Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1240

 

 

 


 

 

 

 

            2020         12          18                                        2020/ШЦТ/1240

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Б.Ганзориг, түүний өмгөөлөгч  Б.Баярням (үнэмлэхийн дугаар-0226) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008000711336 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам 18 дугаар гудамж 5 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 6 дугаар гудамжны 5 тоот хаягт түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Бадамдоржийн Ганзориг (РД:),

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 45-1-10 тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Бетел” төвийн үсчний газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, үсний индүү 3 ширхэг, үсний машин 2 ширхэг, үсний сэнс 1 ширхэг, үсний хайч 3 ширхэг, үсний сам 1 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхэг, улаан өнгийн сав 1 ширхэг, үсчний багс 1 ширхэг, үсний хими 1 ширхэг, үсний гель 1 ширхэг, үсний лак 4 ширхэг, үсний будаг 10 ширхэг, шампунь, тос 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас иргэн Ц.Отгонгэрэлд 336500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Ганзориг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хэсэг таньдаг хүмүүстэй хамт архи уугаад, тэр газар луу орсон. Тэндээс эд зүйл авч явж байгаад цагдаа нарт баригдаад, үсчний газраас эд зүйл авсан байна гээд тухайн газарт дагуулж ирэхэд нь гайхсан. Би хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Ц.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 45-1-10 тоотод байрлах “Бетал” төвийн нэг давхарт байрлах үсчний газраа хаагаад явсан. Маргааш өглөө 09 цагийн үед үсчний газраа нээтэл манай үсчинд хулгай орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж би эд зүйлсээ шалгасан. Тэгээд удалгүй хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Гантүвшин нь хулгай хийсэн хүнийг барьчихлаа гээд миний алдагдсан эд зүйлсийн авч ирж үзүүлсэн. Би “мөн байна зарим эд зүйлс нь байхгүй байна гэж” хэлтэл цагдаагийн алба хаагч нар “за тэгүүл таны эд зүйлсийг түр хурааж авлаа” гээд аваад явсан...Алдагдсан гэх эд зүйлсээ бүртгэж үзтэл үсний индүү 3 ширхэг, үсний машин 2 ширхэг, үсний шулуун хими 1 ширхэг, үс засдаг хайч 3 ширхэг, үсний лак 4 ширхэг, үсний сэнс 1 ширхэг, үсний будаг 10 ширхэг, шампунь тос 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан байсан. Дараа нь цагдаагаас үсний индүү 3 ширхэг, үсний хайч 3 ширхэг, үсний сэнс 1 ширхэг, үсний сам 1 ширхэг эд зүйл хүлээн авсан. Бусад лак, будаг, хими, тос шампунь зэргийг хүлээн авсан боловч дахин хэрэглэх боломжгүй хөлдсөн байсан. Одоо бол дахин ашиглах боломжгүй болсон эд зүйлээ нэхэмжилж байна. Мөн 2 ширхэг үсний машин маань дахин ашиглахааргүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 29 дүгээр хуудас),

 

  • Гэрч Г.Гантүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрээс залгаж танай хариуцсан хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бетел” төвийн хажууд байх үсчинд хулгай орсон байна хэргийн газрыг хамгаалалтад аваарай, жижүүрийн бүрэлдэхүүн удахгүй очно гэж хэлэхээр нь би шууд яваад очсон. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хэргийн газрыг хүлээлгэн өгчхөөд ойр орчмоор хүмүүстэй уулзаад явж байтал Толгойтын эцэс дээр согтуу хайрцагтай зүйл барьчихсан явж байхаар нь шалгаж үзтэл дотроос үсчний газраас алдагдсан гэх эд зүйлтэй ижил төстэй зүйл аваад явж байхаар нь хэргийн газарт авчирч хохирогч гэх хүнд үзүүлэхэд мөн байна гэж хэлсэн. Тэгээд зарим зүйлс нь дутуу байна гэж хэлж байсан. Тэгээд тухайн хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас)

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 518 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

- “Эд зүйл түр хураасан тэмдэглэл” (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)

- Хохирогч Ц.Отгонгэрэлд хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар тал)

- Шүүгдэгч Б.Ганзоригийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ганзоригт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч шүүгдэгч Б.Ганзориг нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 45-1-10 тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Бетел” төвийн үсчний газрын хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч, 336.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь:

- хохирогч Ц.Отгонгэрэлийн “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед ...“Бетал” төвийн нэг давхарт байрлах үсчний газраа хаагаад явсан. Маргааш 09 цагийн үед үсчний газраа нээтэл хулгай орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн...алдагдсан гэх эд зүйлсээ бүртгэж үзтэл үсний индүү 3 ширхэг, үсний машин 2 ширхэг, үсний шулуун хими 1 ширхэг, үс засдаг хайч 3 ширхэг, үсний лак 4 ширхэг, үсний сэнс 1 ширхэг, үсний будаг 10 ширхэг, шампунь тос 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан байсан. Тэгээд цагдаа нар ирсэн...хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Гантүвшин нь хулгай хийсэн хүнийг барьчихлаа гээд алдагдсан эд зүйлсийг авч ирж үзүүлсэн. Тэр орой нь би үсний индүү 3 ширхэг, үсний хайч 3 ширхэг, үсний сэнс 1 ширхэг, үсний сам 1 ширхэг эд зүйл хүлээн авсан. Бусад лак, будаг, хими, тос шампунь зэргийг хүлээн авсан боловч дахин хэрэглэх боломжгүй хөлдсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-25,29),

- гэрч Г.Гантүвшингийн “...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрээс...“Бетел” төвийн хажууд байх үсчинд хулгай орсон байна хэргийн газрыг хамгаалалтад аваарай, жижүүрийн бүрэлдэхүүн удахгүй очно гэж хэлэхээр нь би шууд яваад очсон...ойр орчмоор хүмүүстэй уулзаад явж байтал Толгойтын эцэс дээр согтуу, хайрцагтай зүйл барьчихсан хүн явж байхаар нь шалгаж үзтэл үсчний газраас алдагдсан гэх эд зүйлтэй ижил төстэй зүйл байхаар нь хэргийн газарт авчирч хохирогч гэх хүнд үзүүлэхэд мөн байна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг ( хх32-33),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 518 дугаартай “Үсний индүү /3ширхэг-90.000 төгрөг/, үсний машин /2ширхэг-54.000 төгрөг/, хими /1ширхэг-36.000 төгрөг/, хайч /3ширхэг-31.500 төгрөг/, гель /1ширхэг-1000 төгрөг/, лаак /4ширхэг-12.000 төгрөг/, сэнс /1ширхэг-36.000 төгрөг/, будаг /10ширхэг-50.000 төгрөг/, шампунь тос /1ширхэг-25.000 төгрөг/, сам /1ширхэг-1000 төгрөг/, утасны цэнэглэгч /1ширхэг-2000 төгрөг/, үс буддаг багс /1ширхэг-1000 төгрөг/, сав /1ширхэг-1000 төгрөг/, нийт хохирлын үнэлгээ 336.500 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх40-41),

  •  Эд зүйл түр хураан авсан /2019.12.24/ ”үсний будаг 1 ширхэг, эндүү 3 ширхэг, сэнс 1 ширхэг, сам 1 ширхэг, хайч 3 ширхэг, үсний машин 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, гель 1 ширхэг, лак 3 ширхэг, үсний гөвүүр 1 ширхэг” тэмдэглэл (хх-17),
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 45-1-10 тоотод байрлах ертөнцийн зүгээр хойшоо харсан 1 давхар, халуун ус, үсчин гэсэн хаягтай...нийтийн эзэмшлийн газар байв. Ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан цагаан өнгийн хаалга байх ба хаалганы түгжээг эвдэж орсон байдалтай, дотогш ороход хойшоо харсан цагаан өнгийн вакум хаалгатай үсчний газар байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх11-15),
  • шүүгдэгч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болно.

            Мөн хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Ганзориг нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Ц.Отгонгэрэлийн эзэмшлийн үйл ажиллагаа зориулалттай орон байранд /үсчний газар/ нэвтэрч, 336.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдлийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Отгонгэрэлд “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 518 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх40-41)-ээр нийт 336.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-18)-ээр 228.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн байна.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “Тэр орой нь цагдаагаас үсний индүү 3 ширхэг, үсний хайч 3 ширхэг, үсний сэнс 1 ширхэг, үсний сам 1 ширхэг эд зүйл хүлээн авсан. Бусад лак, будаг, хими, тос шампунь зэргийг хүлээн авсан боловч дахин хэрэглэх боломжгүй хөлдсөн, 2 ширхэг үсний машин дахин ашиглахааргүй болчихсон эд зүйлээ нэхэмжилж байна” гэх мэдүүлгийг өгсөн ба хэргийн 87 дугаар талд авагдсан хохирлын тооцооны баримтаар 174.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Ганзориг нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр түүний Хаан банкны дансанд 174.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ялын хэмжээг бууруулан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Ганзориг нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хх-72) буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгч Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасан зохицуулалтыг хэрэглэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэхийг шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийг 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008000711336 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Ганзоригийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2008000711336 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.  Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР