Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00103

 

 

 

 

 

 

 

 

                               Ц.Борисын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Борисын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Есөн гол Эрдэнэ” ХХК-д холбогдох

“Ажиллаж байсан хугацааны цалин 18.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Борис, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагч Ж.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга ................ нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Борис шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:

2014 оны 04 дүгээр сарын хооронд 180 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үед “Бет-Андууд” ХХК-д Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Энэ үед ажиллаж байсан “Бет-Андууд” ХХК-ийн Ерөнхий захирал М.Мэндбаттай Ж.Бат-Эрдэнэ маргалдаж муудалцсаны улмаас 2014 оны 04 дүгээр сарын 24-нд ажилгүй болж ажлаас халагдсан ба намайг Ж.Бат-Эрдэнийн хүн гэж тооцон ажлаас халсан. 2014 оны 05 дугаар сараас эхлэн Ж.Бат-Эрдэнэ бид хоёр хамтран ажиллахаар хэлцэл хийж, хэлэлцэн тохирч 2014 оны 09 дүгээр сард миний ажлын хөлсөнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Залуус хотхоны 2 өрөө орон сууцыг өгч 3-5 жил хамтран ажиллахаар тогтсон билээ. Ж.Бат-Эрдэнэ захирал надад 1 сарын ажлын хөлс цалинд 1,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн бөгөөд би 2 өрөө байранд нь амьдарч өөрийн орон сууцтай болсон учраас надад цалин хөлс болно гэж бодоод нэг сая төгрөгийг хүлээн зөвшөөрч ажилласан юм. Үүний хөдөлмөр хөлсийг би огт аваагүй юм. Би Ж.Бат-Эрдэнэтэй хамтран ажилласан хугацаандаа 2016 оны 06 дугаар сарыг хүртэл цувуулж авсан мөнгө, биет төгрөг 2,300,000 төгрөг болж байна.

Анх 2014 оны 09 дүгээр сард Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, Залуус хотхоны 22 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг надад цалин болгохоор хэлцлийн үр дүнд өгсөн юм, тэрээр уг байраа буцаан авахаар болсон гэх тул өөрийн ажилласан үеийн хөдөлмөрийн хөлсөө нэхэмжилж авахаар хүсэлт гарган хандав.

Түүнтэй ажилласан үеүүдэд “энэ хүн мөнгөгүй байхад би энэ хүнээс мөнгө нэхэж зовоогоод яахав, намайг ойлгож цалин мөнгийг өгөх л байлгүй” гэж бодсоор өнөөдрийг хүрсэн, цаашид би түүнээс цалин авч чадахгүй болж байгаа тул миний түүнтэй хамтран ажилласан үеийн буюу 2014 оны 05,06,07,08 дугаар саруудын, 2015 оны 07,08,09,10 дугаар саруудын, 2016 оны 04,05 дугаар саруудын цалин авах ёстой байсан 18,000,000 төгрөгийг Ж.Бат-Эрдэнээс гаргуулж, хөдөлмөрийн хөлсийг надад олгуулж өгнө үү

Ц.Борис 2016 оны 06 дугаар сарын  01-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн боловч цагийн бүртгэлд буруу бичигдсэн байна. Иймд 2015 оын 05 дугаар сарын 01 нээс 2016 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл ажилласан хугацааны цалин 12,000.000 төгрөгнөөс авсан 1,705,000 төгрөгийг хасаж, үлдсэн 10,295,000 төгрөг үүн дээр бүтэн жил ажилласан, ээлжийн амралт эдлээгүй, хөдөлмөрийн гэрээний 4.2.15 д ээлжийн амралт эдлэхээр заасан байдаг. Хөдөлмөрийн хуулийн 79 р зүйл ийн 79.1 д ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болох заалттай учраас Мөн хуулийн 79.2 т зааснаар ээлжийн амралтыг 15 хоногоор бодож 1 өдрийн 45,454 төгрөг 15 өдөр = 681,000 төгрөг болно. Хөдөлмөрийн хуулийн 141 р зүйлийн 141.3 т ( Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ноогдуулж ажилтанд олгоно гэж) заасны дагуу миний дутуу авсан 10,295,000 төгрөгийг би 2016 оны 06 дугаар сарын 01-нээс хойш одоо хүртэл аваагүй байгаа учир хариуцагчаас ИХ ийн 232 р зүйлийн 232.4 т заасан үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож олгох зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Ц.Борис нь надаас цалин хөлс болох арван найман сая төгрөгийг нэхэмжилсэн Үунд хариу тайлбар хийж байна. Жамсран овогтой Бат-Эрдэнэ миний бие “Бет-андууд” ХХК-д гүйцэтгэх захирлаар 2011 оноос 2014 оны 3-р сар хүртэл ажилласан ба энэ хугацаанд Ц.Борис нь тухайн компанид 2012 оны 6-р сараас даамлаар 2014 оны 3-р сар хүртэл ажиллаж байсан.

Бид хоёр тухайн компанид цуг ажиллаж байсан болохоос би түүнийг цалинжуулах эрх, үүрэггүй байсан ба тухайн компанид ерөнхий захирлаар Д.Мэндбат ажиллаж байсан бөгөөд бид хоёр цуг халагдсан. Энэ үеийн цалинг ярих гэж байгаа бол Д.Мэндбаттай заргалдаж асуудлаа шийдүүлэх шаардлагатай болно. Би 2014 оны 4-р сард “Есөнгол-Эрдэнэ” ХХК-ийг үүсгэн байгуулж барилга угсралтын тусгай зөвшөөрөл авч улмаар тендерийн ажил хөөцөлдөх үед Ц.Борис нь би найдвартай хүнтэй яриад барилгын тендер олж өгье гээд тухайн үед Улаанбаатар сувиллын захирал Олдох гэдэг хүнтэй уулзуулж таван сая төгрөг надаас гаргуулж түүнд өгч байсан боловч тэр хүн сураггүй алга болсон. Тэгээд манай компани ямар ч ашиггүй он дуусган 2015 он гарсан билээ. Тиймээс Ц.Борис нь 2014 оны 5,6,7,8 дугаар саруудад ямар ч ажил эрхлээгүй өмнө нь цуг ажиллаж байсан танил гэдгээс өөр харьцаа бид хоёрын дунд байгаагүй ба харин би түүнд идэш 600,000 төгрөгөөр авч өгч өөрийн орон сууцанд түрээсийг дараа авах нөхцөлтэйгээр 2014 оны 9-р сарын 18-наас байлгаж 1 жилээр гэрээ хийсэн.

Харин тэрээр одоо болгол тэр байрыг чөлөөлж өгөхгүй байсаар байгаа. 2015 он гараад л тендерийн ажил олох гэж хөөцөлдсөөр 2015 оны 7-р сар хүргэж улмаар 2015 оны 7-р сарын 20-нь өдөр “Бүтээгч” ХХК-тай гэрээ хийж 9 давхар 63 айлын барилгын төмөр бетон карказ угсралт гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын үед Ц.Борисыг 2015 оны 07 сарын 20-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийж талбайн даамалаар авч ажиллуулсан. 2015 оны 7-р сарын 23-ноос ажил эхлээд 8,9-р саруудад бүтэн ажилласан ба 2015 оны 10-р сарын 21-нээс захиалагч талаас барилгын ажил зогсоох шийдвэр гарч хүйтний улирлын зогсолт хийсэн. Энэ хугацаанд Ц.Борис нь архи ууж ажил тасалдаг байсан тул цагийн бүртгэлийг үндэслэн зохих цалинг нь өгч байсан. Үүнийг баримтаар хавсаргана. 2016 он гарч хүйтний улирал дуусч урин цаг ирсэн тул 2016 оны 4-р сарын 4-ний өдрөөс захиалагч талын шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж 2016 оны 6-р сард барилга угсралтын гэрээт ажлаа дуусгасан.

Энэ хугацаанд Ц.Борис нь 2016 оны 4-р сард 12 хоног, 2016 оны 5-р сард 11 хоног ажиллаад ажлаа хаяад явсан юм. Түүнд ажилласан хоногт тохирсон цалинг өгч байсан. Ажил дээр архи уусан үедээ ирдэг байсан ба “Бүтээгч” ХХК-ны ХЭМАБ-ын албанаас ажлын байранд ажиллуулахгүй явуулдаг байсан. Ажилласан хугацааны цалинг санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь өгч байсан бөгөөд цалин олгох хүснэгтэнд гарын үсэг нь байгаа. Иймээс Ц.Борисын нэхэмжлэхийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасныг баримтлан “Есөнгол Эрдэнэ” ХХК-наас 6.295.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Борист олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9.830.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дгаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Есөн гол Эрдэнэ” ХХК-аас 115,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Борист олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдсан гомдолдоо:

Ц.Борис нь Есөн Гол Эрдэнэ ХХК-тай 2015.07.20-ны өдрөөс 2015 оныг дуустал ажиллах гэрээ байгуулан ажиллажээ. Хөдөлмөрийн гэрээний 2.6-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол гэрээ анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэсэн заалт бол хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагч тал гэрээний хугацаа дуусахад гэрээ цуцлах санал тавиагүй учир гэрээ сунгагдсан хүчин төгөлдөр байна.

Мөн хариуцагч тал 2005.11.04-нд 350.000 төгрөгний цалин, 2016.02.05-нд 295.000 төгрөгний цалин, 2016.05.12-нд 100.000 төгрөгний цалин, Ц.Борист өгсөн байна. Хэрвээ сул зогсолтын үед Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийг журамлан тушаал гаргаж зохицуулах ёстой байсан боловч ийм арга хэмжээ авалгүй Ц.Борисыг үргэлжлүүлэн ажиллуулж цалин олгож байсан нь нотлогдож байхад 4 сарын цалин болох 4.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж хууль буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээний 4.2.15-д ээлжийн амралт эдлэхээр байгаагийн зэрэгцээ хариуцагч Ц.Борисын ээлжийн амралтын мөнгө болох 681.000 төгрөгийг өгнө гэж хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримтаар авагдсан байгаа. Шүүх нэхэмжлэлээс 4.681.000 төгрөгийг хууль буруу хэрэглэж авсныг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдсан гомдолдоо:

  Анхан шатны шүүх “ ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна... Хариуцагч нэхэмжлэгчид 4.206.000 төгрөгний цалин олгосон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт байхгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баталж чадахгүй байна...” гэж дүгнэж байгаа нь * хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ.

 Шүүх дүгнэлт хийхдээ: “ ... ажил олгогчоос гаргаж өгсөн Цагийн бүртгэл, цалин тавьж олгосон санхүүгийн баримтууд”-ыг огт үнэлэхгүй байгаа нь буруу юм.

 Нэхэмжлэгч Ц.Борис нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргасан тухай баримтаа хэрэгт өгөөгүй, шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.ҮНДЭСЛЭЛ НЬ:

Нэг.”Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баталж чадахгүй байна...” гэж дүгнэсэн тухайд:

Хариуцагч тал “ ... Ц.Борис нь 2015 оны 07 сарын 23 ны өдрөөс эхлэн ажилласан ба 2015 оны 8, 9-р саруудад бүтэн ажилласан, 2015 оны 10 сарын 21 ний өдрөөс эхлэн Захилагч талаас барилгын ажил зогсоох шийдвэр гарч хүйтний улирлын зогсолт хийгээд 2016-04-02 ны өдрөөс захилагч талын шийдвэрээр ажлаа үргэлжүүлсэн.Ц.Борис нь 2016 оны 4-р сард 12 хоног, 2016 оны 05-р сард 11 хоног ажилласан...” тухай тайлбарлаад энэхүү тайлбарыг нотолсон баримт нь Цагийн бүртгэл, цалин олгох хүснэгт, Захиалагчийн улирлын зогсолт хийх тухай албан бичиг зэрэг баримтууд хэрэгт бий. Эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан баримт ба шүүх нотлох баримтуудыг огт үнэлээгүй.

Хоёр.Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 /Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан/ дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар “ Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдол”-оор Ц.Борисын нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу Ц.Борис нь хөдөлмөрийн гэрээний үүргээ ажил : олгогч биелүүлээгүй талаар “Есөн гол Эрдэнэ” ХХК-ний хөдөлмөрийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх бусад байгууллагад хандаагүй бөгөөд энэ талаарх баримт нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй.Шүүхээр шийдвэрлэх маргаан мөн эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Дээрх маргааныг “...хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг давж заалдсан гомдол...” гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар  “...хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...” гэснийг буюу Маргааны талаар гомдол гаргах хугацааг Ц.Борис хэтрүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх бусад байгууллагад огт хандаж байгаагүйд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хийсвэр дүгнэлт боллоо.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж  284 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр шийдвэрлэх маргаан мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, мөн хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хугацааг Ц.Борис нь хэтрүүлсэнд бодит үнэлэлт өгч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Борис ажиллаж байсан хугацааны цалин 18.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Есөн гол” ХХКомпаниас  цалин 10.295.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 681.000  төгрөг, цалингийн 50 хувиар тооцож алданги тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Шүүх хариуцагч “Ёсөн гол” ХХКомпанид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн  нэхэмжлэлийг гардуулан өгөөгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ”-д гэж заасныг тус тус зөрчиж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Ц.Борис нь дутуу олгогдсон цалин, ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулахаар нэхэмжилдээ дурдсан ба шүүхэд гаргаж буй маргаан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан “...нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргасан тухай баримтаа хэрэгт өгөөгүй, шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй ...хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлээгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэлийн талаар эрх  зүйн дүгнэлт хийх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Борисын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.846 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.670 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ