Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0649

 

 

  “ХЭГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгч “ХЭГ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын ХЭГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 573 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0342/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХЭГ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын ХЭГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 573 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХЭГ ХХК-иас Байгаль орчин аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “ХЭГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-д "... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

3.2. “ХЭГ” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Баруун богины амны хязгаарлалтын бүсэд 1.72 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т “хэрэгт авагдсан “ХЭГ” ХХК-ийн газар ашиглах 2018/129 дүгээр гэрээний газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлбөрийн хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байсан болон маргаан бүхий акт гарснаас хойш буюу 2021 онд 11,189,375 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.” гэжээ.

3.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..." гэж заасан ба Хан-уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт"-аар нэхэмжлэгч нь 2016 онд 13.090.00 төлөхөөс 0 төг, 2017 онд 22.440.00 төлөхөөс 0 төг, 2018 оны 22.440.00 төлөхөөс 2.197.00 төг, 2019 онд 30.592.680 төлөхөөс 83.079.00 төг, 2020 онд 30.592.680 төлөхөөс 0 төг, 2021 онд захиргааны акт гарах хүртэлх 3.824.085 төлөхөөс 11.189.375 төгрөг төлсөн байдаг. Нийт 26.514.070 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

3.5. “Хүрхрээ эко гарден” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба захиргааны хэрэг үүсгэсний дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд төлбөр төлж “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” үйлдсэн байна.

3.6. Иймд төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь нотлогдож байхад шийдвэрт дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар нэхэмжлэгч “ХЭГ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Баруун богины аманд байрлах 1.62 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, 2019/185 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.

3.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалын хавсралтын 82, 83 дугаарт нэхэмжлэгч “ХЭГ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан тул уг тушаалын холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.

3.3. Хариуцагчаас “ХЭГ” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” ба 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлүүдээр буруутгаж байхад нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлж барагдуулсан ба 2018 оноос хойш өөрийн эзэмшил газартаа барилга угсралтын ажлыг эхлүүлэн хөрөнгө оруулалт хийсэн, “Ковид-19” өвчний цар тахлын үед нийтийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан төсөл түр зогссоноос бусдаар эзэмшил бүхий газраа ашиглаж байгаа хэмээн маргаж байна.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тусгайлан заасан.

3.5. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгч “ХЭГ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Баруун богины аманд байрлах 0.53 га болон 1.18 га газруудыг тус тус ашиглах эрх үүссэнээс хойш 2 жилийн хугацаанд дараалан ашигласан эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот саналыг тус тус үндэслэн шууд шийдвэрлэсэн нь алдаа болжээ.

3.6. Учир нь Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт нь зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй буюу барилга, байгууламж, зам талбай бариагүй тохиолдолд хэрэглэгдэх байтал энэ тохиолдолд нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт “Богд Хаан хотел ба ресорт” аялал жуулчлалын зориулалттай барилгын эскиз зураг гаргуулж, төслийн дагуу барилгын ажил явагдаж байгаа болох нь шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02–ны өдөр хийсэн маргааны бүхий газрын үзлэгээр нотлогдож байх тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй.

3.7. Мөн нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийн тухайд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан боловч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2020 онд 30,592,680 төгрөг төлөхөөс 0 төгрөг төлж, 2021 онд маргаан бүхий акт гарах хүртэлх хугацааны 3,824,085 төгрөг төлөхөөс 11,189,375 төгрөгийг төлж алданги торгуулийн хамтаар 26,514,070 төгрөгийн газрын төлөгдөөгүй үлдэгдэлтэй болсон байна.

3.8. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр цар тахал гарсантай холбогдуулан барилгын ажил түр зогссон бөгөөд 2020 оны газрын төлбөрийг мөн онд төлж барагдуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч хариуцагчаас уг хүсэлтэд хариу хүргүүлээгүй бөгөөд газрын төлбөрийг алданги, торгуулийн хамт 2022 он 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсон болох нь баримтаар тогтоогдож байна.

3.9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан ба нэгэнт нийтэд илэрхий баримт болох “Ковид-19” өвчний цар тахлын үед хөл хорио тогтоосны улмаас нэхэмжлэгчийн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, 2020 оны газрын төлбөрийг цаг тухайд нь өгөх боломжгүй болсон тул энэ талаар мэдэгдэж, хожим алданги, торгуулийн хамтаар төлж барагдуулж байхад нэхэмжлэгчийг шууд буруутган маргаан бүхий актыг гаргасан нь хариуцагч бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэр гаргасан гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА