| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0091/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
Улсын яллагч Х.Онолт,
Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 00000 1589 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д цехийн зуухны машинч ажилтай, ам бүл бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Өнөр хорооллын ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Увш овогт Ч-ийн Ч /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод гэртээ хамтран амьдрагч Л.Ц-ыг “хэрүүл, маргаан хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод гэртээ хамтран амьдрагч Л.Ц-ыг “хэрүүл, маргаан хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараар цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч Л.Ц-ын:...2020.11.17-ны 23 цагийн үед би нөхөртэйгөө гэрээс гарч охиныхоо талаар ярилцаад зогсож байхад гэнэт уурлаад танайхан угаасаа олигтой биш гээд гэр лүү яваад орчихоор нь араас нь ороод нөхөртөө хандаж “хүн юм ярьж байхад сонсож чадахгүй, уурлаад байхдаа яадаг юм бэ” гээд маргалдаад зогсож байхад охин гэрийн хувцастайгаа гараад явахаар нь араас нь куртикийг нь аваад гарах гэхэд нөхөр татаад шууд миний зүүн талын хөмсөг рүү гараараа 2-3 удаа цохиход хөмсөг язарч цус гарсан...Тэгээд би шууд гэрээсээ зугтаад гарсан гэх мэдүүлэг /хх-24/,
- гэрч Ц.Х-гийн:...тухайн үед аавын хувьд ээжийг хэл амаар доромжлоод зүүн гараараа ээжийн баруун хацарт нэг удаа цохисон...би гарч яваад жижүүрийн утсаар цагдаад дуудлага өгөх гээд байж байхад ээж миний куртикийг бариад зүүн хөмсөг нь задарсан, хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай ирсэн гэх мэдүүлэг /хх-27-28/,
- шинжээчийн дүгнэлт: “...Л.Ц-ын биед зүүн хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-30-31/,
- шүүгдэгч Ч.Ч-ын:...2020 оны 11 дүгээр сарын 17-ны оройн 23 цагийн үед гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт амарч байхад эхнэр Ц гарч юм ярилцъя гээд дуудаад орц руу дагуулаад гарсан. Эхнэр бид хоёр охиныхоо талаар ярилцах болсон шалтгаан манай дагавар охин Х Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүчингийн хэргийн хохирогчоор оролцож байгаа юм. Х-гийн хэргийн асуудалд хамаатныхаа хүүхэд оролцсон юм байна лээ энэ асуудал дээр манай эхнэрийн сэтгэл санаа нь их хямарсан байсан. Тэгээд эхнэртэй юм яриад зогсож байхад эхнэр миний өмнөх амьдралыг яриад чи тэр эхнэрээ санадаг гээд хэрүүл хийх гээд байхаар нь би уурлаад танайхан ямар олигтой биш гэж хэлээд гэртээ орсон. Тэгтэл эхнэр араас орж ирээд хүн юм ярьж байхад зогсож чадахгүй гээд над руу уурласан. Тэгээд байж байхад охин Х та хоёр хэрэлдэж маргалдахаа боль гээд уурлаад гэрээс гараад явахад эхнэр араас нь гараад явна гэхээр нь би боль гаргахгүй гээд хөмсөг рүү нь хоёр удаа гараараа цохисон. Би уг нь эхнэрээ болиулаад өөрөө охиныхоо араас гарах гэж байсан юм. Тэгтэл эхнэр уурлаад миний өөдөөс орилж хашхираад байхаар нь цохичихсон юм. Тэгээд эхнэрийг гараад явахад бага охиноо аваад аав ээжийнхээ гэр лүү явчихсан юм. Өөр болсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-40-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Ч-ыг хохирогч Л.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид эм тариа, шинжилгээний зэрэг зардалд 200.000-300.000 төгрөг зарцуулсан, эвлэрсэн тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлсэн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдол, саналгүй болохоо мэдүүлж, илэрхийлсэн /хх-24, 72, 83/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Ч.Ч 2012 онд 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан баримтууд байх тул /х-49, 52-53/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч нь анх удаа тус хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” төрийн өмчит компанид цехийн зуухны машинч ажилтай, эхнэр, 5-18 насны 2 хүүхэдтэй, Зөрчлийн тухай хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийллийн зөрчилд 1 удаа шийтгэл хүлээж байсан зэрэг түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /х-24, 48-49, 56-60, 61-68, 69/ судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ч-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР