Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Х.Нарангуа /томилолт/,

хохирогч Т.О,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ч-ы Гт холбогдох эрүүгийн 2008030881517 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-ийн “...” цэцэрлэгийн барилгын манаач ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд

Увс аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 2-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Ш овогт Ч-ы Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод хохирогч Т.Оийг хардалтын улмаас түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өшиглөх, үснээс зулгааж газар мөргүүлж, дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөх, нуруу, зүүн бугалга, зүүн гарын эрхий хуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Оийн мэдүүлэг /хх-ийн 19х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22х/, шүүгдэгч Ч.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 46х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 47х/, шүүгдэгч Ч.Гийн мэдүүлэг /хх-ийн 39-41х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ эхнэр Т.Оийгээ бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь: 

Хохирогч Т.Оийн: “...манай нөхөр Ч.Г ажил дээрээ ээлжид хоноод 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирсэн. Тухайн үед манай нөхөр Ч.Г надад хэлэхдээ “чи Чингисийн гэрт шөнө яах гэж орсон юм” гэхээр нь би О ахын гэрт хүүхдүүдтэйгээ орсон, О ах цемент зуурч байгаад хундаам цутгаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр Ч.Гийг дагуулаад О ахын хашаа руу дагуулж ороод О ахын хийж байгаа зүйлийг харуулсан юм. Тэгтэл манай нөхөр Ч.Г надаас 20.000 төгрөг аваад дэлгүүр яваад архи авчраад архинаас О бид 3 хувааж уусан. Тэгээд манай нөхөр бид хоёр гэр лүүгээ харихаар явсан ба гэрт орж байсан чинь намайг цээж рүү хоёр удаа өшиглөж,  гэрт орсны дараа үснээс зулгааж байгаад шал мөргүүлсэн, намайг газар хэвтэж байхад дээрээс зүүн цээж, зүүн ташаа, нуруу хэсэгт нэлээн хэдэн удаа өшиглөж дэвсэж байхад манай 5 настай охин цагдаад дуудлага өгсөн байсан. ...Өөрөө хувиараа эмчилгээ хийсэн. Энэ талаарх баримтууд байхгүй, ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12317 дугаартай: “...Т.Оийн биед тархи доргилт, зүүн хөх, нуруу, зүүн бугалга, зүүн гарын эрхий хуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22х/,

Шүүгдэгч Ч.Гийн: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэр үед манай эхнэр хүүхэд гэртээ байсан урьд шөнө манай эхнэр залгахад согтуу байсан. Би уурлаад эхнэртэйгээ маргалдсан. Оийн гэрт би архи уугаад гэртээ орж ирээд эхнэр Отэй маргалдаад эхнэр Оийг газар унагааж дээрээс нь хоёр гурван удаа өшиглөсөн. Уг асуудал хардалтаас болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Ч.Г, хохирогч Т.О нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 28х/-аар тогтоогдсон, шүүгдэгч Ч.Г нь “гэртээ байсангүй, гадуур гарч айлд очлоо” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Т.Оийг өшиглөх, үсдэж шал мөргүүлэх, гараараа цээж, нуруу, нүүр, гарын булга хэсэг зэрэг газар луу цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ч.Гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.    

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...гэм буруу, зүйлчлэлийн асуудал дээр маргаагүй, төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг нь харгалзан торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ч.Гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу тэрбээр ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлсний хэмжээ, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ч-ы Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ