Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Г.Б,  

Шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б, Ж.У нарт холбогдох 2008 02809 0116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баруунбаян уулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Г-ын Б /РД:******/,  

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруунбаян уулын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овгийн Ж-ын У /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Утсаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас иргэн Ж.У-ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, хамар, баруун өвдөгний зулгаралт, баруун гарын эрхий хурууны өндгөнд язарсан шарх, эрхий хурууны 1-р үеийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.У нь 2020 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, иргэн Г.Б-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын угалз, зүүн хацар, хүзүүнд сорви” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :   

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 19-с 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Утсаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас иргэн Ж.У-ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  илтгэх хуудас /хх-04-06/,  

- хохирогч Ж.У-ийн...2020 оны 09 сарын 19-ний өдрийн орой 22 цагийн үед манай найзын төрсөн өдөр гээд Б гэх залуу 2 хүүхдээ дагуулчихсан Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баруун баян уулын *** тоотод ирсэн тэгээд манай нөхөр бид хоёр машинд нь суугаад гэрт нь очсон. Тэгээд Б манай нөхөртэй нэг шил 0,75 граммын соёрхол архи хувааж уугаад тэндээсээ гарч Баянхошууны хуучин эцсийн “888” гэх бааранд суугаад 04 цагийн бид хоёр Б-ийг эхнэртэй нь гэрийнхэн нь үүдэнд буулгаж байтал...автомашинтай 3 эмэгтэй, 1 эрэгтэй 4 хүн ирээд 30 орчим настай эмэгтэй нь бууж ирээд хэн намайг утасны цаанаас янхан гэсэн бэ гээд над руу дайраад намайг үсдэж аваад газар унагасан тэгээд толгой руу цохисон...Нүүр самардаж, баруун гарын эрхий хурууг хазсан...Тэгээд цагдаа дуудсан...Намайг Б-ийн утсыг аваад ярихад 1 хүүхэн утсаар ярьсан, утсаар ярьсныхаа дараа буруу ойлгосон юм шиг байсан, намайг янхан гэж хэлсэн гээд зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 10-11, 17-19/,

- шинжээчийн 10792 дугаартай дүгнэлт...Ж.У-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, хамар, баруун өвдөгний зулгаралт, баруун гарын эрхий хурууны өндөг язарсан шарх, эрхий хурууны 1-р үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.../хх-46-47/,  

- гэрч С.А-ийн...2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед гэрийн гадаа ирээд байж байтал манай найз Г, Б, М нар Т-ийн машинтай ирснээ Болортулга машинаас бууж ирснээ “хэн намайг янхан бэ гээд утасны цаанаас дуугараад байсан бэ” гэхээр нь би биш гэсэн чинь Б нь У-ийг үгийн зөрүүгүй яахлаараа намайг янхан гэдэг юм бэ гээд цохиод авсан. Тэр үед нь бид нар тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-31-32/,

- гэрч Г.Г-ийн... Тухайн үед би машинтайгаа яваад очтол Батхуяг дөнгөж гэрийнхээ гадна ирчихсэн Б, А, З эхнэрийнхээ хамт зогсож байсан. Тэгсэн эхнэр “намайг хэн янхан гэсэн бэ” гэхэд чинь З-ийн эхнэр нь би гэж хэлсэн. Тэгсэн эхнэр тэр хоёр хоорондоо зодолдоод унах үед нь би салгасан. Тэгээд би З-г эхнэрээ авч яв гээд хэлсэн. З ч эхнэрээ авч явсан. Би ч эхнэрээ гэр лүүгээ явж амарсан...гэх мэдүүлэг /хх-35-36/,  

- гэрч Ч.Н-ын...тухайн үед Б такси бариад Б-ийн гэр лүү явчихсан байсан. Тэгэхээр нь араас нь Г, Э нарын хамт явсан. Тэгтэл Б эхнэр болон хоёр найзын хамт гэрийнхээ гадаа ирж таарсан юм. Б утсаар хэн ярьсан юм бэ гэхэд Б-ийн найз У гэх эмэгтэй би ярьсан юм “тэгээд чи яах юм” гээд түлхээд авсан. Харин Б “чи яагаад хүн түлхэж байгаа юм” гээд буцаагаад түлхсэн...удалгүй салцгаасан...гэх мэдүүлэг /хх-41/,   

- шүүгдэгч Г.Б-ын...2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой...23 цагийн үед гэртээ ирээд Н, Э нар луу би утсаараа залгаад гэртээ ирчихлээ гэхэд Н, Э нар за одоо яваад очъё гээд утсаа таслаад нэг их удаагүй хүрээд ирсэн...Манай нөхөр Г нь Б руу залга даа уулзана гэсэн яасан юм болоо гэхээр нь би Б-ийн 89**** дугаар луу өөрийнхөө утаснаас нэг удаа залгасан чинь нэг эмэгтэй хүн утсыг нь авахаар нь би Б-тай ярья гэсэн чинь “байхгүй” гэхээр нь би А /А/-тэй яръя гэхэд тийм хүн байхгүй гээд байна гичий минь гэж хэлэх шиг болсон. Тэгэхээр нь би тэр танихгүй эмэгтэйтэй хэрэлдээд би чамайг олно шүү гэхэд тэр эмэгтэй олохыг чинь харъя гэхээр нь би утсаа тасалчихаад Э, Н бид гурав Хөтөлөөс архи авч ууна гээд Г-гоор машин бариулж яваад Хөтөл дээр ирээд Г, Э, Н нар караоке орчихоор нь миний уур хүрээд ганцаараа такси бариад Б-гийн гэрт очоод хашааны гадна талаас нь харахад Б-гийн хашааны хаалга онгорхой, гэр нь цоожтой байхаар нь би хашааны хаалга дээр нь зогсоод байж байтал нэг их удалгүй Б, А, бас танихгүй 1 эрэгтэй, 1 эмэгтэй нар архи  уусан байдалтай согтуу машинаас буугаад ирсэн. Тэр үед Н, Э, Г нар машинтайгаа зэрэгцээд ирж таарсан. Тэгээд би Б, А нар луу хандаад хэн намайг гичий нохойгоор дуудаад байсан гэхэд нэг танихгүй эмэгтэй /Ууганцэцэг/ би “тэгээд чи яах юм” гээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд У-ийг түлхсэн чинь Б намайг түлхээд унагаачихсан чинь У над дээр ирээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд У-гийг үсдсэн...У-ийн баруун гарыг барьж байгаад эрхий хуруунаас нь хазчихсан...Э, Н нар У бид хоёрыг хоёр тийш нь салгасан...гэх мэдүүлэг /хх-106-110/ зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Ж.У нь 2020 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, иргэн Г.Б-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :          

- хохирогч Г.Б-ын...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай М, Т хоёр манай гэрт ирж гаръя, манай хүүхдийн төрсөн өдөр манай гэрт очъё гээд гуйгаад байхаар нь нөхөр бид хоёр тэр хоёртой Т-ийнд очсон. Т-ийнд бид нар очоод 2 том пиво уусан. Тухайн үед би Б-ийн гар утас руу нь залгатал нэг танихгүй эмэгтэй хүн утсыг нь аваад “хэн бэ” гэхээр нь “Б-гийн найз байна, утсыг нь өөрт нь өгөөдхөөч ярих хэрэгтэй байна” гэсэн чинь “яриулахгүй тийм хүн байдаггүй, янхан минь” гээд байсан тэгэхээр нь би “чамайг олж чадна шүү” гэсэн чинь “олохыг чинь харъя” гээд байсан. Тэгэхээр нь би утсаа тасалчихсан. Тэгээд Т-хаас 01 цаг өнгөрч байхад гараад “Хөтөл” орж архи авах хойгуур би такси бариад Б-ийн гэрт ирсэн чинь хүн байгаагүй. Тэгээд нөхөр болон Б нар зэрэг хүрээд ирсэн. Б-ийн машинаас Б, А, нөхөр, хоёрыг нь танихгүй эрэгтэй эмэгтэй хүн буугаад ирсэн. Тэгэхээр нь би Б-гийн гар утсыг түрүүн хэн авсан бэ гэхэд нөгөө танихгүй эмэгтэй би авсан яасан гэхээр нь би “чи яагаад янхан гичийгээр нь дууддаг юм бэ” гэсэн чинь “хохино тэгж хэлэхээр яадаг юм” гээд байсан. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаад нөгөө хүүхэн намайг түлхэхээр нь би түлхэх гэхэд Б намайг түлхээд унагаачихсан. Тэгээд босож амжаагүй байж байтал нөгөө эмэгтэй миний дээр ирээд үсдээд авсан...тэгээд салаад хоёр тийшээ явцгаасан...З нь намайг салгах гээд л зууралдсан, зодоогүй гэх мэдүүлэг /хх-24, 28, 39/,  

- гэрч Г.Г-ийн...Манай эхнэр “намайг хэн янхан бэ” гэсэн чинь З-ийн эхнэр нь би гэж хэлсэн. Тэгсэн эхнэр тэр хоёр хоорондоо зодолдоод унах үед нь би салгасан...гэх мэдүүлэг /хх-35-36/,  

- гэрч Ч.Н-ын...У “тэгээд чи яах юм” гээд түлхээд авсан ба Б “чи яагаад хүн түлхэж байгаа юм” гээд буцаагаад түлхэхэд Б Б-гыг түлхэхэд унасан ба Б-ыг газар унасан хойно нь У гэх эмэгтэй нь дээр нь гарчихаад Б-ыг үсдээд нүүр лүү цохиод байх шиг байсан...удалгүй салцгаасан гэх мэдүүлэг /хх-41/,   

- шинжээчийн 12459 дугаартай дүгнэлт...Г.Б-ын биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын угалз, хүзүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, сорви арилах эсэх эмчилгээнээс шалтгаална.../хх-49-50/,  

- шинжээч Ө.С-ийн...Г.Б-ын биед болсон гэх хэргээс сар гаруйн дараа үзэхэд шарх байсан ба цаг хугацааны дараа сорви болж эдгэрсэн тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гар, хуруу, хумс зэргээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-51-52/,   

- шүүгдэгч Ж.У-ийн...2020 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн үед бид нар баарнаас гарч алхаад Б-ийн гэрийн хашааны гадна орох гээд зогсож байтал нэг танихгүй эрэгтэй машинаас бууж ирээд Б-тай сайн уу, юу байна гээд гар барьсан...Нэг танихгүй эмэгтэй /Б/ бууж ирээд намайг янхан гэж дуудсан хэн бэ гэхээр нь би энд ерөөсөө янхан гэж дуудсан хүн байхгүй гэж хэлтэл Б миний үснээс зулгаахад нь би бас Б-гын үснээс зулгаагаад сөхрөөд уначихсан ба би гараа тавьчихсан гээд хоёр гараа дээшлүүлж байгаад баруун гараараа нүүр рүү нь чи тавьчих гээд...Тухайн үед надаас өөр хүн зодоонд оролцоогүй...хүмүүс салгаад манай нөхөр намайг аваад зугтаасан гэх мэдүүлэг /хх-118-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч нар тус бүрд холбогдсон тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна холбогдох хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Тодруулбал, шүүгдэгч нар нэгэн зэрэг хохирогч байх ба тухайн хохирогч тус бүрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн шүүгдэгч тус бүрийн  үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон, шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах, прокурорын хяналтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу хийгджээ.         

Иймд шүүгдэгч Г.Б, Ж.У нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин хохирогч Ж.У-т гэмт хэргийн улмаас нийт 178.830 төгрөгийн хохирол учирсан баримттай /хх-60-61/, тус хохирлыг шүүгдэгч Г.Б төлсөн /хх-62, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нар харилцан хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч тус бүрээс  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :    

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ж.У гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн “гичий минь гэж хэлэх шиг болсон” хэмээн таамаглаж улмаар Ж.У рүү зорин очиж үгийн зөрүүгүй хэрүүл маргаан өдөөн халдсан зүй бус үйлдэл нөлөөлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.     

Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, нөхөр, 2012, 2019 онд төрсөн 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхойлсон хөрөнгө орлогогүй, зөөгч, худалдагчийн ажил хийж байсан, одоогоор угаалгын машин засах зар мэдээлэл түгээх, захиалга хүлээн авч, нөхрийнхөө угаалгын машины засварын ажилд тусалдаг, нөхөр нь угаалгын машин засварын ажилтай гэх болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-33, 63-66, 69, 70-74, 75-83, 109, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Ж.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, нөхөр, 2012, 2017 онд төрсөн 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхойлсон хөрөнгө, орлогогүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-84-86, 90-94, 95-96, 97-98, 118-119, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх бөгөөд тус тус судлагдсан болно.     

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.У нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тус бүрд уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.                   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :       

1. Шүүгдэгч Г.Б, Ж.У нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.У-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.У тус бүрд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч тус бүрээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Б, Ж.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР