| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0154/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/165 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/165
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
Улсын яллагч Д.Нямбат,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М-д холбогдох 2108 00000 0060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Чулуутын ** дугаар байрны ** тоотод оршин суудаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй, Хатагин овгийн Г-ын М /РД:******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 117 дугаар цэцэрлэгийн орчим Б.Т-ийг ялимгүй шалтгааны улмаас маргалдан чулуугаар толгой хэсэг рүү цохиж биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн чамархайн зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 117 дугаар цэцэрлэгийн орчим Б.Т-ийг ялимгүй шалтгааны улмаас маргалдан чулуугаар толгой хэсэг рүү цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч Б.Т-ийн... 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 19 дүгээр цэцэрлэгийн хойно явж байсан. Тэгтэл нэг үл таних залуу зөрж өнгөрөхдөө намайг мөрлөөд гарсан ба би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд уг залуу над руу ойртож ирээд нэг үг хэлээд миний духанд өөрийн духаа наагаад зөөлөн түлхсэн. Тэгэхээр нь би уг залууг яагаад байгаа юм гэж хэлээд хацар луу нь гараараа нэг удаа алгадахад нөгөө залуу гараараа миний зүүн талын шанааны хэсэг рүү нэг удаа цохихоор нь би уг залууг хоёр гараараа тэврээд зуурсан. Тэгтэл миний нэг хөл халтираад би нэг гараараа хажууд байсан хашааны төмрөөс барьж аваад тэнцвэрээ олоход нөгөө залуу газраас нэг чулуу аваад чулуутай гараараа миний толгойны ар дагзны хэсэг рүү 4, 5 удаа цохисон. Тэгээд манай дүү С нөгөө залуугийн араас чулууг нь аваад холдуулж шидээд нөгөө залуу бид хоёр, хоёр тийшээ салаад цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-08-09, 12-13/,
- гэрч Э.Г-ийн...2020 оны 12 дугаар сарын 27-ны 14 цагийн үед Хархорин зах орчхоод 119 дүгээр цэцэрлэгийн урд талд явж байхад нэг залуу урдаас гарч ирж байсан. Тэгтэл манай нөхөр маргалдсан, би тухайн үед мөрлөснийг нь хараагүй. Тэгтэл манай нөхөр “хүүш чи яаж байна” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхрийг толгой хэсэг рүү нь мөргөсөн. Манай нөхөр эргэж хараад нүүр хэсэг рүү алгадсан. Тэгээд тэр хоёр зууралдаад хашаа налаад байхдаа манай нөхрийн толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгтэл гартаа чулуу атгасан байсан. С очиж салгахад чулуу барьчихсан байхаар нь гараас чулууг аваад шидсэн. Тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн...Манай нөхрийн толгойноос цус гарсан байсан. Дух болон толгой хэсэгтээ урагдсан байсан. Зодсон гэх залууг харахад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан...гэх мэдүүлэг /хх-19-20/,
- гэрч Д.С-ын...2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө Хархорин зах орж хүнсний зүйл аваад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр лүүгээ явж байсан...Т ах хоёр гартаа тортой зүйл барьчихсан явж байсан ба хажуугаар нэг өндөр ах зөрөөд манай нагац ах Т-ийг мөрлөсөн. Тэгтэл ах эргэж хараад “яаж яваад байгаа юм бэ, би хоёр гартаа тортой зүйл барьчихсан байна” гэж хэлтэл “чи өөрөө яаж яваад байгаа пизда вэ” гэж хэлсэн. Тэгтэл өндөр залуу нь манай нагац ахын нүүр тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгтэл Т ах зөрүүлээд нэг удаа алгадсан. Тэгээд би хараад байж байтал тэр хоёр хоорондоо зууралдсан...би махаа хашаа налуулж тавьчихаад очих гээд алхаж байтал тухайн өндөр залуу баруун гартаа чулуу барьчихсан ахын толгой хэсэг рүү цохиж байсан. Миний харснаар 2-3 удаа цохисон. Тэгээд эгч наадах чинь чулуу барьчихсан байна шүү дээ гэхээр нь би очоод гараас нь чулууг нь авах гэтэл намайг “зүгээр бай пизда минь” гэхээр нь би “болиоч ахаа” гээд гараас нь чулууг булааж авсан. Тэгээд ах руу хартал ахын толгойны ар дагз хэсгээс цус гарч байсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-22-23/,
- шинжээчийн дүгнэлт:...Г.Т-ийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн чамархайн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... /хх-32-33/,
- шүүгдэгч Г.М-ын:.. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзынхаа дүүд эм аваачиж өгөх гээд 119 дүгээр цэцэрлэгийн хажууханд явж байсан. Тэгтэл үл таних нэг залуутай хоорондоо мөрлөлцсөн.Тэгтэл намайг хөөе гэж дуудаад “чи яаж байгаа юм бэ” гэхээр нь би “чи яаж яваад байгаа юм бэ пизда минь” гэж хэлсэн. Тэгтэл надад ойртоод бид хоёр дух духаа нийлүүлсэн. Тэгтэл намайг алгадсан...Намайг тэврээд бид хоёр зууралдаж байгаад төмөр хашаа руу хоёулаа налсан. Намайг нэг удаа өвдөглөсөн. Тэгээд би газраас чулуу аваад толгойны ар дагз хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд дүү нь ирээд гараас чулуу аваад салгасан. Тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-16-17, 42-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд томографикийн зураг авхуулсан 120,000 төгрөг, эм тариа авсан 50,000 төгрөг, 6 хоног ажилдаа яваагүй цалингийн зөрүү 216,000 төгрөг нэхэмжилсэн /хх-12-13/ байх боловч хэрэгт шинжилгээний 100,000 төгрөг, эмийн сан 38,250 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг нийт 146,250 төгрөгийн баримт цугларсан /хх-29/, шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирогчид 150,000 төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-26, 47-49, 50-52/ судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР