| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0193/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Cонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын У-д холбогдох 1808 05654 0176 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 29 дүгээр гудамж 405 тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-ын У /РД:****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.У нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 08 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын хойно байрлах “Grown Big” нэртэй зочид буудалд хохирогч Ж.Н-ын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч картнаас нь 800,000 төгрөгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч М.У нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 08 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын хойно байрлах “Grown Big” нэртэй зочид буудалд хохирогч Ж.Н-ын эзэмшлийн Хаан банкны виза картнаас 800,000 төгрөгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-25/,
- иргэн Ж.Н-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-26/,
- хохирогч Ж.Н-ын...Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал над руу найз С, М нар уулзъя гээд залгасан ба Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын хойно замын хажууд байрлах “Grown Big” нэртэй зочид буудалд 2 ортой өрөө 40,000 төгрөгөөр аваад түүний хажууд байрлах 24 цагийн хүнсний дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй архи, 2 ширхэг Нийслэл нэртэй том пиво аваад орж ууж хонохоор тохироод орсон. Бид хэд 30 минут болж байтал Солонго өөрийн 2 найзыг дуудсан. Тэгээд бид хэд дэлгүүрээс худалдаж авсан архи, пиво ууж байгаад 04 цагийн үед унтаж амарсан ба би өглөөний 06 цагийн орчим сэрэхэд надтай хамт архи пиво уусан С, М, М-ийн 9 настай хүүхэд С-ийн хоёр найз сэрсэн байсан. Тэгээд бид хэд бүгд буудлаас гарсан. Тэгээд хариад би хөдөө Улиастай руу яваад 12-р сарын 04-ний өдөр Улаанбаатарт ирээд АТМ ороод мөнгө авах гэтэл миний дансанд байсан мөнгө байхгүй болчихсон байсан. Би цагдаагийн байгууллагад хандсан....Миний бие өөрийн дансандаа 1,881,000 төгрөгтэй байсан. Тус мөнгөнөөс 800,000 төгрөг алга болсон. Би алга болсон мөнгөө нэхэмжилж байна...С л авсан байх гэж бодож байна. Цуг дэлгүүр ороход би өөрийнхөө картын нууц дугаарыг дэлгүүрийн худалдагчид хэлж байсан. Тэгээд мэдсэн байх.../хх-34-35, 36/..Тухайн үед Солонго гэж өөрийгөө танилцуулсан У-г авсан байх гэж бодож байна. Царайг нь хараад шууд таньж байна гэх мэдүүлэг /хх-40-41/,
- Ж.Н-ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга:..2018.12.01-ний өдөр 08 цаг 36 минутад 500.000 төгрөг, 08 цаг 37 минутад 300.000 төгрөгийн зарлага тус тус гарсан /хх-60/,
- Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг : Ж.Н-ын 50***** тоот данснаас 2018.12.01-ний өдөр 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээг Сонгинохайрхан дүүрэг 14-р хороо Цамбагарав үйлчилгээний төвд байрлах АТМ-ээс хийсэн байна... /хх-62, 67/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн...2018.12.01 08:35:00-08:40:00 гэсэн бичиглэлтэй бичлэгийг тоглуулахад, уг хяналтын камерын тусгалд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ар талд байрлах Хаан банкны АТМ-н бүхээг доторх өнгөтөөр үзэгдэх ба 08 цаг 35 минут 21 секунтэд гаднаас нэг дэх нь улаан өвлийн малгайтай куртиктэй, цэнхэр цайвар женсэн өмдтэй, хөх гуталтай, 25-30 орчим насны, 165 см өндөртэй эмэгтэй, хоёр дахь нь улаан эрээн өнгийн саравчтай малгайтай, саарал ногоон өнгийн малгайтай өвлийн куртиктэй, цэнхэр женсэн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй, 170 см өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хаалгаар орж ирээд 40 орчим насны эрэгтэй нь АТМ рүү ногоон өнгийн Хаан банкны карт шургуулж кодыг нь хийгээд үлдэгдлийг нь шалгаж үзэхэд 1.663.103 төгрөг байв. Үргэлжлүүлээд өөр дүнгээр зарлага хийх товчлуур дээр даран 500.000 төгрөгийн 08 цаг 36 минутад дахиж уг үйлдлийг давтаад 300.000 төгрөгийг 08 цаг 37 минутад аваад, авсан мөнгөө нийлүүлж халаасандаа хийн 08 цаг 38 минутад хамтдаа гарч явав...гэх тэмдэглэл /хх-68/,
- гэрч О.Л-ийн:...Тэр орой Сонгинохайрхан дүүргийн Өнөр дэлгүүрийн хажууд найз С-ийн хамт архи, пиво шаглаж зарж байсан чинь зүс таних У нэг эрэгтэй хүнтэй бас нэг эмэгтэй найзтайгаа явж байсан...Тэгээд би найз С-ийн хамт байсан архи, пиво зарж дуусгачихаад ороод хамт ууж байгаад өглөө нь У намайг дуудаад сэрээсэн. Хамт гарч архи авчихаад ирье гэсэн. Тэгээд хамт гарсан чинь буудалд унтаж байсан Ж.Н-ын картыг авчихсан байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав төвийн АТМ-руу хамт ороод мөнгө авъя гэсэн тэгэхээр нь хамт орсон чинь карт гаргаж ирээд 800.000 төгрөг авахаар нь чи яах гэж байгаа юм бэ мөнгө авч гэсэн чинь хамт хоносон Ж.Н өөрөө намайг аваад ир гэсэн гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр хаалттай болохоор бид хоёр буудалд буцаж очоод хэсэг унтаж байгаад би харихаар явсан...Картын хулгайлсан гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-51-52/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл:...хохирогч Ж.Н нь холбогдогч М.У-ыг танин зургийг зааж байгааг харуулав.../хх-56-57/,
- шүүгдэгч М.У-ын:...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрөө санахгүй байна. Ж.Н болон манай найз охин М нарын хамт бид хэд Дэнжийн 1000-д байрлах Ж.Н-ын нэг ахынд очоод тэнд бид хэд хоёр том пиво уугаад орой тэндээс гараад Сонгинохайрхан дүүргийн Саппора төвийн ард байрлах нэг зочид буудал руу М, Н бид гурав орсон....Өглөө би сэрээд Н-ыг унтаж байхад нь түүний өмднөөс картыг нь авчихсан. Тэгээд Л-ийг сэрэхэд хамт дэлгүүр оръё гээд гарсан ба хаалттай байхаар нь АТМ орж мөнгө авъя гээд Л-ийг дагуулаад явсан, би 800,000 төгрөгийг авчихсан. Тэгээд гараад Л надаас яах гэж байгаа юм бэ наад хүнийхээ данснаас мөнгө авч гэхээр нь Ж.Н өөрөө өглөө аваад ирээрэй гэсэн гэж хэлсэн...М манай гэрт очоод гэр лүүгээ явсан ба намайг мөнгө авсан талаар мэдээгүй, би Н-аас авсан мөнгөө байрны түрээс, тогны мөнгө болон куртик аваад дуусгасан гэх мэдүүлэг /хх-47-48, 86-87/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.У-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н-д 800,000 төгрөг /хх-100/ төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бүл 4, нөхөр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, хөрөнгө орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болон ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж /хх-54, 90, 91, 92, 93, 94, 99, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт авагдаж, судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.У-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч М.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг уг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР