Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

_______ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ж,

улсын яллагч Х.А,

шүүгдэгч, хохирогч М.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

____ дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Б, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дугаар хэргийг ____ оны __ дугаар сарын ___-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ оны ___ дугаар сарын __-ны өдөр ____ хотод төрсөн, ____ настай, эмэгтэй, ____ боловсролтой, ________ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл _____, хүүгийн хамт ____ дүүргийн __ дүгээр хороо, ___ байр, ____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _______ овогт _____-ын _____ /РД:_________/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ оны _____ дугаар сарын ___-ны өдөр ______ аймгийн _____ суманд төрсөн, ____ настай, эмэгтэй, ____ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, _____ дүүргийн _____ дугаар хороо, ____ хороолол, _____ байр, _____ тоотод түр оршин сууж байсан, одоогоор ____ дүүрэгт дүүгийндээ амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, ____ овогт _____-ын __________ /РД:____________/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч М.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цагийн үед ______ дүүргийн _____ дугаар хороо _____ дугаар байранд түрээсийн мөнгөнөөс болж маргалдсаны улмаас иргэн Б.Б-ийн хоолойг боож, үсдэж чирэн “зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалгын дотор дээд гадаргуу, баруун гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цагийн үед _____ дүүргийн _____ дугаар хороо ____ дугаар байранд түрээсийн мөнгөнөөс болж маргалдсаны улмаас иргэн М.Б-г үсдэж чирэн, гэдэс рүү нь өшиглөж, “тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдгөнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч, хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээгээ шинэчлэх зорилгоор Б.Б-тай уулзсан. Өмнөх гэрээний заалтууд өөрчлөгдсөн тул гэрээгээ шинэчлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл Б гэрээгээ шинэчлэхгүй, надад мөнгө байхгүй, сар сардаа төлнө гэж хэлсэн. Би төлбөрөө бөөнд нь авах санаатай байсан. СӨХ-с удаа дараа залгаж төлбөрөө хий, үгүй бол шүүхэд дуудна гэж ярьсан. Мөн түрээсийн төлбөрөө хугацаандаа хийдэггүй байсан. Би Б-д 2 долоо хоногийн дотор гар гэж хэлсэн. Гэтэл 2 долоо хоногийн дотор гарна гэж байхгүй гээд, намайг шуналтайгаар нь дуудаад хэрэлдээд эхэлсэн. Би “давраад байгаа юм биш үү” гэж хэлээд “манайхаас гар” гэж хэлсэн. Гэтэл намайг шуналтайгаар нь дуудаад, тохойгоороо түлхээд, гар утсаараа бичлэг хийгээд байсан. Чи наад бичлэгээ боль гэж хэлэхэд болихгүй байсан болохоор би дайрсан. Тухайн үед гарынх нь шуунд хүрэхэд улайлт үүссэн байж магадгүй. Хэрэв улайлт үүссэн бол хэдхэн цагийн дотор алга болох ёстой. Түүнээс хөх няц болох ёсгүй. Харин намайг үс, толгойноос бариад түлхсэн. Би зодуулах юм байна гээд гараад айлын хаалга цохисон. Гэтэл нэг айл хаалга нээгээд би болсон явдлыг хэлэхэд “том хүмүүс байж өөрсдөө учраа ол, чадахгүй бол цагдаагаа дууд гэж хэлээд хаалгаа хаасан. Би гараад цагдаа дуудахад дуудлага давхардсан байсан. Удалгүй цагдаа ирээд биднийг аваад цагдаагийн газар явсан. Хоёулаа маш их уурлаж бухимдсан байсан. Ноцтой гэмтэл байгаагүй учир эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Гомдолгүй. Болсон явдалд маш их гэмшиж байна” гэв.

 Шүүгдэгч, хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б эгч ирсэн. Түрээсийн мөнгөө 1 жилээр нь авах хэрэгтэй байна, ар гэрийн боломж хэцүү байна гэхэд нь би 1 сарын хугацаа өгвөл таны байрыг чөлөөлөөд өгнө гэхэд одоо мөнгө хэрэгтэй байгаа болохоор 1 сар хүлээх боломжгүй гэж хэлсэн. Би 4 жил байр түрээслэхдээ түрээсийн төлбөрөө хугацаанаас хоцроох үе байсан. Би танд маш их баярлаж явдаг гэхдээ та надад 1 сарын хугацаа өгөөч гэж хэлэхэд гэнэт уурлаад хэл амаар доромжилсон. Би сарын түрээс 350.000 төгрөг төлдөг, гэтэл надаас 500.000 авна гэхээр нь надад муухай санагдсан. Ер нь намар болохоор л үнэ нэмэх хандлага харагддаг. Б эгч уурласандаа өөрийгөө хянаж чадахгүй байсан /орилж, чарлаж, дэвхцээд байсан/. Сэтгэцийн асуудал байна гэж бодоод тайвшруулахад, тайвширч байгаад л гэнэт орилж босож ирээд байсан. Бичлэг огт хийгээгүй. Удалгүй би цагдаа дуудсан. Муудалцаад хоёулаа газар унаж байсан болохоор хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн _________ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б-гийн өгсөн: “...Би ______ дүүргийн _______________ хорооллын ____ байрны ____ давхарт ___ тоотод байрлах ___ өрөө орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн одоог хүртэл түрээслэн амьдарч байгаа. 2020 оны 9 дүгээр сарын дундуур эгч нь чамтай нэг уулзмаар байна, байран дээрээ очилгүй бараг жил боллоо байр саваа хармаар байна гэж ярьж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагийн үед байрны эзэн Б эгч ирээд, байраа жилээр нь түрээсэлж мөнгөө бөөнөөр нь авахгүй бол болохгүй байна. Мөнгөний өрөнд орсон, аав хорт хавдар тусчихсан байгаа, мөнгөний хэрэг их байна гэж хэлсэн. Би “бөөнөөр нь өгөх боломжгүй, та надад нэг сарын хугацаа өгчих, тэр хооронд өөр байр хайж, нүүе” гэж хэлэхэд “би чамаас 500.000 төгрөг авна” гэхээр нь “та чинь юу ярьж байна аа, яасан сонин шуналтай хүн бэ сарын 350.000 төгрөг шүү дээ” гэхэд учиргүй орилж, чарлаад “одоо зайлаад өг, миний аав үхэх гээд байна, 100.000 төгрөг ч надад хэрэгтэй байна” гээд л орилоод “хүн ийм байдаг байхгүй юу, би чамд өчнөөн жил байраа түрээслүүллээ” гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Би “за та тайвшир” гэхэд намайг цээж рүү 2 гараараа түлхээд, хойшоо шалан дээр унагаасан. Би “та чинь яаж байна аа” гээд босоод ирэхэд намайг үсдэж аваад “одоо байрнаас зайлаад өг, хэдэн жил байранд суучхаад ичдэггүй юм бэ” гээд орилоод үснээс зулгаагаад байхад нь би тавиулсан. “Яагаад байгаа юм бэ тайван байгаач” гээд цай хийж өгөхөд “эгчийгээ уучлаарай, өөрийгөө хянах чадваргүй байна” гэсэн. Хэсэг сууж байгаад гэнэт нөгөө аягатай цайгаа цацахаар нь би уурлаад “та чинь яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ, арай даварч байгаа юм биш үү, болохгүй бол цагдаа дуудлаа” гэхэд “чи юу гээд байгаа юм бэ, чи ч гэсэн намайг үсдээ биз дээ, би бас цагдаа дуудна” гээд гадна хаалга түлхэж гараад “хүмүүсээ туслаарай” гээд орилоод байхаар нь би коридорт гарахад өөрийнхөө үсийг зулгаагаад, доороо дэвхцээд зогсоод байсан. Тэгэхээр нь би энэ хүн нэг л биш болоод байгаа юм байна гээд хойноос нь очиход намайг дахиж үсдэж унагаагаад орилоод байсан. Би арай гэж тайвшруулаад гуйж байгаад гэрт оруулсан. Сууж байхдаа хэл амаар доромжлоод, би чамайг самарна шүү, хараана шүү гээд л учир нь олдохгүй орилоод байсан. Би нууцаар утсаараа бичлэг хийх гэхэд харчхаад чи муу бүдүүн гахай бичлэг хийх гэж байгаа юм уу гэхээр нь би утсаа бариад дээшээ өргөөд барьсан чинь цээж суганаас маажаад, хоолой боогоод байсан. Арай гэж цагдаа дуудахад гараад явсан. Сар бүрийн 20-нд байрны түрээс төлдөг. Би анх байр түрээсэлж орохдоо гэрээ байгуулж байсан боловч одоо алга болсон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй, хэрүүл маргааны үед биднийг харсан хүн байхгүй. Би эмчилгээний зардалд ойролцоогоор 100.000 төгрөг болсон боловч баримт гэх зүйл байхгүй. Бариачаар бариа хийлгэсэн, эм уусан өөр эмнэлэгт хандаж хийлгэсэн эмчилгээ байхгүй. Одоо миний хүзүү, нуруу зүүн тал руугаа татсан, цочсон байдалтай, зүүн чихний ард хэсэгт бондойгоод бас цочсон байдалтай байна. Би Б гэх хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-28/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн _______-ны өдрийн ____________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Б-ийн биед зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалгын дотор дээд гадаргуу, гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-11-12/,

Шинжээч эмч Б.А: “Б.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй харин бүгд нийлж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Хохирогч М.Б-ийн өгсөн: “...Би тухайн орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Б гэж хүнд сарын 250.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, гэрээ байгуулан сар бүр төлбөрөө хийдэг байсан. Энэ хугацаанд буюу 1 жил гаран хугацаанд СӨХ-н мөнгөө өгдөггүй, өр ихтэй байна гээд над руу СӨХ-с яриад байсан учир би Б-тай уулзах гэсэн боловч боломжгүй байгаад байсан. Би 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Бтай ярьж байгаад очиж уулзахаар болсон. Би гэрээгээ шинэчлэх болон цаашид түрээслэхгүй бол байраа суллах талаар ярилцахаар очсон. “Цаашид байраа түрээслэх боломж байна уу, боломжгүй бол суллаж өгмөөр байна” гээд жоохон маргалдсан. Б утсаа гаргаж ирээд дээш нь өргөж бичлэг хийх гээд байхаар нь юун бичлэг хийх гээд байгаа юм гээд утсыг нь авах гээд зууралдсан. Би утсыг нь авч дийлээгүй бөгөөд намайг үсдэж аваад газар түлхэж унагасан. Би зодуулах юм байна гэж бодоод коридор луу зугтаж гарсан. Тэр үед ______ тоотын өөдөөс харсан хаалганы нэг эрэгтэй хүн байсан санагдаж байна. Тэр хүнийг гарч ирэхээр нь “надад туслаач” гээд шатаар буусан. Б бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү авч явсан. Надад учирсан гэмтлийг байр түрээслэгч Б учруулсан. Тархи доргилт нь намайг үсдэхэд, харин намайг түлхэх үед нь 2 өвдгөөрөө унаж зулгарч гэмтсэн. Тухайн үед би Б-г зодоогүй харин гар утсыг авах гэж жоохон ноцолдсон зүйл байгаа. Хэрэг гарах үед биднээс өөр хэн нэгэн байгаагүй. Одоо миний биед учирсан гэмтэл бүгд эдгэрсэн. Би уг гэмтлүүдээс болж 1 удаа толгойгоо бариулсан, толгойны эм уусан, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хүн гомдолтой гэвэл би бас гомдолтой...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ____-ний өдрийн _____ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Бгийн биед тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-14-15/,

Шинжээч эмч Б.Дйн: “...Тархи доргилт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна, 2 өвдөгний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үсдэх зулгаах үед тухайн хүний биеийн онцлогоос хамаарч тархи доргилт үүсч болно. Хуйханд гэмтэл учруулахгүйгээр тархи доргилт үүсэх боломжтой. Түлхэж унагааснаар үүсэх боломжтой. Ир, үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл хатуу мохоо зүйлд орно. Хүний гар мохоо зүйлд багтана...” гэх мэдүүлэг /хх-66/,

Гэрч Б.Б-ийн: “...Хөрш айлуудаа сайн таньж мэдэхгүй, хааяа коридорт таардаг. Би ___ тоотод __ эмэгтэй, __ эрэгтэй орж, гараад байдаг болохыг мэднэ. Тэр өдөр үдээс өмнө 12-13 цагийн үед гэртээ байтал хоёр эмэгтэй хүн коридорт орилолдоод, хоорондоо ноцолдоод байсан. Би эхэндээ согтуу хүн болов уу гээд байж байтал манай хаалган дээр түлхэлцээд “тавь, боль, чи тавь, би тавь” л гээд байсан. Удалгүй манай хаалгыг нүдээд тайлахад хөгшин залуу хоёр эмэгтэй хүн байсан. Хөгшин нь энэ миний байранд орж суучхаад, гол сольчхоод байрнаас гарахгүй байна. Байр суллаж өг гээд нөгөө эмэгтэй рүү уйлаад дайраад байсан. Нөгөө хүүхэн нь “би төлбөрөө цаг тухай бүрд өгч байгаа шүү дээ” гээд маргаад байсан. Би “насанд хүрсэн хүмүүс байж болиоч, цагдаагаа дуудаж учраа ол” гээд хаалгаа хаасан. Тэд нэг хэсэг маргалдаж байгаад чимээгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-56/,

Гэрч Э.Б-ын: “...Тухайн өдөр би эргүүлийн офицер, цагдаагийн хошууч ____-ын хамт тасаг дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд _____ гэсэн дугаарын утаснаас дуудлага өгсний дагуу очиж шалгасан. Байрны эзэн намайг зодоод байна гэж байсан. Очиход уг байрны орцны гадна талд үс нь бага зэрэг сэгсийсэн, ____ орчим настай эмэгтэй хүн “цагдаа, намайг зодчихлоо” гээд байхаар нь “Б гэж хүн мөн үү” гэхэд “мөн” гэсэн. Ингээд ___ тоот руу ороход дуудлага өгөгч Б байсан. Болсон асуудлын талаар лавлахад Б “энэ хүн манай гэрт орж ирээд намайг зодсон” гэх боловч нөгөө эмэгтэй нь мөн адил “намайг зодсон” гээд байсан учир хоёуланг нь Таван шарын тасаг руу авч явж материалжуулан мэдүүлэг авч, материалыг жижүүрт хүлээлгэн өгсөн. Тухайн айл тавилга, эд хогшил гээд байх зүйл байхгүй, одоо санахад 1 өрөө орон сууц байсан бөгөөд эмх цэгцгүй байсан. Хоёуланд нь илт ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-53/,

Шүүгдэгч М.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Би гар утсыг нь болиулах гээд гарнаас нь зууралдсан нь үнэн. Б надаас том биетэй чацтай хүн, би өөрөө тэгэж зодуулчихаад гараад гүйсэн нь тэр. Би хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /хх-61-62/,   

Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Өөрөө үсээ зулгаагаад хүмүүсээ туслаарай гээд доороо дэвхцээд үсчээд байсан. Би бол үсдсэн, өшиглөж цохисон зүйл байхгүй. Намайг зодож үснээс зулгааж байхад 2 гараас нь барьж тавиулсан, бас нэг түлхсэн өөрөөр гар хүрээгүй. Надаас эмчилгээний зардал нэхээгүй, би мөнгө өгөөгүй, уг асуудлаас хойш М.Б-тай уулзаагүй, нэг удаа утсаар холбогдсон...” гэх мэдүүлэг /хх-35/,

Шүүгдэгч М.Б-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-72/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-74/, депозит дансны хуулбар /хх-75-76/, шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-80/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-79/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-82/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа /хх-83/, дуудлагын лавлагааны хуудас /хх-51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б, Б.Б нар 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, **** давхарт байрны түрээсийн мөнгөнөөс болж маргалдан улмаар харилцан зодолдож шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Бгийн хоолойг боож, үсдэж чирэн “зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалгын дотор дээд гадаргуу, баруун гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Бг үсдэж чирэн, гэдэс рүү нь өшиглөж, “тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Б-ийн “...намайг цээж рүү 2 гараараа түлхээд, хойшоо шалан дээр унагаасан. Би “та чинь яаж байна аа” гээд босоод ирэхэд намайг үсдэж аваад, “одоо байрнаас зайлаад өг, хэдэн жил байранд суучхаад ичдэггүй юм бэ” гээд орилоод үснээс зулгаагаад байсан, ...цээж суганаас маажаад, хоолой боогоод байсан...” гэх мэдүүлэг /хх-53/, шүүх эмнэлгийн ___ дугаар “1. Б.Б-ийн биед зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалгын дотор дээд гадаргуу, гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-11-12/, хохирогч М.Бгийн “...намайг үсдэж аваад газар түлхэж унагасан...” гэх мэдүүлэг /хх-49-50/, шүүх эмнэлгийн ____ дугаар “1. М.Б-ийн биед тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-14-15/, гэрч Э.Б-ын “... Б нь “энэ хүн манай гэрт орж ирээд намайг зодсон” гэх боловч нөгөө эмэгтэй нь мөн адил “намайг зодсон” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-53/, гэрч Б.Б-ийн “...хоёр эмэгтэй хүн коридорт орилолдоод, хоорондоо ноцолдоод байсан. Манай хаалган дээр түлхэлцээд “тавь боль, чи тавь би тавь” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-56/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн хохирогч М.Б-г үсдэж чирэн, гэдэс рүү нь өшиглөж, “тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдгөнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл,

мөн шүүгдэгч М.Б-ийн хохирогч Б.Б-ийн хоолойг боож, үсдэж чирэн “зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалгын дотор дээд гадаргуу, баруун гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг дээрх байдлаар тогтоосон болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй төдийгүй “Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б хохирогч М.Б-г зодож, шүүгдэгч М.Б хохирогч Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Б, Б.Б тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч М.Б “Би одоогоор ажилгүй байгаа, оюутан хүүхэдтэй, мөн эмчилгээ хийлгэж байгаа болохоор торгуулийн мөнгийг төлөх боломжгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасны дагуу ялыг хэрэгсэхгүй болгож албадан арга хэмжээ авч өгнө үү” гэж,

шүүгдэгч Б.Б “Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нарын хоорондох хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зууралдах, үсдэх, унах үйлдлээр хүч хэрэглэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан тус тус гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, “Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, эрүүл мэндийн болон ар гэрийн байдал/-г тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.   

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /шүүгдэгч Б.Б хувиараа хөдөлмөр эрхэлж, орлого олж байгаа гэх, шүүгдэгч М.Б эрхэлсэн тодорхой ажилгүй ч орлого олдог/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Б, М.Бг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Б-ийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн болно. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл ...нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл ...нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилал /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”./-д хамаарч байгаа хэдий ч тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, түүнчлэн учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугаа ухамсарлан ойлгохгүй байгаа/-ыг харгалзан хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч _______ овогт _______________-ын Б, _________ овогт _____________-ын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б нарыг 500.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.Б