Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,    

улсын яллагч С.Энхням,    

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-гийн Г-д холбогдох 1708 00745 0481 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт  

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Нийслэлийн Баянгол дүүргийн Шинэ-Өргөө ОНӨААТҮГ-ын Хог тээврийн хэлтэст ачигчаар ажилладаг, ам  бүл 2, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд Дарь-Эх гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Мандал-Овоогийн *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогтой Х-гийн Г /РД:*******/,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө О.Б, Х.Ү нартай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Ганзоригийн эзэмшлийн *** УНЛ улсын дугаартай Д.О-ын эзэмшлийн *** УНЛ улсын дугаартай “Hyundai mixer” маркийн тээврийн хэрэгслүүдээс тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч Д.Г-т 600,000 төгрөг, хохирогч Д.О-т 600,000  төгрөгийн хохирол тус тус учруулан “Хулгайлах” гэмт хэргийг “Тусгайлан хамгаалах байр, /агуулах/-д нэвтэрч” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :      

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө О.Б, Х.Ү нартай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Г-ийн эзэмшлийн *** УНЛ улсын дугаартай, Д.О-ын эзэмшлийн *** УНЛ улсын дугаартай “Hyundai mixer” маркийн тээврийн хэрэгслүүдээс тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг аккумляторыг хүч хулгайлж хохирогч Д.Г-т 600,000 төгрөг, Д.О-т 600,000  төгрөгийн хохирол тус тус учруулсан болох  нь:            

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Сонсголон” ХХК-ийн үйлдвэрээс автомашины аккумлятор алдагдсан тухай тэмдэглэл /1хх-04/

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-11, 2хх-ийн 21/,

- хохирогч Д.О-ын... 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголон” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаан дотроос өөрийн эзэмшлийн *** УНЛ улсын дугаартай хьюндай миксер маркийн автомашины 2 ширхэг аккумлятор хулгайд алдсан. Би өөрийн алдагдсан 2 ширхэг аккумлятораа 700,000 төгрөгөөр үнэлж байна...аккумляторуудыг Өгөөмөр захаас 700,000 төгрөгөөр худалдаж авч байсан...минийх хар өнгийн цэнхэр “Saill” гэсэн бичигтэй, буруу толгойтой 2 ширхэг 150 амп цагтай аккумлятор байсан..гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23, 25, 2хх-23-24/,  

- хохирогч Д.Г-ийн... 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголон” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрийн хашаан дотроос өөрийн эзэмшлийн хьюндай миксер маркийн автомашины 2 ширхэг аккумлятор хулгайд алдсан. Би өөрийн алдагдсан 2 ширхэг аккумлятораа 700,000 төгрөгөөр үнэлж байна.  Уг аккумляторуудыг 2017 оны 5 сард Өгөөмөр захаас 700,000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэх мэдүүлэг /1хх-28-30, 31-32/,

- хөрөнгийн үнэлгээний тайлан:...Хьюндай миксер автомашины аккумлятор 1 ширхгийн үнэ 300,000 төгрөг, нийт 4 ширхгийн үнэлгээ 1.200.000 төгрөг /1хх-ийн 73-74, 76-77/, 

- эд зүйл түр хураан авсан авсан тэмдэглэл...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” нэртэй хоёрдогч түүхий эд авах цэг дээр очиж биечлэн сурвалжилга хийж ажиллахад гарал үүсэл нь тодорхойгүй 13 ширхэг аккумляторыг тус цэгийн хариуцах ажилтан ХУД-ийн ** хороо, *** тоотод оршин суух Ч-ын Т-гээс /РД:******/ түр хураан авч ажиллав..гэх тэмдэглэл /1хх-33/,

- хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аккумляторуудаас XFCH, Delkor гэсэн бичигтэй шинэвтэр 150 АМП цагтай аккумляторыг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 20 минутад О.Б нарт холбогдох эрүүгийн 201726011131 дугаартай  хэргийн хохирогч Д.Г-т хүлээлгэн өгсөн..гэх тэмдэглэл /1хх-34/,  

- гэрч Ч.Т-гийн...2017 оны 8 дугаар сарын 12-наас 2017 оны 8 дугаар сарын 13-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн баруун талд Петровис шатахуун түгээх станцын зүүн талд миний хариуцан ажиллуулдаг “Оргил” нэртэй хоёрдогч түүхий эд худалдан авах цэг дээр Г бид хоёр хамт байхад шөнийн 03 цагаас 04 цаг 00 минутын хооронд урьд өмнө манай цэг дээр аккумлятор өгч байсан эмэгтэй, эрэгтэй хоёр хүүхэд ирж 150 ампертай 8 ширхэг аккумляторуудыг марк тодорхойгүй машинаар зөөвөрлөн ирж нэг бүрийн үнийг 40,000 төгрөгөөр тооцож нийт 320,000 төгрөгөөр өгсөн...гэх мэдүүлэг /2хх-25-26, 27/,     

- гэрч Ю.О-ийн...би харуулын ажил эрхэлдэг бөгөөд манай байгууллага нь бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өглөө ажил цуглаад байж байтал шаврын машины жолооч О гэх залуу ирээд миний машины аккумлятор алдагдсан байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн ба уул нь шөнө 01 цаг 30 минутын үед гадуур гарч харуул хамгаалалтаа шалгаж явсан бөгөөд ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /1хх-35-36/,

- насанд хүрээгүй гэрч Х.Ү-гийн...би 23-24 цагийн орчимд хамтран амьдрагч О.Б, найз Х.Г-ын хамтаар тоёота приүс 11, маркийн шаргал өнгөтэй автомашинд суугаад Сонсголонгийн зам дагуу зогсож байгаад гэрлэн дохионы ойролцоо зогсоод Г, Б нар буугаад автомашины багажийг онгойлгоод ямар нэгэн эд зүйл хийгээд байсан. Тэндээсээ шууд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22 товчооны зам дагуу байрлах 2 дахь түүхий эд авах газар очоод Б, Г хоёр буугаад аккумлятор өгөхийг харсан...гэх мэдүүлэг /1хх-39-41/,

- насанд хүрээгүй гэрч Х.Ү-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 42-51/,

- О.Б-ын яллагдагчаар өгсөн...Г, Ү нарын хамтаар 2017 оны 7 сарын сүүлээр байх Сонсголонгийн замын баруун талаас мөн хайрагны үйлдвэрийн хашааг Г-ын хамт давж орж, 4 ширхэг аккумляторыг авч замдаа өгсөн..гэх мэдүүлэг /1хх-ийн 58-61/,

- яллагдагч Х.Ү-гийн...2017 оны 7 дугаар сард наадмын дараа бороотой шөнө байсан Б, Г бид нар байсан шөнө 00 цагийн үед байх тухайн байгууллага нь ажиллаж байхад нь Г, Б 2 хашаа руу ороод том машины аккумлятор зөөж авч гарч ирсэн, уг аккумляторуудаа замд түүхий эд авдаг цэгт шөнө Г, Б 2 өгсөн хэдэн төгрөгөөр өгснийг мэдэхгүй..гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67, 112-113/,

- шүүгдэгч Х.Г-ын...2017 оны 7 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед хамт амьдарч байсан эмэгтэйнд Баянхошуунд байхад миний таньдаг дүү Б яриад ахаа 50,000 төгрөгийн ажил хийх үү, хийнэ гэвэл 21 дүгээр хороолол дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би 21 дээр очиход Б найз охин гэх Ү гэх охинтой хамт байсан...Бид 3 хамт Сонсголонгийн зүг алхаад нэг газар очоод...тэгээд бид хоёр хамт хашаа давахад уг хашаан дотор нэлээд олон тооны том оврын тээврийн хэрэгслүүд байсан ба 2 машины 4 аккумляторыг Б түлхүүрээр тайлж аваад би аккумляторыг өргөөд бид хоёр хашаа давуулсан тэр үед би хулгай хийж байгаагаа мэдээд, хулгай хийж дууссаныхаа дараа дахиж би чамтай нийлж хулгай хийхгүй шүү гэж хэлээд Ү бид 3 хамт таксинд суугаад 5 шарын тэр хавьд санагдаж байна нэг газар зогсоод Б, Ү нар аккумляторуудаа аваад буусан, би машинд хүлээж байсан. Тэр 2 нэг их удалгүй 10 минут орчим болоод эргэж ирээд надад 50,000 төгрөг өгөөд би тэр хоёроос салаад явсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй...гэх мэдүүлэг /1хх-232-233/,

- шүүгдэгч О.Б, Х.Ү нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан нотлох баримтын эх сурвалж /1хх-197-223, 2хх-1-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.       

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.     

Иймд шүүгдэгч Х.Г-ыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг  тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Г-т алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн, хохирол барагдсан /1хх-32-34, 2хх-42/, хохирогч Д.О санал гомдол байхгүй, хохирол барагдуулсан болохоо мэдүүлж, бичгээр илэрхийлсэн /1хх-25, 2хх-43/, Х.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт хэн нэгнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, энэ талаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтад бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн /2хх-56/ байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :    

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.        

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,   хувийн тодорхой хөрөнгөгүй, 2020 оны 10 сараас Баянгол дүүргийн “Баянгол шинэ өргөө” нийтийн үйлчилгээний үйлдвэрийн газарт ачигчаар ажиллаж байсан болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /1хх-127, 136, 145-146, 153-154, 180-186, 188-189, 2хх-33, 36-40/ судлагдсан болно.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х.Г-ыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Х.Г-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Шүүгдэгч Х.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021.02.03-ны өдрөөс эхлэн тооцсугай.           

 7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Х.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ :                              Г.ГАНБААТАР