Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 503

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст  
Гуравдагч этгээд: “З” ХХК 
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон **-******** дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж  олгосоныг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын **-******** дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасаж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь “С” ХХК-тай 2013 онд байгуулсан эрх шилжүүлэх гэрээгээр тус газрыг худалдан авч, хууль ёсны эзэмшигч нь болсон.
Үүнээс хойш буюу 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “З” ХХК-д ашигт малтмалын хайгуулын зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.
Ийнхүү хайгуулын зориулалтаар газар эзэмшүүлэхдээ манай “Г” ХХК-ийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар эзэмшиж буй 2,5 га газартай давхцуулж олгосон байна.
Ингэхдээ дор дурьдсан холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2. тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэгэн байдпаар давхцаагүй, 17.2.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3. хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх,
19-р зүйлийн 19.6. аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
Мөн түүнчлэн Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөшөөрлийн тухай хуулийн 9-р зүйл 9.1.4, 10-р зүйл 10.1.1 гэх мэт...
Компанийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон газарт ийнхүү хууль зөрчин давхардуулж олгосонд гомдолтой байна.
Энэхүү асуудлын талаар Ашигт малтмал, тазрын тосны газрын даргад гомдол гаргахад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/6561 тоот албан бичгээр "... Гомдол гаргасан газарт “З” ХХК **-******** тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтаар олгосон болно. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан тул танай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэсэн хариу өгсөн.
Тухайн газарт сонгон шалгаруулалт зарлаж болох хэдий ч бусдын хууль ёсны эзэмшил, ашиглалттай давхцаж болохгүй билээ.
Иймд уг асуудлыг шалган үзэж, ашигт малтмалын хайгуулын XV-********* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалт бүхий 2,5 га газрыг хасаж өгөхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах “Ашигт малтмал , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр “М” ХХК-д олгосон **-********  дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2,3 га газартай давхцуулж олгосон шийдвэр хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч:
1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 сарын 19-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-д олгосон **-******** дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах зориулалтаар олгосон 2,3 га газартай давхцуулж олгосон шийдвэр хууль бус болохыг тогтоож,
2. Ашигт малтмалын хайгуулын **-******** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2,3 га газрыг хасаж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү...”  гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцолыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцолыг тогтоох тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. Дээрх тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар шинээр олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулан хэрэгжүүлж Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/92 тоот тушаалаар Сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан. “М” ХХК-д ************* аймгийн ***** сумын нутаг дахь ************ нэртэй 3063,6 га талбайд сонгон шалгаруулалтын журмаар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ашигт малтмалын хайгуулын **-********* тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна. Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр “З” ХХК-д шилжүүлсэн байна. 
Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон сонгон шалгаруулалтын журмын дагуу ажиллаж ************* аймгийн ***** сумын нутаг дахь ************ нэртэй 3063,6 га талбайд ашигт малтмалын хайгуулын **-********* тоот тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд “Г” ХХК-аас “З” ХХК-д олгосон Ашигт малтмалын газрын хайгуулын **-********* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ний эзэмшлийн Үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон 2,5 га газрыг хасаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээд “З” ХХК-иас нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “...Манай компани Ашигт малтмал газрын тосны газраас 2016 оны 3 сард зарласан сонгон шалгаруулалтад оролцон ************* аймгийн ***** сумын нутагт орших “************” нэртэй **-******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 тоот шийдвэрээр авсан. Сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг бид зохих журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн, улсаас тогтоосон босго үнийг төлж оролцоод олон компаниуд дундаас шалгарсан. ************* аймгийн ***** сумын нутагт орших “************” нэртэй талбайд нийт 108.000.000 /нэг зуун найман сая/ төгрөгийн төлбөр төлж хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг байгаль орчны барьцаа хөрөнгийн хамт төлж ирсэн, түүнийг орон нутаг хүлээж авсан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэрэг орон нутагт батлуулах, үзүүлэх ёстой бичиг баримтаа Ашигт малтмалын хуулийн дагуу нийцүүлж ажиллаж байна. Мөн орон нутгийн цэцэрлэг сургуулийг камержуулахад нийт 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг зарцуулсан. 
Хайгуулын ажил хийхээр газар дээр нь иртэл “Г” компани үйл ажиллагаа явуулж байсан. Тусгай зөвшөөрөлтэй газар нуур байгуулан төхөөрөмж байрлуулж алт угаах үйл ажиллагаа явуулна гэж огт санаанд ороогүй. Гэтэл ***** сумын Засаг дарга нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 тоот захирамжаар “Г” компанид үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулахаар 2,5 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг мэдсэн. “Г” компанид газар эзэмшүүлэх шийдвэр 2 жилийн хугацаатай гарсан, хугацаа нь 2018 оны 2 сард дуусч байгаа тул хугацаа нь дуусахаар хайгуулын үйл ажиллагаагаа явууулахаар бэлтгэж байна. “Г” компани нь Засаг даргын захирамжаар олгогдсон газрыг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хасуулахаар шаардахаасаа өмнө уг газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа юу?, газар эзэмшигчийн үүргээ биелүүлсэн үү, ийм шаардлага гаргах хууль зүйн эрхтэй юу? гэдгийг шалгах ёстой гэж үзэж байна.
Газрын тухай хуульд зааснаар “Иргэнд гэр бүлийн болон  хамтын хэрэгцээнд зориулан” олгохоос бусад газрыг дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх, мөн эзэмшихээр олгох газар нь байтал ***** сумын Засаг дарга шууд олгож шийдвэрлэсэн байна. /Газрын тухай хууль, 31.2,33.1.2-ыг зөрчсөн/ 
“Г” компани нь ***** сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа бол тусгай зөвшөөрлийн хил хязгаарын дотроо усан сан, нуураа байгуулах ёстой байтал тусгай зөвшөөрлийн хилээс гадна усан сан байгуулж, угаах төхөөрөмжөө байрлуулсан нь ашигт малтмалын тухай хууль, газрын хэвлий, байгаль хамгаалах хуулийг зөрчиж байна. “Г” компани нь ***** сумын Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамжаар шороон ордын ашиглалт олборлолт явуулах зорилгоор олгогдсон 143,17 га талбайг эзэмшиж байгаа. 
Геологийн судалгааны зургаар яг “Г” компанийн угаах төхөөрөмжөө байрлуулан нуур байгуулсан газрын хэвлийд алтны нөөц байгаа гэсэн прогноз урьдчилсан таамаглал байгаа. Гэтэл уг компанийн байгуулсан нуур , байрлуулсан төхөөрөмжийн улмаас хайгуул хийх ямар ч боломжгүй болоод байгаа, ашигт малтмалын нөөцийг ямар нэг зөвшөөрөлгүй, нууцаар олборлож байх ч магадлал байгаа. 
“Г” компанийн хууль бус үйлдлээс шалтгаалан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Хайгуулын талбайн хилийн дотор ... ашигт малтмал эрэх хайх” эрх  ноцтой зөрчигдөж байна. 
“Г” компанийн нуур байгуулан, угаах төхөөрөмжөө байрлуулсан газар нь хайгуулын ажлын төлөвлөлийн дагуу хайгуулын өрөмдлөг явуулах талбайтай давхцаж байгаа ба яг тухайн газрын хэвлийд ашигт малтмалын тодорхой хэмжээний нөөц байгаа тул бид энэ тусгай зөвшөөрлийг өндөр төлбөр төлж сонгон шалгаруулалтаар авсан.
Газрын хэвлийн тухай  хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж барих зөвшөөрлийг Геологи, уул уурхай асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно, энэ тохиолдолд газрын хэвлийгээс ашигт малтмал олборлох боломжийг хангасан байвал зохино гэж заасныг үл харгалзан ашигт малтмал бүхий газарт нуур далан байгуулах зориулалтаар газар эзэмшиж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
************* аймгийн ***** сумын Засаг даргын шийдвэрээр “Г” компанид газар эзэмшүүлэх эрхийг 2 жилийн хугацаатай олгосон. Энэ хугацаа нь 2018 оны 2 сард дуусч байгаа тул үүнээс хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулах сонирхолтой байна.  Г компанийн нэхэмжлэлдээ дурдсан хууль зүйн үндэслэл нь сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгохтой хамааралгүй юм. 
Г компанийн зүгээс гаргаж байгаа дээрх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд Ашигт матлмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэр нь хууль ёсны ямар нэг эзэмшигчийн эрх ашгийг зөрчөөгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. 
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар “Г” компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр олгогдож, 11 дүгээр сарын 14-ний өдөр кадастрын зураг үйлдсэн, газар эзэмшүүлэх гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан байна. Иймээс Ашигт матлмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ************* аймгийн ***** сумын нутагт орших “************” нэртэй  **-********* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгох үед “Г компани нь уг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай ямар нэгэн газар эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч нь тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулах тухай саналыг орон нутаг дэмжээгүй байхад тусгай зөвшөөрөл олгосон гэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулинд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоход орон нутгаас санал авах тухай заалт байхгүй.
Ашигт матлмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс орон нутгаас санал авахаар 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 6/1067 тоот мэдэгдлийг ************* аймгийн Засаг дарга А.Э-д явуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар Аймгийн засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээн аваад тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байсан. ************* аймгийн Засаг дарга нь дээрх ажиллагааг хийгээгүй бөгөөд сонгон шалгаруулалтаар олгох талбай нь малчдын өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбайтай давхцаж байгаа тул дэмжихгүй гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Гэтэл маргаан бүхий талбайд алтны үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан буюу нуур байгуулан уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдож байгаа тул ************* аймгийн Засаг даргын санал нь үндэслэлгүй байжээ. Иймээс “Г” компанийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон **-******** дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж  олгосоныг хууль бус болохыг тогтоолгох, 
Ашигт малтмалын хайгуулын **-******** дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасаж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.
Нэг: 
Нэхэмжлэгч компаниас “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын зориулалтаар газар эзэмшүүлж шийдвэрлэхдээ манай компанийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж буй 2.3 га газартай давхцуулж олгосон. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1-г зөрчсөн гэж шүүхэд ханджээ.
Хариуцагчаас уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалтын журмын дагуу ажиллаж хайгуулийн тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж, гуравдагч этгээд “З” ХХК-иас “...Г” ХХК-ийн газар эзэмших эрх  нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  гэрээ байгуулсан үеэс үүссэн. Сонгон шалгаруулалтаар орон нутгийн саналыг авна гэсэн заалт байдаггүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл маргааны гол үйл баримт нь Ашигт малтмалын хайгуулын **-******** дугаар зөвшөөрөл бүхий 3063.6 га талбайд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эзэмшлийн 2.3 га газартай хэсэгчлэн давхцал бөгөөд энэ нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл нь болжээ.
************* аймгийн ***** сумын ************ нэртэй газарт Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр М” ХХК-д олгосон **-********* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Г ХХК-ийн “Үйлдвэрийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалт бүхий талбайн 2.3 га хэсэгт нь давхцсан болох нь хариуцагч Ашигт малтмал газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7/2102 албан бичиг  болон түүнд хавсаргасан Кадастрын мэдээллийн сангийн зураг , Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 2/493 дугаар албан бичиг  түүнд хавсаргасан солбицол бүхий кадастрын зураг  зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаар анх Г ХХК-д олгосон талбайд ************* аймгийн ***** сумын  Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаар “газар эзэмшүүлэх тухай“ захирамжаар “Үйлдвэрийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар 2.5 га газрыг “С “ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэн гэрчилгээг бичиж олгосон байсныг  мөн сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр “С“ ХХК-д эзэмшиж байсан газрыг “Г” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ. 
Харин Ашигт малтмал газраас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр  ************* аймгийн ***** сумын ************ нэртэй солбицол бүхий талбайд  Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-6-9 кодтой сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтад “М” ХХК оролцон 93,32 оноо авч шалгарч  улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр дээрх солбицол бүхий 3063,6 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэн , 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр **-********* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д бичиж олгосон байна. 
Уг **-********* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд “З” ХХК-д шилжүүлэн олгосон болно .
Гэвч дээрх сонгон шалгаруулалтыг гүйцэтгэсэн Төрийн захиргааны байгууллага, түүний албан хаагч нар тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 тоот тушаалаар  батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, бэлтгэл хангах  гуравдугаар зүйлийн 3.3.”Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбайн байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 24.3-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 3.4.”Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасны дагуу хариуг төрийн захиргааны байгууллагад өгнө”, 3.5.”Аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргаж, сонгон шалгаруулалт явуулна” гэх ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байна.
Тодруулбал, хариуцагч байгууллагаас дээрх сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх явцад журам заасны дагуу ************* аймгийн Засаг даргад хандан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1057 албан бичгээр санал хүргүүлсэн хэдий ч  ************* аймгийн Засаг дарга 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1-365 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтаар олгох гэж буй талбай “...давхцал байгаа тул дэмжих боломжгүй...” гэх хариуг буцаан хүргүүлсэн байна. 
Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-д заасан “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” чиг үүргээ хэрэгжүүлээгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлагыг зөрчсөн.
Энэ хуулийн 19 дүгээр  зүйлийн 19.4-д заасан “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”, 19.5 “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэх хуулиар олгосон эрхийг нь үл ойшоон санал өгөх хугацааг хүлээлгүйгээр сонгон шалгаруулалтыг явуулж давхцал үүсгэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл дээрх давхцал бүхий талбайд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн усан сангийн зориулалтаар газар эзэмших эрх “М” ХХК буюу гуравдагч этгээд “З” ХХК-д  олгосон  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөс цаг хугацааны өмнө үүсэн бий болсон гэж дүгнэхээр байна.
Хэдийгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдох талбай нь ашигт малтмал хайх, ашиглахаас бусад, иргэн, аж ахуйн нэгжид “хувийн” болон “аж ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавиагүй хэдий ч гуравдагч этгээд “З” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон 3063,6 га талбайгаас 2.3 га нь нэхэмжлэгч “Г” ХХК-д “Үйлдвэрийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгогдсон эзэмшил газартай хэсэгчлэн давхцсан  байгаа нь  бодит байдал дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тусын үйл ажиллагаа давхцал бүхий талбай дээр зэрэгцэн явагдах бодит боломжгүйг харуулж байна. 
Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар, “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмыг  баримтлах нь зүй ёсны гэж үзэн нэхэмжлэгч Г ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хоёр: 
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон **-******** дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосоныг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлэн өөрчилсөн болно.
Нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж үзэхийн сацуу гуравдагч этгээдээр “М” ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжтой эсэхийг судлаад шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан баримтаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон **-******** тусгай зөвшөөрлийг “З” ХХК-руу шилжүүлсэн талаар баримт хангалттай авагдсан байх бөгөөд гуравдагч этгээд “З” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас гарсан 024 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшлийн **-******** тоот “************” нэртэй, ************* аймгийн ***** сумын  нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрлийг толгой  компани болох “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсугай” гэж байгаасаас үзвэл тэдгээр нь нэг удирдлагатай, хүсэл зориг нэгдмэл гэж үзэхээр байна.

  
               Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19  дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон **-******** дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосоныг хууль бус болохыг тогтоон, Ашигт малтмалын хайгуулын **-******** дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР