоот газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар авч, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан болно.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар манай газар ашиглах эрхийг “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан болохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 661 дугаар албан бичгээс олж мэдлээ.
Дээрх тушаалаар манай газар ашиглах эрхийг цуцлахдаа манай компанид мэдэгдэх ямар ч үйл ажиллагаа хийгээгүй бөгөөд шууд манай газар ашиглах эрхийг зөрчин цуцалсан учир зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Манай компанийн хувьд дээрх газрыг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах эрхийг авч гэрээ байгуулан гэрчилгээний дагуу ашиглах эрхтэй байсан бөгөөд гэрээнд заасны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ************** тоот газрын төлбөр 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн “Д” аялал жуулчлалын сургалт мэдээллийн төв байгуулахаар төсөл хэрэгжүүлж ажиллаж байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13/5294 дугаар албан бичгээр ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан. Дүгнэлтийг байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч Б.Б хийсэн. Ерөнхий үнэлгээний дүнгээр уг төсөлд шинээр батлагдсан аргачлалын дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн учир “Г” ХХК мэргэжлийн байгууллагаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 2017-2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийлгэж байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Г.Н баталсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу манай компани үйл ажиллагаа явуулж ямар ч хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад ийнхүү цуцалсанд гомдолтой байна.
“Д эхлэл” ХХК нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №18/03 тоот албан бичгээр “Улсын тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд гэрээ байгуулахаар 2-3 удаа очиход Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас /11-342620, 11-342137/ утсаар холбогдож байгаад ирж гэрээ байгуулаарай, одоохондоо Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах гээд ямар ч гэрээ байгуулахгүй байгаа гэдэг хариуг өгдөг байсан.
“Д эхлэл” ХХК нь “Улсын тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулаагүй байсан учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар олгогдсон 0,34 га талбай бүхий газраа зориулалтын дагуу ашиглах боломж бүрдээгүй байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар “Д эхлэл” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартаа дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 14-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тэмдэгтийн хураамж 1,700,000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, төрийн санд 22,500 /хорин хоёр мянга таван зуун/ төгрөгийг тус тус төлсөн бөгөөд Ерөнхий үнэлгээний дүгнэлт, “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, 2017-2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Г” ХХК-иар гүйцэтгүүлсэний үндсэн дээр 2017 оны 11 сарын 15-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гэрээ байгуулах саналаа хүргүүлсэн боловч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тухайн гэрээг байгуулагдаагүй байсан тул газрын төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байсан.
Иймд нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Сум, дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”
Мөн хуулийн 37.2.2-д “Газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тусгана. ” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5-д “газар эзэмшүүлэх хугацаа”, 34.6.6-д “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газар эзэмших гэрээнд тусгана ” гэж тус тус заасан байна.
Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д "иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулахдаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5, 34.6.6.-д заасан журмыг баримтална” гэж заасан нь газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдтэй газар эзэмших, ашиглах гэрээг байгуулснаар газар эзэмших, ашиглах эрх үүсч, төлбөр төлөх үүргийг хүлээх тухай хуулийн зохицуулалт юм.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн “Д эхлэл” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээр дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиудыг зөрчсөн байна.
Учир нь Нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гэрээ байгуулах саналаа хүргүүлсэн боловч өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тухайн гэрээг байгуулагдаагүй байсан учир газраа зориулалтын дагуу ашиглах эрх болон газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй байсан юм. Иймд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Д эхлэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.
Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Тус компани нь дээрх шалтгааны улмаас 2016 онд авсан 0.35 газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь Хан-Уул дүүргийн газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байсан.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм.
Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.****.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан. Гэвч зарим газар ашиглагч нар хуулийн дагуу тавьсан анхааруулгыг үл ойшоож газрын төлбөрөө төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлт зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14.4-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан.
Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акттай холбоотой нэхэмжлэлээ 2018 оны 06 дугаар сарын 07-нд шүүхэд гаргах байсан.
Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.
Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК нь анх 2016 онд Хан-Уул дүүрэгт байрлах Богдхан Уулын Дархан цаазат газрын Арцатын ам нэртэй 0.34 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ****/*** дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг авчээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн дуусгавар болгосон байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна.
Харин Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэжээ.
Гэтэл тус шүүхэд “Ц" ХХК, Э ХХК, Э ХХК, М ХХК, иргэн Н.Ц, К ХХК-аас Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай 03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хэрэг маргааныг шийдвэрлэсэн болно.
Уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн...” шийдвэрлэсэн болох нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байна.
Энэ талаар нэхэмжлэгчийн “...газар ашиглах эрх олгосон гэрчилгээ, тушаал гарснаас хойш “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг байгуулахаар 3-4 удаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан боловч ямар нэг гэрээ байгуулахгүй байгаа гэсэн хариуг өгч гурвалсан гэрээг байгуулаагүй...” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл газрын төлбөр тогтоосон маргаан хянагдаж буй цаг хугацаатай зэрэгцэн нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гурвалсан гэрээ байгуулагдаагүй байх тул “Д” ХХК гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй буюу Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээргүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “Д” ХХК-иас газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч Б.Баар ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийлгэж , уг үнэлгээний дүнгээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлага тавигдсаны дагуу “Г” ХХК-иар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан , 2017-2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг хийлгэсэн нь нэхэмжлэгчээс газраа ашиглахаар тодорхой арга хэмжээнүүд авч байсан боловч захиргааны байгуулагаас санаачлага гарган гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэхээр байна.
Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, 2 дахь хэсгийн 2, 3-т газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулжээ.
Уг хуулийн заалтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байх тул газар ашиглах гэрчилгээ авсан “Д эхлэл” ХХК нь гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж 79 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэрсийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэний дотор нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК багтаагүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайд шийдвэр гаргасан нь учир дутагдалтай бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК нь газрын төлбөр, газар ашиглах үүргээ биелүүлээгүй нь ямар нэгэн шалтгаантай эсэх, гурвалсан гэрээ байгуулсан эсэх зэрэг нөхцөл байдлыг гэрээ байгуулах үүрэг бүхий дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчаас тодруулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаар Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 661 дүгээр албан бичгээр “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар “Д эхлэл” ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон талаар мэдэгдсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс “...Манай газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна гэж хүнээс дам сонссон бөгөөд энэ тухайг тодруулахаар Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандахад...№661 бичгийг өгсөн...” гэсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй, шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин хариуцагчаас албан ёсны www.****.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдрийн анхааруулга бүхий мэдээлэл нь зөвхөн тусгай хамгаалалттай газрын Кадастрын мэдээллийн санг шинэчлэх, бүрдүүлэхтэй холбоотой зарын чанартай болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Богдхан Уулын Арцатын аманд байрлах 0.34 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Д эхлэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д эхлэл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР