Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1211

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-ийн Бт холбогдох эрүүгийн 2008025911363 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Н-ийн Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... худалдааны төвийн автомат төгрөгийн машинд Н.Аийн эзэмшлийн ...ны ... дансны дугаартай картыг уншуулж 455.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Н.Аөд 455.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2 цагийн үед таксиндаа сууж байтал нэг эмэгтэй ирээд таксинд яваад өгөөч гэж гуйгаад байсан. Би тэр эмэгтэйд хандаж надад түлш байхгүй гэсэн чинь би 10,000 төгрөгийн түлш хийж өгье гээд хамт явсан. Тэр эмэгтэй хоёр бага насны хүүхэдтэй хамт явж байсан. Бид орой 23 цаг хүртэл ийш тийшээ хамт явсан. Би найзтайгаа уулзахаар болоод “чи одоо буух уу, хүүхдүүд чинь ядарлаа, би хүнтэй уулзах болчихлоо” гэхэд “хоёулаа хамт явъя, би хүүхдүүдээ айлд үлдээчихье” гээд хамт явсан. Хохирогч машин дотор уугаад нэлээд халчихсан байсан. Манай хоёр найзтай хамт сууж байгаад сонин зан гаргаад байхаар нь “чи болиоч” гэсэн чинь хоёр ширээний цаана гурван залуутай хамт очоод суусан. Тэгээд ирж цүнхээ авчхаад буцаж ирээд надад картаа өгөөд авах юм байвал аваарай гэсэн. Тэр гурван залуутай хамт сууж байгаад гэнэт алга болсон байсан. Би тэндээс гараад ...гийн тэндээс картнаас нь мөнгө авсан. Би банкны зээлтэй байсан болохоор авчихсан юм. Надад өгснөө мэдэж байгаа юм чинь маргааш ирэхэд нь үнэн учраа хэлье гэж бодсон. Надад хулгайлах зорилго байгаагүй, хохирогч намайг хаана зогсдогийг мэднэ, өөрөө ирээгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-25х/, Н.Аийн эзэмшлийн ... дугаартай “...”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32х/, хохирогч Н.Аийн мэдүүлэг /хх-ийн 10х, 12х/, шүүгдэгч Н.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 49х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 51х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 52х/, ...ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-54х/, шүүгдэгч Н.Бийн мэдүүлэг /хх-ийн 41-42х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Н.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “....Н.Бийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжтэйгээр үйлдэгдсэн тул зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг 40 минутын орчим өөрийнх нь таксийгаар үйлчлүүлсэн иргэн Н.Аийн согтуурсан байдлыг далимдуулан ...ны виза картыг нь авч улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... худалдааны төвийн автомат төгрөгийн машинд уншуулж 455.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Аөд 455.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Аийн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө найз нарын хамтаар пиво ууж байгаад найз нараасаа салаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... эцэс дээрээс такси бариад шинэ зам орох гэтэл уг таксины жолооч гэх 30-35 орчим насны эмэгтэй хүн “миний машин бензингүй болчихлоо” гэхээр нь би уг эмэгтэй машинд Нарангийн голоос доош яваад 10.000 төгрөгт бензин хийж өгсөн. Би нэлээд согтолттой байсан, уг эмэгтэй надад найзууд дуудаад байна гэж хэлж байсан. Тэгээд нэг сэртэл уг эмэгтэйн хамтаар найз залуугийнхаа гэрийн гадна ирсэн, мөн ахиад зүүрмэглээд нэг сэрсэн чинь Орбитын орчимд караокед байж байсан. Тэгээд би өглөө сэртэл миний карт байхгүй, мөн гар утсанд миний данснаас 550.000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн байсан болохоор цагдаад хандсан. Би урьд өмнө таньдаггүй байсан. Уг эмэгтэй өөрийгөө Бадмаа гэж байсан. Би 100,000 төгрөгөө өөрөө авсан байсан. Харин дараа нь миний картнаас 455.000 төгрөг авсан байна лээ. Би 455.000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний картыг буцааж надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10х, 12х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг 38 минут 24 секундэд ... худалдааны төвийн АТМ-д хар цоохор өнгийн цамц дээгүүрээ өмссөн, хар саарал өнгийн жинсэн өмдтэй, туранхайдуу биетэй, шөвгөр царайтай, хар хүрээтэй нүдний шилтэй, үсээ ардаа боосон эмэгтэй хүн орж ирж буй дүрс байх бөгөөд уг эмэгтэй нь ...ны АТМ-ээс бэлэн мөнгө аваад гарч байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20х, 24-25х/,

Н.Аийн эзэмшлийн ... дугаартай “...”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23:45 минутад 455,000 төгрөг зарлагаар гарсан” /хх-ийн 32х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч Н.Б нь “...хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч нь өөрөө юу дуртайгаа аваарай гэж картаа надад өгсөн” гэж мэдүүлсэн ч хохирогч нь уг байдлыг үгүйсгэж, хулгайд эд зүйлээ алдсан хэмээн гомдол гаргаж,  хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийнх нь эзэмшлийн ...ны карт алдагдсан, уг картнаас зөвшөөрөлгүйгээр 455.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байгаагаа  мэдүүлсэн, ...ны дансны хуулгаар 455.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйл “Хулгайлах” гэмт хэргийн шинж нь хохирогчид мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд, хууль бус аргаар авсан байхыг шаардахаас гадна мөн бага буюу өндөр настай, сэтгэцийн болон хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзнэ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл “Хөрөнгө завших” гэмт хэргийн гол шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан байхыг ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Н.А нь шүүгдэгч Н.Бт өөрийн эзэмшлийн ...ны картыг өгсөн болох нь тогтоогдоогүй, харин хохирогчийн мэдүүлэгт тэрбээр тухайн өдөр согтуу, ухаан санаа нь орж гараад яваад байсан талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг үгүйсгээгүй тул шүүгдэгчийг хохирогчийн согтуурсан энэхүү байдлыг далимдуулан түүнд мэдэгдэлгүйгээр, түүний эзэмшлийн картыг хууль бусаар нууцаар авч, улмаар АТМ-ээс бэлэн мөнгө авч өөртөө захиран зарцуулсан байна гэж үзэх үндэстэй ба түүний уг үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан тул Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй тул шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Н.Бийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 455.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Давгадорж нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг шүүгдэгчид хэрэглэх боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, бусдад төлөх төлбөргүй байдал, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Н-ийн Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.АЛТАНЦЭЦЭГ