Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч А.Ганзориг,        

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар :      

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д-ын Д-д холбогдох 2008 03019 0017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт :    

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Их нарангийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ХМШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 06 /зургаа/ хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэсэн, М овогт Д-ын Д /******/.

Холбогдсон хэргийн талаар :     

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны урд байрлах автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч А.А нь “3үүн Салаа Ч-З" гэсэн чиглэлийн автобуснаас буух үед нь түүний халаасанд байсан Самсунг галакси А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 825,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь :  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны урд байрлах автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч А.А нь “3үүн Салаа Ч-З" гэсэн чиглэлийн автобуснаас буух үед нь түүний халаасанд байсан Самсунг галакси А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 825,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан...2020 оны 09 сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-ын автобусны буудлын орчим автобусанд явж байхдаа халааснаасаа “Самсунг галакси А51” маркийн гар утсаа хулгайд алдсан...гэх тэмдэглэл /хх-03/,

- насанд хүрээгүй хохирогч А.А-ий: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би ганцаараа хичээлээ тараад харих гээд Саппорагаас зүүн салаа Ч-З гэсэн чиглэлийн автобусанд суугаад явсан ба Хархорины 19 дүгээр байрны автобусны буудлын орчим буусан. Автобусанд явж байхдаа сурагчийн дүрэмт хувцасныхаа баруун талын гадна халаасандаа хийсэн байсан Самсунг галакси а-51 загварын гар утсаа хулгайд алдаад яг тэндээ автобуснаас буусан...Миний алдсан утас 2020.05.19-нд Юнител ХХК-ын салбараас лизингээр 1.032.000 төгрөгөөр худалдан авсан Самсунг галакси А51 загварын ногоон цэнхэр өнгийн гар утас байсан... гэх мэдүүлэг /хх-13-14/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 825,600 төгрөгөөр үнэлэгдэв /хх-26-27/,

- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн...20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр 33 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр 16 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр 2 ширхэг нийт 830,000 төгрөгийг хураан авч, хүлээлгэн өгсөн...гэх тэмдэглэл /хх-31, 32/, 

- гэрч Л.Э-гийн:...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-ын автобусны буудлын орчим автобусанд сууж явсан насанд хүрээгүй А.А гэх хүн автобусанд гар утсаа алдсан талаар дуудлага мэдээлэл ирсний дагуу холбогдож ажилласан ба тухайн үед хэргийн газрын орчмоор биечилсэн сурвалжилга хийн ажилласан ба халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэй этгээдүүдийн бүртгэл судалгаанд бүртгэлтэй байдаг өмнө нь халаасны хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан Д.Д үйлдсэн талаар мэдээлэл авагдаж холбогдох шалгалтын ажиллагааг хийж эрэн сурвалжлан олж тогтоон ажиллахад хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн... гэх мэдүүлэг /хх-21-22/,  

- шүүгдэгч Д.Д-ийн...хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мөрдөн байцаалт /хх-38-39/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.          

Иймд шүүгдэгч Д.Д-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь хохирогчид бэлнээр 830.000 төгрөгийн хохирол төлөгдсөн нотлох баримттай /хх-15, 31-32/ байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /хх-41, 42-43, 44-47, 96, шүүх хурлын тэмдэглэл/ байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Мөн шүүгдэгч Д.Д нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Улсын дээд шүүхийн 2019.01.11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор 2 жил 6 сар болгон хөнгөрүүлсэн, Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус шүүгдэгчийг эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 06 /зургаа/ хоногийн хорих ялын хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон /хх-49-50, 58-81/ байтал тухайн хяналт тогтоосон хугацааны дотор дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч Д.Д-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн эдлэх 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.         

6. Шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг 2021.02.25-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР