| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ийн Ад холбогдох эрүүгийн 2008022821474 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ээлжийн ахлагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б-ийн А /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот ... ХХК-ийн хашаанд Б.Этай маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 49-50х, 54х/, гэрч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 61х, 64х/, гэрч Т.Дын мэдүүлэг /хх-ийн 73х/, гэрч Т.Бын мэдүүлэг /хх-ийн 91х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 7365 дугаартай дүгнэлт /хх-ийн 103х/, материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112х/, шинжээч эмч Г.Чын мэдүүлэг /хх-ийн 119х/, ... ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 132х/, 3 дугаартай камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130х/, хохирлын баримтууд /хх-ийн 11х/, шүүгдэгч Б.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 133х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 134х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 135х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 136х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 137х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 138х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139х/, хохирол төлсөн талаарх баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.Агийн мэдүүлэг /хх-ийн 127х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот ... ХХК-ийн хашаанд Б.Этай маргалдаж, нүүр, шанаан тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1-р шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Эын: “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байх ... ХХК буюу ноолуур угаах үйлдвэрт очсон. Ноолуур угаах үйлдвэрт очоод ноолуур угаагаад гаргаж байх явцад хяналт тавьсан. Тэгсэн ноолуур нь чийгтэй гараад байхаар нь манай эхнэр О нь А гэх хүнд ноолуур чийгтэй гараад байна, сайн хатааж гарга гэсэн чинь А цааш явж байхдаа “хэл амтай пизда вэ” гээд яваад өгсөн. Би хатаагч машины аман дээр зогсоод ноолуур ямар хуу гарж байгааг үзээд зогсож байсан чинь А гэх хүүхэн ирээд намайг “чи наанаасаа холд, хол зогс” гэсэн. Би А гэх хүүхэнд би ноолуураа ямар гарж байгааг хянаж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь А намайг “чи юу мэддэг юм, цаашаа зайл” гээд байхаар нь би Аг “чи өөрөө зайл” гэж хэлсэн. Цаана нь байх дүү гэх О гэх эмэгтэй гартаа барьсан байсан ноолуураа миний нүүр хэсэгт шидээд намайг зайл пизда минь гэхээр нь би О гэх хүүхний нүүр лүү нь гарт барьсан байсан ноолуураа шидсэн. А намайг өшиглөөд миний баруун шанаа хэсэгт алгадаад авсан. Манай хүргэн ах О буюу О ирээд салгаад О ах надаас юу болсон талаар асуусан би болсон зүйлийг хэлээд О ах бид хоёр хоорондоо ярилцаад зогсож байсан чинь А гэх эмэгтэй цаанаас ирээд дахиад намайг алгадаад авсан чинь ... ХХК-ийн захирал гэх М ирээд салгасан. Би үйлдвэрээс гарах гээд явж байсан чинь А хатаагч машины ойролцоо зогсож байхаар нь би А гэх хүүхний баруун шанаа хэсэгт нь гараараа цааш түлхсэн. Тэгсэн чинь А гэх хүүхэн миний цамцны малгайнаас зулгаагаад миний баруун гуя хэсэгт өшиглөсөн. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50х, 54х/,
3 дугаар камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...хар өнгийн хагас ханцуйтай цамц, хар өнгийн өмд өмссөн эмэгтэй тод хөх өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэйн нүүрэн тус газар луу гараа атгаж байгаад 1 удаа цохиж байгаа дүрс бичигдсэн” /хх-ийн 33-43х/
Гэрч Б.Оийн: “...Э нь хүн зогсохыг хориглосон зогсож байсан. Тэгээд эгч А нь түүнд үйлдвэрийн дотоод журмыг тайлбарлаж өгөөд энд хүн зогсох аюултай холд гэж хэлсэн чинь Э нь манай эгч Аг янхан, гичий гэж хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан. Миний харж байснаар А нь Э гэх залуугийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа алгадаад нэг удаа нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61х, 64х/,
Гэрч Т.Дын: “...Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ ажиллаа хийж байсан. Гаднаас Э гэх залуу манай ажил буюу ноолуур угаах үйлдвэр дотор орж ирсэн. Э гэх залуу ноолуур хатаах машины урд нь зогсоод байхаар нь би Ад “ноолуур хатаах машин эвдэрчихлээ, тэгсэн урд нь Э гэх залуу зогсоод холдохгүй байна” гэж хэлсэн. А Э гэх залуу дээр очоод хатаах машины урд талд зогсож болохгүй, холдоорой гэж хэлсэн чинь Э гэх залуу Аг гичий минь зүгээр байгаарай гээд салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн А Э гэх залуугийн нүүр хэсэгт нь гараараа цохиод авсан. Гаднаас О, М нар орж ирээд юу болоод байна гээд салгасан. А цааш яваад хатаах машины эвдрэлийг шалгаад явж байсан чинь Э гэх залуу Агийн араас толгой хэсэгт нь цохиод авсан. А эргэж хараад нүүр хэсэгт гараараа цохиод авсан. Тэгсэн дахиад М, О нар салгасан. Тэр үед Э манай үйлдвэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73х/,
Гэрч Т.Бын: “...Хамт ажилладаг Э, О ах бид гурав ноолуур угаалгах гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байдаг ноолуур угаах үйлдвэр дээр 2020 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрч байхад очсон. Э ах бид хоёр хамт ноолуур хатаах машины урд талд зогсож байсан чинь А гэх эмэгтэй ирээд хатаах машины урд талд зогсохгүй, наанаасаа холд гээд байсан. Э ах А гэх эмэгтэйд ноолуур нойтон гараад байна, би энд ноолуураа харж байна гэж хэлээд А, Э хоёр хоорондоо чи миний ажил заадаг юм уу гээд хэрэлдэж эхэлсэн. Би цаана буюу ноолуур угаах үйлдвэрийн дотор зүүн хойд талд байх ноолуур хатаах машин луу очоод ноолуур ямар байдалтай гарж байгааг үзэх гээд явж байсан чинь А, Э хоёр хоорондоо зодолдоод байсан. Би очоод Э ахыг салгаад А гэх эмэгтэйг цаашаа бай одоо боль гэж хэлсэн чинь О ирээд чи яагаад манай эгчийг цохидог юм гээд хоорондоо маргалдаад Э О хоёр нэг нэг рүүгээ ноолуур шидээд байсан чинь А хажуу талаас нь орж ирээд Э ахыг гараараа нүүр хэсэгт нь цохиод авсан. ...миний мэдэж байгаагаар А гэх эмэгтэй Эын нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа алгадаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 91х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 7365 дугаартай: “...Б.Эын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1-р шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 103-104х/,
Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1104 дугаартай: “...Б.Эын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1-р шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 112-115х/,
Шинжээч эмч Г.Чын: “...Орой хэсэг, хүзүү хэсэг гэмтлийн зэрэг тогтоох журамд заагдсанаар хүзүүвч хэсгийн хугарал гэх ойлголтод хамаарна. Шүдний нарийн мэргэжлийн эмч нар шүдний томьёоллоор нэрлэж байгаа юм. Харин шинжээч эмч нар уг шүдний байршлаар нь зааж нэрлэж байгаа учир нэр томьёоны хувьд зөрүү гарч байгаа боловч уг гэмтлүүд нь анагаах ухаан талаасаа нэг ойлголт мөн. Баруун дээд 1-р шүдний ёзоорын түвшин дэх хугарал нь байршлаар нь нэрлэсэн нэр томьёо бөгөөд харин 11-р шүдний орой хэсгийн хугарал гэж байгаа нь уг шүдний анагаах ухааны мэргэжлийн нэр томьёогоор нэрлэж байгаа юм. Тэгэхээр дээрх хоёр ойлголт нь 1 шүдийг хэлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 119х/,
Шүүгдэгч Б.Агийн: “...Эын нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа алгадаад дараа нь гараараа нэг удаа цохисон. Би уг дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас харвал, нэг талаас шүүгдэгч Б.А, хохирогч Б.Э нар нь ноос угаах асуудал, ноосны машинтай холбоотойгоор хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Б.А нь өөрийг нь хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хохирогч Б.Эын нүүр, шанаа хэсэг рүү цохиж буй нь камерын бичлэг, гэрэл зургаар бэхжигдсэн, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдсон, уг нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Иймд шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 1.409.000 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул тэрбээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогчийн өмгөөлөгч нь “...хохирогч өнөөдөр хагалгаанд орж байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... шүүгдэгч Б.А нь гэм буруу дээр маргаагүй, баримтын хүрээнд бүх хохирлыг төлж баагдуулсан байх тул торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Аг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг орлоготой, бага насны хүүхэдтэй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлогын байдал зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 ( дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Агаас хохирогч Б.Эд 1.409.000 (нэг сая, дөрвөн зуун есөн мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Э нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Агаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ