| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1237/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
Сайхан амарсан уу
________ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ж,
улсын яллагч Б.Д,
хохирогч О.С,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ дүгээр эрүүгийн хэргийг ____оны ____ дугаар сарын _______-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______ оны ____ дүгээр сарын ______-ны өдөр ____аймгийн ______________ суманд төрсөн, эмэгтэй, ______ настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “_____________ ажилтай, ам бүл _____, нөхөр, хүүхдүүдийн хамт ______________ аймгийн ________________ сум, _____ дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ____ дүүргийн ____ дугаар хороо, ________ оршин суух, урьд ял шийтгэлгүй, ______ овогт ______ ______ /РД:_________/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний 19 цаг 27 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” агуулах, худалдааны төвийн урд талын замд “Toyota Prius” маркийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.С, М.Э, С.Э нарыг мөргөж, О.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр “____” нэртэй дэлгүүрийн ойролцоо явган хүний гарц дээр явж байхад хажуугийн машины урдуур хохирогч хүүхдүүдтэйгээ гүйгээд гараад ирсэн. Би сандраад зогсоох арга хэмжээ авсан боловч зогсож чадалгүй мөргөсөн. Би цаг алдалгүй түргэн тусламж болон цагдаа дуудсан. Хохирогчид эмчилгээ болон хохирлыг төлсөн. Цаашид хохирогчоо хувийн зүгээс орхихгүй. Их анхаарал, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох ёстойг ойлгосон” гэв.
Хохирогч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажил тараад явж байхдаа авто осолд орсон. Тухайн үед гарцаар гарч байсан, гэхдээ ойр орчимд машин харагдаагүй тул тайван алхаж яваад ийм зүйл болсон. Хохирол бүрэн барагдаагүй, гэхдээ ярилцаж тохирсон байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Эрүүгийн _______ дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч О.С-ийн: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 19:40 цагийн үед _____________ дүүргийн _____ дугаар хороо, _________ хойд талын _____ чиглэл рүү явах замын урд талаас хойшоо явган хүний гарцаар хүү Э, хүү Э нарын хамт явж байхад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлийн замын 1 дүгээр эгнээнд явж байсан “________” маркийн автомашин бид гурвыг мөргөж гэмтээсэн. Би осол болох үед ухаан алдаад эмнэлэг дээр сэргэсэн. Миний аарцаг яс гэмтэлтэй, баруун хөл мэдээгүй 3 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Хоёр хүүхдийн эрүүл мэнд нь зөөлөн эдийн гэмтэлтэй, биеийн байдал хэвийн байгаа. Намайг мөргөсөн автомашины жолооч эмчилгээний зардлыг гаргаж өгнө гэсэн тул хөнгөн хариуцлага тооцуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн __________-ны өдрийн ______ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. О.С-ийн биед ууцны 1-р нугалмын хугарал, баруун талын ацетабулын урд дээд хэсгийн хугарал, умдаг ясны хугарал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч Ж.Г” гэжээ /хх-41-42/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ы: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр намайг _________ аймагт байхад _______ цагийн үед охин Э залгаад “ээж дүү нар зам гарч яваад осолд орчихлоо, ухаангүй Гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэхээр нь шөнөдөө гараад өглөө нь 06 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очиход эхнэр нуруу нугасны тасагт хэвтсэн, хүүхдүүдийн биеийн байдал гайгүй гээд эмчид үзүүлээд явуулсан байсан. Одоо хүүхдийн эрүүл мэнд гайгүй, Э-ийн нүүр тэр чигтээ шалбарсан, баруун хөмсөгт зургаан оёдол тавиулсан, Э-ийн хөлийн арван хуруун дээгүүр машины дугуй гарсан тул зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _____-ны өдрийн _________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Э-ийн биед баруун хөмсөг шарх, зулгаралт, дух, хамар, хоёр хацар, зүүн шанаа, баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч Ш.Ц” гэжээ /хх-55-56/,
Иргэний хариуцагч Б.М-ийн: “._______ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 8 дугаар сард 9.000.000 төгрөгөөр худалдаж аваад, 4.000.000 төгрөгийг “_____” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авч одоо банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн _______-ны өдрийн _____ дугаар магадалгаанд: “1. “___________” маркийн ___ улсын дугаартай автомашины жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-д “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-76/,
Шүүгдэгч Э.Э-ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 04-ний 19 цаг 25 минутын үед “______” маркийн тээврийн хэрэгслээр харихаар “________” агуулах худалдааны төвийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлд 1 дүгээр эгнээгээр явж байхад 2 дугаар эгнээнд зэргэлдээ явж байсан машины урдуур гэнэт замын урд талаас хүүхэд хөтөлсөн эмэгтэй гарч ирсэн. Тоормос гишгэсэн боловч зогсохгүй тэр эмэгтэйг хүүхдийн хамт мөргөж осол гаргасан нь үнэн. Эмчилгээний зардалд 1.893.900 төгрөг төлсөн. Миний хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ /хх-83-84/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-15/, зээлийн гэрээ /хх-16-20/, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-21/, хохирлын баримт /хх-23-24/, гэрч С.Э-ийн мэдүүлэг /хх-36/, насанд хүрээгүй гэрч С.Э-ийн мэдүүлэг /хх-38/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-43-51/, шинжээчийн _____-ны өдрийн ________ дугаар дүгнэлт /хх-60-61/, ______ техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх-66-72/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-87/, жолоодох эрхийн лавлагаа /хх-88-89/, торгуулийн мэдээлэл /хх-90/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-91/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хх-92/, гэрч Ц.Ц-ын мэдүүлэг /хх-94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96/, хохирогч О.С-ийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-100/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-101/, шүүгдэгчийн “хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан тул тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-102/, прокурорын албан тоотын хуулбар /хх-104-105/, “_______” ХХК-ийн “Э.Э нь хэрэг төвөгт орж байгаагүй, шинийг санаачлагч, хамт олонтойгоо эвтэй, бусдыг уриалж ажилладаг шилдэг ажилтны нэг юм” гэх тодорхойлолт /хх-106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 27 минутын үед __________ дүүргийн ___ дугаар хороо, “____” агуулах худалдааны төвийн урд талын замд “___” маркийн _____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчид зогсож зам тавьж өгөлгүйгээр иргэн О.С, М.Э, С.Э нарыг мөргөж, хохирогч О.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.С-ийн “...явган хүний гарцаар хүүхдүүдийн хамт гарч байхад 1 дүгээр эгнээнд явж байсан “______” маркийн автомашин бид нарыг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-26/, шүүх эмнэлгийн 11571 дүгээр “1.О.С-ийн биед ууцны 1-р нугалмын хугарал, баруун талын ацетабулын урд дээд хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-41-42/, шүүх эмнэлгийн _____ дугаар “1. М.Э-ийн биед баруун хөмсөг шарх, зулгаралт, дух, хамар, хоёр хацар, зүүн шанаа, баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-55-56/, мөрдөгчийн “1. ____-20 маркийн ______ улсын дугаартай автомашины жолооч Э.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3-д “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-76/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган зорчигч нарыг мөргөж, хохирогч О.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол, хор уршигт нийт 1.893.900 төгрөгийн хохирлын баримт /хх-23-24/ гаргаж өгснөөс шүүгдэгч 1.893.900 төгрөг, баримтгүйгээр хохиролд 800.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлт /хх-21, 101, 102/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Э Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан хүмүүсийг мөргөж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүйг харгалзан 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасаж буюу зогсож хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүйн улмаас явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчдыг мөргөн гэмтэл учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 1 хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын баримттай хохирлыг төлсөн, баримтгүйгээр 800.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нар “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“____” ХХК-д ______ ажилтай/-ийг үндэслэн шүүгдэгч Э.Э-ийг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ______ овогт _______-ийн __________-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.Б