Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 27

 

Г.Зоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Зоригт холбогдох 1728000940004 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Дэлэг овгийн Гансүхийн Зоригт, КВ87111416 регистрийн дугаартай, Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Булган суманд 1987 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайхны 3-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй.

             Г.Зоригт нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 35 киломерт шороон зам дээр 69-67 ӨМҮ улсын дугаартай “Тоёота” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.б, 2.7.а, 8.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Баянмөнхийн жолоодож явсан 69-99 УНР улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Оюунчимэгийн хөлийг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурор нь Г.Зоригтын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Зоригтыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Зоригтыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусч эрхээ сэргээтэл механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Зоригт нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Г.Зоригт нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Г.Зоригтод шүүхээс авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Зоригт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Зоригтод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Г.Зоригтод холбогдох хэргийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 зүйл хэсгийг давхардуулан уншсан тул шийтгэх тогтоолд тусгагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 гэсэн нь техникийн шинжтэй санамсаргүй гарсан алдаа биш байна.

          Харин Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

          Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг давхар барьсан нь шүүгдэгч Г.Зоригтод оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь ойлгомжгүй буюу шүүгдэгч Г.Зоригтод ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ, эсхүл тэнсэж, албадлагын арга хэмжээ, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглээд байгаагийн аль нь болох нь ойлгомжгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн гаргасан хууль буруу хэрэглэсэн алдаа нь залруулга хийгдэх биш, харин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа байна.

          Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг зөвтгөж, өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалт байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийг хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ял оногдуулах үндэслэл журам, мөн  ял ба албадлагын арга хэмжээний ялгааг тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ.

             Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Зоригтыг 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 35 киломерт шороон зам дээр 69-67 ӨМҮ улсын дугаартай “Тоёота” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.б, 2.7.а, 8.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Баянмөнхийн жолоодож явсан 69-99 УНР улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Оюунчимэгийн хөлийг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

          Г.Зоригт нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хасах шийтгэл авагдсан байжээ. /хэргийн 94 дүгээр хуудас/

          Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар заавал хасаж, харин зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялын аль нэгийг сонгож ял оногдуулахаар ялын төрөл, хэмжээг хуульчилан тогтоосон байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөлд хамаарахгүй бөгөөд  харин мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ гэсний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.5, 2 дахь хэсэгт заасан ял буюу нэмэгдэл ял болно.

          Гэтэл анхан шатны шүүх Г.Зоригтыг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан нэмэгдэл ял оногдуулалгүйгээр, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэхийг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг журамлан механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч, уг үүргийг гүйцэтгэх хугацааг Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн байна.

          Иймд Г.Зоригтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт  заавал оногдуулахаар заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах” нэмэгдэл ялыг оногдуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэнтэй нийцээгүй гэж үзлээ.

            Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Г.Зоригт холбогдох 1728000940004 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Прокурор нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж эсэргүүцэл гаргасан боловч, эсэргүүцлийнхээ үндэслэлийг “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг ял оногдуулах хэсэгт баримталсан алдааг шүүхийн шийдвэрт залруулга хийж зассан нь буруу тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” гэсэн агуулгаар тайлбар, дүгнэлт гаргасан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1,  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Зоригтод холбогдох 1728000940004 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Зоригтод урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                        Т.БЯМБАЖАВ                                                                                                 Х.ГЭРЭЛМАА