Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1247

 

 

 

 

 

 

 

 

       2020        12          21                                          2020/ШЦТ/1247

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

            улсын яллагч Т.Отгонтөгс,

   шүүгдэгч Д.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001449 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, “Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургууль”-ийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл-2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 1-6 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.М овогт Д.Түвшинбаяр (РД:).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Түвшинбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо КFC-ийн байрны 3 давхарт байрлах “Альфа РС” тоглоомын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Батжаргалын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Түвшинбаяраас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр найз Баяржавхлангаас мөнгө авахаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны KFC-ийн байрны 3 давхарт байрлах альфа PC тоглоомын газар руу ороход зүс таних Түвшинбаяр сууж байсан. Тэгсэн Түвшинбаяр “хуучин тооцооны үлдэгдэл мөнгө байгаа тэрийгээ өг” гэхээр нь “надад чамтай хийх тооцоо байхгүй” гэж хэлэхэд над руу уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь би очоод “юу гээд байгаа юм хэл амаа бодож ярь” гэж хэлээд толгой руу нь гараараа хальт шүргээд цохиход Түвшинбаяр босож ирээд гараараа хамар руу цохиод авахад нь би үснээс нь хойшоо татахад толгойгоороо хамар руу дахиад мөргөсөн. Тэгээд хажууд байсан хүмүүс болон Баяржавхлан боль гээд салгасан. Миний хамраас цус гараад байхаар нь би тэндээс гараад Гэмтлийн эмнэлэг орж хамраа үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл, хамар мурийсан байна гэхээр нь цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дүгээр хуудас хуудас),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11329 дугаартай: “хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу баруун тийш мурийсан, бага зэрэг хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, Хоёр нүдний доод зовхинд бүдэг ягаан өнгийн цус хуралттай.

1. Б.Батжаргалын биед хамрын таславчийн мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч Д.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “...2020 оны 10 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо KFC-ийн байрны 3 давхарт байрлах “Альфа PC” тоглоомын газарт ороод сууж байхад танил Батжаргал орж ирсэн. Би “өмнө зээлсэн 50.000 төгрөгөө арай удаж байна ш дээ, 1-р сард авсан биз дээ” гэхэд Батжаргал “чамд өгөхгүй, чи хогийн зан гаргасан” гэж хэлэхэд “та гуйж авчхаад ямар арчаагүй юм бэ” гэж хэлээд сандал татаад суухад Батжаргал араас үснээс зулгаагаад доошоо дарахаар нь би босоод Батжаргалыг заамдаж аваад гараараа нүүр рүү нь цохисон. Хажууд сууж байсан Баяржавхлан босож ирээд бид хоёрын дундуур ороход би дахиад толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн...Тэгээд салсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч Д.Түвшинбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Түвшинбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Түвшинбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо КFC-ийн байрны 3 давхарт байрлах “Альфа” РС” тоглоомын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Батжаргалын нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Б.Батжаргалын “2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны KFC-ийн байрны 3 давхарт байрлах “Альфа PC” тоглоомын газар руу ороход зүс таних Түвшинбаяр сууж байсан. Түвшинбаяр “хуучин тооцооны үлдэгдэл мөнгө байгаа тэрийгээ өг” гэхээр нь “надад чамтай хийх тооцоо байхгүй” гэж хэлэхэд ...Түвшинбаяр гараараа хамар руу цохиод авахад нь би үснээс нь хойшоо татахад толгойгоороо хамар руу дахиад мөргөсөн. Хажууд байсан хүмүүс, Баяржавхлан салгасан...” гэх мэдүүлэг (хх-9,11),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11329 дугаартай дүгнэлтэд “Б.Батжаргалын биед хамрын таславчийн мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх16-17),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн зүүн дээд буланд 2020-10-01 18:41:24 гэсэн бичлэг байна. Түвшинбаяр сандал дээр суусан байх ба Батжаргал нь Түвшинбаярын хажууд сууж байгаа хүний сандлын арын түшлэгийг налаад зогсож байна. Түвшинбаяр, Батжаргал нар хоорондоо юм ярьж байгаад Түвшинбаяр сандал дээрээ урагшаа хараад суухад Батжаргал нь Түвшинбаярын араас нь гараараа цохиод цамцаар нь доошоо дарахад Түвшинбаяр босож ирээд Батжаргалын нүүр рүү гараараа нэг удаа цохиод заамдаж авахад хажууд нь сууж байсан залуу босож ирээд тэр хоёрын голоор орж салгахад Түвшинбаяр толгойгоороо Батжаргалын нүүрэн тус газар мөргөхөд цаанаас нэг залуу ирж салгаж байгаа ...” тэмдэглэл (хх-36),

- шүүгдэгч Д.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хх26-27) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Түвшинбаяр нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Б.Батжаргалын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Түвшинбаярыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Түвшинбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Батжаргал уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримт буюу хэргийн 33 дугаар талд авагдсан “Монос Улаанбаатар” ХХКомпаниас 3500 төгрөгөөр эм худалдан авсан баримтыг гаргаж өгчээ. Хохирогчоос “...хохирлын мөнгө 300.000 төгрөгийг авсан, гомдол, санал байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх хүсэлт /хх-53, 65/-ийг илэрхийлсэн  байх тул шүүгдэгч Д.Түвшинбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “шүүгдэгч Д.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт”-ийг, шүүгдэгч ”торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Түвшинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн...” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Түвшинбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Түвшинбаяраас “торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй, оюутан /хх-48/, цалин хөлс, хөрөнгө, бусад орлогогүй, аавын хамт амьдардаг, түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй /хх-42,46/ талаар лавлагаа, тодорхойлолт хэрэгт авагджээ.

Иймд шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Түвшинбаярт сануулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008000001449 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Түвшинбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.М овогт Д.Түвшинбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түвшинбаярыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түвшинбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

 

4.  Эрүүгийн 2008000001449  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Түвшинбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Б.Батжаргал нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Түвшинбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР