Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0614

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 431 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “М” ХХК,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ц.Т, Б.Н, Х.О,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн А/03 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т, Б.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 431 дүгээр,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Гуравдагч этгээд Б.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2022/0484/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 431 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “ “М”” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн А/03 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т, Б.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-т “... нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх нөхцөл байдлууд, түүнчлэн гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэх нөхцөл байдлууд, түүнчлэн гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна”, 27-д “Хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг Газрын тухай хуулийн 40.1.1-т заасан “зөрчил гаргасан” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, уг зөрчлийг удаа дараа гаргасан нь эрх бүхий ямар байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон болох, эсхүл ямар “ноцтой зөрчил” гаргасныг тодорхой тогтоогдоогүй атлаа хуулийн энэ заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна” гэж тус тус шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.1 Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооний өөрчлөлтөөс тухай газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж заасан. Нэхэмжлэгч тал нь 2014 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрх үүссэнээс хойш 2 жилээс илүү хугацаа буюу 5 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй төдийгүй үйлдвэр эрхлэх байгууламж ч бариагүй, хашаа бариагүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.2, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.9 дэх заалтуудын дагуу газар эзэмших аж ахуй нэгж, байгууллага нь өөрийн эзэмшил газраа хамгаалах, зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлэх үүрэгтэй бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.1дэх хэсгийг. Зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлсэн болно.

2.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-т заасан гуравдагч этгээдүүдийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч тал газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон гэхийн хувьд “М” ХХК нь тухайн маргаан бүхий газарт нэг л удаа очиж байсан бөгөөд түүнээс хойш огт очоогүй, үйл ажиллагаагаа явуулах гэж огт оролдоогүйгээс гадна, өөр ямар ч арга хэмжээ аваагүй болно. Тодруулбал, хэрэв “М” ХХК нь өөрийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь гуравдагч этгээдүүдийн зүгээс 5 жил өнөөдрийн байдлаар 7 жилийн хугацаанд тасралтгүй саад болсон зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин нэг удаа “М” ХХК-ийн зүгээс энэ манай газар маргаж ирэхэд нь гуравдагч этгээдүүдийн зүгээс тухайн үед нь газрын албанд хандсан байна.

Хэрэгт авагдсан баримт болон гэрчдүүийн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч газрын алба болон эрх бүхий байгууллагад хандаж, бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалсан үйлдлийг огт гаргаж байгаагүй нь тогтоогддог. “М” ХХК нь анхнаасаа тухайн маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах ямар ч сонирхол байгаагүй бусдад худалдах, зарж борлуулах зэргээр зориулалтын бусаар ашиг олох сонирхол байсан нь тодорхой харагдаж байна. Газрын тухай хуудийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” гэж төрөөс иргэн хуулийн этгээдэд гэзэр эзэмшүүлэхэд баримтлах зарчмыг хуулиар тодорхойлсон.

Уг зарчмаас үзэхэд төрөөс иргэн, хуулийн этгээдэд тодорхой нөхцөл, болзолтойгоор газар эзэмших эрх олгож байгаа нь тухайн шазрыг үр ашигтай ашиглуулах, ард иргэд, аж ахуй нэгж байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих, олон хүмүүст ажлын байр бий болгож, тодорхой үр нөлөөг бий болгох  гэсэн бодлогоор газрыг иргэн аж ахуй нэгжид газа эзэмших эрх олгодог болохоос биш тухайн газрыг ямар нэгэн байдлаар зөвхөн төлбөрөө төлөөд байж байлгах зорилготой биш юм. Өнөөдөр “М” ХХК шиг маш олон хүмүүс газрыг тодорхой нөхцөл болзолын дагуу авсан атлаа огт ашиглахгүй, ирээдүйд үнэ хүргэж зарж, бусдын боломж нөхцөлийг хулгайлж байгаа ба хариуцагчийн зүгээс уг хууль бус үйлдэлтэй тэмцэж зөв зүйтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тухайн газрыг ашиглахгүй, эдийн засаг, нийгмийн амьдралд үр өгөөжөө өгөхгүй, бусдын боломжийг хулгайлж, газрын дамын наймаа эрхэлж байгаа хууль бус зальжин үйлдэлтэй эвлэрч болохгүй.

2.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, газар эзэмшүүлэх гэрээнд заасан газар эзэмшигчийн үүрэгт ч бас тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан нөхцөл байдлыг бүрдүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл “М” ХХК хууль болон гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 2020 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт” болон гэрчийн мэдүүлгүүдээс харж болно.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.4-д “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх”, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр хэсгийн 4.1-т “Гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах”, 4.9-т “Өөрийн эзэмшлийн газар болон 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хамгаалж, тохижилт хийх” гэж тус тус заасан. Гэтэл “М” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан цагаасаа эхлэн тус үүргүүдийг биелүүлээгүй, зөрчиж ирсэн буюу газар эзэмшсэн 5 жилийн хугацаандаа зориулалтын дагуу тухай газрыг огт ашиглаагүй, ямар ч барилга байгууламж барьж, тохижилт хийгээгүй болохыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт” болон гэрчийн мэдүүлгүүд нотолж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн үүргүүдийг биелүүлсэн гэх ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Иймээс “М” ХХК-ийн тус үйлдлүүд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж нөхцөл байдлыг хангасан гэж үзэхэд хүргэж байна.

2.4 Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасан. “М” ХХК-ийн газах эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 18-ний өдөр дуусгавар болох байсан тултус гэрчилгээ сунгуулах хүсэлтээ 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрөөс өмнө гаргаж өгөх ёстой байсан хуульд заасан шаардлагыг “М” ХХК нь зөрчсөн буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ 2019 оны 08 дугаар сарын 13-ний өдөр гарсан. Иймээс нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн А/03 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах тухай шаардлагыг гаргах эрхгүй этгээд болохыг хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс шүүх маргасан боловч шүүхээс харгалзан үзээгүй, хэрхэн дүгнэсэн тодорхойгүй шүүхийн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.  Нэхэмжлэгчийн зүгээр Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргүүдээс газрын төлбөр төлөхөөс бусад үүргүүдээс нэгийг нь гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа эрх шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иймд дээрх нөхцөл байдлыг дахин хянан шалгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 128/ШШ2022/0431 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн  118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянахад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргаан бүхий захиргааны актууд тус бүрт дүгнэлт хийгээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, биелэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... нэхэмжлэгч нь 5 жилийн хугацаанд ашиглаагүй, барилга, байгууламж, хашаа бариагүй, гуравдагч этгээдийн зүгээс нэг удаа тус компанийн хүмүүстэй уулзсан, тасралтгүй саад болсон зүйл байхгүй, хууль бус үйлдлийг таслан зогсоолгож эрхээ хамгаалсан зүйл тогтоогдоогүй, нэхэмжлэгч ... хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ... нь тогтоогдож байгаа ... газар эзэмших хугацаа сунгуулахыг даалгах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан боловч шүүх харгалзан үзээгүй, хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэжээ.

3. Нэхэмжлэгч ““М”” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн 28 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч ““М”” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байсан 1400 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ хамрагдсан байх ба тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 17/1619 дүгээр албан бичгээр “... Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тул гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж дурдсан /хэргийн 1-р хавтас, 42 дугаар хуудас/ байна.

4. Анхан шатны шүүх уг захирамжийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэж үзсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэхдээ зөвхөн гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтэд дурдсан “... “М”” ХХК-ийн хүмүүс ирэхэд бид эсэргүүцэн газраа өгөөгүй авч үлдсэн” гэснийг үнэлж, “бусдын хууль бус үйлдэл газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон байхад хариуцагчаас уг нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, ... үндэслэлийг судлах үүргээ биелүүлээгүй ...” гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэл муутай болжээ.

5. Учир нь нэхэмжлэгч нь тухайн газрыг 2014 онд эзэмших эрхтэй болсноос хойш ашиглах талаар ямар үйл ажиллагаа хэрхэн явуулсан, бусдын хууль бус үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж газраа ашиглах боломжгүйд хүргэсэн талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна.  

6. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн иргэн Б.Н, Ц.Т нарт иргэний ахуйн зориулалтаар, 1400 м.кв газрыг (нэхэмжлэгчийн эзэмшиж байсан) 2 хувааж  тус  бүрт 700 м.кв газрыг  эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын А/392 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

7. Тухайн захирамжаар хэргийн оролцогчдын маргаж буй газрыг эзэмшүүлсэн зориулалт өөрчлөгдсөнтэй холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан талаар баримт цуглуулаагүй атлаа нэхэмжлэлийн “... газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

8. Учир нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд дээрх 2021 оны 392 дугаар захирамжид “... иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх газрын хэмжээ 0,007 га-гаас илүүгүй байхаар зохицуулсан Газрын тухай хуулийн 29.1 дэх заалт, “... энэ хуулийн 29.1-д заасан газрыг эзэмшүүлэхдээ ... иргэдийн төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шийдвэрлэх”-ээр заасан мөн хуулийн 33.1.1 дэх заалт, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/03 дугаар тогтоол зэргийг үндэслэжээ. Үүнээс үзвэл дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газрын зориулалтыг хэрхэн өөрчилж тусгасныг тодруулаагүй байхад маргаан бүхий тухайн акт болон нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчид “үйлдвэрлэлийн” зориулалтаар газар эзэмшүүлэх “хугацаа сунгахыг даалгах” боломжтой эсэх нь эргэлзээтэй байна.

9. Иймд хэргийн дээрх нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулж, маргаан бүхий захиргааны акт тус бүрийн үндэслэл, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ