Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

улсын яллагч М.Амарзаяа,  

иргэдийн төлөөлөгч Ц.Өлзийбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа,

гэрч Ч.О,

шинжээч Н.Энхцолмон /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-т холбогдох 2008 02546 1247 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, дээд боловсролтой, шугам зургийн багш мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагч Ч.О-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, мал тууврын зам ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн С /РД:****/,  

Холбогдсон хэргийн талаар :     

Шүүгдэгч А.С нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Төгөлдөр Буянт дэлгүүрийн үүдэнд Ч.Г-той ямар нэгэн шалтгаангүйгээр барьцалдаж түүний хоолойг боож, толгойн ар дагз хэсгээр хатуу хучилттай зам дээр унагаж алсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :    

- гэмт хэргийн талаарх дуудлага, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /1 хх-2-3/,   

- Мөрдөгчийн тэмдэглэл:...Ч-ийн Г-д биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан гэх дуудлага мэдээлэлд хэргийн газарт ажиллахад Ч-ийн О гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн амь хохирогчтой хамт байсан бөгөөд “Ч-ийн Г ах миний төрсөн ах 2020 оны 08 дугаар сарын 25ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ээж Б-ын Л-г эргэж очоод оройхон Толгойтын хуучин эцэс дээр надтай уулзаад чамтай архи уухгүй гээд явсан бөгөөд хэнтэй архи уусныг мэдэхгүй байна. 21 цагийн үед толгойтын хуучин эцэс дээр Төгөлдөр буянт дэлгүүрийн цэцгийн мандлын хашаан дээр архи уусан сууж байсан бөгөөд гар хөл нь татаад байхаар нь би түргэн дуудаж үзүүлсэн чинь түргэний эмч үзээд зүгээр байна гэж хэлсэн. Ах Ч.Г-д сууж байсан газраа унтахаар нь би сэртэл нь хажууд нь сууж байгаад таньдаг хүмүүстэйгээ архи уусан. Тэгээд сэрэхгүй болохоор нь дахиад түргэн дуудсан чинь нас барсан байна гэж хэлсэн...гэх /1хх-5/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “Төгөлдөр буянт хүнсний дэлгүүрийн зүүн үзүүрт явган хүний замын хойно тоосгоор өндөрлөсөн цэцэг мод тавьсан хэсэгт толгойн орой баруун тийш, 2 хөл зүүн тийш, нүүр цээж хэсэг дээш харсан, хар өнгийн халимаг үстэй, 1 нүд аньсан, хамраас цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарсан, амыг хагас ангайсан юүдэнтэй, цахилгаантай цамцтай, хөндлөн судалтай футболктай, жинсэн өмдтэй, пүүзэн гуталтай цогцос байв. Хүнсний дэлгүүрийн хаалганы зүүн буланд тойрог хэлбэртэй дугуй цагаан, зүүн зүг рүү чиглэлтэй цагаан өнгийн хяналтын камер байлаа..., цогцост ил харагдах гэмтэл шарх байхгүй”, тэдгээрийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-6-10/,   

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 21-362 тоотод байрлах Төгөлдөр Буянт хүнсний дэлгүүрийн зүүн урд буланд байх довжоон дээр цогцос байсан гэх бөгөөд Г унаж гэмтсэн гэх газар нь цогцос олдсон газраас зүүн урагш 4.5 м зайд байх авто замын боржур хатуу хучилттай цементэн зам байв. Боржурын өндөрлөг хэсэг 15 см өндөртэй, тэгш өнцөгт хэлбэрийн булантай газар байна...Толгойтын хуучин эцсийн автобусны буудлаас талийгаачийн хэвтэж байсан гэх газар нь ойролцоогоор 6 метр, унасан гэх газар нь 10 м газрын зайтай байна...,  бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-10-14/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: “Цогцос нь 169 метр урттай, 9,1 см урт хар өнгийн үстэй, биеийн ерөнхий хөгжил зөв, мөн марианы хөгжил дунд зэрэг 47 настай, эрэгтэй хүний цогцос байна. 2 нүдний зовхи хаалттай, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг, салст ягаан, хамрын яс мөгөөрс бүтэн, зүүн дээд 1, баруун дээд 1-р шүднүүд хиймэл буюу шүд бүрэн, баруун дээд 1, 5, 6, зүүн дээд 1, 4, 5, 6-р шүднүүд хиймэл бусад шүд бүрэн, чихний дэлбэн бүтэн, хамраас хүрэн ягаан өнгийн цус мэт зүйл гарч хатсан, ам болон шингэн гарсан зүйлгүй, цээж хэвлийн хэлбэр зөв, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, өтгөн шингэн гарсан зүйлгүй, Цогцос хөрсөн, хөшилт эрүү, хүзүү, дээд, доод мөчид илрэхүй хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй, хэсгээр цайвар ягаан өнгөөр дарахад хэсэг хугацааны дараа эргэж өнгөндөө орно. Биед ил харагдах гэмтэл шархгүй /1хх-15-18/, 

- тус хэрэгт хойшлуулшгүйгээр хураан авсан хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг эд мөрийн баримтаар тооцох, хойшлуулшгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай шийдвэр /1 хх-19-22, 25/,  

- камерын бичлэг хуулж авсан тэмдэглэл:...Баялаг хүнсний дэлгүүрийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагийн тохиргоо Улаанбаатарын цагаас 10 минутаар түрүүлж явах, 500 GB багтаамжтай 14 хоногийн бичлэг хадгалах хүчин чадалтай, 2020.02.25-ны өдрийн дэлгүүрийн гадна талын зам руу харсан камерын бичлэгт үзлэг хийж, хуулан авсан...мөн Баялаг хүнсний дэлгүүрийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагийн тохиргоо Улаанбаатарын цагаас 30 минутаар түрүүлж явах, 500 GB багтаамжтай 30 хоногийн бичлэг хадгалах хүчин чадалтай, 2020.02.25-ны өдрийн дэлгүүрийн гадна талын зам руу харсан камерын бичлэгт үзлэг хийж, хуулан авсан.../1хх-25/, 

- камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “Баялаг хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт “явган хүний зам дээр...19:01:33 секундэд саарал өнгийн малгайтай цүнх үүрсэн хүн гарч ирж байгаа...19:05:05 цагийн үед зүүн талын хөл нь доголсон байсан хүн болон саарал өнгийн малгайтай хоёр хүн хоорондоо барьцалдан авч байгаа...19:05:14 секундэд цүнх үүрсэн эрэгтэй баруун талын хөлөөрөө хар цамцтай байсан буюу зүүн талын хөл нь доголон байсан хүн машины зам дээр унасан байхад нь өшиглөж байх...19:05:44 секундэд саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслээс жолооч нь гарч ирж цүнх үүрсэн байсан хүнийг холдуулж байгаа...19:08:38 секундэд саарал өнгийн малгай өмссөн эрэгтэй, хар цамц өмссөн зүүн талын хөл нь доголон эрэгтэй хоёр хоорондоо барилдаж байгаа...19:09:12 секундэд цүнх үүрсэн байсан буюу саарал өнгийн малгайтай байсан эрэгтэйг хар цамц өмссөн байсан хүн түшээд зогсож байгаа...19:09:21 секундэд зүүн талын хөл нь доголон хар цамцтай эрэгтэй хүн цүнх үүрсэн байсан хүнийг цементэн талбай дээр толгой хэсгээр нь арагш унагааж байгаа...19:10:20 секундэд цементэн дээр унасан залуу дээр ойр хавьд байсан хүмүүс очиход цементэн дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаа...19:12:06 секундэд цементэн дээр түлхэж унагаасан гэх хар цамцтай доголон хүн зам дагаад ертөнцийн зүгээр зүүн тийш чиглээд явж байгаа...19:13:10 секундэд цагаан малгайтай болон бараан өнгийн хувцастай хоёр хүн цементэн зам дээр унасан байсан хүнийг босгож байгаа...19:13:19 секундэд цагаан малгайтай болон бараан өнгийн хувцастай хоёр хүн цементэн зам дээр унасан байсан хүнийг босгож машины замаас холдуулж байгаа...19:13:24 секундэд цементэн зам дээр унасан байсан хүнийг босгож машины замаас холдуулж Залуус үсчин гэсэн саарал өнгийн байшингийн цаагуур далд орж байгаа...” гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-26-32/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “19:41:39 цагийг зааж байх ба боогоод түлхсэн, 19:44:15 секундэд амь хохирогч газарт унаад сэрсэн, 19:45:34 секундэд амь хохирогчийг босгоод цэцгийн мандал дээр үл таних хүмүүс суулгасан, 23:11:22 эхний түргэн ирсэн, 23:16:10 секундэд эхэнд ирсэн түргэн тусламжийн авто машин явсан, 00:21:03 секундэд цагдаагийн эргүүлийн машин ирсэн, 00:34:38 секундэд хоёр дахь удаагаа түргэн тусламжийн машин ирж байгаа, 00:40:07 секундэд цагдаагийн жижүүрийн шуурхай албан бие бүрэлдэхүүн ирж байгаа, 00:50:20 секундэд түргэн тусламжийн автомашин явж байгаа, 01:25:14 секундэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автомашин ирсэн, 01:26:55 секундэд цогцсыг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автомашинд зөөж оруулж байгаа, 01:27:53 секундэд шүүх шинжилгээний албаны бүрэлдэхүүн хэргийн газраас хөдөлж байгааг харуулав...”, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-34-40/, 

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ийн:...“Ч.Г нь миний төрсөн ах. Би талийгаач ахтайгаа өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 9 цагийн манай гэрт уулзсан, ээжийг эргэх гээд манайхаас хонины сүүл авч банштай цай хийж ээжид хүргэж өгнө гээд ирчихсэн байсан бөгөөд архи дарс уугаагүй эрүүл байсан. Талийгаач ах сүүлийн 10 жил ээжийн хамт амьдарч байгаа...Би өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өглөө ээлжийн ажлаас дөнгөж буух гээд байж байтал манай охин Б залгаад ээжээ О эгч энд согтуу ирчхээд Г ахыг үхчихсэн гээд уйлаад орилоод байна гэж хэлсэн. Тэгээд би эгч О рүү утсаар залгаад асуухад манай эгч юу ч мэдэхгүй байсан бөгөөд гэртээ ирэхдээ толгойтын эцсийн буудал дээр эгч дүү нартайгаа уулзаад цагдаагийн хэсэг дээр ирээд учир байдлыг нь сонссон...Бид амь хохирогчийн ажил явдлыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Түмэн буян ХХК-иар гүйцэтгүүлсэн, оршуулгын зардалд 1.5 сая төгрөг төлсөн, ламд 500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөн дүнг нэхэмжилж байна. Гарсан зардлын хувьд бол хоол унд, унаа тэрэгнээс авхуулаад зөндөө байгаа, гэхдээ буяны юм буянаараа болог гэж бодоод өнгөрсөн байгаа. Тэр хүнд нь зохих ёсны ял шийтгэлийг нь шударгаар оногдуулж өгнө үү. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг / 1хх-46, 49/, 

- гэрч Ч.Б-гийн:...“Г, С гэх хүмүүсийг зүс танина. Би Толгойтын хуучин эцсийн буудал дээр жижиглэсэн түлээ нүүрс худалдан борлуулдаг. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед би түлээгээ зараад автобусны буудал дээр зогсож байхад миний урьдхан ойролцоогоор 20 метр зайд Г, С нар хоорондоо зодолдоод байсан. С Г-ыг хоёр гараараа боогоод зогсож байх шиг байсан. Удалгүй Г хатуу хучилттай зам дээр ар дагзаараа саваад унасан. Би гүйгээд очтол Г ухаан алдаад унасан, С нь цаашаа алхаж байсан. Би Г-ын хацар луу хэд хэдэн удаа алгадтал сэргэсэн. Тэр үед хажууд байсан Э гэх ах “наадах чинь сэргэчихлээ, одоо зүгээр” гэхээр нь би зарж байсан мод руугаа хүрээд ирсэн юм. Би модоо хураагаад, буух үед Г-ын дүү О нэг хүүхний хамт Г-ыг босгож авч явах гээд байж байсныг би харсан...тэгээд маргааш нь ажилдаа иртэл энэ хавийн хүмүүс Г-ыг нас барсан гээд яриад байсан....өмнө нь С Г-ын төрсөн дүүтэй хамтран амьдарч байсан гэж би хүнээс сонсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56/,

- гэрч Ж.Т-ын:...Би тэр өдөр Толгойтын хуучин эцэс дээр талийгаач Г халуун сав, тортой юм барьчихсан, үсчингийн тэнд явж байсан. Тэгэхэд С бас яг араас нь гараад ирсэн бөгөөд тэгэхэд Г тортой юмаараа С-ийг цохиж аваад “чи миний дүүг зоддог юу юм бэ, хамт архи дарс уугаад” гээд уурлаад цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад өмссөн байсан цамцнаасаа барилцаж байгаад С Г-ыг боох шиг болоод зам дээр түлхээд унагаачихсан. Г газарт унаад босохгүй байсан. Би босгооч ээ гээд л орилсон ба С цохиж унагачхаад л цаашаа яваад өгсөн. Талийгаач тэгж унаад дэлгүүрийн довжоон дээр суулгаснаас хойш өөр хүн ойртоогүй, хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. Би тэр хавиар хэсэг явж байгаад бараг 2-3 цагийн дараа О-тэй таараад танай ахыг чинь зодчихлоо, танай нөхөр чинь зодоод унагаачихсан гэж хэлээд би талийгаачийн хэвтэж байсан дэлгүүрийн үүдэнд очиж хэвтэж байсан газар нь очиж зааж өгсөн. Намайг Толгойтын тэр хавийнхан бүгд хар Т гэж хочилдог” гэх мэдүүлэг /1 хх-58-59/,

- гэрч Ч.О-ийн:...“2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18-19 цагийн үед хар Т гээд эмэгтэй над дээр ирээд “чиний нөхөр С ахыг чинь зодоод алах дөхлөө” гэхээр нь би ахыгаа хайгаад олоогүй. С автобусны буудал дээр зогсож байсан. Ингээд ахыг хайгаад толгойтын хуучин эцэс дээрх Баялаг гээд дэлгүүрийн үзүүрт очиход нүүр ам нь цус болчихсон, дээшээ харсан газарт хэвтэж байсан. Би дэлгүүрээс салфетка аваад нүүр амыг нь арчаад босгох гэтэл босох тэнхэл байгаагүй. Би 22 цаг хүртэл хажууд нь сууж байсан, ах тэр хооронд босоогүй, ухаантай байсан бөгөөд надтай юм яриад байсан. Маш удаан ярьж надад утсаа хадгалуулсан. Би хэсэг байж байгаад хажуугаар явж байсан эмэгтэй хүүхдийн утсыг гуйж түргэний 103 руу залгаж дуудлага өгсөн. Би хажууд нь байх хооронд нэг сонин болоод амьсгал нь удаашраад нүд нь гөлийгөөд ирэхээр нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд нас барчихсан байна гэж хэлсэн.../1хх-52-53/...Миний санаж байгаагаар эмч нь эрэгтэй хүн байсан гэж бодож байна. Тэгээд тэр эмч ахын маань даралтыг үзээд хэвийн байна гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд яг үнэндээ би тэр эмч юу гэж хэлж байсан, юу ярьсан талаар үнэндээ санахгүй байна. Би тэр үед нэлээн согтуу байсан нь үнэн...Миний дотор ахыг гайгүй болоод сэргэхээр нь гэрт авч харьж хоол хийж өгнө л гэсэн бодол төрж байсан юм...гэх мэдүүлэг /1хх-227/,  

- гэрч Н.А-ын:...тухайн дуудлага дээр очиход толгойтын хуучин эцсийн буудлын яг ар талд дэлгүүрийн үүдэнд байх саад цэцэгжүүлэлтийн хажууд хагас суугаа байдалтай 2 хөл өвдгөөрөө нугаларсан, цээжин бие нь хойшоо налж хэвтсэн 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба амин үзүүлэлт харьцангуй тогтвортой, хурхирсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд пульс, даралт зэргийг нь үзэхэд харьцангуй тогтвортой байсан ба хүүхэн харааны гэрлийн урвал 2 талд сул, хурхирсан, гар хөлд ямар нэгэн саа саажилтын шинж байгаагүй, хамраас үл ялиг маш бага хэмжээтэй цус гарсан байсан. Тэгээд хажууд нь байсан 40 орчим насны эмэгтэйгээс толгойгоороо савж унасан уу гэж асуухад тийм зүйл болоогүй, бид 2 архи ууж байгаад сая зүгээр татах гээд байна гээд саадан дээр сууж байсан юм гэж хэлсэн...Би тэр эмэгтэйд наад хүн чинь хурхиралт явагдаад тархины гэмтэл үүссэн байж болзошгүй байна гэхэд бид хоёр хамт архи уусан орбитод хамт амьдардаг юм гээд байсан. Тэгэхээр нь энэ хүнд дахиж биед нь таталт өгөх, өөрчлөлт гарвал чи яаралтай 103 дуудаарай гэж хэлээд дараагийн дуудлагад явсан...Манайх дуудлагаа тухайн өдрийн ээлжийн зохицуулагч руу утсаар мэдээлж дуудлагаа хаалгадаг. Миний хувийн хөтөлдөг дэвтэр дээр бол дуудлага дээр очиж ажилласан тухай тэмдэглэл байгаа, хуулбарлан өгч болно...Дүү нь зөөвөрлөлт хийхээс татгалзсан уг нь татгалзах хуудас бөглүүлэх ёстой боловч надад тухайн үед нөөц дуусчихсан байсан...гэх мэдүүлэг /1хх-72/,

- гэрч Р.А-гийн:..Би тухайн үед өглөө 08:30 цагаас ээлж хүлээж аваад ээлжийн эмч Н.А-ын хамт 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо орбит хуучин эцэс дээр бөөлжөөд ухаангүй хүн байна гэсэн дуудлага эмчийн гар утсанд дуудлага ирсний дагуу шууд эцэс дээр дэлгүүрийн гадна очсон. Ингээд эмч бууж үзсэн, юуг нь яаж үзсэнийг нь мэдэхгүй байна. Тэгээд 3-5 минут орчмын дараа намайг дуудаад машинаас бууж очиход эмч Н.Алтансар нь нацилкаар зөөвөрлөх хэрэгтэй юм байна, нацилк /хүн хэвтэж зөөх зөөврийн ор/ хүзүүний циг 2 аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины араас нацилк, хүзүүний циг 2 аваад эмч дээрээ ирэхэд өвчтөний хажууд байсан дүү нь гэх эмэгтэй согтуу байдалтай “манайх энд ойрхон байдаг юм, би өөрөө аваад орчихъё, согтуу тасраад уначихсан байгаа юм аа” гээд байсан. Тэгээд эмч Н.Алтансар зөвлөгөө өгөөд дараагийн дуудлагадаа явсан. Яг эмчилгээ хийж, ямар зөвлөгөө өгснийг би мэдэхгүй машиндаа ороод сууж байсан юм...гэх мэдүүлэг /хх-231/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9823 дугаартай дүгнэлт:...А.С-ийн биед баруун завжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх /хх-90-91/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1774 дугаартай дүгнэлт: 1. Талийгаач Ч.Г-ын цогцост суурийн зүүн ар хонхрын гадна ирмэгээр гавлын том нүхнээс лямбда заадас руу чиглэсэн босоо шугаман хугарал, дагзны дэлбэнгийн зүүн талын хатуу хальсан дээрх цусан хураа /140гр/, дагзны хуйхны зүүн талын дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн талд духны дэлбэнгийн доод гадаргуун аалзан хальсан доорх нимгэн цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн доод гадаргуу урд шонтон хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр буюу толгойн зүүн ар /дагз/ хэсэгт хүч үйлчилж үүснэ. 3. Дээрх гавал тархины гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 5. Уг гавал тархины гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн шинж гэмтэл байна. 7. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.1 промилли, ходоодны шингэнд 3.4 промилли, шээсэнд 3.7 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. 9. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 10. Талийгаач нь 2020.08.26-ны өдрийн 02:05 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна. 11. Талийгаачид эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой /1 хх-74-79/,  

 - шинжээч эмч Н.Энхцолмонгийн:.. “Ер нь бол үүсэж буй цусан хураа нь 100 болон түүнээс дээш граммд хүрч байж амь насанд аюултай байдал үүсгэж, үхэлд хүргэдэг гэж үздэг. Үхэлд хүргэх хүртэл хугацаандаа тодорхой эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр хэдэн цагаас 24 цаг, бүр хэд хоногоор ч үргэлжлэх тохиолдол байдаг. Толгойн зүүн ар хэсэг буюу дагзны зүүн талд үүссэн босоо шугаман хугарал эхэлж буй газарт хүч үйлчилсэн. Уг гавал тархины хувьд гэмтэл авснаас хойш эмнэл зүйн анхны шинж илрэх хүртэл тодорхой хугацаа шаардах ба энэ үеийг шүүх эмнэлгийн шинжлэх ухаанд гэрэлт үе гэж нэрлэдэг. Энэ гэрэлт үед тусламж үзүүлэх эмчээс өндөр ур чадвар шаардах ба эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг балархай байдаг тул тухайн гэмтлийг оношилж илрүүлэхэд бэрх ба оношлоогүй тохиолдол байдаг. Мөн дээрээс нь талийгаач хүнд зэргийн согтолттой байгаа нь үүнд бас давхар нөлөө үзүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-86-88/...Эмнэлгийн тусламж эрт байх тусмаа амь нас аврагдах боломж өндөр байна...Дүү нь хохирогчийн хэл ам нь ээдэрч үйлдэл хийх боломжгүй болсон үед дуудлага өгсөн гэж мэдүүлсэн гэвэл хэл ам нь ээдрэх уг шинж гэдгийг тархины гэмтэл даамжирч байна гэж ойлгоно...Хуралдаж буй цус нь 100 грамм болон 100-150 грамм цус хуралдвал амь нас үхэлд хүргэх хэмжээ гэж үздэг...19 цагийн үед гэмтэл авч, 22 цагийн үед эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй. Цусан хураа ихсээд тархийг дарах боломжтой гэж үзэх учраас амь нас аврах боломжтой эсэхэд эргэлзээтэй /шүүх хуралдааны тэмдэглэл/,   

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2020.09.02-ны өдрийн 3613 дугаартай дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн малгайтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна” /1-р хх-ийн 97-98/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4724 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ А.С-ийн цусны дээж 50 грамм гэсэн хаягтай цуснаас 1,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх /1-р хх-ийн 113/,

- шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 887 дугаартай дүгнэлт:... “А.С нь мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” /1-р хх-ийн 120-121/,  

- түргэн тусламжийн дуудлагын хуудас ; /1хх,-170-171/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1266 дугаартай дүгнэлт:...3-6. Түргэн тусламжийн хуудсанд...Үзлэг хийж зөвлөгөө өгч, эмнэлэгт хүргэх гэсэн боловч дүү гэх эмэгтэй татгалзав гэжээ. Талийгаач Ч.Г нь гавал, тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан ба тархины гэмтэл авснаас хойш хугацаа алдаж түргэн тусламж дуудсан тул яаралтай зөөвөрлөж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. 7. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзах тухай хуудас нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын 11-р хавсралт ЭМ-ийн бүртгэлийн маягт хавсралт 12-т заасны дагуу өвчтөн өөрийн болон ар гэрийн хүсэлтээр эмчилгээ үйлчилгээнээс татгалзах тохиолдолд бөглүүлдэг. Тухайн тохиолдолд дээрх хуудас нь байхгүй байсан гэх бөгөөд энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар журам байхгүй байна гэх /хх-240/,     

- шүүгдэгч А.С-ийн:...Тэр өдөр би гэрээсээ гарахаас өмнө нэг шил архи ганцаараа уучихсан байсан. Буудал дээр саравчинд сууж байтал Г гартаа тортой хоолны сав, халуун сав зэргийг барьчихсан байсан бөгөөд ирээд шууд нүүрэн дундуур өшиглөөд авсан. Тэгэхээр нь би босож ирээд заамдаж барьж авахад тортой хоол цайгаа газарт тавиад бид хэд хэдэн удаа хальт цохилцож байгаад би өмссөн байсан куртик шиг юмных нь захнаас бариад нэг мушгиад л тавьчихсан чинь газарт саваад уначихсан. Тэгээд би гайгүй байлгүй гэж бодоод эргэж хараагүй шууд яваад гэртээ хариад унтсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-132, 141-142/ зэрэг болно.   

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Шүүгдэгч А.С нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Төгөлдөр Буянт” хүнсний  дэлгүүрийн орчимд Ч.Г-той өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан барьцалдаж улмаар түүний хоолойг боож, толгойн ар дагз хэсгээр хатуу хучилттай зам дээр унагааж алсан болох нь :

- гэрч Ч.Б-ийн:...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед би түлээгээ зараад автобусны буудал дээр зогсож байхад миний урьдхан ойролцоогоор 20 метр зайд Г, С нар хоорондоо зодолдоод байсан. С Г-ыг хоёр гараараа боогоод зогсож байх шиг байсан. Удалгүй Г хатуу хучилттай зам дээр ар дагзаараа саваад унасан. Би гүйгээд очтол Г ухаан алдаад унасан, С нь цаашаа алхаж байсан. Би Г-ын хацар луу хэд хэдэн удаа алгадтал сэргэсэн...Би модоо хураагаад, буух үед Г-ын дүү О нэг хүүхний хамт Г-ыг босгох...гээд байж байсныг харсан...маргааш нь хүмүүс Г-ыг нас барсан гээд яриад байсан гэх мэдүүлэг /1хх-55-56/,

- гэрч Ж.Т-ын /Т гэх/ :...Би тэр өдөр Толгойтын хуучин эцэс дээр талийгаач Г халуун сав, тортой юм барьчихсан, үсчингийн тэнд явж байсан. С бас яг араас нь гараад ирсэн бөгөөд тэгэхэд Г тортой юмаараа С-ийг цохиж аваад “чи миний дүүг зоддог юу юм бэ, хамт архи дарс уугаад“ гээд уурлаад цохиод авсан...Тэр хоёр хоорондоо зууралдаад өмссөн байсан цамцнаасаа барилцаж байгаад С Г-ыг боох шиг болоод зам дээр түлхээд унагаачихсан. Г газарт унаад босохгүй байсан. Би босгооч ээ гээд л орилсон ба С цохиж унагачхаад л цаашаа яваад өгсөн. Талийгаач тэгж унаад дэлгүүрийн довжоон дээр суулгаснаас хойш өөр хүн ойртоогүй, хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. Би тэр хавиар хэсэг явж байгаад бараг 2-3 цагийн дараа О-тэй таараад танай ахыг чинь танай нөхөр чинь зодоод унагаачихсан гэж хэлээд би талийгаачийн хэвтэж байсан дэлгүүрийн үүдэнд очиж хэвтэж байсан газар нь очиж зааж өгсөн гэх мэдүүлэг /1 хх-58-59/,

- гэрч Ч.О-ийн:...“2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр...Т гээд эмэгтэй над дээр ирээд “чиний нөхөр С ахыг чинь зодоод алах дөхлөө” гэхээр нь ахыг хайгаад толгойтын хуучин эцэс дээрх Баялаг гээд дэлгүүрийн үзүүрт очиход нүүр ам нь цус болчихсон, дээшээ харсан газарт хэвтэж байсан. Би дэлгүүрээс салфетка аваад нүүр амыг нь арчаад босгох гэтэл босох тэнхэл байгаагүй. Би 22 цаг хүртэл хажууд нь сууж байсан, ах тэр хооронд босоогүй, ухаантай байсан бөгөөд надтай юм яриад байсан. Маш удаан ярьж надад утсаа хадгалуулсан. Би хэсэг байж байгаад хажуугаар явж байсан эмэгтэй хүүхдийн утсыг гуйж түргэний 103 руу залгаж дуудлага өгсөн. Би хажууд нь байх хооронд нэг сонин болоод амьсгал нь удаашраад нүд нь гөлийгөөд ирэхээр нь цагдаа дуудсан.../ 1-р хх-52-53/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-6-10, 10-14/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл :...19:08:38 секундэд саарал өнгийн малгай өмссөн эрэгтэй, хар цамц өмссөн зүүн талын хөл нь доголон эрэгтэй хоёр хоорондоо барилдаж байгаа...19:09:12 секундэд цүнх үүрсэн байсан буюу саарал өнгийн малгайтай байсан эрэгтэйг хар цамц өмссөн байсан хүн түшээд зогсож байгаа...19:09:21 секундэд зүүн талын хөл нь доголон хар цамцтай эрэгтэй хүн цүнх үүрсэн байсан хүнийг цементэн талбай дээр толгой хэсгээр нь арагш унагааж байгаа...19:10:20 секундэд цементэн дээр унасан залуу дээр ойр хавьд байсан хүмүүс очиход цементэн дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаа...19:12:06 секундэд цементэн дээр түлхэж унагаасан гэх хар цамцтай доголон хүн зам дагаад ертөнцийн зүгээр зүүн тийш чиглээд явж байгаа...19:13:10 секундэд цагаан малгайтай болон бараан өнгийн хувцастай хоёр хүн цементэн зам дээр унасан байсан хүнийг босгож байгаа...болон гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /1хх-26-32/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “19:41:39 цагийг зааж байх ба боогоод түлхсэн, 19:44:15 секундэд амь хохирогч газарт унаад сэрсэн, 19:45:34 секундэд амь хохирогчийг босгоод цэцгийн мандал дээр үл таних хүмүүс суулгасан...болон гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /1хх-34-40/,

- шинжээчийн дүгнэлт: Талийгаач Ч.Г-ын цогцост суурийн зүүн ар хонхрын гадна ирмэгээр гавлын том нүхнээс лямбда заадас руу чиглэсэн босоо шугаман хугарал, дагзны дэлбэнгийн зүүн талын хатуу хальсан дээрх цусан хураа /140гр/, дагзны хуйхны зүүн талын дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн талд духны дэлбэнгийн доод гадаргуун аалзан хальсан доорх нимгэн цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн доод гадаргуу урд шонтон хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр буюу толгойн зүүн ар /дагз/ хэсэгт хүч үйлчилж үүснэ.  Дээрх гавал тархины гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарах ба гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.../1 хх-74-79/, 

- шинжээч эмч Н.Энхцолмонгийн:...цусан хураа нь 100 болон түүнээс дээш граммд хүрч байж амь насанд аюултай байдал үүсгэж, үхэлд хүргэдэг гэж үздэг. Үхэлд хүргэх хүртэл хугацаандаа тодорхой эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр хэдэн цагаас 24 цаг, бүр хэд хоногоор ч үргэлжлэх тохиолдол байдаг. Толгойн зүүн ар хэсэг буюу дагзны зүүн талд үүссэн босоо шугаман хугарал эхэлж буй газарт хүч үйлчилсэн. Уг гавал тархины хувьд гэмтэл авснаас хойш эмнэл зүйн анхны шинж илрэх хүртэл тодорхой хугацаа шаардана гэх мэдүүлэг /1 хх-86-88/,

- шүүгдэгч А.С-ийн:...“Гэрээсээ гарахаас өмнө нэг шил архи ганцаараа уучихсан байсан. Буудал дээр саравчинд сууж байтал Г гартаа тортой хоолны сав, халуун сав зэргийг барьчихсан байсан бөгөөд ирээд шууд нүүрэн дундуур өшиглөөд авсан. Тэгэхээр нь би босож ирээд заамдаж барьж авахад тортой хоол цайгаа газарт тавиад бид хэд хэдэн удаа хальт цохилцож байгаад би өмссөн байсан куртик шиг юмных нь захнаас бариад, 1 мушгиад л тавьчихсан чинь газарт саваад уначихсан, би гайгүй байх гэж бодоод шууд явж, гэртээ очин унтсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1хх-141-142/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Талуудын хүсэлтээр тус хэрэгт хураагдсан гэмт үйл явдлыг бэхжүүлсэн камерын 2 бичлэгийг бодит байдлаар бүхий л талаас нь шинжлэн судалсан ба тус камерын 2 удаагийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд хохирогч нь шүүгдэгчтэй харилцан барьцалдсан байх боловч газарт унах тухайн агшинд хохирогч боолтод орж ухаан мэдрэлээ алдсан буюу биеэ хамгаалах, эсэргүүцэх үйлдэл, хөдөлгөөн хийх чадваргүй болчихсон байсны улмаас шууд толгойн ар дагз хэсгээрээ цементэн зам дээр унасан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн хувьд хохирогчийг боож улмаар ухаан алдуулан эсэргүүцэх огт чадваргүй байдалд оруулмагц толгойн ар дагзаар нь унагааж алсан тухай яллах болон улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үйл баримт, үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.     

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогчийн амь нас хохирсон хор уршгийн хооронд объектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлийн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байх атлаа хүсэж үйлдэл хийсэн улмаар тухайн хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр тус гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.       

Гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө амь хохирогч нь өөрийн дүүгээ өмөөрөн анх шүүгдэгчтэй маргалдан барьцалдсан улмаар газарт унасан байхад нь шүүгдэгчийг өшиглөсөн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн байх боловч энэ үйл явдлаас хойш шүүгдэгч ба хохирогч нар дахин барьцалдаж улмаар шүүгдэгч нь дээр дурдсанаар хохирогчийг өмсөж явсан хувцсаар нь боож, тийнхүү ухаан санааг нь балартуулж буюу эсэргүүцэх чадваргүй байдалд оруулмагцаа шууд газарт унагаасан үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогчид амь насанд аюултай гэмтэл учирч авч улмаар нас барсан болох нь шинжлэн судалсан дээрх нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийг үгүйсгэх болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр буюу зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.        

Шинжээчийн дүгнэлтээр тухайн үед талийгаачийн амь насанд аюул учруулсан хүнд гэмтлийг тогтоосон ба тухайн гэмтлийг авснаас хойш хохирогч нь  ямар нэгэн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүйгээр хэрэг учрал болсон авто замаас чөлөөлөн тавьсан тухайн газарт гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2-4 цагийн дотор нас барсан нь тогтоогдсон байх тул тухайн тохиолдолд хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан эсэх нь шүүгдэгчид холбогдох тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна. Учир нь тус хэрэгт шинжилсэн :               

- гэрч Ж.Т-ын:...Г газарт унаад босохгүй байсан..Би тэр хавиар хэсэг явж байгаад бараг 2-3 цагийн дараа О-тэй таараад танай ахыг чинь зодчихлоо, танай нөхөр чинь зодоод унагаачихсан гэж хэлээд, газрыг очиж зааж өгсөн мэдүүлэг /1 хх-58-59/,    

- гэрч Ч.О-ийн:...“2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр...Т гээд эмэгтэй над дээр ирээд “чиний нөхөр С ахыг чинь зодоод алах дөхлөө” гэхээр нь би ахыгаа хайгаад толгойтын хуучин эцэс дээрх Баялаг гээд дэлгүүрийн үзүүрт очcон...босох тэнхэл байгаагүй. Би 22 цаг хүртэл хажууд нь сууж байсан, ах тэр хооронд босоогүй, ухаантай байсан бөгөөд надтай маш удаан ярьж байсан...Би хэсэг байж байгаад хажуугаар явж байсан эмэгтэй хүүхдийн утсыг гуйж түргэний 103 руу залгаж дуудлага өгсөн. Би хажууд нь байх хооронд нэг сонин болоод амьсгал нь удаашраад нүд нь гөлийгөөд ирэхээр нь цагдаа дуудсан.../1 хх-52-53/...Миний санаж байгаагаар эмч нь эрэгтэй хүн байсан гэж бодож байна, ахын маань даралтыг үзээд хэвийн байна гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд яг үнэндээ би тэр эмч юу ярьсан талаар үнэндээ санахгүй, би согтуу байсан...Би ахыг гайгүй болоод сэргэхээр нь гэртээ хамт харьж хоол хийж өгнө л гэсэн бодол төрж байсан юм...гэх мэдүүлэг /1хх-227/,       

- мөрдөгчийн тэмдэглэл:...Дуудлага мэдээлэлд хэргийн газарт ажиллахад Ч-ийн О гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн амь хохирогчтой хамт байсан бөгөөд...Ах Г 21 цагийн үед толгойтын хуучин эцэс дээр Төгөлдөр буянт дэлгүүрийн цэцгийн мандлын хашаанд байхад нь би түргэн дуудаж үзүүлсэн...Ах Ч.Г сууж байсан газраа унтахаар нь би сэртэл нь хажууд нь сууж байгаад таньдаг хүмүүстэйгээ архи уусан...сэрэхгүй болохоор нь дахиад түргэн дуудсан...гэсэн /хх-5/, 

- гэрч Н.А-ын:...Дуудлагын дагуу очсон ба пульс, даралт зэргийг нь үзэхэд харьцангуй тогтвортой байсан ба хүүхэн харааны гэрлийн урвал 2 талд сул, хурхирсан, гар хөлд ямар нэгэн саа саажилтын шинж байгаагүй, хамраас үл ялиг маш бага хэмжээтэй цус гарсан байсан. Тэгээд хажууд нь байсан 40 орчим насны эмэгтэйгээс толгойгоороо савж унасан уу гэж асуухад тийм зүйл болоогүй, бид 2 архи ууж байгаад сая зүгээр татах гээд байна гээд саадан дээр сууж байсан юм гэж хэлсэн...Би тэр эмэгтэйд наад хүн чинь хурхиралт явагдаад тархины гэмтэл үүссэн байж болзошгүй байна гэхэд бид хоёр хамт архи уусан орбитод хамт амьдардаг юм гээд байсан. Тэгэхээр нь энэ хүнд дахиж биед нь таталт өгөх, бусад өөрчлөлт гарвал чи яаралтай 103 дуудаарай гэж хэлээд дараагийн дуудлагад явсан...Дүү нь зөөвөрлөлт хийхээс татгалзах хуудас бөглүүлэх ёстой боловч надад тухайн үед нөөц дуусчихсан байсан...гэх мэдүүлэг /1хх-72/,   

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1266 дугаартай дүгнэлт:...3-6. Түргэн тусламжийн хуудсанд...Үзлэг хийж зөвлөгөө өгч, эмнэлэгт хүргэх гэсэн боловч дүү гэх эмэгтэй татгалзав гэжээ. Талийгаач Ч.Г нь гавал, тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан ба тархины гэмтэл авснаас хойш хугацаа алдаж түргэн тусламж дуудсан тул яаралтай зөөвөрлөж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ гэх дүгнэлт /хх-240/,       

- шинжээчийн дүгнэлт ; 10. Талийгаач нь 2020.08.26-ны өдрийн 02:05 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна /1 хх-74-79/,  

- шинжээч эмч Н.Энхцолмонгийн:.. “Ер нь бол үүсэж буй цусан хураа нь 100 болон түүнээс дээш граммд хүрч байж амь насанд аюултай байдал үүсгэж, үхэлд хүргэдэг гэж үздэг. Үхэлд хүргэх хүртэл хугацаандаа тодорхой эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр хэдэн цагаас 24 цаг, бүр хэд хоногоор ч үргэлжлэх тохиолдол байдаг. Уг гавал тархины хувьд гэмтэл авснаас хойш эмнэл зүйн анхны шинж илрэх хүртэл тодорхой хугацаа шаардах ба эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг балархай байдаг тул тухайн гэмтлийг оношилж илрүүлэхэд бэрх ба оношлоогүй тохиолдол байдаг. Мөн дээрээс нь талийгаач хүнд зэргийн согтолттой байгаа нь үүнд бас давхар нөлөө үзүүлсэн /1хх-86-88/...Аль болох эрт эмнэлгийн тусламж авахад амь нас аврагдах боломжтой...Тархины ар дагзаараа унаж байгаа нь яс хугараад тархи яс хоёрын завсар байдаг бүрхүүл хальсны завсар цус хурж байна гэсэн үг. Цус хурна гэдэг нь судас гэмтэж байна гэсэн үг. Тэр судас нь том, жижиг хэмжээтэйгээс мөн цус хэр эрчимтэй гарч байна гэдгээс шалтгаалж хуралдах цусны хэмжээ, хугацаа харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл хуралдаж буй цус нь 100 грамм болон 100-150 грамм цус хуралдвал амь нас үхэлд хүргэх хэмжээ гэж үздэг...Гэмтэл авсан даруйдаа идэвхтэй хөдөлгөөн хийх боломж муутай, яагаад гэвэл тархины духны дэлбэнд няцралттай гэмтэлтэй байсан тул идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй...Энэ гэмтэл учирсан тохиолдолд гэмтэл авсан даруйдаа амь нас аврагдах боломжтой...Дүү нь хохирогчийн хэл ам нь ээдэрч үйлдэл хийх боломжгүй болсон үед дуудлага өгсөн гэж мэдүүлдэг гэвэл хэл ам нь ээдрэх уг шинж гэдэг нь тархины гэмтэл даамжирч байна гэж ойлгоно...Хэрэв 22 цагийн үед эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй. Цусан хураа ихсээд тархийг дарах боломжтой гэж үзэх учраас амь нас аврах боломжтой эсэхэд эргэлзээтэй /шүүх хуралдааны тэмдэглэл/,   

- камерын бичлэг хуулж авсан тэмдэглэл:...Баялаг хүнсний дэлгүүрийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагийн тохиргоо Улаанбаатарын цагаас 30 минутаар түрүүлж явах, 500 GB багтаамжтай 30 хоногийн бичлэг хадгалах хүчин чадалтай, 2020.02.25-ны өдрийн дэлгүүрийн гадна талын зам руу харсан камерын бичлэгт үзлэг хийж, хуулан авсан.../1хх-25/,  

- камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл:...23:11:22 эхний түргэн ирсэн, 23:16:10 секундэд эхэнд ирсэн түргэн тусламжийн авто машин явсан, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-36/,  

-  түргэн тусламжийн дуудлагын хуудас;...Дуудлага авсан 2020-08-25, 22:02-127, айлд очсон 2020-08-25, 22:14 /1хх,-170-171/ зэрэг нотлох баримтаас үзэхэд амь хохирогчийн дүү Ч.О нь зодуулсан гэх ахыгаа 21 цагийн үед олж очсон улмаар 22 цаг өнгөрсөн байхад түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн, түргэн тусламж 22:40 орчимд очсон байх үндэслэл бүхий дээрх үйл баримтуудыг бүхэлд нь шалгаж үнэлэхэд согтууруулах ундааны зүйлс бага бусаар хэрэглэсний улмаас Ч.О нь түргэн тусламж оройтож дуудсан, мөн ахыгаа түргэн тусламжаар өгч явуулахыг хүсээгүй байх нь, түүнчлэн амь хохирогчид учирсан амь насанд аюултай тухайн гэмтлийн эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг балархай буюу тухайн гэмтлийг оношилж илрүүлэхэд бэрх, дээрээс нь талийгаач хүнд зэргийн согтолттой байсан нь давхар нөлөө үзүүлсэн байх төдийгүй дүү нь зөөвөрлөлт хийхээс татгалзсанаар түргэн тусламжийн эмчийн хувьд амь хохирогчийг түргэн тусламжаар авч яваагүй байх нь тус тус Ч.О болон түргэн тусламжийн эмч нарыг хохирогчийн амь насыг нь аврах боломжгүй байдалд буюу үхэлд хүргэсэн хэмээн буруутгах, шалгуулах үндэслэлгүй байхаас гадна гэрч Ч.О болон дуудлагын эмч нарын мэдүүлэг хооронд ноцтой зөрүүтэй байдал тогтоогдохгүй  байна.           

Харин шинжээчийн мэдүүлэг /1хх-86-88, шүүх хуралдааны тэмдэглэл/, камерын бичлэгийн тэмдэглэл /1хх-30-31/, шүүгдэгчийн мэдүүлэг/ 1хх-132, 141-142/ зэрэг нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг боож унагааснаар тийнхүү зам дээр босохгүй “амь алдсан мэт” хэвтсэн байдалтайг мэдсээр атлаа тэр даруйд эмнэлгийн болон бусад тусламж үзүүлэхгүйгээр шууд явсан буюу гэртээ очиж амарсан байгаа нь /1хх-141-142/ шүүгдэгчийн тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрийн утга агуулга, шинжийг давхар нотлон илэрхийлж байгааг тодотгон тэмдэглэх нь зүйтэй. 

Гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үед хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсан /1 хх-/ нь тогтоогдсон, харин шүүгдэгч нь тухайн үед архи уусан байсан гэх боловч түүнийг 2020.08.26-ны өдрийн 23 цаг 19 минутад баривчилсан /1хх-134/, түүнээс 2020.08.27-ны 17 цаг 54 минутад цусны дээж авсан /1хх-130/ байх тул шинжээчийн 2020.09.04-ний өдрийн дүгнэлтээр “согтолтын дунд зэрэг” гэсэн нь /1хх-113/ шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дунд зэргийн согтолттой байсан гэж үзэх үндэслэл болохгүй ба шүүгдэгч согтуурсан байсан эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.      

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нь тухайн холбогдсон гэмт хэрэгт гэм буруутай тухай иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, мөн шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг буруу зүйлчилсэн, гэрч О нөхрийгөө хамгаалахын тулд дуудлага өгөөгүй гэж хэлсэн атлаа одоо гомдолтой гэж байгаа нь О-ийн өгч буй мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, мөн дуудлагын эмч болон гэрч Ч.О нарын мэдүүлэг зөрүүтэй, ойлгомжгүй, дуудлагын эмчийн хувьд ар гэрийн хүнээр нь уг татгалзсан гэх хүсэлт бичүүлж аваагүй, хохирогч нь С-ийг зодох үйлдэл хийх үед ард байсан машины эзэмшигчээс гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул тус хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй, харин шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.     

Иймд шүүгдэгч А.С-ийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О 2.000.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч талаас 2.500.000 төгрөг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогчийн төлөөлөгч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болно.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :        

Шүүгдэгч урьд 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тус ялын хугацаа дууссан байх тул /1хх-159, 162/ тус шийтгэгдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгохгүй.              

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн төлөөлөгчид учруулсан хохирлоо төлсөн нь, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус  үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ахуйн ослоос хөдөлмөрийн чадвараа 69% алдсан болон түүний хөрөнгө орлого, ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-68, 70, 153-157, 159, 162, 172-180, 181-182, 184, 191-193/, судлагдсан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.      

Тус хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.  

Шүүгдэгч нь 2020.08.26-ны өдөр баривчлагдсан /1хх-134-136/, 2020.08.28-ны өдрөөс 2021.02.25-ны өдрийн байдлаар /1хх-146-148, 150-151, 2хх-18-21, 26-27, шүүх хуралдааны тэмдэглэл/ нийт 183 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь :   

1. Шүүгдэгч А.С-ийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ийг 8 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.С-т оногдуулсан 8 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ийн цагдан хоригдсон 183 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.            

5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.       

7. Шүүгдэгч А.С-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                         Г.ГАНБААТАР

 

    ШҮҮГЧ :                         Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                             М.МӨНХБААТАР