| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/0109/И |
| Дугаар | 156 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 156
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1963 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мебель засаг чимэглэгч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Сайншанд хот, 3 дугаар баг, Мааньзав гудамжны 6-121 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй
Боржигон овгийн Дагвадоржийн Тунгалаг
регистрийн дугаар: МЮ- 63060362
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Д.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие анх 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах үйлдвэрийн фанер”-ийн цехэд ажилд ороод суурь машинчаар ажиллаж байгаад 1980 оны 11 дүгээр сарын 26-нд амаржаад, 1981 оны 06 дугаар сард ажилдаа орсон. Ингээд ажиллаж байгаад 1984 онд дахин амаржаад 1985 оны 06 дугаар сард ажилдаа эргэж ороод ажилласан. 1988 оны 02 дугаар сарын 29-нд амаржаад мөн 7 дугаар сард ажилдаа орсон. 1990 оны 01 дүгээр сарын 14-нд амаржаад 1990 оны 08 сард ажилдаа ороод ажиллаж байгаад 1992 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч “Мод боловсруулах үйлдвэр”-ийн боловсон хүчин миний хөдөлмөрийн дэвтэрийг үрэгдүүлсэн тул намайг 1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1992 оны 08 дугаар сарын 29-нийг хүртэл “Мод боловсруулах үйлдвэр”-т суурь машинчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Д.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 1978 онд Сэлэнгэ аймгийн Ойн Техник мэргэжлийн сургууль төгсөөд 1980 онд Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах үйлдвэр”-т суурь машинчаар ажилд орсон. “Мод боловсруулах үйлдвэр”-т 1992 он хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй. Сэлэнгэ аймгийн архиваас шүүлгэж үзэхэд ч гарч ирээгүй. Иймд намайг 1980-1992 онд Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах үйлдвэр”-т суурь машинчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Д.Тунгалаг нь 1980 оноос 1992 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Мод боловсруулах комбинат”-д ажиллаж байсан боловч түүний ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр олдохгүй болсон гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Д.Тунгалаг нь Сэлэнгэ аймгийн Ойн Техник мэргэжилийн сургууль төгсч 1980 оны 07 дугаар сарын 04-нд “Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинат”-д тус комбинатын даргын 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152 дугаар тушаалд “ Сэлэнгэ аймгийн Ойн ТМС-ийг төгсч, ОМАҮЯамны хуваариар ирсэн хавсралт нэр бүхий 86 хүүхдийг 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хуваарилсан завод цэхүүдэд авч ажиллуулсугай” гэх тушаал болон уг тушаалын хавсралтын 20 дугаарт Дагвадоржийн Тунгалаг, фанерын цехэд...” гэх тушаалаар ажил орсон байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...1992 он хүртэл тус байгуулагад ажиллаж байгаад өмч хувьчлал явагдаж орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн, тухайн үед тушаал, хөдөлмөрийн дэвтэр зэргээ аваагүй байж байгаа үрэгдүүлсэн, мөн үйлдвэрт ажиллаж байхдаа 4 хүүхэд төрүүлж, хүүхдээ 56 хоногтой байхад нь ажилдаа ордог байсан” гэх тайлбар гаргасан ба нэхэмжлэгч нь 1980 оноос 1992 онд Сэлэнгэ амйгийн Сүхбаатар хотын “Мод боловсруулах комбинат”-д ажиллаж байсан болох нь түүнтэй хамт ажиллаж байсан гэх Л.Оюунчимэг, Б.Мягмарсүрэн, О.Тунгалагтамир нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлгүүд, мөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Харин нэхэмжлэгч нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд заасан нөхцөл бололцоог хангасны улмаас 1990-2000 он хүртэл 10 жил ажилласан жилийг нөхөн тооцуулахаар тогтоолгосон байх тул 1990-1992 он хүртэл ажилласан жилийг давхардуулан тогтоох боломжгүй байна.
Иймд Боржигон овгийн Дагвадоржийн Тунгалагийг Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын “Мод боловсруулах комбинат”-д 1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл суурь машинчаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Дагвадоржийн Тунгалагийг Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын “Мод боловсруулах комбинат”-д 1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл суурь машинчаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх 1 жил 8 сарын ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ