Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 369

 

Б.Б- ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б- ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Д.Өлзийхишиг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоо,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Б-д холбогдох 1703 0000 10093 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Б.Б, 1957 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 35 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Б.Б-  нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Толгойтын зам, Цэргийн хотхоны автобусны буудлын замд “Хьюндэй Портер” загварын 10-14 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, 13.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ө.Бүрэнгийн эзэмшлийн “Хьюндэй Соната-6” загварын 94-50 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, явган зорчигч М.М, А.Ц нарыг мөргөж, Ө.Б-н эзэмшлийн “Хьюндэй Соната-6” загварын 94-50 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 570.000 төгрөгийн шууд хохирол, М.Мөнх-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, А.Ц-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Б.Б- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б- ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б- ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд иргэний хариуцагч З.Ганбаатараас нийт 1.210.600 төгрөгийг 2 сарын хугацаанд гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоод 191.150 төгрөг, хохирогч М.Мөнх-Очирт 26.950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэнд 992.500 төгрөг тус тус олгож, Б.Б-  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, түүний төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б- ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дуудсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Б.Б- ийн 047082 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-  гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие одоогоор бүх хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Нөгөө талаар миний бие ходоод өвчтэй, хавдрын урд шатанд байгаа тул эмнэлгийн хяналтад байдаг. Хоригдсоноос хойш ходоод цус алдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар дээд шатны эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэж эмч үзэж байна. Иймд миний гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, хохирогчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б-  нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж ойлгож байгаа боловч хохирогчдын хохирлын хэмжээ тодорхойгүй, маргаантай, баримтгүй зэргээс шалтгаалан хорих ялаар шийтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Б.Б- ийн ар гэрээс шүүх хурлын дараа тогтоогдсон хохирол болох гэм хорын хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Б.Б-  нь нас ахимаг, эрүүл мэнд муу, эмнэлгийн хяналтад байдаг. Мөн хохирогчид одоогоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Б- ийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- ийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Б-  нь гэм буруугаа хүлээн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд Б.Б- ийн насны байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй ...” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гомдолд дурдсан асуудалд анхан шатны шүүх дүгнэлтээ хийсэн. Гэм хор арилсан гэж үзэхгүй учраас тэнсэж, хянан харгалзах боломжгүй. Иймд  шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч Б.Б-  нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Толгойтын замд, Цэргийн хотхоны автобусны буудлын орчим “Хьюндэй Портер” загварын 10-14 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, 13.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ө.Б-н эзэмшлийн “Хьюндэй Соната-6” загварын 94-50 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, явган зорчигч М.М, А.Ц нарыг мөргөж, Ө.Б-н эзэмшлийн “Хьюндэй Соната-6” загварын 94-50 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 570.000 төгрөгийн шууд хохирол, М.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, А.Ц-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.М-н “... 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой, 20-21 цагийн үед эхнэр А.Цэцэгмаагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн хотхоны зүүн талын зам буюу Толгойтын эцэс рүү өгсдөг замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн рүү зам хөндлөн гараад замын 1 дүгээр эгнээнд байсан саарал өнгийн “Соната-6” загварын автомашинд суух гээд зүүн хойд хаалгыг онгойлгож байтал гэнэт хажууд “тас” гэсэн хүчтэй дуу гараад, би автомашинд мөргүүлж байгаагаа мэдсэн. Тэгээд газар унасан хойно “Портер” загварын автомашин намайг мөргөөд, миний бие дээгүүр урд дугуйгаараа дайрч байх шиг байсан. Тэгээд би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод хартал би зам дээр хэвтэж байсан, миний хажууд надаас нилээн зайтай /20 орчим метр зайнд/ манай эхнэр бас зам дээр хэвтэж байгаа харагдсан. Би босох гээд өндийсөн боловч босож чадахгүй бие өвдөж байсан. ...Би эхнэртэйгээ зам руу орохоосоо өмнө замын хоёр тийш автомашин ойртон ирж байна уу гээд харахад ойрхон ямар ч автомашин харагдахгүй болохоор нь зам руу орсон. Тэгээд зам хөндлөн гарч дуусаад замын 1 дүгээр эгнээ рүү орох үед эхнэр бид хоёрыг автомашин ирж мөргөсөн ...” /1-р хх 43-46/,

 

иргэний хариуцагч З.Ганбаатарын “...  Надад уг автомашин байдаг. Миний өөрийн эзэмшлийн автомашин. 2017 оны оны 7 дугаар сарын 20-нд манай хадам аав Д.Жамбалдорж нь над руу гар утсаар залгаад би чиний автомашиныг хүнээр жолоодуулан хот руу оруулж ирээд засварт өгчих үү гэж асуусан. Би тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөгийн голд Шүлхий гэх гоц халдварт өвчний хорио цээрт орчихсон байсан болохоор хадам аавд автомашин авч явахыг зөвшөөрсөн. Угаасаа миний автомашины түлхүүр манай хадам аавд байсан юм ...” /1-р хх 56-57/,

 

гэрч А.Ариунбаярын “... 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой би нөхөр Г.Баяржаргал, 5 настай охин Номин-Эрдэнэ нарын хамтаар нөхрийнхөө найзуудтай голын эрэг гарчихаад гэр гэрлүүгээ харих гээд “Соната-6” загварын автомашиныг М.Батбилэг нь жолоодон, жолоочийн хажуугийн суудал дээр 5 настай охин Номин-Эрдэнийн хамт суугаад, арын суудал дээр нөхөр Г.Баяржаргал, Баагий /М.Батболд/, М.Мөнх-Очир нар суугаад Цэргийн хотхоны автобусны буудлын замаар явж байтал М.Мөнх-Очир эхнэрийгээ ажлаас нь авъя наана аа зогсчих гэсэн. Тэгээд манай автомашин замынхаа 1 дүгээр эгнээнд аваарийн гэрлээ татаад зогссон. Харин М.Мөнх-Очир нь автомашинаас ганцаараа буугаад гарсан. Би тухайн үед гар утсаараа яриад сууж байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн “түс тас” гээд явчихсан. Тэгсэн М.Мөнх-Очир “Портер” загварын автомашинд мөргүүлээд газар унаж байгаа харагдсан, харин талийгаач нь замынхаа 1 дүгээр эгнээнд газар хэвтэж байсан. Манай автомашины зүүн талаар “түс тас” гээд хажуу талаар зөрж өнгөрөхдөө их хурдтай өнгөрч байсан. Тэгээд М.Мөнх-Очир, А.Цэцэгмаа хоёрыг мөргөчихөөд нилээн хол автобусны буудал руугаа ороод зогсчихсон ...” /1-р хх 61-62/,

 

гэрч М.Батболдын “... нэг мэдэхэд “түс тас” гэх чимээ, хашхирах чимээ сонсогдохоор нь сэрээд хартал манай автомашин замын 1 дүгээр эгнээнд хойшоогоо хараад зогчихсон, автомашины зүүн хаалга нугасаараа нугараад урагшилчихсан, зам дээр Цэцэгмаа, нилээн цаахан талд Мөнх-Очир газар хэвтэж байсан ...” /1-р хх 65-66/,

 

 гэрч Г.Баяржаргалын “... нэг сэртэл хүмүүсийн орилох чимээ гарсан.  Хартал Мөнх-Очир, Цэцэгмаа хоёр зам дээр хэвтэж байсан ...” /1-р хх 69-70/,

 

гэрч М.Амаржаргалын “... 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой би найз М.Мөнх-Очирын найзуудын хамт гол орчихоод тэндээ 1 шил 750 граммын архийг М.Батболд бид 3 хувааж уусан. Тэгээд орой хот руу орохдоо “Соната-6” загварын автомашиныг М.Батбилэг жолоодон, жолоочийн урд суудал дээр эхнэр А.Ариунбаяр нь охин Номин-Эрдэнийн хамт сууж, арын суудал дээр машины зүүн хойно би, голд М.Батболд, баруун захад М.Мөнх-Очир бид 3 суугаад, би автомашинд суугаад шууд унтчихсан. Нэг сэрсэн чинь хүмүүс орилох чимээ гарсан. Тэгээд сэрээд хартал М.Мөнх-Очир, А.Цэцэгмаа хоёр зам дээр хэвтэж байсан. Тэгээд би автомашинаас буугаад цаад талд нь хэвтэж байсан М.Мөнх-Очир дээр явж очиход юу ч ярьж чадахгүй ёолоод хэвтэж байсан, наана нь байсан А.Цэцэгмаа дээр очиход толгойноос нь нилээн цус гарсан байдалтай хагас ухаантай хэвтэж байсан ...” /1-р хх 72-74/,

гэрч М.Батбилэгийн “... автомашины зүүн хойд хаалга онгойх шиг болсон. Гэтэл машины зүүн хойд хаалга “тас няс” гээд дуу гарсан. Тэгтэл хойд хаалга нь жолоочийн хаалган дээр ирээд наалдчихаар нь юу болов гээд гайхтал хойноос “яанаа нөгөө хоёрыг чинь мөргөчихлөө” гээд хэлэх шиг болсон. Тэгээд би тухайн үед нилээн сандарсан. Ямар ч байсан машинаасаа буугаад хамгийн түрүүнд найз М.Мөнх-Очир дээр явж очиход найз маань “Портер” загварын автомашины хойд зам дээр газар уначихсан, харин түүний эхнэр А.Цэцэгмаа нь мөн адил 1 дүгээр эгнээнд уначихсан газар хэвтэж байсан. ...Замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар гадаа бороо орчихсон, шиврээ бороотой, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин харанхуй байсан …” /1-р хх 76-77/,

 

гэрч Д.Жамбалдоржийн “... 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би найз Б.Б- ийг Төв аймгийн Жаргалантын 3 дугаар багаас манай хүргэн хүү З.Ганбаатарын машин болох “Портер” загварын, 14-10 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодон хот руу засварын газарт оруулж өгөөч гэж гуйсан. Тэгээд бид 2 Төв аймгаас автомашиныг аваад найз Б.Б-  жолоодон, би өөрийнхөө автомашинтай араас нь дагаад хот руу орой яг хэдэн цагийн үед орж ирснийг санахгүй байна. Тэгээд Б.Б-  “Портер” загварын автомашиныг жолоодон Толгойтын призер гараад 200 гаран метр орчим явсан. Тэгээд тэр замаар дээшээгээ өгсөөд ойролцоогоор 25 орчим км/цагийн хурдтай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байхад замын 1 дүгээр эгнээнд нэг автомашин аваарийн гэрлээ татчихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд “Портер” загварын автомашин тэр жижиг машины хажуугаар нь дөнгөж зөрөх гэтэл гадаа “түс тас” гээд хүчтэй дуу чимээ гарсан. Тэгтэл “Портер” загварын автомашин нь чигээрээ явсаар байгаад автобусны буудлын халаас руу ороод зогссон. Харин би яг араас нь автомашинтай өнгөрөхөд 1 дүгээр эгнээнд зогсож байсан автомашины зүүн хойд хаалга нь урагшаагаа нугасаараа тахийчихсан. Тэгээд машиныг өнгөрөөд явахад замын 1 дүгээр эгнээнд нэг хүн газар хэвтчихсан дахиад цаашлаад явахад дахин нэг хүн газар хэвтэж байсан. Би “Портер” загварын автомашины араас 20 орчим метрийн зайтай автомашиныхаа аваарийн гэрлийг татаад явж байсан. Учир нь “Портер” загварын автомашин нь баруун хойд талын тоормосны гэрэл нь асаад зүүн хойд талын гэрэл нь асахгүй байсан болохоор би араас нь гэрлээ тусгаад дагаад явж байсан ...” /1-р хх 82-83/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Талийгаачийн биед гавлын зулай, дагз, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, хаван, баруун хацарт зулгаралт, цус хуралт, хуйх, зүүн ташаа, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ. Цогцосны үзлэг 2017 оны 7 дугаар сарын 31-ний 10:45 цагийн үед нас бараад 3-4 цаг болжээ гэж тогтоолд дурджээ. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна” гэсэн 1535 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 90-92, 93-96/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “М.Мөнх-Очирын биед баруун дал ясны хугарал, баруун 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун суганд шарх, баруун суга, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн тохой, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн 962 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 114-116/,

 

Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн “Б.Б- ийн жолоодож явсан БНСУ-д үйлдвэрлэсэн Kia Bongo загварын, цагаан өнгөтэй 14-10 ТӨВ улсын дугаартай, KNCDC0362TS161734 арлын дугаартай автомашиныг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 15:29 цагаас 16:01 цаг хүртэл шалгаж үзэхэд урд салхины шил байхгүй, зүүн болон баруун холын гэрэл, дохионы гэрэл, зүүн болон баруун урд оврын гэрэл, зүүн хойд тоормосны болон оврын гэрэл, ухрах арааны гэрэл, ослын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, улсын дугаар байхгүй, баруун талын толь байхгүй,  урд нүүр байхгүй, урд хэсэг хонхойсон, ерөнхий үзэмж муу байна.

Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 27.5 мм, нэгдүгээр тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 2.7 кН, баруун талдаа 2.5 кН, зөрүү нь 7.41 хувь, тоормосны хүчгүй зогсоогүй, хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос зогсохгүй байна. Урд гэрлийн тусгалын эрчим зүүн талдаа 0 канделъ, баруун талдаа 0 канделъ байлаа. Холын гэрэл баруун, зүүн тал асахгүй.

 

Уг автомашины тоормосны систем нь бүрэн ажиллагаагүй, хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсохгүй стандартын шаардлага хангаагүй. Тоормосны систем нь бүрэн бус ажиллагаатай, хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь ашиглалтын явцад эвдэрсэн байх боломжтой, өргөх төхөөрөмж дээр шалгаж үзэхэд баруун талын босоо тэнцүүлэгч мурийсан, зүүн талын босоо тэнцүүлэгч байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Баруун урд талын дугуй стандартын шаардлага хангахгүй байна. 1 дүгээр тэнхлэгт өөр хээтэй дугуй тавьсан, нэг тэнхлэгт 2 өөр хээтэй дугуй тавьсан. Уг гэмтлүүд осолд нөлөөлнө. Автомашиныг жолоодох үед жолоодлого алдагдах байдлаар, зүүн болон баруун холын гэрэл, зүүн болон баруун урд оврын гэрэл асахгүй нь явган зорчигчид харагдахгүй, жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө” гэсэн 17/57518 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 122-127, 128-130/,

 

Техникийн шинжээчийн “Х.Портер загварын 14-10 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б-  нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтын “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” мөн дүрмийн 9 дэх зүйлийн 9.2 дахь заалтын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

“Х.Соната-6” загварын 94-50 УБЧ улсын дугаартай автомашины жолооч М.Батбилэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь заалтын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч М.Мөнх-Очир нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь зүйлийн 3.9 дэх заалтын “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” мөн дүрмийн 4 дэх зүйлийн 4.1 дэх заалт “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам /эсвэл хөвөө/ тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Цэцэгмаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь зүйлийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” мөн дүрмийн 4 дэх зүйлийн 4.1 дэх заалтын “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам /эсвэл хөвөө/ тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн 520 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 142-144/,  

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 11-14, 15-17/, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-19, 21/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /1-р хх 20, 22/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 23-25, 26/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 134-136/, хохирол төлсөн баримт /1-р хх 185, 2-р хх 44-46/, хохирлын баримтууд /1-р хх-187-196, 197-198, 243, 2-р хх 4/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б- ийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүх, Б.Б- ид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б- , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Д.Өлзийхишиг нарын гаргасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Б.Б-  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоод 12.500.000 төгрөг, хохирогч М.Мөнх-Очирт 3.026.950 төгрөг, иргэний хариуцагч З.Ганбаатар нь иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэнд 992.500, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоод 191.150 төгрөг тус тус төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б- , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоод 12.500.000 төгрөг, хохирогч М.Мөнх-Очирт 3.026.950 төгрөг, иргэний хариуцагч З.Ганбаатар нь иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэнд 992.500, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Алтанжолоод 191.150 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ