Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Т.Т,

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Над холбогдох эрүүгийн 2008000001618 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ... цахилгаанчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л-ийн Н /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн ...ийн 4 давхарт тарианы өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Тийг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Тийн мэдүүлэг /хх-ийн 23-24х, 28х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13444 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42х/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-5х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 6-14х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 15-16х/, шүүгдэгч Л.Нын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 54х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 55х/, эд хөрөнгөгүй тухай лавлагаа /хх-ийн 56х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 59х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60х/, шүүгдэгч Л.Нын мэдүүлэг /хх-ийн 48-51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн ...ийн 4 давхар, тарианы өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь: 

Хохирогч Т.Тийн: “...Би Л.Н гэх хүнтэй анх 2019 оны 09 дүгээр сард танилцаад, нэг жилийн хугацаанд хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа байхгүй. ...Н бид хоёр ажил дээр 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр муудалцаад улмаар Н нь “чи намайг доромжилж байна, чам руу дандаа эрэгтэй хүмүүс утсаар ярьдаг, чамтай байхаар дүргүй хүрээд байна, чи угаасаа дуртай биз дээ” гэхээр нь би Над “тэгвэл чи салахгүй юу” гэж хэлээд бид хоёр маргалдаад өнгөрсөн. ...маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Сонгинохайрхан дүүргийн ... дээр буюу ажил дээрээ ажлынхаа 4 давхарт тарианы өрөөнд ганцаараа байж байхад хамтран амьдрагч Н өрөөнд орж ирээд “одоо битгий уурла, кофе уучих” гээд намайг аргадах гэхээр нь би өчигдөр Нын “чи угаасаа дуртай биз дээ” гэж хэлсэн үгийг нь бодоод уур хүрээд Над “хоёулаа салсандаа салъя” гэж хэлсэн. Тэгтэл Н өрөөнөөс гараад явсан ба удалгүй өрөөнд буцаж орж ирээд “хүн аргадаад байхад чи муу юу бэ” гэж хэлээд гараараа миний нүүр лүү 2, 3 удаа цохиод, толгойны ар дагзны хэсэг рүү гараараа 2, 3 удаа цохиод зүүн талын чихний хэсэг рүү бас гараараа 2, 3 удаа цохиод өрөөнөөс гараад явсан. ...Н бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг, Н манай ажилд цахилгаанчин ажилтай. ...Н надаас уучлалт гуйсан, бид хоёр эвлэрсэн. Мөн надад гарсан ямар нэгэн эмчилгээний зардал байхгүй болохоор Наас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х, 28х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13444 дугаартай: “...Т.Тийн биед зүүн чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42х/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-5х/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 6-14х/,

Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 15-16х/,

Шүүгдэгч Л.Нын “...2020 оны 12 дугаар сарын 10-ны өглөө босоод би Тийн өрөө рүү ороод Тээс “нэг кофе өгчих” гэж хэлэхэд надад нэг кофе өгчхөөд “чиний доромжилсон үг чинь толгойноос гарахгүй байна” гэж хэлэхээр нь би Тт “чи тэгээд салах хүсэлтэй байгаа юм уу, бодож явдаг юм биш үү” гэж хэлэхэд Т “яасан ч яадаг юм, салъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Тийн нүүр лүү гараараа нэг удаа цохиод, Т доошоо тонгойхоор нэг талынх нь чихний хэсэг рүү гараараа нэг удаа цохиод өрөөнөөс нь гараад явсан. Т рүү эрэгтэй хүмүүс хааяа хааяа утсаар залгаад байдаг ба би уг асуудлыг нь бодоод хардалт төрөөд байдаг юм. Би Тийг цохиж зодсондоо гэмшиж байна, өөрийн гэм бурууг ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Н, хохирогч Т.Т нар нь гэрлэлт батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзэх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг салъя гэж хэллээ гэх шалтгаанаар өөрийн хамтран амьдрагч Т.Тийн нүүр, чих рүү нь гараараа цохиж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх тул энэхүү үйлдлийг хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Нын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Л.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “... торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.Ныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Л.Нын хувийн байдал буюу тэрбээр ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлсний байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Над 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Над оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ