Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

хохирогч Г.Б,

шүүгдэгч С.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Т овогт С-ын Рд холбогдох 2008032910109 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг гэх, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тус дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт С-ын Р /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Р нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 01 цагийн үед хамтран амьдрагч Г.Бтэй “гэртээ хурдан ирсэнгүй” гэх шалтгаанаар утсаар маргалдаж муудалцан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын хажууд байрлуулсан байсан хамтран амьдрагч Г.Бийн эзэмшлийн ... маркийн ... улсын дугаартай автомашины урд салхины шил, зүүн талын толийг сүхний ишээр цохиж хагалан зүүн урд хаалгыг нь зурж гэмтээсний улмаас 745.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт ... гар утасны дугаараас хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4х/, хохирогч Г.Бийн мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч Д.Эын мэдүүлэг /хх-ийн 23х, 25х/, гэрч М.Бийн мэдүүлэг /хх-ийн 31х/, гэрч Ж.Нын мэдүүлэг /хх-ийн 35-36х/, ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 52х/, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 10-11х/, шүүгдэгч С.Ргийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42х/, шүүгдэгч С.Ргийн мэдүүлэг /хх-ийн 60-61х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Р нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 01 цагийн үед хамтран амьдрагч Г.Бийг “гэртээ хурдан ирсэнгүй” гэх шалтгаанаар утсаар түүнтэй маргалдаж улмаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын хажууд байрлуулсан байсан хамтран амьдрагч Г.Бийн эзэмшлийн ... маркийн ... улсын дугаартай автомашины урд салхины шил, зүүн талын толийг сүхний ишээр цохиж хагалан зүүн урд хаалгыг нь зурж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 745.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4х/,

Хохирогч Г.Бийн: “...тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Албан ёсны эзэмшигч нь манай компанийн менежер албан тушаалтай Э-ын нэр дээр байдаг ч манай компани нь намайг олон жил ажиллаж байгаа гээд урамшуулал гэж уг автомашиныг өгсөн. Надтай хамтран амьдардаг С.Р надад уурласандаа салхины шил болон толь зэргийг устгаж гэмтээсэн байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

Гэрч Д.Эын: “...... улсын дугаартай ... маркийн автомашин нь манай компанийн машин байгаа юм. Г.Б манай компанид олон жил тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа тул ажилтандаа өгсөн юм. Уг автомашиныг өөрийн болгохын тулд цаашид компанидаа тогтвортой ажиллах болон одоо баригдах гэж байгаа барилгууд дээр үр бүтээлтэй ажилласны үндсэн дээр ... улсын дугаартай ... маркийн машиныг өөрийн нэр дээр болгох юм. Манай компанийн ажилтан Г.Б ажил болон хувийн хэрэгцээнд унаж байгаа. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах юм бол Г.Б хариуцан өөрийн машин гэдэг утгаараа завсар үйлчилгээг хийдэг. ...Б манай компанид 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Манай компанийн сайн ажилтан тул урамшуулал гэж 2020 онд ... улсын дугаартай ... маркийн машиныг өгсөн. ...Уг автомашин нь миний нэр дээр байдаг боловч Бийн эзэмшлийнх юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х, 25х/,

Гэрч М.Бийн: “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой С.Р эгч нөхөр Б ахтай маргалдсаны улмаас уурандаа гараад машиных нь урд салхины шил болон толийг хагалсан явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

Гэрч Ж.Нын: “...Г.Б нь машины цахилгаан янзалдаг. Миний машиныг янзалж байх хугацаанд хамтран амьдардаг гэх Р утас руу нь байнга залгаж байсан. Гэртээ хурдан ир гээд байх шиг байсан. Бийг машин янзалж байхад нь би утсыг нь аваад Рд “машин янзалж байна, ямар архи дарс уугаад явж байгаа биш дээ, одоо удахгүй дуусна” гэж хэлсэн. Удалгүй Бийн гар утас дуугарч Б утсаараа ярихад Р машин эвдэлнэ гэж ууртай ярьж байна гэж надад Б хэлж байсан. Бид хоёр ажлаа дуусгаад Бийн машин дээр ирэхэд урд салхины шил болон хажуу талын толь болон хаалга нь зурагдсан байсан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт-785.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 10-11х/,

Шүүгдэгч С.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Бтэй гэртээ байж байтал 19 цагийн үед Бийг найз Наранбаатар гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотоос ирээд аваад явсан. Би тухайн үед дургүйцээд гэртээ бай гэсэн шаардлагыг тавьсан. Гэрээс гарахдаа Б удахгүй эргээд ирнэ гэж хэлсэн ч гэртээ ирэхгүй удаад буюу шөнийн 00, 01 цаг хүртэл ирээгүй. Би утас руу нь олон удаа залгасан. Б удахгүй ирнэ гээд олон удаа хэлж байсан тул би тэвчээр алдаж Бийн ... улсын дугаартай ... маркийн машины урд салхины шил, зүүн талын толь, зүүн талын хаалгыг зурж гэмтээсэн. ...Би гэртээ байсан сүхний төмөр ишээр салхины шил болон зүүн толийг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Р нь гэртээ ирэхгүй удлаа гэх шалтгаанаар хохирогч Г.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын толь зэргийг хагалж, зүүн урд талын хаалгыг зурж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч С.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Р нь хохирогч Г.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, толь, хаалга зэргийг гэмтээсний улмаас 750.000 төгрөгийн, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхэд 42.000 төгрөгийн нийт 792.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “машины толь, цонхийг янзлуулж, шиллэж өгсөн” гэж, хохирогч Г.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэг нь С.Рд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ С.Рд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч С.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Р нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С-ын Рг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Рд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Рд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ