Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 110/2022/0015/З |
Дугаар | 221/МА2022/0652 |
Огноо | 2022-10-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2022/0652
М.Р-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М
Нэхэмжлэгч М.Р
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга
Гуравдагч этгээд Д.С-
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжийн М.Р-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн Д.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өм,
Гуравдагч этгээд Д.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Т,
Орчуулагч Б.Жанеркей
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 110/2022/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Р нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжийн М.Р-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн Д.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. : Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр:
2.1. “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Р-йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн М.Р-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших эрхийн шийдвэрүүдээ хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаагүй, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх ашигт халдсан шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч захиргааны акт илт хууль бусд тооцоогдох ёстой байсан.
3.2. Учир нь иргэн М.Р-гийн эзэмшлийн газрыг Сумын Засаг дарга хүчингүй бoлгoхдoo газраа хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан хэмээн үндэслэн газрыг хүчингүй болгосон. М.Р нь огт хүсэлт гаргаагүй байхад түүний газрыг хүчингүй болгосон нь тогтоогдсон байхад шүүхээс буруу шийдвэр гаргасан. Хариуцагч талаас газрыг хүчингүй болгосон үндэслэлээ шүүхэд тайлбарлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т "газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон" хэмээн тайлбарлаж байгаа боловч М.Р-гийн хувьд газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан талаарх огт дүгнэлт гараагүй. М.Р-гийн буруугаас болж газар ашиглах боломжгүй болоогүй шүүх буруу дүгнэлт хийсэн.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 3-д "Нэхэмжлэгч анх Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай маргаан бүхий 750 м.кв газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмаар өмнөх эзэмшигч Р.Х-н газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах замаар Өлгий сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн байна. Энэ тохиолдлыг нэхэмжлэгч тухайн газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу үнэ төлбөргүйгээр эзэмшсэн гэж үзнэ"... гэжээ. Гэвч тухайн газрыг нэхэмжлэгч нь өмнөх эзэмшигч Р.Х-гаас 500,000 төгрөгөөр худалдан авсан ба энэ тухай нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Р.Х-г анхан шатны шүүхээс гэрчээр асуусан байдаг. Газрыг М.Р хууль журмын дагуу эзэмшиж байгаа учир түүнийг анх түүнд үнэ төлбөргүйгээр эзэмшсэн гэсэн үндэслэлээр хураан авч, хүчингүй болгоно гэсэн үг биш. Шүүх нь илт хууль бус дүгнэлт хийсэн.
3.4. Анхан шатны шүүхээс “...Өлгий сумын Засаг даргын 2016 оны 277 дугаартай захирамж гарсан тухайн үед Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв газрыг өөрт нь эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй боловч маргаан бүхий газар нь үерийн гамшигт өртсөний улмаас уг газарт нэхэмжлэгч оршин сууж амьдрах боломжгүй нөхцөл үүссэнээр захиргааны байгууллагаас М.Р-д 2018 онд Өлгий сумын 10 дугаар багаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 600 м.кв газар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн Монгол Улсын иргэний хувьд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар 0.07 га хүртэл газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй эзэмших эрхээр хангасан байна...” гэсэн агуулга бүхий хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. М.Р-тэй харилцан тохиролцож, газрыг нь сольж өгсөн асуудал огт байхгүй. Шүүх огт хамааралгүй дүгнэлт хийсэн байна.
3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь газрын эзэмших, өмчлөхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй нь тогтоогдсон ба тухайлбал хариуцагчаас гаргаж өгсөн М.Р-йн газар олгож өгөхийг хүссэн гэх өргөдөлд шинжээч томилуулан шинжилгээ хийлгэхэд тус өргөдөл дэх гарын үсэг болон бичгийн хэвийн нэхэмжлэгчийн бичгийн хэв гарын үсэгтэй тохирохгүй тухай шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.
3.6. Мөн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг хүчингүй болгож тус эрхийг нь зөрчсөн тухай шийдвэрийг өөрт нь мэдэгдэлгүйгээр, хуульд заасан сонсгох ажиллагаа зэрэг процессийг алгасан, төлөвлөгөөнд ороогүй байхад өөр нэгэн этгээдэд эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн шийдсэн явдалд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий 277 дугаар захирамжийг гарсан тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэхийг мөн сонсох ажилагаа явагдсан эсэхийг асуулт асуух замаар тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагаа явуулсан эсэх нь эргэлзээтэй гэх хариулт өгсөн байхад шүүхээс үүнийг анхаарч үзээгүй.
3.7. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн өмнө нь эзэмшиж байсан газрыг хүчингүй болгуулсан шийдвэрийн тухай өөрт нь мэдэгдээгүйд гомдолтой байсан бөгөөд маргаан бүхий 277 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байсан эсэхийг тогтоолгохоор шүүхэд хандсан.
3.8. Гэвч анхан шатны шүүхээс маргаан бүхий газрыг үнэ төлбөргүй авсан тул мөн хүчингүй болгосон газрын оронд нэхэмжлэгч өөрөө ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад газар олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.9. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон зүйл болох маргаан бүхий газрыг тухайн жилийн эзэмшүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй байхад гуравдагч этгээдэд өмчлүүлэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа явдал юм.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3.1. Нэхэмжлэгч М.Р- иргэн Р.Х-тай 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсны үндсэн дээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 750 м.кв талбайг нэхэмжлэгч М.Р-д эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0368027 дугаартай гэрчилгээ олгожээ.
3.2. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дээрх газарт хүчтэй аадар бороо, мөндөр бууж, үерийн гамшгийн улмаас нэхэмжлэгч М.Р-гийн хашаа байшин нурсан болох нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн “Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай” 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай акт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/340 дугаартай албан бичиг, Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
3.3. Иймд гамшгийн дараагаар иргэн М.Р-гийн орон гэр, хашаа байшин нь ашиглагдах боломжгүй болж, худаг, нойл нийлж, газар нь бохирлогдсон, хүн амьдрах боломжгүй болсон тул мөн сумын 10 дугаар багт шилжүүлэн байрлуулсан ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 9 дүгээр багт байрлах газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаар захирамжаар түүний оршин сууж байгаа Өлгий сумын 10 дугаар багт байрлах 600 м.кв газрыг нэхэмжлэгчид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн ба нэхэмжлэгч нь хожим уг газар эзэмших эрхээ 2020 онд иргэн А.З-д шилжүүлэх хүсэлт гаргасан тул мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/337 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг А.Зияшд шилжүүлсэн байна.
3.4. Хэдийгээр хариуцагчаас анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжаар өмнөх газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр хүчингүй болгосон гэж тайлбарласан ч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, мөн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багт байрлах 600 м.кв газрыг нэхэмжлэгчид олгоход иргэн М.Р-гийн эзэмших эрх хүссэн хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр уг хүсэлт иргэн М.Р-гийн гар бичгийн хэвтэй тохирохгүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын 500.000 төгрөг төлж иргэн Р.Х-гаас шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байх боловч энэ тохиолдолд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
3.5. Учир нь хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/146 дугаар захирамжийг гаргахдаа маргаан бүхий 2016 оны 277 дугаар захирамжаар иргэн М.Р- нэгэнт газар эзэмших эрхгүй болсныг харгалзан үзэж нэхэмжлэгчид Өлгий сумын 10 дугаар багт байрлах 600 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар эс зөвшөөрч маргалгүй хүлээн зөвшөөрч, уг газарт амьдран суусан байхад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
3.6. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж зааснаар эзэмшигч нь газрыг зориулалтын дагуу мэдэлдээ байлгах ба гамшиг тохиолдсоны улмаас нэхэмжлэгч М.Р гэр бүлийн зориулалтаар маргаан бүхий Өлгий сумын 9 дүгээр багт байрлах газрыг эзэмших боломжгүй болсны улмаас 10 дугаар багт шилжин амьдарч байгаа тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй гэх захиргааны актын илт хууль бус байх шинжид хамаарахгүй.
3.7. Мөн нэхэмжлэгчээс хариуцагч 2016 онд маргаан бүхий захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй.
3.8. Харин гуравдагч этгээд Д.С-ийн хувьд Өлгий сумын 9 дүгээр багт байрлах үерийн ус тогтсон уг газарт 600 камаз маркийн машинаар шороо буулгаж, газрын эвдрэлийг засаж нөхөн сэргээлт хийж, худаг ухсаны үндсэн дээр гэр бүлийн зориулалтаар иргэн эзэмших боломжтой нөхцлийг бүрдүүлж, хүсэлт гаргасны үндсэн дээр Өлгий сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/47 дугаар захирамжаар 720 м.кв талбайг эзэмшүүлсэн ба уг газрыг эзэмших эрхийг 2016 оны 277 дугаар захирамжаар аливаа этгээд эзэмших эрхгүй болсон байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан шаардлагыг хангаж байна.
3.9. Дээрх захирамжийг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/469 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр мөн зориулалтаар өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Р-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА